• Өнөөдөр 2024-02-21

ЦАС БУДАРСАН БУУРАЛ НАМРААР...

2024-02-17,   8185

               ...Дэндэвийн Пүрэвдорж гэж яасан их авьяастай, харьшгүй найрагч байв аа. Гялалзсан цагаан шүдээ яралзуулж, торолзсон хар нүдээ тас аньж, хоёр гараа алдалж, шүлгээ цуурайттал уншихдаа бахдаж ядсан авьяас, омог бардам зангаараа биднийг эзэмдэж, хэдэнтэй өндөлзүүлэх нь юутай бахдам, юутай сүрдмээр вэ. Тэгж халгиж, цалгитал унших нь хүртэл өөрт нь зохино гэж жигтэйхэн. Харин одоо түүний зоргоороо туулсан, “дүүлсэн” он жилүүдийн гэрч болох найраглалынх нь мөртүүд бидний сэтгэлийн гүнд “хадагджээ”. Чингисийн тухай, тусгаар тогтнолын тухай хэн ч үг “унагаж” чаддаггүй, бүх “юм” хаалттай байсан 1960-аад онд 29-хөн насандаа “Чингис”, “Тусгаар тогтнол” шүлгийг чин үнэнээр нь магтан дуулж, шүлэглэж байсан цадиггүй их авьяастан, зоригтой найрагч түүнээс өөр байсангүй.

              Ийм их зориг, авьяастай найрагчийн зүрхнээс “Хар цас”, “Хөх даалимбан тэрлэг”, “Сэгс цагаан богд” тэргүүтэй гал шиг шүлэг, найраглал ар араасаа “төрж” байлаа. Өөрийнх нь хэлснээр “Нударга зангидан байж бичсэн” энэхүү шүлэг, найраглалынх нь хариуд түүнийг “Намын үзэл сурталд харш, үндсэрхэг шүлэг бичсэн” хэмээн дүгнэж, төрийн шагналаас зургаан удаа хасаж, хойшуулж байгаад 1981 онд тус шагналыг нь нөхөн олгосон байдаг. Одоогоос 90 жилийн өмнө буюу 1933 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын Эрээн уулын зүүн судал, Хажуу булгийн хонд хэмээх тэр шүншигтэй газар Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, агуу их яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж гуай мэндэлжээ. Монгол орны минь гал голомтыг онож төрсөн энэ эрхэм өөрийнхөө төрсөн нутгийг “Хангай, говь, тал хээрийн цогцолбор сайхан нутаг” хэмээн бахдаж,

“Эрээн уулаас уулс эхэлнэ

Эргэн шанднаас ус эхэлнэ

Энэ хоёроос би эхэлнэ

Эх орон минь эндээс эхэлнэ” хэмээх нь. Мөн

“Хөвч ногоон уулын хангай

Хөшиг номин талын хангай

Уудам цэнхэр говийн хангай

Унаган нутаг минь Өвөрхангай” гэж нутгаа бүхэлд нь багтаан шүлэглэсэн нь нутгаа гэсэн бүхэнд гэгээн, тунгалаг мэдрэмжийг төрүүлдэг биз ээ. Түүний шүлэг бүрийг хүн бүхний сэтгэлд данстай, өөрийн гэсэн орон зайтай гэж боддог.

        Хар костюм, цагаан цамц, эрвээхэй зангиагаар гангардаг эгэлгүй энэ найрагчийн амьдралынх нь замнал тийм ч дардан байгаагүй. Гэвч тэр зовлон бэрхшээл, хатуу тавилангаа эр зоригоороо туулж, давж, бидний зүрх сэтгэлийн гүнд дэврүүн, аархуу найрагчийг “бүтээж” чадсан юм. Гаднаасаа нэг л их зантай, хатуу хүн шиг боловч уулзсан бүхэнтэйгээ инээлдэж, наргисан шиг наргиж, алт шиг үгээрээ хүнийг босгож чаддаг хэлэх яруу үгийн хаан байлаа, тэр.

НАМРЫН АНХНЫ ЦАСНААР ААВААСАА ӨНЧИРСӨН ТЭР

              Түүний төрж, өссөн Эрээн уулын хэцээс Дулаан, Хайрхан, Батхаан, Хөгнөхан, зүүн хаяанд нь Монголын их элс хонгортох нь хангай, хээр, говь талын гайхамшгийг цогцлоожээ. Гэрийнх нь бууринаас өмнөхөн Монгол Улсын төв цэг бий. Тэрээр “Би улсынхаа голомтыг түшиж, унасан хүүхэд гэж өөрийгөө боддог” хэмээн өгүүлсэн нь нутгаараа овоглож, бахархаж явдгийнх тод жишээ байсан биз ээ. Түүний аав Л.Дашдорж нь Эрээн ууланд төрж, өссөн аж. Ээж Доводмаа нь долоон хүүхэд төрүүлснээс эхний таван охин нь цөм нярайдаа эндэж, хоёр хүү тогтсоны том нь Д.Пүрэвдорж гуай гэдэг. Түүний дүү одон бөмбөгийн дасгалжуулагч Д.Санжмятав гэж хүн байж. Тэд энэ хорвоод оонын эвэр шиг хоёулахнаа өссөн ч алдар, гавьяагаараа оломгүй их хүрээлэлтэй, хүндлэлтэй хүмүүс байсаар хорвоогоос буцсан жамтай. Түүний аав Л.Дашдорж нь цэргээс модон чагнууртай иржээ. Нутгийнхан нь “Лхагийн бүлтгэр доктор болоод иржээ” гэж хэсэг шуугисан гэдэг. Учир нь, түүний аав нутагтаа ховорт тооцогдох эмч болж, удалгүй Булган аймгийн Гурванбулаг суманд эмчээр ажиллахаар томилогдож, тэднийх Д.Пүрэвдорж гуайг зургаан настайд нь Гурванбулаг руу нүүжээ. Д.Пүрэвдорж гуай зургаан настай ч насанд хүрэгчдийн бичиг үсгийн бүлгэмд ээжийгээ дагаж явсаар хуучин монгол бичгээр ойр зуурын “юм” уншдаг болсон нь амьдралд нь их хэрэг болжээ.  Түүний аав авхаалжтай, сэргэлэн хүн болохоор амь тариагаар хоногоо хүлээсэн олныг эмчилж, нутгийнхнаараа хүрээлүүлсэн, идээ цагаа, шинэ шөлөөр тасрахаа больсон айл болжээ. Өдөр, шөнөгүй хөтөлгөө морьтой хүмүүс ирэхийн хэрээр аав нь ч нойр, хоолгүй ажилладаг байсан гэдэг.

          1939 оны намар Тэднийх Архангай аймгийн Хотонт сум руу шилжиж, Д.Пүрэвдорж гуай нэгдүгээр ангид элсэн оржээ. Ээжийгээ дагаж бичиг, үсгийн боловсролд эртнээс шамдсан тэр ангийнхнаасаа онцгойрч, илүүрхэж байв. Нэг багшдаа магтуулж, нимгэн дэвтэр, бал, харандаагаар шагнуулж, баяр хөөр болоод гэртээ очтол аав нь явах гэж байж. Түүний шагналыг аав, ээж хоёр нь нэг нэгээр нь өвөртөлжээ. Ингээд намрын анхны цаснаар Пүрэвдорж гуайд аав нь “Намайг аймгаас дуудсан. Хаана очихыг мэдэхгүй. Их л удах байх. Миний хүү ээжийнхээ үгэнд сайн орж, эрдэмтэй хүн болоорой” гэж үнсээд, хурдан буугаа үүрээд, хос морьтой мордсон гэдэг. Цас бударсаар л ээж нь үүрд явж буй аавынх нь хойноос дээж өргөөд л, Д.Пүрэвдорж гэрийнхээ үүдэнд аавынхаа барааг алсартал харуулдаж суусан гэдэг. Тэр цас будрах тоолонд юу боддог байсан бол... Аавыгаа санаж, үймрэхдээ хачин ихээр гунигладаг ч байсан байж мэднэ. Ингээд тэд хүний нутагт эцгээсээ өнчирч, айл, амьтны бараа харахгүй л бол хүчрэхгүйд хүрчээ.

           Түүний ээж Доводмаа гуай хос сувдан даруулгаа зарж, хэдэн үхэр тэрэг хөлсөлж, Архангай аймгийн Хотонтоос Хашаат суманд иржээ. Ээж нь тэнд сүү, тосны зовадаас сүү авч ааруул, хурууд тавьж өгдөг болжээ. Тэднийг иймэрхүү янзтай амь зууж байтал Хашаатын сургуулийн тогоочоор ажиллаж байсан Дэндэв гуай тэднийд ам бүл нийлж, амьдрал, хувь заяагаа холбож, хүүхдүүд нь Дэндэв хэмээх хойд ааваараа овогложээ. Зун нь Д.Пүрэвдорж гуайн нагац ах Чоймбол гэгч хэдэн тэмээ хөтлөн очиж, “Харийн торгоноос гэрийн шороо дээр гэдэг юм. Бандгай нь барж ядсан буянгүй ч байгаагаа хэдүүлээ хувааж иднэ ээ” гээд тэднийг нутгийн бараа харуулж, цөөн мал тасдаж өгөөд амьдралыг нь залгуулсан гэдэг.

            Төрөлхийн авхаалжтай, сэргэлэн Д.Пүрэвдорж гуай Хужиртын дунд сургуулийн долдугаар ангийг амжилттай төгсжээ. Тэр цагаас түүний найрагч болох авьяас нь тодорч байсан гэдэг. Алиа хошин яриатай, наргианч түүнийг үеийнхэн нь ч зүгээр суулгадаггүй өддөг байсан биз. Тэрээр сургуулиа төгсөж, сумандаа ажил олж хийгээд анхны цалин болох 240 гаруй төгрөгнийхөө 60 төгрөгөөр нь  “ажлын хар” гэх гутал авч өмсөөд, хуучнаа сугавчилж, гэрийнхээ зүг гүйсэн гэдэг. Ээждээ үлдсэн мөнгөө өгтөл, хоёр гардаж адис аваад бурхандаа залж, “Хүү минь намайг тэжээх нь ээ” гэж баярлаж байсан гэдэг. Удалгүй тэднийх хот руу нүүв.

19 НАСТАЙДАА ХОТ РУУ ХОНИО ТУУЖ, НАЙРАГЧ БОЛСОН НЬ

...Тэр Эрээн уулаа орхиод Хажуу булгийн буурал хондноосоо алхам алхмаар холдохдоо чухам юу бодсон бол. Намрын наранд нозоорч, хэдэн малаа тууж ядахдаа хөсгөө хөтөлсөн ээжийгээ, ачаан дээрх хөгшин хар нохойгоо, “Ширүүн туувал хонь хайлна” гэж сургасан ахыгаа шоолсон шигээ

 “Ааш муутай ах  ламтай

Амандаа цайхгүй хүргэн ахтай

Ачаа гүйцэхгүй хар нохойтой

Авдар даахгүй би хонь тууж явна” хэмээн шүлэг “төрүүлж” Батхаан уулаа арайхийн давсан гэдэг. Ингэж 1952 оны намар Д.Пүрэвдорж гуайг 19 настайд нь тэднийх хэдэн бодоо зарж, бог болгоод долоон тэмээ хөлсөлж, хот руу хөдөлсөн нь энэ. Нагац ах нь түүний ийн хөгжилдөхийг сонсоод “Манайханд ийм шооч хүн байгаагүй юм даа. Хэнийгээ дуурайсан “тархи” вэ” гэж бах нь ханасан бололтой баярлаж, нөгөөдүүлээ цаашлуулжээ. Ингэж тэд намрын халуун өдрүүдийг алхахдаа алхаж, өлсөж, цангасаар туулж, Налайхын төмөр замын Сүхбаатар станцын дэргэд иржээ. Тэнд нутгийнхаа айлын хашаанд бууж, хэсэг амь, амьдралаа зогоосон гэдэг. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог гэдэг шиг тэднийх хотод ирсэн даруйдаа айл, айлын хашаа барааджээ. Тухайн үеийн нэршлээр Гэгээрлийн яамны орлогч сайд байсан авга ах Намжил нь түүнийг шүлэг, зохиол оролддогийг харгалзан театрын даргатай ярьж, ажилд оруулж өгсөн гэдэг. Ингээд Д.Пүрэвдорж гуай Н.Цэгмэд даргын нарийн бичиг болж, театрын утга зохиолын эрхлэгч хэмээх нэр төртэй албанаас ажлын гараагаа эхлүүлжээ. Театр хэмээх онгод, хийморь хөглөгдөхөөр их өргөөнд Д.Пүрэвдорж найрагчийн бичих, туурвих авьяас дүрэлзэж, Д.Мяасүрэнгийн аялгуу, Л.Ванган найруулагчийн тушаалаар “Алтан нар” хэмээх шүлэг бичсэн нь “Алтан намар” хэмээх дуу болж, Ардын жүжигчин А.Загдсүрэнгийн дуулснаар нийтийн хүртээл болж байжээ. Түүнээс хойш Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуайн дуулсан “Хаврын дуу” тэрүүтэй шүлгүүд нь сонсогчдын зүрх, сэтгэлийг мялааж байсан юм. Тэр он жилүүдэд Д.Пүрэвдорж гуай “Дөрвөн цагийн тал”, “Мөнгөн хүрхрээн чимээ” дуунуудаа агуу их Л.Мөрдоржтой хамт бүтээсэн байдаг. Мөн тэрээр найраглалаас гадна “Алтан шар зам”, “Хөдөө нутаг сайхан”, “Дөрвөн цагийн тал”, “Хаврын шөнийн бодол”, “Орчлонд би азтай төржээ”, “Сайн нөхрийн ерөөл”, “Чи минь битгий мартаарай”, “Таксийн цоохор машин” зэрэг ардын дуунаас үл ялгагдах дууны шүлгийг бичсэн байдаг. Түүний анхны гэргий нь бөөрний эмч Янжин хэмээх эмэгтэй байсан талаар өөрийн дурсамжиндаа өгүүлсэн байдаг. Харин тэрээр 1971 онд Улаанбаатарт болсон Ази, Африкийн зохиолчдын их хурлын гадаад төлөөлөгчдөд үйлчилж байхдаа тухайн үеийн ГХЯ-ны ажилтан Г.Чанцал хэмээх бүсгүйтэй дотносон, гэр бүл болжээ. Тэрээр франц хэлний орчуулагч мэргэжилтэй байсан бөгөөд насаараа дипломат албанд ажилласан гэдэг.  Уг албаны шугамаар тэд хамгийн сүүлд гэр бүлээрээ Бээжин дэх Монголын ЭСЯ-нд ажиллаж, амьдарч байжээ.

НАЙРАГЛАЛЫГ ГАРТАА “ОРУУЛСАН” НАЙРАГЧ

        Тэрээр Монголын зохиолчдын хороонд “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн даргаар ажиллаж, “Бяцхан аялал”, “Хаврын дуу”, “Улаан оч” шүлгийн номоо хэвлүүлж, олноо нэртэй, зартай найрагч гэдгээ батлан дархалж чадсан билээ. Тэрээр сүүлд “Монгол уран зохиол” хэвлэлийн газрын захирлаар ажиллаж байгаад 1950 оноос зохиол бичиж эхэлсэн түүхтэй. Тэрээр уран зохиолыг түгээн сурталчилж, ард түмний хүртээл болгоход бүхий л авьяас билиг, эрч хүч, ухаан бодлоо зориулж "Монголын нэг өдөр", "Уран үгсийн чуулган"-ыг хамтран бүтээлцэж, 1983 онд"Болор цом" яруу найргийн наадмын галыг асааж байсан билээ. Тэрээр шүлэг, найраглалын олон ном хэвлүүлснээс гадна  "Шивээ Хиагт", "Нүцгэн ноён", "Хар хорин" зэрэг таван дуурийн цомнол бичсэн авьяастан. Сэнгээ, Явуухулан, Лхагвасүрэн гээд уянгын найраглалын төрөлд дөрөө харшуулж эхэлснээр цогтой яруу найрагчийн нэг болсон билээ. Тэрээр 1988 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “50 найраглал бичнэ” хэмээсэндээ хүрч, найраглалын хаан гэгдэх болсон. Тухайлбал,

“Цэрэг эрсийн улаан тоос

Цэцгэн дундуур татаад явсан юм

Цээжин дотор хагацал орхиод

Цэнхэр уулсыг даваад явсан юм

Олон эрчүүл дуугаа дуулаад

Онгон талаар давхиад явсан юм

Орон гэртээ зайгаа орхиод

Одтой адил харваад явсан юм” гэх “Хөх даалимбан тэрлэг”,

“Нүүрэнд нь гал бадарсан

Монгол эцгийн хийморь дээр

Нүнжгэнд нь нар гэрэлтсэн

Монгол эхийн сэтгэл дээр

Нүүдлийн өргөөнд нэгдсэн

Монгол аймгийн холбоон дээр

НҮБ-ын шилтгээнд заларсан

Монгол улсын далбаан дээр

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би!” хэмээх “Тусгаар тогтнол” тэргүүтэй түүний бүхий л найраглал шүлэг, үнэн, амьтай байдгийн учир бүтээлийнх нь гол дүр бодит байдагт оршдог юм. Тухайлбал, “Сэгс цагаан богд” найраглалын гол дүр бол Баянхонгор аймгийн Шинэжинст сумын малчин Б.Сүхбат гэх эмэгтэй байсныг уншигч та бүхэн мэдэх биз ээ. Тэрээр “Яруу найргийн эцсийн зорилго нь хүний дотоод ертөнцийг ариун сайхан болгох. Хүний санаа ариун тунгалаг байх юм бол бүх юм сайн болно. Ирээдүйн сайн сайхныг зөвхөн сайн санаатай хүмүүс байгуулж байгаа юм” хэмээсэн нь Монголын ирээдүйг гэрэлтэй байна гэдгийг зөгнөсөн биз ээ.

Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, яруу найрагч  Б.Лхагвасүрэн гуай “Д.Пүрэвдорж гуайн шүлэг найраг хөгжмөөр бол бүрэлдэхүүн бүтэн симфони найрал

Зургаар бол өнгөөр хашхирсан дорнын зураг

Уулаар бол цэцэг, цас хоёроо номорсон Эрээн уул

Усаар бол харлин шарлин голын нийлж онгирох уулзвар

Мориор бол наадам болгоны жороо морины уралдаанд түрүүлж, мотоциклоор шагнуулдаг усан тэлмэн адуу гэж боддог” хэмээсэн байдаг. Мөн тэрээр “Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Б.Явуухулан хэмээх хад асгатай өндөр уулын өвөрт, Сэнгийн Эрдэнэ гэх манантай дүнсгэр уул, Дэндэвийн Пүрэвдорж гэх тас, тас хийсэн цуурайтай хөх уул, С.Удвал хэмээх сүүн уулын өвөрт  шүлэг “өрж”, тоглосон. Би энэ их уулуудын бэлийн чулуу. Би бэлийн чулуу нь юм бол уулаа саналгүй яах вэ дээ” хэмээн дурссан байдаг. Түүн шиг Дэндэвийн Пүрэвдорж хэмээх Монголын яруу найргийн гал, цогтой энэ их оргилын өөдөөс “дүрэлзэх”, түүний тогтоосон яруу найраг, найраглалынх нь босгыг давах хүн одоохондоо Монголд гараагүй байна. Монголын яруу найргийн ертөнцөд үлдээсэн түүний зам мөр Тусгаар тогтносон Монгол Улс байсан цагт, монгол хүн яруу найргийг орхиогүй цагт арилшгүй мөнх үлдэнэ. Харин их найрагч минь Монголынхоо гал голомтод эргэн төрөө болов уу.

 


ЦАС БУДАРСАН БУУРАЛ НАМРААР...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 20
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-20 17:54:56
    Ш. Доржпагма. : Бид нэгэн үед найз нөхөд болж тухайн үед аугаа их Яруу найрагчтай тоглож инээлдэж явснаа эргэн дурсахд сайхан! Тэр их хөгжилтэй , Тас тас инээж ярихдаа хүртэл яруу төгс хэллэгтэй байж билээ! Хужиртад амарч таарахдаа: " Бид чинь нэг нутаг устай улс юм бнаш дээ" гэхэд нь нутагсахыг мэддэгүй би тухайн үед ойлгоогүй өнгөрч , С. Удвал эгчид шоглуулаад өнгөрч билээ! Харин Чанцалтай бид нэгэн үед Москвад оюутаны Концертонд хамт оролцож, Тэр их гоё зарлагч хийдэг байж билээ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-19 10:58:01
    Сувд: Агуу найрагч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-19 10:58:00
    Сувд: Агуу найрагч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-18 09:11:36
    Мөнхсайхан: Агуу их найрагч, хүүхэд байхдаа шүлгүүдийг нь цээжилдэг байж билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-17 23:39:47
    S: SEXSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-17 11:54:18
    Цэрэнбат: Гайхамшиг гэхээс өөр үг орж ирэхгүй бн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 13:21:06
    Зочин: Сайхан дурсамж агуу хүн шүү...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-15 13:20:50
    Зочин: Сайхан дурсамж агуу хүн шүү...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-14 12:19:28
    Зочин: Ховорхон заяах авьяастан байж билээ.Тусгаар тогтнолыг тунхаглан зарласан суутан минь амгалан норсдоо. Уран бүтээл тань мөнхөд дурсагдаж,, бас үүрд дурсагдах болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-14 11:45:28
    Зочин: Яамар бахархалтай сайхан дурсамж уншиваа.Баярлалаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-14 08:32:05
    оюунчимэг: Баярлалаа, 50 найраглал бичсэн агуу найрагчийн тухай эргэн санахад сайхан байлаа, би хүүхэд байхын 5 төгрөгний зузаан дэвтэрт Хөх даалимбан тэрлэг, Бөмбөл-Эрдэнэ найраглалуудыг нь хуулан бичиж уншдаг байлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-13 23:20:29
    Зочин: Залаа-Уул гуай тэр олон сайхан дурсамжуудаа эргэлт.мн сайтад бичиж, ярьж өгөөрэй, нутгийн сайхан найрагч агуу2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-13 20:20:32
    Нарангэрэл: Өгөөмөр их авъяасын оргилсон, ундрагатай найрагч байсан, нь зохиол бүтээлээс нь тод юм аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-13 17:10:55
    Д, Бат эрдэнэ: тиймээ тэр агуу суут хүн мөнөөс мөн билээ тийм магадгүй 1000 жилд нэг төрөх бизээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-13 16:25:41
    Монгол : Яруу найргаар бурхад үгээ хэлцдэг гэдэг Яруу найрагч гэдэг бурхан заяатай хүмүүс гэлцдэг Миний эх оронд шүлэг хэлдэггүй хүнгүй болохоор Миний ард түмэн бурхан заяатай улсаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-13 13:08:18
    Хөх өвгөн: Залаа уул гэж их түүх өгүүлэх настан байнадаа.болгооноуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-13 09:40:58
    Дорж: Аав нь хаашаа яваад яг яасан юм болоо?!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-12 22:02:19
    ЯДАРСАН АРД: ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ АВЬЯАС БИЛГЭЭ ЗОРИУЛСАН ХҮМҮҮСИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЭГЧДИЙГ ЯАГААД ЗҮГЭЭР ӨНГӨРҮҮЛЖ ТЭДНИЙГ ЯДАЖ НЭРИЙГ НЬ ДУРСАДГҮЙ ЮМ БЭ. ТЭД БУСДЫГ ШҮҮЖ АЛЖ ХӨНӨӨЖ АМЬДРАЛЫГ НЬ ЮУ Ч ҮГҮЙ БОЛГОХ "ОНЦГОЙ ЭРХТЭЙ" БАЙСАН ЮМ УУ. ТЭДГЭЭР ЯРАГЧДЫН ЗӨВ БАЙСАН ГЭЖ ҮЗДЭГ ЮМ УУ. ӨНӨӨДӨР УЛСЫН ТЭР ИХ ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ЛУЙВАРДАХ ХҮМҮҮСИЙГ ЯАХ Ч ҮГҮЙ БАЙГАА НЬ ТЭД "ЛУЙВАР ХУЛГАЙ ХИЙХ "ОНЦГОЙ ЭРХТЭЙ ЮМ УУ ТЭР ОНЦГОЙ ЭРХИЙГ ХЭН ОЛГООД БАЙДАГ ЮМ БЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-12 13:19:41
    Залаа-Уул : Чанцал хатагтайтай их найрагч 1971 биш 1981 онд шадарлаж танилцсан юм шүү дээ. Миний бие Чанцал хатагтайтай ГЯЯ-ны доод давхрын нэг өрөөнд хамт ажилладаг байлаа. Олон сонин дурсамж байна аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-12 13:19:39
    Залаа-Уул : Чанцал хатагтайтай их найрагч 1971 биш 1981 онд шадарлаж танилцсан юм шүү дээ. Миний бие Чанцал хатагтайтай ГЯЯ-ны доод давхрын нэг өрөөнд хамт ажилладаг байлаа. Олон сонин дурсамж байна аа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188