• Өнөөдөр 2026-04-30

Б.ЦОГТБААТАР: Бид 800 мянган жилийн өмнө амьдарч байсан хүний ул мөрийг Монголоос илрүүлсэн

2026-04-30,   94

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн “Сан хөмрөг”, лабораторийн салбарын эрхлэгч, доктор, профессор, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн Батмөнхийн Цогтбаатартай  ярилцлаа. Тэрбээр 1988-1992 онд УБИС-ийн Түүх-Нийгэм судлалын ангид суралцаж төгссөн. 1999 онд "Дорнод Монголын палеолитын үе" сэдвээр түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 2007 онд дэд профессор, 2019 онд профессор цол хүртжээ.  Б.Цогтбаатар нь Монголын түүхийн нэн эртний үе, түүний дотор чулуун зэвсгийн үеийн зангилаа асуудлаар судалгаа хийдэг. Язгуурын монголчуудын голомт нутаг Онон, Хэрлэн голын сав нутгийн хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгалуудыг шинээр илрүүлэн, анх удаа тусгайлан судалж, энэ түүхэн бүс нутагт дунд палеолитын үеэс олон мянган жилийн турш эртний хүн оршин амьдарч байсныг баттай тогтоосноор шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

-Танай Археологийн хүрээлэнгийн Сан хөмрөг, лабораторийн салбарт эрдэм шинжилгээний хэдэн ажилтан ажиллаж байна вэ?

  -Манай хүрээлэн зургаан гол салбартай. Үүний нэг салбар нь сан хөмрөг, лабораторийн салбар байгаа юм. Манай Эрдэм шинжилгээний хүрээлэн 40-45 хүний бүрэлдэхүүнтэй. Харин манай салбарт 11 хүн ажилладаг. Энд зөвхөн хадгалж хамгаалдаг биш. Монгол оронд археологийн судалгаа хийж эхэлсэн цаг үеэс хойш археологийн гадаад, дотоодын үндэсний судлаачдын судалгааны явцад цуглуулсан хүн ба мал, амьтны ясны судалгаа, археологийн хайгуул, малтлагаас олдсон, цуглуулсан олдворын Монгол Улсад байгаа хамгийн том сан хөмрөг юм. Ер нь бол Зүүн Азийн археологийн судалгаа, эртний хүн, малын ясны цуглуулгын цогц, үнэ цэнтэй иж бүрдэл манайд байгаа.

-Танай салбар хэдий үеэс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

    -1940 оноос хойш Монголын үндэсний археологичид Монгол нутагт судалгаагаа хийж эхэлсэн. Түүнээс өмнө гадны судлаачид явуулын байдалтай судалсан байдаг. 1940-өөд оны үеэс Хөдөөгийн Пэрлээ гуай Монгол судлаачдаас анхны малтлаг, судалгааг эхэлсэн. Түүнээс хойш цуглуулсан бүх олдворуудыг манай хүрээлэн хадгалж байгаа. Сүүлийн үед  энэ дурсгал, олдворыг хадгалж, хамгаалах нөхцөлийг сайжруулах, судалгааны эргэлтэд оруулах, гадаад, дотоодын судлаачдын үзэж, харах, судалж, шинжлэх нөхцөл, боломжийг нь  сайжруулах тал дээр бид шат дараатай арга хэмжээ авч, анхаарч байна.  Одоогоор соёлын өвийн төв дээр тусгай сан хөмрөгийн тусгай  өрөө, байр гарган хадгалж байгаа.

-Тэгэхээр 1940 оноос танай лаборатори байр шинэчлэгдээгүй юм уу?

-Ирэх жил ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн нэгдсэн лабораторийн  байр баригдаж ашиглалтад орно. Тэнд сан хөмрөгийн олдворыг  цогц байдлаар шилжүүлэн хадгална. Манай салбарын хувьд сан хөмрөг, лабораторийн хэсэг гэсэн, хадгалалт, хамгаалалт, бүртгэл хариуцдаг, судалгааны нэгж байна. Палео антропологи, палео зоологи буюу архео зоологийн судалгаа хийдэг хэсэг бий.

   Мөн археолгийн олдворыг сэргээн засварлах жижиг лаборатори байдаг. Голчлон метали эдлэлийг сэргээн засварладаг лаборатори бий. Мөн хүрээлэнгийн харьяанд байдаг судалгааны төв байгаа. Зарим орон нутаг удаан хугацаагаар судалгаа хийж байгаа газрыг түшиглэсэн  судалгааны төвүүд бий. Үүний нэг нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хөдөө аралд  байгаа. Мөн Архангай  аймгийн нутагт байсан. Одоогоор Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалын хажууд судалгааны төв барих  ажил эхлэлийн шатандаа яваа.

-Сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт ямар түвшинд байдаг вэ?

      -Сан хөмрөгийн бүртгэл, хадгалалт, хамгаалал, аюулгүй нөхцөлийг хангаж, олдворыг судалгааны эргэлтэд оруулах, архивлах, түүх соёлын үнэ цэнийг алдагдуулахгүй байх тал дээр бид анхаардаг. Ер нь аливаа улс орны төрийн бодлогын  хүрээнд ч гэсэн  археологийн олдвор, эд өлгийн зүйл, хүний болон амьтны яс зэрэг үнэт олдворууд тухайн улсын үндэсний аюулгүй байдлын  баталгаа, тусгаар тогтнол, угсаа гаралтай холбоотой олон төрлийн мэдээллийг агуулж байдаг. Тийм ч учраас маш их үнэ цэнтэйд тооцогддог юм. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан хөгжихийн хэрээр аюулгүй хадгалалт, хамгаалалт сайжирсан. Олдворыг баяжуулж, судалгааны эргэлтэд оруулах боломжтой болж байгаа.

-Танай  сан хөмрөгийн бүртгэл, хяналт хэр байдаг вэ?

    -Ер нь хяналтын тооллогыг 2-3 жилд нэг удаа тогтмол хийдэг юм. Нарийн бүртгэл, тооллогын ажлыг явуулдаг. Манайх 2024 оны сүүлийн саруудад хяналтын тооллого хийсэн. Одоогоор эхний байдлаар зарим бүртгэл, мэдээлэл нэгтгэгдэж, дүн мэдээ гарч байна. Чулуун зэвсгийн үеийн олдворын сан хөмрөг гэвэл эрт цаг үед Монгол нутагт хүн үүсэж, нүүж ирж, шилжилжиж амьдарсан цаг үеийн олдворууд бий. Одоогоос 800 мянган жилийн өмнө  амьдарч байсан хүний ул мөрийг Монгол орны нутгаас илрүүлсэн. Тэр үеэс эхлэн өнөөг хүртэл Монгол нутагт тасралтгүй хүн амьдарч байна. Чулуун зэвсгийн үеийн  330-аад мянган биет олдворууд манай хүрээлэнд хадгалагдаж байгаа.

     Мөн булш, олдворын сан хөмрөгт хүрэл, төмөр зэвсгийн үе, Хүннүгийн үе, Түрэг, Уйгар, Монголын эзэн гүрний үеийн гээд олон үеийн булш, дурсгалуудыг малтан шинжлэхэд тэндээс гарсан олдвор, хэрэглэгдэхүүн байгаа. Монгол Улсын хосгүй үнэт олдвор, хөдөлмөрийн багаж зэвсэг, зэр зэвсэгийн үлдэгдэл, янз бүрийн булшны малтлагаас гарсан 40 мянга гаруй олдвор бий.

-Монголчууд нүүдэлчин овог аймаг, гэтэл хот суурин газрын үлдэгдэл туурь хэр их олдох юм аа?

     -Монголоос хот суурин болон суурин амьдарч байсан хүмүүсийн ул мөрийг хадгалсан  элдэв балгас, тууриуд нэлээдгүй олдсон. Тэр тууриуд дээрээс түүвэр байдлаар цуглуулсан олдворууд манайд бий. Мөн тодорхой туурийн малтлага жишээлбэл Хархорум хотын туурийн малтлага гэхэд олон жил үргэлжилж одоо ч дуусаагүй явж байгаа. Аваргын балгас, Хар хул цагааны балгасын малтлага гээд удаан олон жил үргэлжилж байгаа малтлагаас маш их хэмжээний олдвор гарч байгаа. Түүний дээжээс судалгааны эргэлтэд оруулах, нарийвчлан судлах зорилгоор авчирсан нь бий. Хот суурингийн тууриас гарсан 30 гаруй мянган олдвор манай сан хөмрөгт бүртгэлттэй байдаг.

-Нэн эртний хүний эд өлгийн зүйлийн олдвор хэр олон илэрч олддог вэ?

    -Палео антропологи буюу эртний хүний  ихэнх дээж малтлагаас олддог. Манай сан хөмрөгт нийтдээ 1500 гаруй хүний ясны олдвор бий. Пазырык, Скифийн үеийн гээд үе үеийн он цаг нь тогтоогдсон болон тогтоогдоогүй байгаа цуглуулгууд байна. Тухайн хот суурин болон  булш, бунханд дагалдуулсан 1600 гаруй малын яс хадгалагдаж байгаа. Эд бүгдээрэй нарийн судалгаанд орж амжаагүй. Эдгээр дээжинд маш олон нарийн марфологийн болон генетикийн судалгааны мэдээлэл хадгалагдаж байдаг. Тухайн цаг үеийн хоол тэжээлтэй холбоотой мэдээллийг хүртэл яснаас авдаг болсон. Изотопын болон олон талын мэдээллийг яснаас авдаг болж байна. Цаашдаа ч гадаад, дотоодын судлаачид хамтран ажиллах, улам нарийн бүртгэж, баримтжуулан судлах санал их гарч байгаа. Эдгээр цуглуулгууд жил бүрийн судалгаагаар улам бүр баяжих болсон. Тийм болохоор аюулгүй бүрэн бүтэн хадгалж хамгаалах, судалгааны эргэлтэд оруулах зорилготой бид ажиллаж байна.

-Танайд 30-40 мянган жилийн өмнөх олдвор байгаа юу?

   -Бидэнд 30-40 мянган жилийн өмнөх олдвор хадгалагдаж байгаа. Хосгүй болон үнэт ховор олдворуудыг Үндэсний түүхийн музей, “Чингис хаан” музей болон аймгуудын музейнүүдэд шилжсэн байдаг. Зөвхөн сүүлийн гурван жилд гэхэд бид Өмнөговь аймгийн музейд 69 дэсийн 300 гаруй олдвор, “Чингис хаан” музейд 370-аад дэсийн 760 гаруй олдвор, шинээр байгуулагдсан Хэнтий аймгийн музейд 200-аад дэсийн 700 гаруй олдворыг түр болон гэрээгээр, Соёлын яамны сайдын болон хуулийн холбогдох журмын дагуу шилжүүлсэн.

-Жилд танайхаас хээрийн ажлын хэдэн экспедиц гарч ажилладаг вэ?

    -Манай хүрээлэнгээс жилд 40-50 том, жижиг экспедиц гарч ажилладаг. Түүний хүрээнд олон арван, бүхий л цагийн үеийн олдворууд олдож, нэмэгддэг. Тэдгээрээс судалгааны эргэлтэд орж, хосгүй үнэт болон үнэт олдворууд судалгааны эхний үе шат дууссаны дараа томоохон музейнүүдэд ихэнхдээ шилждэг.   Мөн хүрээлэнгээс олон улсын  үзэсгэлэнд хамрагддаг. 2023-2024 онд гэхэд Франц болон Наполи хотод Үндэсний түүхийн музейтэй хамтарч Азийн түүхийн хэсэг, “Чингис хаан дэлхийг өөрчилсөн нь” сэдэвт үзэсгэлэн гаргасан. Тэр үзэсгэлэнд манайхаас олон тооны олдворуудыг илгээсэн.

2025 онд Чехийн Парагийн Үндэсний музей, “Чингис хаан” үндэсний музейтэй хамтарч “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар бэлтгэж байна. Энд манайхаас 500 гаруй олдворыг илгээсэн байгаа. Мөн Швейцар, Германд гарах үзэсгэлэнд манай сан хөмрөгөөс сонгох ажлууд хийгдэж эхэлсэн.

-Хадгалалт хамгаалалтын хувьд олон улсын стандартад хүрсэн үү?

    -Ер нь боломжийн дундад түвшинд л байгаа. Жил ирэх тусам археологийн олдворыг хадгалж, хамгаалах байр, сав, аюулгүй байдал сайжирч байна. Нэг үе бид хүрээлэнгийнхээ хажууд сан хөсрөгийн байртай байсан. Багтаамж, аюулгүй байдал нь асуудалтай байсан учраас Соёлын өвийн үндэсний төвд сан хөмрөгийн байрыг шилжүүлэн, тэнд олдворуудаа хадгалах болсон. Ирэх жил академийн хүрээлэнгүүдийн нэгдсэн лабораторийн байр баригдаж ашиглалтад орно. Тэнд шилжиж орсон тохиолдолд олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангах юм. Сүүлийн үед “Чингис хаан” үндэсний музей, мөн Төв аймгийн нутагт Монголын археологи, антропологийн музей баригдаж байгаа. Тэр музейн сан хөмрөгийн байр ч гэсэн олон улсын стандартад нийцсэн байх болно. Ер нь ойрын жилүүдэд сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, судалгаа , шинжилгээнд эрс өөрчлөлт, шинэчлэлт гарна.

-Танайх сэргээх засварлах тал дээр олон улсын стандарт хэмжээнд хүрч чадсан уу?

    -Сэргээн засварлах ажилд хамгийн чухал нь мэргэжлийн боловсон хүчний асуудал байдаг. Жишээлбэл мал ба хүний ясны археологийн олдвор дээр ажилладаг  палео антропологи, архео зоологич мэргэжилтэн ховор байна. Манай хүрээлэнд ажлын байр ховор, байхгүй шахуу байна. Монголд археологийн судалгаа хийж эхэлсэн үеэс хойшхи олдворын 90 хувь нь манайд хадгалагддаг. Гэтэл түүнийг судлах, сэргээн завсарлах ажлын байр хомс байна. Нарийн мэргэжилтэн бэлтгэх, ажлын байраар хангах боломж нь мөн хязгаарлагдмал учраас боловсон хүчин их асуудалтай байгаа.

-Төмөрлөг эдлэл сэргээн засварлах лабораторитой болсон гэв үү?

      -Тийм ээ, металл эдлэлийн лаборатори Монголд ховор байсан. Соёлын өвийн төв дээр тодорхой олдвор дурсгалын сэргээн засварлах лаборатори байгуулагдсан. Манай хүрээлэнд металл эдлэл сэргээн засварлах лаборатори  байгууллагдаад арваад жил болж байна. Энд хоёр судлаач, сэргээн засварлагч байнга ажиллаж байгаа. Археологийн олдвороос гарсан металл эдлэлийн сэргээн засварлалтыг хийж байгаа. Өмнөд Солонгосын Соёлын хүрээлэнгийн агентлагаас Зүүн Өмнөд Азийн хүрээнд тендер зарласан. Тэр тендерт манай хүрээлэн оролцож шалгарсан юм. Үүний хүрээнд медалл эдлэлийг иж бүрдлэлээр нь сэргээн засварлах боломжтой лабораторитой болсон. Мөн ойр зуурын шавар эдлэл, сэргээн засварлах ажлыг бид лабораторитой хийдэг.

“Чингис хаан” үндэсний музейд томоохон лаборатори ашиглалтад орж байна. Шинжлэх ухаан технологийн үндэсний их сургууль дээр Өмнөд Солонгостой хамтарсан төслийн хүрээнд бас лаборатори байгуулагдсан. Түрүүн ярьсан Төв аймагт баригдаж байгаа археологи, антропологийн музей болон Шинжлэх ухааны хүрээлэнгийн лабораторийн байруудад ойрын үед сэргээн засварлах төв нээгдэх боломж нээгдсэн.

-Африк тивд хүн үүссэн. Төв Азид анхны хүн үүссэн гэдэг шинжлэх ухааны маргаантай асуудал бий. Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн эртний хүний яс хэдэн мянган жилийн настай байдаг вэ?

     -Энэ бол шинжлэх ухааны судалгааны их том асуудал. Ер нь Африк тивд анх хүн үүсээд бусад тив рүү нүүдлэн шилжиж тархсан гэдэг үзэл, онолыг дэлхийн ихэнх эрдэмтэд баримталдаг. Харин Монгол нутагт хэзээ анх хүн үүссэн бэ гэдгийг хүний ясны олдвороор тогтоох нь төвөгтэй. Нэн эртний буюу хүний үүсэл гаралтай холбоотой олдвор хадгалагдсан зүйл одоогоор олдоогүй. Гэхдээ Зүүн Азид ховорд тооцогдох ясны олдвор олдсон. Тэр олдвор 30-аад мянган жилийн өмнөх үед холбогдоно. Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг Салхит гэдэг газраас олдсон байгаа. Тэр 30 мянган жилийн өмнөх хүний гавлын ясны хэсэг. Энэ олдвор Монгол Улсын хосгүй ховор олдворын тоонд бүртгэгдсэн. Эртний хүний палео антропологийг судалдаг дэлхийн томоохон судлаачид ирж, дээж авч, янз бүрийн хэлбэрээр судалсан. Он цагийг нь ерөнхийд нь бататгаж, нотолсон байгаа. Энэ яс Монгол нутгаас олдсон хамгийн эртний хүний олдвор байгаа юм.

Түүнээс хойш гэвэл неолитийн үеийн олдворууд байна. Өөрөөр хэлбэл найман мянгаас зургаан мянган жилийн өмнөх үеийн яснууд илэрсэн нь бий. Тэгээд хүрэл, төмөр зэвсгийн үеийн гурван мянган жилээс хойших үеийн ясны олдвор түгээмэл. Монгол орны цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, хөрсний бүтэц гээд олон зүйлтэй холбоотой. Нэн эртний ясны хувьд хадгалагдаж үлдэх нөхцөл тийм таатай биш. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр агуйд чулуун зэвсэг үйлдэж байсан чулуу нь үлдсэн байдаг. Тэр чулуун хамт гарч байгаа бусад эрдэс, амьтны яс, тухайн цаг үеийн хүний ул мөртэй хамт олддог. Ер нь 40-өөс 50 мянган жилийн өмнө дээд палеолитийн үед хүн амын шилжилт хөдөлгөөн ихтэй, их тархан суурьшсан  байжээ.


 

 


Б.ЦОГТБААТАР: Бид 800 мянган жилийн өмнө амьдарч байсан хүний ул мөрийг Монголоос илрүүлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188