• Өнөөдөр 2024-05-19

“ҮҮЛЭН СЭТГЭЛ” КИНОНЫ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН М.ОЮУНСҮРЭН: Бороогийн сэтгэл үргэлж л нүүж байдаг юм

2024-05-12,   642

             Бороо хэдийгээр хатуу нөхөр, хүйтэн хөндий хадам ээжтэйгээ хөвчийн гүн тайгад амьдардаг ч сэтгэл зүрх нь гэнэн цагаан, нялх энхрий, итгэл найдвараа алдаагүй бүсгүй.

      Тийм ч болохоор өөрийг нь ус руу унах гэж байхад татан босгох, цэцгээр толгойн гоёл хийн зүүж өгөх, моддын дунд өнгийн гэрэл асааж, оддын үзэсгэлэнтэйг харуулсан зураач залууд татагдан дурлаж, “Хайр гэж энэ байх нь” гэж итгэсэн. Амараа хэдийгээр өөр зорилготой энэ тайгад ирсэн ч түүнд жинхнээсээ дурлаж, хайртай болдог. “Хайр худал хуурмаг, ов мэх, шунал тачаал дундаас үргэлж үнэнээр гэрэлтдэг. Үнэн хаана байна тэнд хайр хамт оршдог” гэдгийг найруулагч, жүжигчин Л.Эрдэнэ-Очирын найруулсан дэлгэцийн анхны бүтээл “Үүлэн сэтгэл” кино бидэнд хэлж байна. Мэдээж өөр олон санааг дэвшүүлэн тавьсан эл бүтээлээс Бороо, Амараа хоёрын холбоосыг л товчоор жишээ татлаа. Бусад дүр, үйл явдлын учрыг үзэгч, уншигчид өөрийнхөөрөө үзээд тунгаах байх.

                  Сэтгэл рүү өнгийсөн, түүнийг төнхсөн, тэр дундаа эмэгтэй хүний эмзэг турьхан, хайр дутагдсан, түүнийг нь хэн дуртай нь худал хуурмаг хайраар дүүргэж, буцаан хоослох өрөвдөм сэтгэлийг тун чадварлагаар үзүүлж чадсан кино багийнханд баяр хүргэе.

       Хөвчийн гүн тайгад биш ч хүн хүнээ өнчин өрөөсөн, энхрий зөөлнөөр нь “элэг барьж”, тэсвэр тэвчээрийг нь барж, эцэстээ юу ч хийхээс буцахгүй зоригтон, юунаас ч айдаггүй шийдэмгий харгис нэгэн болгож буй жишээ өнөөдрийн нийгэмд ч олон. Өөрийнхөөрөө байх, хэнээс ч, юунаас ч үл хамааран хайрлан дурлаж, амьдарч ч болдоггүй хайрцаглагдмал, баригдмал, яллагч оршихуй. Ялангуяа, эмэгтэй хүн өөрийнхөөрөө байвал элдвээр хэлж, өнгөөр гоочлох нь энүүхэнд. Гэвч тэд сэтгэлдээ хайр халамж, итгэл найдвар, урмын сайхан үгсийг нэхэж, түүнийг нь олоод хэлсэн нэгэн рүү тэмүүлэн зүтгэж, хайр халамжаар хандсан нэгэнд хамаг сэтгэлээ өгчихдөг улс. Бороо ийм л нэгэн хайраар дутсан эмэгтэй. Тэр хоосон зайд харин Амараа тоглолт хийдэг. Тэр тоглолт юуны төлөө байсныг, хүн чанар, хүнлэг сэтгэл чухам хаана гээгдсэнийг “Үүлэн сэтгэл” киноноос өөрсдийнхөөрөө тунгааж олоорой. Бид тус киноны Бороогийн дүрд тоглосон жүжигчин М.Оюунсүрэнтэй ярилцсаныг хүргэж байна.

    -“Үүлэн сэтгэл” киногоо нээсэн та бүхэнд баяр хүргэе. Сэтгэл хэмээх эрхтнийг эд хөрөнгө, хүний мөн чанар, хайр сэтгэлтэй хослуулан илэрхийлснээрээ онцлог санагдлаа. Хатуу хөндий араншин, хүйтэн харц, хууран мэхлэлт бүхнийг та Бороогийн дүрээр мэдэрлээ. Анх танд энэхүү кинонд тоглох санал хэрхэн тавьсан, ажиллах явцад хүнд байв уу?

              -Баярлалаа. Анх “Үүлэн сэтгэл” киноны гол дүрд тоглох болсноо мэдээд их баярласан. Залуу жүжигчний хувьд том боломж шүү дээ. Гэхдээ анхны дүрээсээ хойш арван жилийн дараа кинонд тоглож байгаа болохоор чадах болов уу, яах бол гээд багагүй эмээж байсан. Зохиолоо уншаад Бороогийн дүрээ их өрөвдсөн. М.Оюунсүрэн гэдэг хүнээс огт өөр хүн байсан. Өөрөөсөө өөр хүнийг бүтээнэ гэдэг уран бүтээлчийн хувьд чанга даваа шүү дээ. Гэсэн ч сонирхолтой, өвөрмөц, сорилт дүүрэн дүр байсан учир дурлаж, бүтээсэн дээ.

-Үүл нүүж байдаг хөнгөн цагаан байгалийн үзэгдэл. Үүлний тэр шинж байдалтай хүний сэтгэлийг зүйрлэж киногоо нэрлэсэн болов уу. Бороогийн сэтгэл ч мөн нүүсэн шүү дээ?

         -Яг тийм. Үүлс хэлбэр дүрсээ үргэлж өөрчилж, нүүж байдаг шүү дээ. Бороогийн сэтгэл үүл шиг л тогтворгүй нүүж, баригдаж өгөхгүйгээр оршдог. Сэтгэлд нь нэг бол нар ээж, бороо орж, тэнгэр цэлмэснээ бүрхэж байгаа мэт. Бүсгүйн энэ сэтгэлийг л бидний уран бүтээл харуулахыг зорьсон.

-Та Кино урлагийн дээд сургуулийг 2010 онд жүжигчин мэргэжлээр төгссөн юм байна лээ. Түүнээс хойш “Universe best songs” наадамд орж содон дүрх төрх, дуу хоолойгоороо үзэгчидтэй уулзсан. Дараа нь “Содура” киноны Аяана гэх цаатан эмэгтэйн дүрийг гаргасан. “Үүлэн сэтгэл” таны хоёр дахь дүр болж байна уу?

                -Дуулах бол миний хобби. Дуулах дуртай болохоор тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорьж үзье гээд “Universe best songs” наадамд анх орж байлаа. Тэмцээнд орж байхад Л.Балхжав ах намайг ажиглаад л байсан юм шиг байгаа юм. Наадам дуусахад “За “UBS” телевиз цаатан ард түмний аж амьдралыг харуулсан томоохон уран сайхны кино хийх гэж байгаа. Тэгээд “Universe best songs” наадамд оролцсон нэг охиныг бид кинонд тоглуулахаар болсон гэж ярьж байснаа “Энэ бол манай Оюунсүрэн” гээд хэлсэн чинь миний зүрх амаараа гарах шахсан. Тухайн мөчид баярлаж, гайхах зэрэгцэж байлаа. Учир нь миний анхны кино байсан учир их баярласан. “Содура” киноны дараа хэд хэдэн киноны санал ирсэн боловч том гэдэстэй жирэмсэн, эсвэл нялх биетэй хөхүүл байж таараад цаг хугацаа нэг л таарч өгөхгүй байсан. Харин “Үүлэн сэтгэл” киноны санал ирэхэд бүх боломж таарсан болохоор шуудхан л зөвшөөрч ажилласан даа. Ингээд миний хоёр дахь том уран бүтээл болж байна.

-Ажаад байхад таниас зэвүүн эсрэг дүр гарч болох юм шиг. Аяана хайр сэтгэлээ авч үлдэхийн төлөө тэмцэж буй эсрэг талын дүр байсан шүү дээ?

        -Харин тэгээд байх шиг байна. Би гэхдээ хурц ширүүн дүр төрх гаргахдаа дуртай. Гэхдээ жүжигчин хүний хувьд бүх л дүрд өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Өөрийн дотоод нөөц боломжийг бүх л талаараа нээн харуулж, өөрийгөө ч мөн танин олж мэдэх сэн гэж хичээдэг.

-Энэ хугацаанд танд цөөнгүй киноны санал ирсэн байх. Аливаа уран бүтээлийн саналыг хэрхэн харж хүлээж авдаг вэ?

          -Олон киноны санал ирээгүй ч ирж байсан дүр бүхэн сонирхолтой байсан. Тоглох боломжгүй байсан киногоо дараа нь үзээд “Аан, энэ дүр байсан юм байна” гээд жаахан харамсаад өнгөрдөг байсан. Ихэвчлэн хөдөөний бүсгүй юм уу түүхэн сэдэвтэй киноны санал ирж байсан шүү. Энэ нь миний сэвхтэй царай, өргөн шанаатай холбоотой байх аа. /инээв/

-Зарим уран бүтээлчийн хувьд тасралтгүй кинонд орж, бүтээлээс бүтээлийн хооронд  уйгагүй ажиллах чухал байдаг шиг. Харин цөөн бүтээлд жинтэйхэн тоглоод л чимээгүйхэн аж төрөх уран бүтээлч ч бий юм. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?

     -Энэ хувь уран бүтээлчийн үзэл бодолтой холбоотой байх. Би хувьдаа яг надад тохирсон дүрдээ л тоглоё гэж боддог. Ялангуяа, морь унасан эрэмгий эмэгтэйн дүр байвал ёстой үзүүлээд өгөх юм сан гэж боддог.

-Урлагт орох, уран бүтээлч болох шалтгаан, түүх энэ салбарт ажиллаж буй хүн бүхэнд өөр. Таны хувьд яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болов?

             -Хүүхдийн ордонд хоёр жил суралцаад, сургуулиа төгсөхдөө шууд жүжигчин болох шийдвэр гаргаж байсан. Яагаад гэвэл жүжигчин мэргэжил бүх мэргэжлийн дээд нь юм шиг санагдсан. Дуулж, бүжиглэж, бичиж, уншиж, судлаад л. Тиймээс л жүжигчин болвол энэ бүхнийг гаргаж чадах юм шиг санагддаг байлаа. Тэгээд л дуулах, бүжиглэх, хөгжим тоглох гээд бүх төрөлд өөрийгөө хөгжүүлж эхэлсэн дээ.

-Тоглосон уран бүтээлээ хэнд үзүүлэх хамгийн сайхан бэ?

              -Мэдээж аав, ээждээ үзүүлэхийг хүсдэг. Учир нь жүжигчин болох шийдвэрийг бие дааж өөрөө гаргасан. Тиймээс миний сонголт зөв байсан шүү гэдгийг батлах том баталгаа бол тоглосон уран бүтээлээ үзүүлэх шүү дээ. Мөн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва багшдаа үзүүлчихвэл тэгээд болдог доо.  “Содура” кинонд багштайгаа хамт тоглож, бүр төрсөн охин нь болж байсан. Энэ бол миний хувьд их том хувь заяа. Багш минь намайг үнсээд “Болоо доо миний охин” гэж хэлэхэд дотор минь нар цэлмээд л явчихсан. Учир нь хүн чинь “Багш юу гэх бол” гэж бодно шүү дээ. Уран бүтээлч хүн эрдэм заасан багш, итгэн дэмжиж буй гэр бүлийнхэндээ бүтээлээ үзүүлж, тэднээсээ урмын үг сонсоно гэдэг мэдрэх ёстой сайхан мэдрэмжийн нэг шүү дээ.

-Цаашид ямар дүр бүтээх хүсэлтэй явдаг вэ?

          -Дээр хэлсэнчлэн түүхэн кинонд тоглох том хүсэл мөрөөдөлтэй. Хүсэл минь удахгүй биелэх байх аа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

          -Баярлалаа.


“ҮҮЛЭН СЭТГЭЛ” КИНОНЫ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН М.ОЮУНСҮРЭН: Бороогийн сэтгэл үргэлж л нүүж байдаг юм
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188