• Өнөөдөр 2024-05-19

ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСИЙГ БҮРЭН ХАЛАХ ҮЕД НҮҮРСИЙГ ОРЛОХ ЭРЧИМ ХҮЧ, ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ХӨШҮҮРЭГ ЮУ БАЙХ ВЭ

2024-05-07,   197

Уул уурхайн томоохон бүс нутгууд нүүрс олборлолт, үйлдвэрлэлээ хязгаарлаж, хамгийн бохир чулуужсан түлшийг орлох цэвэр эрчим хүч рүү хөрөнгө оруулалтаа чиглүүлж буй. Мөн Парисын хэлэлцээрээс хойш олон улсын нэгдэл, холбоод нүүрснээс татгалзаж, 2035 он гэхэд цахилгаан станцуудаа унтраах зорилтод ар араасаа санал нэгдэж байна. Харин хүлэмжий хийн ялгаруулалтаа багасгах олон улсын санаачилгатай холбоотойгоор нүүрсийг орлох эрчим хүчний үүсвэр, нүүрс олборлолт, экспортоор төсвийн хөрөнгөө босгодог орнууд эдийн засгийн шинэ хөшүүрэг хайж эхэлсэн. Тэгвэл улс орнууд нүүрснээс татгалзах үед нүүрсийг эрчим хүч, эдийн засгийн хувьд юу орлох тухай мэдээллийг тоймлон хүргэе.

-НҮҮРСИЙГ ОРЛОХ, ХҮЛЭМЖИЙН ХИЙГ ХЯЗГААРЛАХ ШИНЭ ГАРЦ БУЮУ ЦӨМИЙН ЭНЕРГИ-

Өнгөрсөн оны сүүлчээр Дубайд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28)-ын үеэр дэлхийн есөн улсын удирдагч цөмийн эрчим хүчний хүчин чадлыг 2050 он гэхэд гурав дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Талууд уг зорилтыг хэрэгжүүлснээр нефть, нүүрс ба байгалийн хийнээс хамааралт байдлыг эрс багасгаж, 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэхэд томоохон алхам болно гэж үзсэн байдаг.

                          Тухайлбал, санаачлагч талаас нийт 21 улс атомын цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай Тунхаг бичигт гарын үсэг зурсан. Тус улс орон дотор олон цөмийн реактортой өндөр хөгжилтэй улсуудаас гадна саяхнаас АЦС-тай болсон Өмнөд Солонгос, Гана, АНЭУ, түүнчлэн АЦС-уудаа дахин ажиллуулж эхэлсэн Япон Улс багтаж байгаа юм. Харин цөмийн реакторын тоогоор дэлхийд дээгүүрт ордог ОХУ ба БНХАУ уг тунхаглалд нэгдээгүй. Цөмийн эрчим хүч бол эрчим хүчний цэвэр, найдвартай эх үүсвэр бөгөөд хүн төрөлхтний цахилгааны хэрэгцээг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд цөмийн эрчим хүчнээс ялгарч буй уур, устөрөгч, дулааныг ашиглах нь чухал гэдгийг тунхаглалд онцлон тэмдэглэсэн юм.

                        Цахилгаан эрчим хүчний салбар нь агаар мандалд цацагдаж буй нүүрсхүчлийн хийн 30 орчим хувийг ялгаруулж байгаа учраас цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих нь хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна. Түүнчлэн үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгчийн Уур амьсгалын асуудал эрхэлсэн элч Жон Керри хэлэхдээ “шинээр цөмийн реакторууд барихгүйгээр нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэглэх боломжгүй” гэдгийг хэллээ. Мөн Францын Ерөнхийлөгч Э.Макрон “Их долоо”-гийн орнуудад хандаж, 2030 он гэхэд нүүрснээс бүрмөсөн татгалзаж, бусад улсуудад үлгэр жишээ үзүүлэхийг уриалсны сацуу цөмийн эрчим хүч бол цэвэр эрчим хүч учраас тус салбарыг дэмжих нь зүйтэй гэдгийг онцоллоо. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида экологийн шаардлага хангадаггүй, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг барихыг зогсоох тухай мэдэгдээд Япон Улс алсдаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, тэр дундаа атомын эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ гэжээ. Түүнчлэн Польшийн Ерөнхийлөгч А.Дуда “Wөмийн эрчим бол бидний ирээдүй” гэсэн байна.

-“ИХ ДОЛОО”-ГИЙН БҮЛЭГ ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААЖ, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НЭМЭХЭЭ МЭДЭГДЭВ-

Их долоо”-гийн бүлэг өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Итали Улсын Турин хотод дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, цахилгаан станцуудаа “унтраах” томоохон шийдвэр гаргасан. Тухайлбал, АНУ, Их Британи, Европын холбоо, Герман, Итали, Япон, Франц, Канадын Засгийн газрын тэргүүн, Гадаад хэргийн сайд, Эдийн засгийн сайд нар Италид чуулж, хэдэн жилийн өмнө санал нэгдээд байсан “Нүүрсний эрчим хүчийг үе шаттайгаар зогсоох амлалт”-тайгаа холбоотойгоор хэлэлцэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж буй хөтөлбөрийнхөө хүрээнд 2035 оноос өмнө “Их долоо”-гийн орнууд нүүрсний хэрэглээгээ бүрэн зогсоож, цахилгаан станцуудаа унтраахаа мэдэгдэв.

                     Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард болсон НҮБ-ын “СОР28” уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтаар дэлхийн нийт нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээнээс татгалзах амлалт өгсөн. Харин тус уулзалтаас хойших уур амьсгалын өөрчлөлтөөрх дараагийн том уулзалт болж буй “Их долоо”-гийн Турин дахь дээд хэмжээний уулзалтыг Италийн Эрчим хүчний сайд Жильберто Пикетто-Фратини даргалан явуулсан. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх амлалт хүрээнд хийж буй ажлуудаа үе шаттайгаар, цаг хугацааны зохих хуваарийн дагуу хэрэгжүүлэхийг онцолж байв. Түүнчлэн

  • “Их долоо”-гийн бүлгийн орнууд нүүрсний хэрэглээг 2030 оны дунд үеэс бүрэн зогсоох,
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт заасан цельсийн 1.5 градусын зорилтот түвшинг хангах,
  • Төлөвлөгөөг заасан хугацаанд хуваарийн дагуу шат дараатайгаар хэрэгжүүлэх,
  • 2030 он гэхэд “Их долоо”-гийн орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 58 хүртэл хувиар бууруулах,
  • 2030 он гэхэд дэлхий даяарх сэргээгдэх эрчим хүчний нөөцийг 2022 оны түвшнээс зургаа дахин нэмж, 1.5 сая гигаваттад хүргэх,
  • Цөмийн энергийн судалгаа, шинжилгээний ажлуудаа эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн байна.

Хэдий тус бүлгийн орнуудын Засгийн газар хүлэмжийн хийн ялгаруулалтаа 58 хүртэлх хувиар бууруулах амлалт өгсөн ч олон улсын уур амьсгалын хөдөлгөөний байгууллагууд бодит нөхцөл байдалд хувь нь 19-33 хувь байх тооцоо гаргажээ.

-НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАХ, ЦАХИЛГААН СТАНЦАА УНТРААХ САНААЧИЛГЫН ЭСРЭГ ШҮҮМЖЛЭЛ-

Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин нэмэгдүүлэх тухай асуудал СОP28-ын албан ёсны хөтөлбөрт анхнаасаа багтаагүй байсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж буй. Нөгөөтээгүүр, байгаль хамгаалах хөдөлгөөний идэвхтэнүүдийн хувьд цөмийн эрчим хүч бол нефть, хий, нүүрсийг орлох хувилбар мөн гэж хэзээ ч үзэж байгаагүй аж. Тэд Чернобыль, Фүкүшимагийн ослын талаар сэрэмжлүүлж, алсдаа ноцтой асуудал үүсгэж мэдэх цөмийн хаягдал, мөн АЦС-ын өртөг зэргийг жишээ болгон дурдаж буй.

                       НҮБ-ын Суурь талуудын тунхаг гарсан даруйд уур амьсгалын өөрчлөлтийн судалграа хийдэг “Greenpeace France” байгууллага уг баримт бичгийг санаачлагчдыг “Уур амьсгалын эсрэг үйлдэл хийсэн” гэж буруутгажээ. Тус байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар, хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх нь бодит амьдрал дээр биелшгүй зорилт гэдгийг дурдаж байна.

АЦС барихад маш удаан хугацаанд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг, мөн Оросоос хамааралт байдалтай тул дэлхийн эрчим хүчний балансад цөмийн эрчим хүчний эзлэх хувь улам багассаар сэргээгдэх хүчний салбарт байр сууриа алдаж байна. Харин сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нь өртгийн хувьд хамаагүй хямд төсөр учраас технологи нь хөгжиж буй орнуудад хурдацтай нэвтэрч байна.

                              Гэтэл Франц Улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх тал дээр тааруухан ажиллаж байгааг хаацайлахын тулд Ерөнхийлөгч Э.Макрон атомын асуудлыг асар өндөрт тавьж буй. Ингэснээр тэрбээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд “хөнгөмсөг байдлаар” хандаж байна гэж “Greenpeace France” байгууллагын эрчим хүчний шилжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Полин Бойер шүүмжилсэн байна.

Экологийн салбарын зарим шинжээчдийн үзэж байгаагаар, АЦС барих зарим төслийн хэрэгжилт төлөвлөсөн хугацаанаас 10 ба түүнээс дээш жилээр хойшилж, өртөг нь хэт өндөр болдог тул уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дорвитой тус нэмэр болохгүй ажээ. Харин Р.Гросси үүнийг няцааж, цөөн удаагийн бүтэлгүйтлээр шалтаглан цөмийн эрчим хүчний бүх төслийг зогсоох нь ноцтой алдаанд хүргэнэ гэдгийг анхаарууллаа. 10-хан жилийн өмнө АНЭУ-д ганц ч АЦС байгаагүй бол өнөөдөр тэнд дөрвөн реактор ажиллаж, тус улсын эрчим хүчний хэрэглээний дөрөвний нэгийг хангаж байгааг жишээ болгон дурдсан байна. 

-НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ БУУРЧ ЭХЛЭВ-

Парисын хэлэлцээр, НҮБ-ын Суурь конвенцын Талуудын бага хуралтай холбоотойгоор дэлхий дахинд нүүрс үйлдвэрлэл, тус салбарт оруулах хөрөнгө оруулалт буурч эхэлжээ. Тодруулбал, Германд төвтэй “Urgewald” компани олон улсын байгууллагуудтай хамтран санхүүжүүлэг банкнууд, нүүрсний компаниудын 2016-2023 оны санхүүжилтийг хянасан судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдсан 638 банкны нүүрсний салбарт үзүүлсэн санхүүжилт 136 тэрбум ам.доллар болж 2016 оны үеэс 20 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Түүнчлэн дэлхийн томоохон нүүрсний эх үүсвэр гэгддэг БНХАУ-ын банкнууд санхүүжилтээ багасгаж, тус улс өнгөрсөн оноос сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн. Үүнийг даган Европын хамгийн том нүүрс санхүүжүүлэгч “Barclays” компани, Японы гол тоглогч “Mizuho Financial Group”, Энэтхэгийн Төрийн банк нүүрсний салбарт үзүүлэх хөрөнгө оруулалтаа үлэмж хэмжээгээр бууруулсан нь нүүрснээс гаралтай эрчим хүчний салбарын төгсгөл ойртсоныг сануулж буй явдал болж байгааг олон улсын судлаач, шинжээчид онцолж байна.

Харин үйлдвэрлэлийн хувьд дэлхийд тэргүүлэгч БНХАУ хэмжээнд 2022 оноос хойш эрчим хүчний тасалдал үүсэж, аж үйлдвэрийг нь доголдуулах тохиолдол гарсан. Үүнтэй холбоотойгоор олон улсын санаачилгыг зөрчиж, нүүрсний үйлдвэрлэлээ нэмсэн ч түүнийг нь даган нүүрсний үнэ буурсан байдаг. Гэхдээ энэ жилийн нүүрсний үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг хамгийн том дөрвөн нүүрсний төв нь орон нутгийн засаг захиргаанаас гаргасан жилийн төлөвлөгөөний дагуу өмнөх жилүүдийн амбицтай зорилтоо бууруулсан нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн нүүрсний үйлдвэрлэлээ бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтаа нэмэх алхмуудын нэг болж байгааг шинжээчид хэлж байна.

                    Тухайлбал, Хятадын шилдэг нүүрс олборлогч Шанси муж өнгөрсөн жил 100 гаруй сая тонныг олборлосон бол  энэ жил жилийн олборлолтоо 57 сая тонн болгон бууруулжээ. Мөн 2023 онд тус улсын нүүрсний уурхайнуудын гарц шинэ дээд түвшинд буюу 4.7 тэрбум тонн хүрсэн байна. Хэдий тийм боловч энэ нь уул уурхайн осол нэмэгдэх, уурхайн компаниудын ашигт ажиллагаа буурах зэргээр сөрөг үр дагавар дагуулж байжээ. Энэ онд БНХАУ-ын нүүрсний гарцын өсөлт 1.4 хувь болж буурах магадлалтай  байгааг “Guosheng Securities” компани мэдээлжээ. Энэ нь 2017 оноос хойших доод үзүүлэлт болохоор байгаа аж. Түүнчлэн, БНХАУ нүүрсний олборлолт явуулж буй өргөн уудам газар нутагт нарны зай хураагуур байрлуулахаар төлөвлөсөн байна. Хятад 2030 он гэхэд цэвэр эрчим хүчийг гурав дахин нэмэгдүүлэх стратегийн нэг хэсэг болгон цөлд дөрвөн мега бааз барих ажлыг түргэтгэхээ амласан.  Нөгөөтэйгөөр 2025 он гэхэд нүүрсний хэрэглээгээ дээд цэгт хүргээд түүнээс цааш бууруулах БНХАУ-ын зорилтын хугацаа ойртсоор байна.

-ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ГАРЦ БУЮУ САЛХИН БОЛОН БАГА ОВРЫН МОДУЛЬЯР РЕАКТОР ХОСОЛСОН СИСТЕМ-

Хосолсон цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг Их Британид төвтэй Shearwater Energy компани салхи болон бага оврын модульяр реактор (БОМР)-аар устөрөгчийн үйлдвэрлэх хослуулсан энергийн төслийг Хойд Уэлст боловсруулж байгаа гэнэ. Тухайлбал, “Shearwater” компани нь “Nuscale”–ийн бага оврын реакторыг сонгон шалгаруулж, тус реакторын төслийг урагшлуулахад хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.  

Уг төслөөр нүүрстөрөгчийн ялгаралгүй гурван ГВт-ын хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр барьж, Их Британийн тээврийн салбарт ашиглах гурван сая гаруй килограмм ногоон устөрөгч үйлдвэрлэх зэргээр эрчим хүчийг бүрэн ашиглах боломжийг бүрдүүлэх  төсөл гэж “Shearwater”-аас хэлжээ. Тус компани Их Британийн Засгийн газар болон Уэльс, Умард Ирланд, Шотландын Засгийн газруудад уг саналаа хүргүүлсэн байна.  Санамж бичгийн хүрээнд “Shearwater” болон “NuScale” компани Их Британийн нутаг дэвсгэрт “NuScale” бага оврын реакторт суурилсан цөмийн эрчим хүч, далайн салхины эрчим  хүч, устөрөгчийн үйлдвэрлэлийн тэргүүлэх боломжийг судална. Олон улсад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсөж, нүүрстөрөгч бага ялгаруулах эрчим хүчийг илүү уян хатан, найдвартай үйлдвэрлэх хамтын ажиллагаа улам бүр нэмэгдсээр байна.  

                           Их Британийн нийлүүлэлтийн сүлжээнд “NuScale”-ийн хийсэн үнэлгээгээр NuScale станцын үйлдвэрлэлийн 75 хувиас дээш хувийг Их Британиас авах боломжтой гэж дүгнэжээ. “Томоохон дулааны станцуудыг барихад өндөр өртөг зарцуулах ба нүүрстөрөгчгүй технологийг хослуулах нь өртөг бага зарцуулахаас гадна ижил гүйцэтгэлийг олж авах боломжийг олгодог” талара “Shearwater” компанийн гүйцэтгэх захирал Саймон Форстер онцолсон байна. Уг БОМР, салхин цахилгаан станцыг хослуулсан гурван ГВт хүчин чадалтай, аюулгүй ажиллагаатай, нүүрстөрөгч ялгаруулахгүй, устөрөгч үйлдвэрлэх ажил 2027 оноос эхлэх боломжтой ажээ. 

Их Британи Улс 2030 он гэхэд далайн салхины ашиглалтыг нэмэгдүүлэх, 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг цэвэр тэглэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд БОМР-ийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Салхи-цөмийн эрчим хүчний хосолсон систем нь тасалдалт, сүлжээний тогтворгүй байдал зэрэг асуудлуудыг даван туулах найдвартай, ачаалал даах чадвараар бүрэн хангагдах ба үйлдвэрлэж буй ногоон устөрөгч нь аж үйлдвэр, тээвэр, эрчим хүч, орон сууцыг нүүрстөрөгчгүй, хямд, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах боломжийг бүрдүүлэх шинэ шийдэл болох юм.  

                       Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын Цөмийн хяналтын комиссоос “NuScale”-ийн зураг, төслийг баталж, анхны БОМР хөгжүүлэгч болжээ. NuScale компанийн анхны захиалагч станцаа 2023 онд АНУ-ын Айдохо мужид барьж эхлэхээр болжээ. “NuScale” загвар нь уурын болон дулаан солилцооны бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэсэн даралтат усан хөргүүртэй реактор юм. Нэг модуль нь 77МВт чадалтай, нийт 12 модультай 924МВт чадалтайгаар баригдах аж.

 


ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСИЙГ БҮРЭН ХАЛАХ ҮЕД НҮҮРСИЙГ ОРЛОХ ЭРЧИМ ХҮЧ, ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ХӨШҮҮРЭГ ЮУ БАЙХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188