• Өнөөдөр 2024-05-07

ТАНИЛЦ: САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАНГИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ТӨМӨР ЗАМЫН КОМПАНИУД

2023-04-14,   1638

        Одоогоос гурван сар гаруйн өмнө буюу өнгөрөгч нэгдүгээр сарын 6-ны шөнө Эрүүгийн цагдаагийн албаныхан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг баривчилж, гэрээс нь 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4.0 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ сэлтийг хураан авч байлаа. Хурган дарга С.Батдөлийн гэрийнх нь шүүгээнд хураалттай байсан 7.3 тэрбум төгрөгийнх нь зураг, бичлэг сошиал орчинд тарж, нийгмийн уур, бухимдлыг ёстой л “буцалгасан”. Харамсалтай нь, гурван сарын хугацаа өнгөрөхөд хууль хяналтынхан “10 тэрбум”-ын С.Батдөлийн хэргийн талаар ам нээсэнгүй. Цагдан хорих хугацааг нь сар сараар сунгасаар, сүүлдээ сошиал орчинд ч С.Батдөл дурсагдахаа болив. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “10 тэрбум”-ын С.Батдөлийг хэрэгт төрийн хэд хэдэн өндөр албан тушаалтан холбогдож байгаа учраас мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай байгаа гэх. 
 
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг баривчлагдсаны маргаашаас л түүнтэй нэр холбогдсон хүн бол Сангийн сайд Б.Жавхлан. Жишээ нь, С.Батдөлийн аав Г.Сэнгээ нь Дарханы хүндтэй хууччуулын нэг бөгөөд Б.Жавхлангийн сонгуулийн штабт хүчин зүтгэж байсан, С.Батдөлийг Б.Жавхлан зүтгүүлж байж Тээвэр зохион байгуулалтын албаны даргаар томилуулсан гэх мэт олон шуум сошиалд хөвөрсөн. 
 
      Тэгвэл ноцтой нэг сэжүүр байна. С.Батдөлийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байх үед Сангийн сайд Б.Жавхлангийн охин дүү болон хүргэн дүү нар нь төмөр замын хэд хэдэн компани үүсгэн байгуулж, үйл ажиллагаа эрчимжүүлж амжжээ. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн эгч, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэнгийн охин Б.Ануумаа, түүний нөхөр Ц.Амарсанаа, түүний ах Ц.Хонгор нар “Амгалан ложистик” ХХК-ийг Алтангэрэлийн Азбаяр, Отгонбилэгийн Одмаа, Баянбатын Цэнгүүн, Мөнхбаатарын Цэнгэл, Батын Бадраа нартай хамтран үүсгэн байгуулсан байна. “Амгалан ложистик” ХХК нь өдгөө Амгалан өртөөнд төмөр замаар тээвэрлэгдэж ирсэн ачааг хадгалах буюу гаалийн хяналтын бүс, баталгаат агуулах ажиллуулж буй ажээ. 
Мөн Ц.Амарсанаагийн төрсөн ах Ц.Хонгор нь “Тэймэн ложистик сервисэс” ХХК-ийг эзэмшдэг. Тус компани нь төмөр замын ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран энгийн чингэлэг, хөргүүртэй вагон, тавцант вагон, цистерн буюу үр тарианы вагоноор тус тус ОХУ, БНХАУ, Европын орнуудаас ачаа оруулж ирдэг гэж албан ёсны танилцуулгадаа бичжээ. Цаашилбал, Сангийн сайд Б.Жавхлангийн хүргэн Ц.Амарсанаа нь Б.Энэрэлт гэгчтэй “Вангард капитал” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Б.Энэрэлт нь 2019-2022 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажилласан. Хамгийн ноцтой нь, Б.Энэрэлт Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын хувиар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын санхүүжилтийг хариуцаж ажилласан ажээ. Харин 2022 оны наймдугаар сараас Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Мөн Б.Энэрэлт нь “Зүүнговь ложистик” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд энэ компани нь төмөр замын тээвэр, төмөр замын дэд бүтэц угсралтын ажил гүйцэтгэдэг ажээ. 
 
Түүнчлэн, Б.Жавхлангийн охин дүү Б.Ануумаа, хүргэн Ц.Амарсанаа нарын “Амгалан ложистик” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь бүр ч сонирхолтой. Тухайлбал, “Амгалан ложистик” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Одмаа нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал асан, УИХ-ын гишүүн асан, “Петровис” группийн үүсгэн байгуулагч Ш.Отгонбилэг агсны охин. О.Одмаа өдгөө “Петровис групп” ХХК, “Петровис” ХХК, “Петросмарт” ХХК, “Петровис энержи групп” ХХК, “Петровис вишн” ХХК, “Эрдэнэт групп” ХХК, “Волппауэр” ХХК, “Наадам дэнж” ХХК, “Скай плаза” ХХК, “Монгол контракт” ХХК-уудын хувьцаа эзэмшигч, захирлаар ажилладаг. 
 
“Амгалан ложистик” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баянбатын Цэнгүүн нь алт, нүүрс, төмрийн хүдрийн хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж зард гарсан “Дацан трейд” ХХК-ийн захирал Дэжидийн Баянбатын хүү. Б.Цэнгүүн нь аавынхаа “Дацан трейд” ХХК, “Ордос трейд” ХХК, “Дацан агро” ХХК, “Прешиус маунтин” ХХК-уудын гүйцэтгэх захирлаар ажилладаг. “Дацан трейд” ХХК нь өдгөө Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт алтны уурхай ажиллуулж буй. Үүнээс гадна “Дацан трейд” ХХК нь Увс, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Увс, Төв аймгийн нутагт уул уурхайн 52 ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэх мэдээлэл бий. Мөн “Дацан трейд” ХХК-ийн жинхэнэ эзэн нь С.Зориг агсны гэргий Б.Булган гэх мэдээлэл цацагдаж, багагүй шуугиан дэгдээж байсан удаатай. 
 
“Амгалан ложистик” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Алтангэрэлийн Азбаяр нь Дорноговь аймгийн уугуул, Тод манлай уяач Г.Алтангэрэлийн хүү. Г.Алтангэрэл нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, түүний хүү Д.Баярцэнгэл нартай “Д клуб” ТББ-ыг хамтран эзэмшдэг. Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү, Айл баянгийн нүүрсний уурхайн эзэн Б.Балдорж, Алаг толгодын нүүрсний уурхайг эзэмшигч “Чингисийн хар алт” ХХК-ийн захирал Б.Ариунболд нартай “Дорноговь их хөгжил сан”-г 2016 онд хамтран үүсгэн байгуулж, эзэмшиж байгаа. 
 
Энэ мэтээр Сангийн сайд Б.Жавхлангийн хамаарал бүхий этгээдүүд болох төрсөн эгч Б.Сэргэлэнгийнх нь охин Б.Ануумаа, хүргэн Ц.Амарсанаа нар нь бизнесийн “акул”-уудын хүүхдүүдтэй нийлж төмөр замын ачаа тээврийн хэд хэдэн компанитай, гаалийн хяналтын бүстэй, баталгаат агуулахтай болжээ. Магад, Сангийн сайд Б.Жавхлан нутгийн дүү С.Батдөлийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар томилуулсан гэгдэж буйн цаад шалтгаан энэ байж болох юм. 
 

ТАНИЛЦ: САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАНГИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ТӨМӨР ЗАМЫН КОМПАНИУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-27 16:15:54
    Б.з: Б.Намуунаа лд. Ээж нь надтай тэрсэлдсэн хүн сайнаа үзэдгүй би бол хараал жатгатай хүн шүү гээд даналздагыг мэдэх л юм бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-14 14:47:07
    Zochin: Ene byyr mergesh'sen khulgaich um shig bgaa um. Chingis khaan bank n' ali divangariin dampuursan. Tegsen murtluu tatan buugddaggyi. ETT-iin mungiig avchikhaad odoo boltol tuluugyi bgaa biz dee. Deer n' ene tumur zamiig byyr bas khutgaj ugsun um bna l daa. Sumiyatai khantarch ter Zyynbayangiin tumur zamiig samarch duusgasan um bna l daa. Bas l tiishee ETT-gees baakhan mungu avaa biz dee. Ter sankhyygiin darga zaluu n' Zyynbayangiin mungiig Sumiyatai niilj idej duusaad bankind n' darga bolj ochson um bailgyi dee khuurkhii. Kharin ETT khuvitsaa ezemshigchid khooson yldej bgaa um daa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-14 09:51:28
    зочин: Эээшш танайх ёстой Жавхланг алчих санаа их агуулж байна аа. Өдөр дараалан нүдээд л байна уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-14 09:51:10
    ИРГЭН: гайхаад байх юм алга. ЭНЭ ЛУЙВАРЧИД ХУЛГАЙ -ЛУЙВАР ХИЙХ, ИДЭЖ УУХ ГЭЖ ,ИШҮҮН САЙД ДАРГА БОЛДОГ. НЭГ ИХ МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ГЭСЭНДЭЭ БИШ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-14 09:39:00
    nutgiin irgen: za yostoi barimjaatai soliorono shuu soliotonguudaa. songuulia ehelheer l soliortsgoo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-14 09:04:08
    зочин: Батбаярын Ануумаа л гэж байна. Сэргэлэнд Ануумаа гэж хүүхэд байхгүй. Нөхрийг нь ч Батбаяр гэдэггүй. Хүн гүтгэх хэрэггүй баймаар.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188