• Өнөөдөр 2026-06-21

ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ

2026-05-01,   1249

    Бид энэ удаагийн “Ажлын ширээ” буландаа “Eagle” телевизийн тоймч Г.Улсболд, “Зууны мэдээ” сонины Улс төр, шуурхай мэдээллийн албаны дарга Т.Батсайхан, “Ubn.mn" мэдээллийн сайтын эрхлэгч Г.Лхагвадорж, “Unn.mn" мэдээллийн сайтын эрхлэгч О.Отгонцэцэг, “Time” мэдээллийн сайтын эрхлэгч Н.Сугар, “NTV” телевизийн сэтгүүлч А.Азжаргал нарыг урилаа.

Тэдний цаг хугацаатай уралдаж, бүтээл төрүүлдэг ажлын ширээг танилцуулж байна.

“EAGLE” ТЕЛЕВИЗИЙН ТОЙМЧ Г.УЛСБОЛД: Миний ширээг “жирэмсэн болгодог ширээ” гээд эрэгтэй хүнд хадгалж байсан юм билээ

 

    Би МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. III дамжаанд танилцах дадлага хийх болоход ангийн багш С.Амартүвшин маань оюутнуудыг хоёр чиглэлд хуваасан юм. Нэг хэсгийг нь сонин руу, нөгөөг хэдийг нь телевиз рүү явууллаа. Багш намайг “Үндэсний шуудан” сонин руу  Б.Цогнэмэхийг /Тэнгэрийн хүү туульсийн зохиолч/ сураглаад оч” гэлээ. Дадлагын хүүхэд сонины арын нүүрэнд бичиж эхэлдэг. Үндсэн сэтгүүлч болтлоо В.Сарантуяа /Виски/, Г.Сонинбаяр нарын “цэрэг” явлаа. Сургуулиа төгсөөд “Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн алба”-ны дарга У.Сарангэрэлийн /Уски/ “цэрэг” болсон. “Хэн рүү ч хамаагүй холбогдоод мэдээллээ авчихдаг, амандаа дуу аялангаа ажлаа гялалзуулдаг Уски эгч шигээ болох юм сан” гэж оюутан ангийнхаа найз С.Гандөлтэй байнга ярина. Нийтлэлч Г.Отгонбаяр агсан манай "Үндэсний шуудан"-гийн Нийтлэлийн бодлого эрхэлсэн нэгдүгээр орлогч байлаа. Залуу сэтгүүлч биднийг их дэмжинэ. Хамтдаа “iToim.mn” мэдээллийн сайтыг үүсгэн байгуулж, харж суралцаж явлаа. Ингэж л би сэтгүүлч болох эхлэлээ тавьсан. 

         Миний ажлын нэг өдөр редакцын өглөөний хурал, хөнгөн наргианаас эхэлнэ. Шуурхай дээр өчигдрийн хийснээ дүгнэлт хийхээс гадна тэр өдрийн сэдэв, өнцөг, үйл явдал бүгд яригддаг. Тийм болохоор хуралдаа оролцож, сэтгүүлч, продюсеруудтай санал солилцох дуртай. Өнцгийг нь өөрийнхөөрөө өөрчлүүлж чадвал тэрнээсээ кайф авна. Миний хариуцсан “Тусгай сурвалжилга” нэвтрүүлэг 14 хоног тутмынх болохоор арай амьсгаатай. Надад үйл явдлуудыг очиж харах, хүмүүстэй танилцах, санал солилцох, мэдээлэл цуглуулах цаг бусдаасаа илүү олддог гэсэн үг. Сэтгүүлчийн ажил бүхэлдээ мэдээлэл цуглуулах, эх сурвалждаа хүн элсүүлэх, нэгтгэж боловсруулах ажил шүү дээ. Тийм болохоор өдрийн цагийг компьютерын ард өнгөрөөх дургүй. Суух, судлах цагийг ихэвчлэн оройн цагаар, хааяа амралтын өдрөөр хийгээд дадчихсан.

           Миний ширээг “жирэмсэн болгодог ширээ” гээд эрэгтэй хүнд хадгалж байсан юм билээ. 2023 оны намраас энд сууж байна. Онцлох зүйл гэвэл цэцэг. Томилолт, амралтын үед хажуугийн сэтгүүлчиддээ сайн захиад явдаг.  Мөн эх сурвалжийн хүрээллээс шалтгаалаад ихэвчлэн эрх зүйн чиглэлийн ном, бүтээлүүд цуглардаг.  Би энгэрийн дэвтэрт дуртай. Энд тэнд авч явахад амар. Сонинд байснаас хойш дуусгасан, дуусгаагүй нийлсэн 10 гаруй том дэвтрээ хадгалсан. Тэнд тэр үеийн ойлголтууд бичигдсэн учраас нэг цэгцлэхээрээ хаяна. Би ер нь хүнтэй ч, эд зүйлстэй ч зууралдах дургүй. Шүүгээгээ ч, тархиа ч чөлөөлж сурах хэрэгтэй гэж боддог.

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ УЛС ТӨР, ШУУРХАЙ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ ДАРГА Т.БАТСАЙХАН: Ширээн дээрээ тэмдэглэлийн дэвтэр, бал, номоос өөр зүйл байлгадаггүй

            Би МУБИС-ийн сэтгүүлчийн анги төгссөн. Оюутан байхаасаа л өдөр тутмын сонины сэтгүүлч болно гэсэн хүсэл тэмүүлэлтэй байлаа. Хүмүүсийн дэмжлэг, урмын үг дундуур, өөрийнхөө чиг шугамыг барьж, энэ замаар алхаад 10 гаруй жил болчихжээ. Гуравдугаар дамжааны оюутан байхаасаа өдөр тутмын эрэн сурвалжлах “Нийгмийн толь” сонинд сурвалжлагчаар ажиллаж байсан. Тэр үеэ эргээд дурсахад үнэхээр сайхан байдаг.  Сургуулиа төгсөөд  “Зууны мэдээ” сонинд ажилласан. Анх соёл урлагын албаны сэтгүүлч байлаа. Одоо улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ мэдээлэл бэлтгэж, сониныхоо Улс төрийн мэдээллийн албыг хариуцан ажиллаж байна. Мөн www.polit.mn мэдээллийн сайтын редактораар ажилладаг.

          Сониноо уншихаас миний өглөө эхэлдэг. Үүний дараа шуурхай хуралдаа орно. “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонин  ямар үйл явдлыг онцолсон байна, манайх юугаараа илүү, бас учир дутагдалтай байна вэ гэдэгт багахан анализ хийчихдэг. “Зууны мэдээ” сонин уламжлалт байдлаа хадгалахаас гадна “Цааснаас цахим руу” гэсэн зорилго дэвшүүлж, тодорхой шинэчлэлүүдийг хийсээр байгаа. Сүүлийн үед манай улс төрийн “амьдрал” нэлээд халуун, өрнүүн байна. Энэ бужигнаан дунд сэтгүүлч мэргэжлийнхээ үнэ цэнийг алдчихгүй, мэргэжлийн ажиллах юм сан гэж хичээдэг. Мөн хувь хүний эмзэг мэдээллийг ямар нэгэн баримт нотолгоогүйгээр мэдээлдэггүй. Яг л сэтгүүл зүйн зарчим, мэргэжлийн ёс зүйгээ баримталж ирсэн.  Энэ нь ч сэтгүүл зүйн салбарт урт удаан хугацаанд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах том хөшүүрэг болдог гэдэгт итгэдэг.

  Энэ ширээндээ суугаад гурван жил болж байна. Ширээн дээрээ сонин, сэтгүүл, номоо өрчихнө. Тэмдэглэлийн дэвтэр, бал бий. Өөр элдэв зүйлс байлгадаггүй. Яарч сандарсан үед олон зүйлд самгардах, эрж хайх, түүнээсээ болж бухимдах гээд байдаг талтай. Би ер нь яруу найргийн номд илүү сонирхолтой. Тэндээс гоё гоё мөртүүд олж уншина. Улам зориг орно, сэтгэл сэргэнэ. “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Минжинсайхан найз маань “Чарганд ачсан өвөл” номоо бэлэглэсэн юм. Шүлгүүд нь бас их гоё яруу санагддаг.  Хааяа гаргаж хараад уншиж баясгана аа.  Мөн би 2022 онд “Бид жолоочийн хүүхдүүд” номын редактораар ажилласан. Алдар хүндтэй 50 орчим эрхэм жолооч аав, ээжийнхээ тухай ярьж, тэр үеийн дурсамжаа хуваалцсан байдаг.  Өөрийн хүч хөдөлмөр орсон номоо гаргаад эргүүлж суух бас их гоё л доо. Хүмүүстэй уулзаж, ярилцаж, аав ээжийнх нь тухай яриулсан бүх дурсамж надад сургамж болсон байдаг юм.    

“UBN.MN” МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ЭРХЛЭГЧ Г.ЛХАГВАДОРЖ: Стрессээ тайлах, толгойгоо сэргээх зорилгоор ширээн дээрээ плайстэйшн байлгадаг

     Анх 2004 оны УИХ-ын сонгуулийг гэр бүлийнхэнтэйгээ үзэж, улс төрийг анзаарч байлаа. Тэр үеэс л улс төрд сонирхолтой болсон. МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг 2014 онд төгссөн. Ажлын гараагаа 2011 онд "Ардчилал” сониноос эхэлж байлаа. ХНХЯ-ны хэвлэлийн албанд хоёр жил ажиллах хугацаандаа салбараа гаднаас нь ажигласан. Тэнд пост дизайн, видео чиглэлээр ажиллаж сурсан. Энэ нь 2021 онд “Ubn.mn” мэдээллийн сайтыг байгуулахад ихээхэн тус болсон. Бид шинэлэг пост, бичлэгээрээ олонд танигдсан. “NTV” телевизтэй хамтран “Лхагвын тойм” нэвтрүүлгийг гурав дахь жилдээ хөтөлж байна. “Лхагвын тойм” нэвтрүүлэгт тухайн долоо хоногийн онцлох асуудлаар зочин урих уу. Ховор зочин оролцох уу гэдгээс хамаарч миний долоо хоног өөр өөр өнгөрдөг. Долоо хоногийн эхний гурван өдөр нэвтрүүлэгтээ анхаарлаа хандуулна. Харин сүүлийн хоёр өдөр сайт дээрээ төвлөрдөг. Энэ их ажлын ачааллаас түр амсхийхээр хобби болох фитнессээр долоо хоногийн гурван өдөр хичээллэж байна. Бэлтгэлтэй өдрөө 06:00 цагт босож, дасгалаа хийгээд ажилдаа явдаг. Тэгээд 09:00 цагт өглөөний хурлаа хийнэ. Сэтгүүлчдийн чадварыг сайжруулахад өглөөний хурал хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Өчигдрийн алдаа, өнөөдрийн төлөвлөгөөгөө ярилцана. Мөн парламентын сэтгүүлчийн хувьд өдөр болгон Төрийн ордон орохыг хичээдэг. Телевиз дээр бичлэгтээ орно. Сайт дээр нийтлэл бичдэг болохоор миний өдрүүд завгүй өрнөдөг. Харин амралтын өдрөөр гэр бүлдээ, өөртөө цаг гаргадаг.

    Редакцын бодлого, чиглэлдээ нийцсэн мэдээ мэдээлэл түгээх нь өөрөө хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүлчийг бий болгож байдаг. Мөн сэтгүүлч хүн үргэлж хөгжиж байх ёстой. Уншигч, үзэгч, эх сурвалждаа гологдохгүй хэмжээнд байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэл олширч байна. Гэхдээ чанартай, нийтлэлийн бодлоготой, мэргэжлийн редакц цөөн бий. Би хариуцлагатай сэтгүүл зүйг бий болгоход хувь нэмрээ оруулахыг хичээж явдаг.

        Одоогийн залуучуудыг зөв чиглүүлж чадвал хурдтай, шинэлэг хийж чаддаг. Тиймдээ ч сүүлийн өдрүүдэд “Z үеийн нөлөө” номыг ширээний номоо болгосон. Энэ үеийнхнийг туушгүй гэж ярих нь элбэг. Гэхдээ зөв хүнийг нь сонгоод, зөвлөөд явахад хурдтай байдаг. Онцлох зүйл гэвэл 2023 онд ажлынхантайгаа авхуулсан зургаа нэрлэнэ. Мөн эсгий гэр бүхий дөрвөн бэрх. Сайтаа байгуулаад удаагүй байхад хандивын мэдээ бэлтгэж өгөхөд мэдээний эзэн эгч баярлаад, бэлэглэж байсан юм. Оффисоо нүүлгэсэн ч байнга авч явна. Өглөө дөрвөн бэрх орхиж, тэр өдрийн азаа үзээд гардаг зуршилтай болчихсон.

          Мөн стрессээ тайлах, толгойгоо сэргээх зорилгоор ширээн дээрээ плайстэйшн байлгадаг. Хаа нэг тоглоход сайхан. Сүүлийн үед тогтолцооны асуудал, Оюу толгойн хөрөнгө оруулалтын талаар судалж байгаа болохоор тэр чиглэлийн ном уншиж байна. Мэдээллийн сайт ажиллуулна гэдэг нэг төрлийн бизнес. Тиймдээ байгууллагын соёл, хүн хоорондын харилцаа, санхүүгийн талаар ном уншиж байгаа. Уншсан номоосоо онцлох хэсгийг нь наалтаар тэмдэглэх зуршилтай.

“UNN.MN” МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ЭРХЛЭГЧ  О.ОТГОНЦЭЦЭГ: Маргаашийн ажлаа төлөвлөсөн төлөвлөгөөний дэвтэр, жижиг цаасыг ширээнийхээ амин чухал хэсэг болгож тавьдаг

            Миний сэтгүүлчийн гараа Өвөрхангай аймгийнхаа ууган телевиз болох “Соёмбо” телевизээс эхэлж байлаа. Багаасаа л сэтгүүлч болох хүсэл мөрөөдөлтэй байсан. МУИС-ийг 2014 онд төгсөөд Улаанбаатар хотод ажиллах сонирхолтой байсан ч аавтайгаа хамт амьдрахаар Өвөрхангай аймгийг зорин очиж байсан юм. Орон нутагтаа 12 дахь жилдээ ажиллаж байна. Миний нэг өдөр мэдээлэл цуглуулах, эх сурвалжтай холбогдохоос эхэлдэг. Өдрийн турш мэдээ, сурвалжилга, контентоо бэлтгэж, оройдоо бичвэр, эвлүүлгээ цэгцлэх нь энгийн үзэгдэл. Зарим өдөр төлөвлөснөөс огт өөр үйл явдал өрнөдөг нь сэтгүүлчийн ажлын онцлог юм. Тэр бүгдийг амжуулж, хамгийн гол нь үнэн бодит, уншигч үзэгч үзэхэд мөлжүүртэй, сайн туршлага авахуйц мэдээ, сурвалжилга бэлтгэхэд анхаарч ажлын нэг өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлэхэд анхаардаг. 

   Би ажиллах хугацаандаа гурван ширээ л сэлгэсэн юм байна. Ширээн дээрээ тэмдэглэлийн дэвтэр, компьютер, нүдний шил, бичгийн хэрэгсэл, цэцэг, аяга, лаа байнга байлгадаг. Ширээн дээр өнгөрүүлэх цаг харилцан адилгүй байдаг. Маргаашийн ажлыг төлөвлөсөн төлөвлөгөөний дэвтэр, жижиг цаасыг ширээнийхээ амин чухал хэсэг болгож тавьдаг. Би “Мариа Ресса”-гийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ” номыг сөхөж хардаг юм. Энэ ном надад мэргэжлийн болон хувь хүний хувьд урам өгдөг. Том, жижгээс хамаараад жилд 3-5 дэвтэр ашигласан байдаг. Тэгэхээр сэтгүүлчээр ажилласнаас хойш 40 гаруй дэвтэр дуусгасан бололтой. Сэтгүүлч хүнд дэвтэр маш чухал байдаг. Сүүлийн үед техник технологи хөгжиж хурдтайгаар шууд бичих зэргээр шуурхай байдлыг шаардаж байгаа ч дэвтэр авч явах нь эргээд сөхөхөд баримт, дурсамж, түүх болон үлддэг.

“TIME.MN” САЙТЫН ЭРХЛЭГЧ Н.СУГАР: Ширээнээсээ нэвтрүүлгийнхээ логог онцолно

         Би 2013 онд гуравдугаар дамжааны оюутан байхдаа “NTV” телевизийн мэдээний албанд дадлага хийхээр очсон юм. Сэтгүүлчийн ажлыг телевизээр гоё хувцас өмсөөд, ярьж суухаас өөр зүйл хийдэггүй гэж боддог хүүхэд байлаа. 21 хоног дадлага хийх ёстой байсан санагдаж байна. Гэхдээ сонирхолтой санагдаад гурван сар ажилтан шиг л явсан даа. Компьютер дээр олигтойхон бичиж ч сураагүй. Юу ч мэдэхгүй намайг мэдээний албаны хамт олон минь сэтгүүл зүйд хөтөлж оруулсан юм. Миний өглөө редакцын хурлаа хийгээд, сэтгүүлчдийнхээ сонгосон сэдвийн талаар ярилцаж эхэлдэг. Тэгээд л цаг үеийн мэдээллээс хоцорчихгүй соргог байхыг хичээж өнгөрөөнө. Хоцрохгүй мэдээлэхдээ мэргэжлийн редакцын үнэ цэнээ алдахгүй байх ёстой.

Мөн би “NTV” телевизийн мэдээний албаны продюсероор ажиллаж байна. Манай салбар асуудалд хэтэрхий өнгөц хандаж, яаруу дүгнэлт хийх нь нийтлэг байгаа санагддаг. “NTV” телевиз аливаа асуудлыг үр дүнд хүртэл нь хөндөж, сурвалжилдаг сэтгүүл зүй хийхийг зорьж байгаа. Шуугиад л өнгөрдөг байдлыг бид өөрчлөх ёстой. Ширээний тухайд хоёр сарын өмнөөс ашиглаж байгаа. “Time.mn” сайтын эрхлэгчийн үүргийг гүйцэтгэж эхэлснээс хойш гэсэн үг. Ширээн дээр байнга байлгадаг зүйл нь компьютер. Ер нь өөрийнхөө ширээний ард суугаад байдаггүй. Аль болох л босоод явчихдаг. Утсаар ярихдаа ч хоёр тийшээ холхиж ярьдаг юм билээ. Ажлынхантайгаа ярилцахдаа бас ширээн дээр нь очиж ярьдаг. Ер нь сэтгүүлчийн ажил чинь нэг төрлийн харилцааны ажил шүү дээ. Тэгэхээр гадуур их явна. Гэхдээ зарим үед яг сууж, судалгаа хийж, материал хайх үед удаан суух үе бий. Ширээнээсээ нэвтрүүлгийнхээ логог онцолно. Төөрдөг байшинг дээрээс нь харж байгаа юм шиг. Тайлж уншвал нэг мөр гэж байгаа юм. Аливаа асуудлыг үр дүнд хүртэл араас нь явдаг нэвтрүүлэг 2021 онд хийж эхэлж байсан юм. Дөрвөн жил “тэнэж” яваад ирсэн чинь ихэнх микрофон жижигхэн болчихсон байна. Бараг ашиглагдахгүй ширээн дээр байж байна. Байнга сөхөж хараад байдаг ширээний ном гэж байхгүй. Гэхдээ сэтгүүлчиддээ Ролф Добэллигийн бичсэн “Мэдээ уншихаа боль” гэдэг номыг санал болгоно. Агуулга нь хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл хүлээж авч, тархиа хогийн сав болгохоо болих хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлдэг юм. Харин сэтгүүлч хүний зүгээс хийж байгаа мэдээ, нэвтрүүлэг, нийтлэл чинь бусдын тархийг хогийн сав болгож байгаа юм биш биз гэдэг талаас нь ямагт бодож явах ёстойг сануулдаг. Бас нэг л хэцүү санагдаад байвал “Агнистын гэгээ” номыг уншаарай. Юмсыг хүлээж авах өнцөг чинь орвонгоороо өөрчлөгдөх байх. Тэмдэглэлийн дэвтрийн хувьд 2015 оноос хойш ашиглахаа больсон. Бал, дэвтэрээ энд тэнд хаячихаад байдаг сул талтай. Тэмдэглэл хийх шаардлагатай бол утасныхаа тэмдэглэл апп дээр бичдэг. Одоогоор 474 хуудас тэмдэглэл хадгалсан байна.

“NTV” ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧ А.АЗЖАРГАЛ: Мэдээний сэтгүүлчийн ширээ хамгийн энгийн байдаг

      Миний ажлын гараа TV8 телевизээс эхэлж байлаа. Тухайн үед ажилд ороход “Сэрүүлэг” сонины үүсгэн байгуулагч С.Баярмөнх захирал байсан. Түүний хувьд өглөө бүр мэдээний шуурхай хурал дээр сэтгүүлчдэд мэдээний өнцөг яаж бусдаас өөр, хэлбийхгүй байх. Олон хэвлэл зэрэг авч байгаа хэвлэлийн хурлыг хэрхэн өөрөөр үзүүлэх зэргээр зөвлөдөг байсан нь тод санагддаг. Түүнээс хойш 2019 онд телевизийн бүтэц өөрчлөгдөхтэй зэрэгцэн Мэдээний албаны даргаар ажиллаж эхэлсэн М.Батхишиг ах тэргүүтэй олон ах, эгч нараасаа суралцаж явна.

               Авсан мэдээний сэдвээ эрж хайхаас миний өглөө эхэлнэ. Боломжтой бол мэдээнийхээ хажуугаар хүмүүстэй цаг товлож, уулзахаар тохирдог. Ингээд өглөөний 09:00 цагт Мэдээний албаны хуралдаа сууна. Хурлын эхний 30 минут өмнөх өдрийн мэдээллийн хөтөлбөрийн алдаа оноо, агуулгыг бусад хөтөлбөртэй харьцуулан ярилцдаг. Нэг сэтгүүлч өдөрт гурван мэдээ бэлтгэдэг. Ингээд сэтгүүлч бүр мэдээний сэдвээ хэлж тэмдэглүүлснээр зураглаач, жолоочийн хамт ажилдаа гарна. Машинд суугаад бид авсан сэдвийн хүрээнд эх сурвалжууд руугаа утас “цохьдог”. Нэг мэдээнд ихэвчлэн 2-4 хүний яриа ордог гэхээр гурван мэдээ гэж үзвэл бид өдөрт 6-10 хүнээс ярилцлага авч, уулздаг гэсэн үг. Ингэж мэдээнийхээ эх сурвалжийн түвшнийг хангасны дараа сая нэг мэдээнээсээ бууна. Замын түгжрэл, эх сурвалжийн цаг заваас хамаарч 14:00 цагийн орчимд мэдээнээсээ буудаг. Оффис дээрээ ирж, мэдээнийхээ яриаг тасалж, текстийг гаргадаг. Энэ үйл явц хэдий нэг өгүүлбэрт багтаж байгаа ч мэдээний лидээ оновчтой өгөх, ярианаасаа оновчтой 30 секунтыг гаргаж таслах гээд нарийн үйл явц өрнөдөг. Ингээд 19:00 цагийн мэдээнд гурван мэдээгээ чанартай сайн бэлтгэнэ. Өдрийн төгсгөлд нь мэдээний сошиалд орох гарчгаа өгснөөр өдрийн ажил дуусна даа. 

          Ширээн дээрээ суугаад хоёр жил болж байна. Сэтгүүлчийн ширээн дээр тэмдэглэлийн дэвтэр л байнга байна даа. Тогтмол оффист суудаг хүмүүстэй харьцуулахад мэдээний сэтгүүлчийн ширээнийхээ ард өнгөрүүлэх хугацаа харьцангуй бага. Бид өдрийн талд нь гадуур ажилладаг. Тэгэхээр миний хувьд дунджаар таван цагийг ширээнийхээ ард өнгөрүүлдэг.  Миний ажлын ширээ ер нь их энгийн. Нэг их чамин зүйлс тавьдаггүй. Харин энд харагдаж байгаа улаан цэцгийг Шинээ найз маань шинэ жилийн бэлэг болгож “Ажлынхаа ширээн дээр тавиарай” гээд өгч байсан. Үхэхгүй хэр нь өнгөлөг. Цаг зав багатай байдаг болохоор ном унших хоббигоо төдийлөн хэрэгжүүлж амжихгүй байгаа. Гэхдээ хүний эрхийн чиглэлийн номыг сөхөж хардаг. Сэтгүүлч болсноосоо хойш маш олон тэмдэглэлийн дэвтэр дуусгасан. Мэдээний сэтгүүлч авч явахад хялбар, гарт багтах, жижгэвтэр дэвтэр хэрэглэх нь тухтай байдаг. Яг тийм нарийн жижиг дэвтрээ дуусгаад, шинийг эхлүүлээд, сэдвээ жагсаан бичих нь сэтгүүлчийн хувьд гоё мэдрэмжүүдийн нэг байдаг. 

 

 

 


ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАЖ, БҮТЭЭЛ ТӨРҮҮЛДЭГ СЭТГҮҮЛЧДИЙН АЖЛЫН ШИРЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-01 14:59:16
    Худ : Бүгд худ гарууд. Худалдагдсан бузрууд
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188