• Өнөөдөр 2024-04-26

ЖАВАР ТАЧИГНАСАН ХАНХЫН ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД

2023-02-26,   3044

                 Цэлийсэн тал нутаг шиг мөсөн дээгүүр давхин Хөвсгөл аймгийн Ханх сум руу дөхсөөр. Далайн эрэг, уулсын хярд нам гүмхэн харагдах тус сумын айлуудын яндангаас тунгалаг цэнхэр утаа тэнгэр өөдөө сүмбэрлэн байх авай. Хөвсгөл далайн мөсөн цасанд цоохортож, нарны туяа ойн гялалзана. Зам харгуйн хувьд цагаан хил, далайн босго давахад багагүй бэрхшээлтэй. Тиймээс арга эвийг нь олсоор наран хэвийх үед ажин түжин харагдах сумын төвд дөхөн ирсэн юм. Уулс хярлан сарлагийн сүрэг бэлчиж, манан будан хадан цохион эмжээртэй өндөр уулсыг халхлан байв. Их далайн мөсөнд цооног гаргаж, морь, мотоцикл, автомашинаар ус зөөгөөд сумын төвийнхний ахуй амьдрал эд өрнөж буй бололтой. Тэдний дундаас уртын урт цуваа үүсгэн ус зөөх, ус зөөхийн хажуугаар тоглон наадах хүүхдүүд нүднээ өртөв. Яваад очвол дотуур байрны хүүхдүүд усаа зөөж байгаа нь энэ аж. Ахлах, дунд ангийн хүүхдүүд өдөр бүр ийнхүү ус зөөдөг гэнэ. Тэд мөс мөргөлдүүлж, нэгнийгээ чирэн гулгана. Тэднийг ажин зогсож байтал юу юугүй нэг охин чангаас чанга гэгч чинь “Хөөе, зөөлөн чирээч дээ. Би яг унах гээд байна. Зогсооч дээ, чихний үзүүр час час гээд байна” хэмээн хашхирсаар унах аж. Харин түүнийг чирч гүйсэн хөвгүүн чанга чанга инээн хоёр гараараа хацраа илж, чихнийхээ омгийг чимхэн зогсоно. Охин мөсөн дээрээс босон “Чи ямар балай юм бэ” хэмээн хөвгүүнийг хөөн гүйлээ. Тэднийг Х.Эрдэнэбаяр, Ц.Мөнхзаяа гэдэг бөгөөд 10 дугаар ангийн сурагчид ажээ. Тиймээс байрны хүүхдүүдийг ахлан усанд явж, цагийг ашиглан хөгжилдөж буй нь энэ аж.

                 Наран уулсын цаагуур орж, сүүдэр дайрах үед улаа бутарсан хацартай хүүхдүүд ноосон бээлийтэй гар руугаа уур савстал үлээж, халаасандаа хийн хэсэг зогсоод л бусадтайгаа нийлэн тоглоно. Харин Х.Эрдэнэбаяр хүү тоглож ханасан бололтой далайн цооногоос ус шанагадаж, хоёр сэнжтэй 30 литрийн хөнгөн цагаан саванд усаа хийнэ. Ус дүүрэн мэлтэлзэх савыг эхнээс нь хүүхдүүд дамжлан уртын урт цуваа үүсгэн инээд халгиулсаар байрныхаа зүг явцгаана. Хамгийн сүүлийнхээ саванд ус дүүргэн суугаа Х.Эрдэнэбаяр хүүгийн дэргэд Ц.Мөнхзаяа охин найзынхаа хамт хүлээн үлдлээ. Тиймээс энэ их усыг хүүхдүүд ямар зориулалтаар зөөж байгаар асуухад “Бид гал тогоонд ус зөөж өгдөг. Энэ усаа хоол унд, байранд цэвэрлэгээ хийхэд зарцуулна. Манай байранд 180 гаруй хүүхэд амьдардаг” хэмээх товчхон хариулт өгсөн бөгөөд бидэнд дотуур байрны амьдрал хэрхэн өрнөдгийг харуулахаар тохиролцоод, усаа дамжлан алхав.  

 Тэднийг ажин зогсож байтал юу юугүй нэг охин чангаас чанга гэгч чинь “Хөөе, зөөлөн чирээч дээ. Би яг унах гээд байна. Зогсооч дээ, чихний үзүүр час час гээд байна” хэмээн хашхирсаар унах аж

 

-ОЛОН ХҮҮХДИЙН МӨРӨӨДЛӨӨР ГЭРЭЛТСЭН ХАНХЫН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙР-

            Үер уснаас болгоомжилж, дотуур байрыг газраас нэг метр хөндий суурин дээр барьжээ. Энэхүү дотуур бол Ханх суманд байдаг гурван тоосгон байшингийн нэг. Энэ өргөөнд 180 гаруй хүүхэд суурь боловсрол эзэмшихээр амьдарч буй юм. Гаднаас нь харахад гандсан шаргал өнгөтэй, дотроо ч модон шалных нь өнгө халцарчээ. Гэвч хүүхдүүд өөр өөрсдийн өрөөгөө цэмбийтэл нь цэвэрлэсэн байна. Бага ангийн хүүхдүүд хоёр долоо хоноод гэртээ очдог бол ахлах ангийнхан сар, түүнээс ч олон хоноод харьцгаадаг талаар байрны багш О.Батцэцэг учирлаж байсан юм. Мөн “Энэ байранд 180 гаруй хүүхэд боловсрол эзэмших, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд амьдарч байгаа. Би энэ хүүхдүүдийг хариуцан ажиллаж байгаа хүний хувьд анхаарал хандуулж, хүүхэд бүртэй тулж ажиллахыг эрмэлздэг. Мөрөөдлийнхөө төлөө сурч буй хүүхдүүдийн инээмсэглэлийг харах үнэхээр сайхан” гэсэн юм.

               Энэ өргөөнд 180 гаруй хүүхэд суурь боловсрол эзэмшихээр амьдарч буй юм

 

              Нааш, цаашаа холхин гүйлдэх бага ангийн сурагчдын хөлд модон шал хяхтнан дуугарна. Тэд ёстой дэггүй насан дээрээ байгаа гэсэн мэт сахилгагүй гэж жигтэйхэн. Бид Ц.Мөнхзаяа, Х.Эрдэнэбаяр нартай ярилцан алхах зуур нэгэн жаал хүү юу юугүй уйлчихлаа. Цаанахнаас эгч нь бололтой “Хэн хүүхэд уйлуулаад байгаа юм бэ. Аятайхан тоглоцгоо л доо” хэмээн хашхирсаар хаалга саван гарч ирлээ. Хүүхдүүд тоглож байгаад нэгнийгээ санаандгүй түлхсэний улмаас  ийнхүү хэрэг мандаад буй аж. Ц.Мөнхзаяа охин “Миний дүү, битгий уйл. Эгч нь дэлгүүр орохоороо гоё юм авч өгнө” хэмээх аргадах бол Х.Эрдэнэбаяр хүү “Эр хүн байж юун ойрхон нулимстай юм” гээд тоосон шинжгүй. Нэг нь уйлж байхад нөгөө нь инээж байдаг байрны хүүхдүүдийн амьдрал хөгтэй, хөгжилтэй зүйлсээр дүүрэн аж. Бид хүүг өрөөнд нь оруулж өгөөд цааш явсаар Хүүхэд хөгжлийн өрөөнд орлоо. Энд хүүхдүүд шатар, даам, шагайн наадгайгаар тоглож, цагийг өнгөрөөж байв. Мөн тус өрөөнд хүүхдүүдийн урласан зурагт самбар өлгөөтэй. Х.Эрдэнэбаяр хүү шагайгаар тоглох тун дуртай бөгөөд байрныхаа шатрын аварга гэнэ. Харин Ц.Мөнхзаяа охин даам тоглох дуртайгаас гадна бага ангийн хүүхдүүдэд даам зааж өгдөг байна. Үүний дараа бид 208 тоот өрөөнд суух Ц.Мөнхзаяа охины өрөөнд орж, цөөн хором ярилцсан юм.

Х.ЭРДЭНЭБАЯР, Ц.МӨНХЗАЯА: Бид дотуур байрнаас ирээдүйтэйгээ хөл нийлүүлэн алхана гэж бодохоор сайхан санагддаг  

                 Өрөөндөө хамаатан садны таван дүүтэйгээ амьдардаг тэрбээр цүнхнээсээ дэвтэр, номоо гарган хичээлээ хийх зуураа “Би сургуулиа онц дүнтэй төгсөөд, Улаанбаатар хотод очиж, жүжигчин мэргэжлээр суралцана гэж боддог. Яагаад гэхээр жүжигчин олон хүний дүрд хувирдаг гайхалтай мэргэжил. Тиймээс ард түмэндээ хүндлэгдсэн чадварлаг жүжигчин болно гэж мөрөөддөг” хэмээн дуугаа хураан суулаа. Тэдний өрөөнд өнгө өнгөөр хээлсэн зургаан авдар давхарлан тавьжээ. Авдарт хүүхдүүдийн хувцас, хичээлийн хэрэглэл гээд бүхий л зүйл нь багтсан байдаг гэнэ. Харин Х.Эрдэнэбаяр хүү “Жүжигчин болох юм байж дэвтэр гаргаж яана вэ. Оронд нь дуулж, бүжиглээч” хэмээн найзыгаа өдөн инээнэ. “Би бол бөх болно гэж боддог. Би биеийн тамирын хичээлдээ сайн. Үүнээс гадна математикийн хичээлдээ илүү сонирхолтой. Чөлөөт цагаараа үндэсний бөхийн бэлтгэл хийдэг” гэлээ.

Ц.Мөнхзаяа сургуулиа төгсөхөд хоёр жил дутуу байна шүү дээ. Энэ хугацаанд сайн бэлдээд хүссэн их сургуульдаа ороорой. Ер нь дотуур байранд хичээл хийхэд хэр их хүндрэл гардаг вэ?

                Ц.Мөнхзаяа: Нэг нэгнээсээ суралцаж болох хамгийн сайхан газар шүү дээ. Өдөр бүр өөр өөр адал явдалтай. Тиймдээ ч уйдахгүй, завгүй хөгжилтэй байдаг. Яах вэ, зарим үед хичээл давтаж суухад хүүхдүүд шуугилдаад байх нь төвөгтэй л дөө. Түүнээс биш үнэхээр сайхан.

-Х.Эрдэнэбаярын хувьд бөхийн бэлтгэлээ хэрхэн хийж байна вэ. Хэн гэдэг бөх шиг бөх болно гэж боддог вэ?

                Х.Эрдэнэбаяр: Би Ч.Санжаадамба аварга, Ц.Содномдорж арслан шиг мундаг бөх болохыг хүсдэг. Долоо хоногт хоёроос гурван удаа бэлтгэл хийдэг. Бэлтгэл хийхдээ доод тал нь хоёр цаг зарцуулна. Заримдаа өрөөнийхөө хөвгүүдтэй барилдана. Байр бол миний хувьд хамгийн гайхалтай газар. Яагаад гэхээр олон айлын хүүхэд нэг дотор цуглаж, ах, дүү болж нэгнээ хүндэлдэг. Энэ л газраас бид ирээдүйтэйгээ хөл нийлүүлэн алхана гэж бодохоор үнэхээр сайхан. 

-Нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг тухайгаа манай сайтын уншигчдад ярьж өгөөч?

                Х.Эрдэнэбаяр:Өглөө босоод нүүр гараа угаагаад, цайндаа орно. Тэгээд өрөөгөө цэвэрлээд хичээлдээ явдаг. Хичээлээ тарж ирээд усанд явж, далимд нь сайхан тоглож аваад ирдэг дээ.

Байр бол миний хувьд хамгийн гайхалтай газар

                Ц.Мөнхзаяа: Усанд явахаар заримдаа хөвгүүд мөсөн дээр чирч гүйгээд жаахан хэцүү. Заримдаа тэгж тоглох сайхан. Усаа авч дуусаад, өрөөндөө ирээд хичээлээ хийнэ. Хүүхдийн хөгжлийн төвд орж шатар, даам тоглоно. Дүү нарынхаа үсийг самнаж, хувцсыг угааж, өрөөгөө цэвэрлэнэ. Тэгж байтал оройн хоолондоо орох цаг болдог доо. Хоолонд орсныхоо дараа найзуудынхаа өрөөнд орж, хол ойрын сонин сайхан хуучилна. Гар утсаараа цахим ертөнцөд холбогдож, дуу хөгжим сонсоно. Нэг иймэрхүү л өнгөрдөг дөө.

-Найзуудтайгаа юуны талаар ихэвчлэн ярилцдаг вэ?

               Х.Эрдэнэбаяр: Өө, тэгээд л ирээдүйн амьдралынхаа талаар ярилцана. Ямар хүн болох вэ, юу хийж амьдрах вэ гээд л юм юм ярьж өгнө дөө. Хүүхэд бүр өөр өөр мөрөөдөлтэй болохоор хоорондоо чин сэтгэлээсээ ярилцаж, үзэл бодлоо хуваалцах нь надад хамгийн нандин мөч юм шиг санагддаг.

             Ц.Мөнхзаяа: Миний хувьд бол найзуудтайгаа үзсэн кино, хичээлийнхээ талаар ярилцдаг. Хичээл дээр байранд болсон үйл явдал, байрандаа ирээд хичээл дээр өрнөсөн зүйлийн талаар ярилцана.

                 Биднийг ийнхүү ярилцан суух зуурт оройн хоолны цаг болсныг байрны жижүүр хүүхэд дуулгалаа. Х.Эрдэнэбаяр, Ц.Мөнхзаяа хоёр хоолондоо орохын өмнө гараа угаахаар угаалгын өрөө рүү явлаа.

                 200 литрийн цэнхэр поошигноос ус шанагдан угаалтуур руу хийж, гараа сайтар гэгч савандан угаах ажээ. Байрын жижүүр сурагч орой хүүхдүүдийг бүртгэж, өрөө өрөөндөө нь оруулж, тогооч эгч нартаа туслан аяга таваг угааж, байраа цэвэрлэдэг байна. Биднийг гал тогооны өрөөнд ороход дунд ангийнхан хоолондоо ороод гарч байсан бөгөөд ахлах ангийнхан зөрөн оров. Эхлээд бага, дараа нь дунд, ахлах ангийнхан ээлжлэн ордог байна. Түрүүхэн жавар тачигнасан далайн эргээс зөөсөн усаараа хоол, цайгаа хийн ууцгааж байгаа жаргалтай хүүхдүүд. Тэд хоолондоо орж дуусаад өрөө өрөөнийхөө зүг явцгаана. Зарим нь дуулж, инээлдсээр хоёр давхрын шат өөд өгсөнө. Байрны дотоод журмын дагуу 20:00 цагаас хойш гаднын хүн орохыг хориглодог тул бидний сурвалжилга энд хүрээд өндөрлөсөн юм. Биднийг автомашиндаа суухтай зэрэгцээд Х.Эрдэнэбаяр хүү Ц.Мөнхзаяа охины үсний боолтыг суга татаж аваад байр руугаа гүйн орлоо. Тэд биднийг дэггүйтэж угтсан шигээ дэггүйтэн үдэв. Жавар тачигнасан ч Монголын хойд хязгаар Ханх сумаас ертөнцийн гэгээ, ирээдүйн түүчээ болох үрс дотуур байрандаа ажин түжин, дулаахан, инээд цацруулан үлдлээ.


ЖАВАР ТАЧИГНАСАН ХАНХЫН ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-26 12:28:36
    zochin: бидний гэрэлт ирээдүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-13 17:56:58
    Dulam: Goy yuma vneher saihan yaria ornvvlsen bna suralga hodolmorin ondoros ondor amjilt hvsey
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-13 13:05:32
    Saranhuu: Ta nartaa surlagiin amjilt husey
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188