Урьд нь дарга гэж дуудуулах “дон”-той байлаа, манай төрийнхөн. Атал одоо даргын сэтэр “мода”-наас гараад эхэлжээ. Арга ч үгүй биз, төрд ажиллаж байгаа гурван хүний хоёр нь шахуу дарга гэж дуудуулж байна. Хатуухан хэлэхэд, Батаа, Болдоо гэж буйгаас нэг их ялгарахаа больчихсон. Агентлагын асар том дарга болгочихоод даналзах гэхээр хажууд нь “нэг муу” хорооны дарга адилхан “дарга аа” гэж дуудуулаад байх таагүй биз дээ. Тиймээс одоо Бүрэн эрхт төлөөлөгч, Захирагч гэх шинэ сэтрүүд “мода”-нд ороод эхэлжээ. Ялангуяа “Захирагч аа” гэж дуудуулах нь зангарагтай сонсогдох бөгөөд Х.Нямбаатарын энтэй дуулдана. 200 мянган хүн амтай Баянгол дүүргийн Засаг дарга, 2000 хүн амтай Бэрх хотын Захирагч хоёрын Захирагч нь сүр хүчтэй сонсогдож байгаа биз. Энэ л чухал.
Зөвхөн он гарснаас хойш хоёр хотын, гурван бүсийн, нийт таван Захирагч томилогдлоо. Нэмээд, саяхан Улаанбаатар хот доторх Яармаг, Толгойт, Өнөр, Сэлбэ, Дарь-Эх тэргүүтэй 14 хотын Захирагч томилогдох гэж байтал жилээр хойшлогдлоо. Ирэх онд дээрх 14 хотоос гадна Агро-Сити, Шарга-Морь гэх дагуул хотууд байгуулагдана. Энэ олон хотууд нь тус бүрдээ Захирагчтай, дотроо хэд хэдэн бүстэй, бүс бүр нь дахиад Захирагчтай байхаар төлөвлөгдөж буй. Жишээ нь, ирэх оны нэгдүгээр сарын 1-нд Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдах Агро-Сити хотын “Агро-Сити” эдийн засгийн тусгай бүс нь аль хэдийнэ байгуулагдаж, сарын өмнө Захирагч нь томилогдсон. Чухамдаа, ирэх 2026 он Захирагч нарын заллагатай жил байх болно. Өмнө нь төрийн томчуудыг ярианы хэлэнд нийтэд нь “Сайд, дарга нар” гэлцдэг байсан бол одоо дарга нарын дээд далд Захирагч нар гэх шинэ давхарга гараад ирчихлээ. Тэгэхээр “Сайд, захирагч нар” гэж хэлж хэвших нь зүйтэй болов уу.
Хүннү хотын захирагч М.Батбаяр
Өнгөрөгч 2024 онд Улаанбаатар хотын анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хотыг байгуулсан. Улмаар 2024 оны наймдугаар сард Шинэ Зуунмод хотын Захирагчаар М.Батбаярыг томилсон. Гэвч энэ оны нэгдүгээр сард Шинэ Зуунмод хотын нэрийг Хүннү хот болгож өөрчилсөн. Үргэлжлүүлэн Захирагчаар нь М.Батбаярыг томилон ажиллуулж буй.
Хүннү хотын Захирагч М.Батбаярын тухайд, Хэнтий аймгийн уугуул. У.Хүрэлсүхийг Шадар сайд байх үед Зөвлөхөөр нь ажиллаж байсан. Улмаар 2020 онд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Соёлын дэд сайдаар томилогдож төрд орж ирсэн нэгэн. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн байх үед М.Батбаяр тус Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Товчхондоо, М.Батбаяр Хүннү хотын Захирагч байх хангалттай том артай хүн.
Хоржоонтой нь, М.Батбаярын Хүннү нь хот нь дотроо Эдийн засгийн, Худалдааны, Засаг захиргааны, Судалгаа шинжилгээний, Үйлчилгээний, Тээвэр логистикийн, Олон улсын нислэг, агаарын каргоны гэсэн найман бүстэй байхаар бүтцээ баталсан. Тэгэхээр тун удахгүй Хүннү хотын Захирагч М.Батбаярын доор найман бүсийн Захирагч “мэндэлнэ” гэсэн үг.
Шинэ Хархорум хотын захирагч Л.Халтар
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд эртний Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан. 2023 оны нэгдүгээр УИХ-ын дарга Г.Занданшатар Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах тухай тогтоол гаргасан. 2023 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ Хархорум хотын засаг захиргааны бүтэц, орон тоог тогтоох тогтоол гаргасан. Ингээд энэ оны гуравдугаар сард албан ёсоор Шинэ Хархорум хотын Захирагчаар Л.Халтарыг томилсон.
Шинэ Хархорум хотын Захирагч Л.Халтарын тухайд, анх “УБТЗ”-д цэвэрлэгч байсан. Хожим нь, “УБТЗ”-ын Удирдах газрын орлогч дарга болтлоо дэвшсэн. 2018 оны намар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн найз Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар дэргэдээ авсан. Харин Я.Содбаатар “УБТЗ”-ын Удирдах газрын орлогч дарга Л.Халтарыг Зам тээврийн хөгжлийн Дэд сайдаар томилуулж дэргэдээ авсан. Улмаар 2020 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улирмагцаа Л.Халтарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар дэвшүүлэн томилж байв. Товчхондоо, Л.Халтар “Ерөнхийлөгчийн хүн”. Тиймдээ ч Шинэ Хархорум хотыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж байгуулсан учраас Захирагчаар нь өөрийн найз Л.Халтарыг томилсон хэрэг.
Сонирхуулахад, Шинэ Хархорум хот нь Улаанбаатар хотоос гурав дахин том газар нутагт буюу Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийг дамнасан 189 мянган га газарт байгуулагдах бөгөөд хагас сая хүн амтай байхаар төлөвлөж буй.
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч Б.Саранчимэг
2022 оны хавар УИХ-аас Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоол гаргаж байв. Харин энэ оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албаны бүтэц, орон тоог баталсан. Ингээд энэ оны гуравдугаар сард Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчаар Б.Саранчимэгийг томилсон.
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагч Б.Саранчимэгийн тухайд, 2008, 2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр, 2016, 2020 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар төрөлх Дундговь аймгаа бараадан говийн тойрогт нэр дэвшээд ойчсон. Гэсэн ч гишүүн гэгдэхээс ч сонсголонтой Захирагчийн суудалд заларсан нь энэ.
Гол асуудал нь, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагч Б.Саранчимэгийн төрсөн дүү, УИХ-ын гишүүн Б.Наранхүү МАН-ын дарга асан М.Энхболдын хүн гэдгийг бид мэднэ. Тэгвэл М.Энхболд, Б.Наранхүүү хоёрын тойрон хүрээлэгчид нь Хөшигийн хөндийн нисэх буудлыг тойрсон бүх газруудыг аль хэдэн жилийн өмнөөс хэдэн арван га-гаар нь хуваагаад авцгаачихсан, өдгөө эзэмшиж байгаа. Тэгэхээр М.Энхболд ба түүний тойрон хүрээлэгчид Хөшигийн хөндий дэх хэдэн арван га газруудаа үнэт хүргэх, эдийн засгийн чөлөөт бүсийн гол тоглогчид болох зорилгоор зориуд Б.Саранчимэгийг Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчаар томилуулсан байж болзошгүй ашиг сонирхлын асар ноцтой асуудал гарч ирнэ. Бид дараа энэ сэдвээр тусгайлан дэлгэрүүлэх болно.
“Агро-Сити” Эдийн засгийн тусгай бүсийн захирагч Г.Батбаяр
Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нд Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо буюу олны нэрлэж заншсанаар Партизан тосгоныг Агро-Сити дагуул хот болгохоор шийдвэрлэсэн. Эхний ээлжинд Агро-Сити хотын “Агро-Сити” Эдийн засгийн тусгай бүсийг байгуулсан. Улмаар өнгөрөгч дөрөвдүгээр сард Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Агро-Сити” тусгай бүсийн Захирагчаар НИТХ-ын төлөөлөгч Г.Батбаярыг томилж, Захирагчийн тамгыг нь гардуулсан.
“Агро-Сити” тусгай бүсийн захирагч Г.Батбаярын тухайд, НИТХ-ын төлөөлөгч. Анх 2018 онд МАХН-д элсэж, Н.Энхбаярын ивээлд багтсан. Улмаар 2020 оны НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт МАХН-аас Н.Энхбаярын хүү, одоогийн УИХ-ын гишүүн Э.Батшугартай хамт нэр дэвшээд унаж байв. Харин өнгөрөгч 2024 оны НИТХ-ын сонгуульд Х.Нямбаатарын ивээлд багтаж, дахин Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгч болсон. Ингээд НИТХ-ын төлөөлөгч бөгөөд “Агро-Сити” тусгай бүсийн Захирагч хэмээх хос сэтэртэй болоод буй.
“Налуу-Ухаа” Эдийн засгийн тусгай бүсийн захирагч Д.Отгонсүрэн
Нийслэлийн Налайх дүүргийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс Улсын зэрэглэлтэй хот болгох УИХ-ын тогтоол гарсан. Эхний ээлжинд Налайх дүүргийн 3, 5-р хорооны нутагт дэвстэрт “Налуу-Ухаа” Эдийн засгийн тусгай бүсийг байгуулсан. Улмаар өнгөрөгч дөрөвдүгээр сард Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Налуу-Ухаа” тусгай бүсийн Захирагч Д.Отгонсүрэнд Захирагчийн тамгыг нь гардуулж өгсөн.
“Налуу-Ухаа” тусгай бүсийн Захирагч Д.Отгонсүрэнгийн тухайд, Налайх дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч. Үүнээс гадна Налайхын “босс” буюу Шадар сайд С.Амарсайханы зөвлөхөөр давхар ажилладаг. Мөн Д.Отгонсүрэнгийн аав Л.Дамдинсүрэн нь Налайх дүүргийн ИТХ-ын дарга, Засаг даргаар ажиллаж байсан. Товчхондоо, Д.Отгонсүрэн Налайхад С.Амарсайханы араас орох “Хоёрдугаар хүн”. Тиймдээ ч “Налуу-Ухаа” тусгай бүсийн Захирагчаар залагдаад буй нь энэ.
ДАРГЫН СЭТЭР “МОДА”-НААС ГАРЧ, ЗАХИРАГЧИЙН СЭТЭРТ ХУЙЛАРЧ БАЙНА |
|