• Өнөөдөр 2024-04-25

"УНГАРЫН СОЁЛЫН ӨДРҮҮД" БОЛЖ БАЙНА

2022-05-14,   677

     Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Унгар Улсын Элчин сайдын яам хамтран “Унгарын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр Шангри-Ла худалдааны төвд Унгарын үндэсний хоол, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, уран зохиол, аялал жуулчлалын салбарын сурталчилгаа, рубикийн шооны үзүүлбэр, урлагийн тоглолт болсон юм. Тэгвэл өнөөдөр “Унгарын соёлын өдрүүд” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
 
     Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Унгар Улсын соёлын өдрүүд арга хэмжээг анх удаа зохион байгуулж байна. Энэ арга хэмжээ нь хоёр улсын түүх, соёлыг сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах зэрэг чухал ач холбогдолтой. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хугацаанд соёл, боловсрол, аж үйлдвэрийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэн. Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газар Унгар Улсад Улаанбаатар хотын  аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулахаар зорьж байгаа. Цаашид найм, есдүгээр сард Япон, Солонгос Улсын соёлыг өдрүүдийг төв талбайд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ. 

   Өдөрлөгийн үеэр Сүхбаатарын талбайд Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, шинжлэх ухаан, технологи, соёл, уран зохиол, аялал жуулчлалын талаар танилцуулснаас гадна Монголын үндэсний түүхийн музейн үзэсгэлэнг дэлгэлээ. Түүнчлэн Унгарын ардын бүжгийн “Кинчөө” чуулгын тоглолт болж, Улаанбаатар театр болон Цэргийн дуу бүжгийн чуулга, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулав.

   Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала “Хоёр өдөр үргэлжилж буй Унгарын соёлын өдрүүдээр ардын бүжгийн “Кинчөө” чуулгын уран бүтээлчдийн тоглолт болж, Шангри-Ла төвийн IMAX кино театрт манай кино үзэгчдийн хүртээл боллоо. Энэхүү арга хэмжээг Унгар-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан зохион байгуулах байсан ч цар тахлын улмаас хойшилсон. Энэ бол хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм” хэмээлээ.
 
   Мөн Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Монголын хүүхдийн ордонтой хамтран “Миний мэдэх Унгар орон” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулжээ. Уралдаанд нийт 207 бүтээл ирснээс өнөөдөр шилдгүүдээ тодруулсан юм.

"УНГАРЫН СОЁЛЫН ӨДРҮҮД" БОЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188