• Өнөөдөр 2024-05-02

М.БОЛДСАЙХАН: Өмнө нь зарласан элсэлтийн ерөнхий шалгалтын суудлын хуваарийг өөрчилсөн

2021-08-02,   1087

     Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулахтай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас зарим зүйлийг тодрууллаа.


Суудлын хуваарь

      Энэ удаа шалгалт авах байрны тоог нэмсэн учраас долдугаар сард баталсан бүх суудлын хуваарь өөрчлөгдсөн. Иймээс хүүхдүүд суудлын хуваариа заавал, дахин хэвлэж авах хэрэгтэй. Наймдугаар сарын эхний өдрүүдэд аймаг, нийслэлийн элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан мэргэжилтнүүдтэй онлайн уулзалт зохион байгуулж, суудлын хуваарь өөрчлөгдсөнтэй холбоотой мэдээллийг өгнө.

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэх
  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Бүрэн, дунд боловсролын гэрчилгээ

Шалгалтын байр руу нэвтрэх

      Шалгалтын байр руу нэвтрэх гурван хэсэг байгуулсан. Шалгуулагчдын суудлын хуваарьт хэдэн цагт, аль хэсгээр нэвтэрч орохыг нь тодорхой заасан байгаа. Шалгалтын байр бүрийн гадна 2-3 асар барина. Сурагчдыг хурц нар, ширүүн борооноос хамгаалахаас гадна  бөөгнөрлийг сааруулах зорилготой. Мөн шалгалтын байр руу нэвтрэх хэсгүүдэд сурагчдын бичиг баримтыг шалгаж, эрүүл мэндийн үзлэг хийхээс гадна металл илрүүлэгч байрлуулна.

Шалгалтын байр болон анги танхим

       Нэг ангид 12-15 хүүхэд шалгалт өгнө. Ширээ хоорондын зай 1.5-2 метр байхаар тооцсон. Шалгалтын 81 байр бэлдсэнээс 40 нь орон нутагт, 41 нь Улаанбаатарт байгаа. Аймгуудад шалгалтын 1-3 байр бий. Тухайлбал, хамгийн олон хүн амтай Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт шалгалтын гурван байр байгаа. Цөөн хүн амтай Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь зэрэг аймгуудад шалгалтын нэг, бусад аймагт хоёр байр бий.

Шалгуулагчид өгөх зүйлс

       Харандаа, баллуур, үзүүрлэгчийг хүүхэд бүрд өгнө. Шалгуулагчид харандаа, баллуурыг дамжуулан хэрэглэхгүйгээр шалгалт дуусан дуустал ашиглах ёстой.

Шалгалтын материалын агуулга

      Энэ жилийн төгсөгчид арваннэгдүгээр ангийн заавал судлах агуулгын 50 хувийг, арванхоёрдугаар ангийн заавал судлах агуулгын 30 хувийг танхимаар судалсан. Хэдийгээр хоцрогдсон агуулгыг нөхөх зорилгоор теле, цахим сургалт явуулсан ч танхимын сургалттай дүйцэхүйц үр дүн авчрахгүй нь тодорхой байсан. Тиймээс энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв агуулгыг боловсруулахдаа зөвхөн танхимаар үзсэн хичээлийн агуулгад суурилна гэсэн зарчим баримтална. Энэ жилийн шалгалтын сэдэв агуулга өмнөх жилүүдийнхээс хөнгөн ч гэлээ шалгуулагчдын түвшинд тохирсон гэж болно.

Шалгалтын материалыг засах ба оноо танилцуулах

         Энэ жил шалгалтын материалыг тухайн байранд нь шууд засна. Ингэхдээ олон хүүхэд бөөгнөрүүлэхгүй байх зорилгоор сурагчдыг засалтын ангид оруулахгүй. Зөвхөн хөндлөнгийн хяналтын эрх бүхий хүмүүс, шалгалтын багийн ахлагч, сэдэв хариуцагч засалтын ангид орохоор шийдвэрлэсэн. Энэ үйл ажиллагааг Live.eec.mn хаягаар шууд дамжуулна. Шалгуулагчид бөөгнөрөхгүйгээр гаднаас шууд засалтыг хянах боломжтой болсон.

Босго оноо

            Босго оноо өнгөрсөн зургадугаар сард БШУ-ны сайдын гаргасан тушаалд заасны дагуу өөрчлөлт ороогүй. Тэгэхээр их, дээд сургуульд элсэх босго оноо 480 байна.

Халдвар хамгааллын дэглэм баримтлаж, эрүүл ахуйг сахих

     Бүх сургуульд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зорилгоор гар ариутгагч, халуун хэмжигч, амны хаалт, цэвэрлэгээний бодис, агаар халдваргүйжүүлэгч, нэг удаагийн бээлий, хамгаалалтын хувцас зэрэг шаардлагатай зүйлсийг бэлдэж өгч байгаа. Тухайлбал, шалгалтын комиссын гишүүд шалгалт бүрд амны хаалтаа солиход хүрэлцэхээс гадна 500 амны хаалт нөөцөлсөн. Учир нь, шалгуулагчид шаардлага хангахгүй амны хаалт зүүж ирэх эсвэл огт амны хаалтгүй ирэх тохиолдол гарч магадгүй гэж тооцоолсон. Мөн шалгалтын комиссынхон шалгалт бүрд нэг удаагийн бээлийг солино. Шалгалтын байр бүрд нэг удаагийн 200 ширхэг бээлий нөөцөлсөн. Мөн шалгалтын байр бүрд тусгай анги бэлдсэн. Учир нь, шалгалтын үеэр коронавирусийн шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдээс тус ангид шалгалт авна. Шалгалт авах багш хамгаалалтын хувцас өмсөх учраас шалгалтын байр бүрд 20-28 ширхэг хамгаалалтын хувцас бэлдсэн. Үүнээс гадна гар ариутгагч, агаар халдваргүйжүүлэгч хангалттай бэлдсэн. Мөн сургууль бүрд цэвэрлэгээний багц буюу жавелин, бок, саван, арчуур, ариутгагч бэлдсэн. Мөн шалгалтын байрны гадна мэдээллийн самбар байршуулна. Шалгалтын байр бүрд эмч ажиллана. Эмч шалгалтын байруудад зохион байгуулагч болон шалгуулагчид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж буй эсэхэд хяналт тавина. Үйлчлэгч шалгалт хооронд анги танхим, ширээ сандлыг цэвэрлэх, ариутгах, агаар сэлгэх ажлыг хариуцна.

Шалгалт хоорондын зай ба ариутгал цэвэрлэгээ

      Шалгалт хоорондын зай ариутгал цэвэрлэгээ хийх, дараагийн шалгалтын шалгуулагчдыг нэвтрүүлэхэд хангалттай. Тухайлбал, наймдугаар сарын 19-ны Монголын түүхийн шалгалт  10:00 цагаас эхэлж, 11:20 цагт дуусна. Дараа нь 14:00 цагаас англи хэлний шалгалт эхэлнэ. Тэгэхээр 11:20-14:00 цаг хүртэлх хугацаа анги танхимын ариутгал цэвэрлэгээг хийж, шалгуулагчдыг анги танхимд оруулахад хангалттай. Шалгалт хоорондын цагийн хуваарийг гаргахдаа шалгуулагчдын тоог мөн харгалзсан. Тухайлбал, Монголын түүх хичээлийн шалгалтыг цөөн хүүхэд өгдөг. Харин англи хэл дээр олон хүүхэд шалгалт өгнө. Наймдугаар сарын 20-нд 10:00-11:40 цагийн хооронд Химийн шалгалт авах бөгөөд тус шалгалтыг улсын хэмжээнд 6030 хүүхэд өгнө. Тэгэхээр нэг шалгалтын байранд 20-30 хүүхэд химийн шалгалт өгнө гэсэн үг. Үүний дараа 13:00-14:20 цагийн хооронд газарзүй хичээлийн шалгалттай. Мөн цөөн хүүхэд шалгалт өгөх учраас тус өдрийн эхний хоёр шалгалтын хооронд анги танхимын цэвэрлэгээ хийхэд асуудалгүй. Харин 16:30-17:50 цагийн хооронд нийгэм судлалын шалгалт авна. Энэ хичээлийн шалгалтыг олон хүүхэд өгдөг ч өмнө нь цөөн хүүхэд сонгодог хичээлийн шалгалт авсан учраас асуудалгүй.

Шалгалтын бэлтгэл ажлын явц

      Шалгалтын бэлтгэл ажлыг хангаад дуусаж байна. Үндсэндээ шалгалтын материалыг бэлдэж, нууцлалыг хангах, шалгалтын байруудад ажиллах багш нарыг сургалтад хамруулах ажил үлдлээ. Эрүүл мэндийн яам, УОК-ийн эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу коронавирусийн тархалт буурах үед наймдугаар сарын 19-22-ны хооронд элсэлтийн шалгалтыг зохион байгуулахаар боллоо. Хэрэв тус шалгалтыг долдугаар сарын 1-4-ны хооронд зохион байгуулсан бол нэг шалгалтын байранд 600 хүүхэд цуглаж, тэдний эцэг эхийн төлөөлөл 300 гаруй хүн ирснээр мянгаад хүний бөөгнөрөл үүсэх байлаа. Харин одоо бол улсын хэмжээнд шалгалтыг 81 байранд зохион байгуулна. Нэг шалгалтын байранд 300 гаруй хүүхэд шалгалт өгөхөөр ирнэ. Эцэг эхийн төлөөлөл ирвэл 150 орчим хүн ирэх байх. Тэгэхээр долдугаар сард шалгалт зохион байгуулснаас хоёр дахин бага хүн цугларна гэж тооцоолсон.

Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулахад оролцох ажилчид

      Шалгалтын байранд давхардсан тоогоор 10250 орчим хүн ажиллана. Тодруулбал, багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засалт харицсан IT-ийн ажилтан, хянагч, зохион байгуулагч, эмч, багш, үйлчлэгч, цагдаа нар ажиллана.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг товыг мэдээлэх

      Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг БШУЯ-наас долдугаар сарын 21-нд баталж гаргасан. Бидэнд шалгалт болтол сар орчмын хугацаа үлдлээ. Аймаг нийслэлийн Боловсрол соёл урлагийн газарт шалгалтын тухай мэдээлэл хүргэнэ. Тус газрууд сургуульдаа, сургуулиуд анги удирдсан багш нарт, багш нар сурагчиддаа мэдээлэл хүргэнэ. Мөн долоо хоног бүр шалгуулагчдын мэйл хаяг руу нь элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээлэл явуулж байгаа. Наймдугаар сарын 2-ноос шалгуулагчдад мэдээлэл хүргэж эхэлнэ. Мөн радио, телевизээр шалгалтын хуваарийг зарлаж байгаа.

Орон нутаг руу хүргэх зөвлөмж

  • Аймаг, нийслэлийн Боловсролын газрууд руу БШУЯ-наас тус байгууллагуудад өгсөн чиглэл
  • Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн ажлын чиглэл
  • УОК-оос гаргасан Хот хооронд зорчих түр журам
  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх журам,
  • Албан даалгаварын талаарх мэдээлэл
  • Орон нутгаас аймгийн төв рүү зорчихдоо анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгч хамтарч ажиллана.

     Сум болон багийн төвөөс аймгийн төвүүд рүү дунджаар 7000 хүүхэд ирдэг. Тиймээс шалгуулагчид аймгийн нэвтрэх постоор орж ирэхэд ямар материал бүрдүүлэх, ямар тээврийн хэрэгслээр хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэх ёстой вэ, үүнд хаанаас хяналт тавих талаар мэдээлэл өгнө. Хүн тээвэрлэхэд зориулсан зориулалтын унаа тээврийн эцэг эхтэй хамтарсан гурвалсан гэрээ байгуулж, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч нэгдсэн тээврээр зөөвөрлөх талаар зөвлөмж өгнө. Мөн тус зөвлөмжид харанхуйд, үер бороотойд, салхи шуургатайд хүүхдүүдийг зөөвөрлөхгүй байхад анхаарна. Мөн аймгийн Цагдаагийн газартай хамтарч ажиллана. Учир нь аймагт олон хүүхэд цуглаж, гэмт хэрэгт өртөх, коронавирусийн халдвар авах нөхцөл үүсч магадгүй. Тиймээс аймгийн  Засаг дарга, Боловсролын газруудад ийм чиглэл өгнө.

Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах зардал

            Шалгалтын байр нэмэгдсэнтэй холбоотойгоор шалгалтын байрны түрээс, орон нутаг руу томилолтоор явах хүний зардал нэмэгдсэн. Мөн коронавирустэй холбоотойгоор цоо шинээр эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм сахихад шаардлагатай бүтээгдэхүүний зардал нэмэгдсэн. Түүнчлэн долдугаар сард элсэлтийн шалгалтыг зохион байгуулахаар сэдэв даалгавраа боловсруулж, хүүхдүүдийн хувийн бэлтгэлийг хангуулж, бүх зүйлээ бэлдсэн байсан ч хойшилсон. Ингэснээр шалгалт зохион байгуулах зардал дахин гарч ирлээ.

Б.БАДАМЗУЛ


М.БОЛДСАЙХАН: Өмнө нь зарласан элсэлтийн ерөнхий шалгалтын суудлын хуваарийг өөрчилсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188