Зүүнсалааны хуучин эцэс хөл хөдөлгөөн багатай, аниргүй, эгнүүлж татсан олон хашаа нэгнээсээ үл ялгарна. Хаа нэг нохой хуцах агаад хүүхдүүд харин хэд гурваараа хашааны сүүдэр бараадан инээд алдан айл гэрдэж байгаа бололтой тоглох нь хүүхэд насны дурсамжийг сэдрээж, тэр л үедээ оччих шиг дотно. Үд хэвийн наран халуунаар төөнөж, үндэстэй бүхэн ус нэхмээр, амьтай бүхэн сүүдэр бараадмаар их халуун аж. Цаг агаар +30 хэмийг зааж байв.
Улбар шар наран, өвс ногоо, мөөг, мөн цэцэг зуусан зааны тугалыг эхтэй нь аз жаргалтайгаар дүрсэлсэн дааманг биднийг ирэх чимээнээр А.Дэлгэрцэцэг охин онгойлгож өгөв. Дотогш орвол хоёр кавказ хоньч нохой торон дотроос байж ядан хуцна. Хашаа дүүрэн өвс ногоо, модод, эгнүүлэн барьсан хүлэмжүүд байх бөгөөд хүлэмж хоорондын зайнд ногоо тарьж, газар хагалсан харагдана. Хоёр давхар дүнзэн байшингийн нүүрэн талын ханыг хмель буюу зөрөг цэцэг бүрхэн ургасан нь Монголд биш, гадаадад байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энд ч сарнайн мод, тэнд ч гацуур, улаан лооль, өргөст хэмх, гүзээлзгэнэ, мэдэх, мэдэхгүй навчит ногоонууд. Аргагүй хөдөлмөрч гэр бүл аж. А.Дэлгэрцэцэг охин хашаагаа танилцуулангаа сарнайн бутыг заан “Энэ надтай чацуу. Дэлбээг нь хандалж уувал эрүүл мэндэд сайн гэсэн” хэмээв. Мөн сарнайн бутны эсрэг талд дөрвөн гацуур, түүний урд нэг жижиг гацуур байгаа нь эгч дүү таван охиных гэнэ.
Гэрийн эзэн Ц.Амарсанаа хүлэмжнүүдээ өөрөө барьсан, үйлдвэрийн хүлэмжнээс илүү гарна уу гэхээс дутахгүй. Тэрбээр төмөр замд 20 орчим жил ажиллаж, өдгөө хувийн бизнес эрхлэх болсон бөгөөд гадагш ажлаар яваад түр эзгүй байгаа бол гэрийн эзэгтэй Ц.Сүнжидмаа ирж яваа гэнэ. Монголд хүлэмжинд лили тариалж байгаа талаарх мэдээллээр тэднийхийг зорьсон нь энэ. Тиймээс ч хамгийн түрүүнд лили цэцэгний хүлэмжийг зүглэлээ. Үүдээр нь шагайх төдийд лили цэцэгний анхилам, тансаг үнэр хамар цоргиж, бүрээ адил цагаан цэцэгс мэнд мэдэн бөхөлзөн байх шиг. Хүлэмж хэт халуун тул удаан байж тэсэлгүй бусад хүлэмжийг сонирхлоо. Салатны навч, бууцай, юуцай гээд навчит ургамлууд, төрөл бүрийн ногоонууд харагдах агаад ширхэг ч зэрлэггүй, цэвэрхэн гэж жигтэйхэн. Эднийх 8000 ам метр талбайтай бөгөөд 4700 ам метр нь хүлэмж. Нийт 20 гаруй нэр төрлийн ногоо, амтлагч, цэцэг, жимс тариалдаг.
Төд удалгүй Ц.Сүнжидмаа эгч ирж, өөрийн тарьсан лили цэцгээр ширээгээ чимж, төрөл бүрийн жимс зүсэн “Алив кофе ууцгаая. Өчигдөр бид хэд ногоогоо хураагаад дараагийнхыгаа тарьсан. Та хэд харин ногооны ажлын чөлөөгөөр ирлээ. Тэрнээс бидэнд ийм зав байхгүй шүү дээ. Эгч нь өглөө гарсан чигтээ яваа болохоор унах гэж байна” гэсээр яриа өрнөв. Тус гэр бүлийн өглөө 03:30 цагаас эхэлдэг. “Барс” зах явж, ногоогоо бөөндөөд, 06:00 цагийн орчим гэртээ ирцгээнэ. Ийн түр амсхийгээд өглөөний сэрүүнээр ногооны ажилдаа гарч, завсар зайгаар нь лили цэцгээ захиалсан эздэд нь хүргэж, үдийн их халуунаар амарна. Эс бөгөөс ид халуунаар хүлэмжин дотор ажиллах боломжгүй.
Ц.Сүнжидмаа эгч 2005 онд ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Сэлэнгэд “Гацуурт” ХХК-д үр тарианы агрономичоор, мөн Хурхын сангийн аж ахуйд нэг жил ажиллаж, 2009 оноос хойш ногоо тарих болжээ. Ногоо тарихад нөлөөлсөн хүн нь хадам ээж, гавьяат агрономич Ж.Бяцхандаа гэнэ. Тухайн үед хадам ээжтэйгээ ажил хэргийн холбоотой байсан бөгөөд улмаар хүүтэй нь танилцан, гэр бүл болжээ. Ц.Сүнжидмаа “Одоо байгаа энэ хашаандаа анх амьдарч эхлэхэд хүлэмж, өнөөдрийн энэ өндөр модод ч байгаагүй” хэмээн хэлж дуусаагүй байтал охид сэм дохио өгөв. Тэд ээжийгээ “Амьдралаа ярьж болохгүй шүү” гэж сануулж буй нь тэр аж.
Ц.Амарсанаагийнх цэцэг шиг таван охинтой. Газар тариалангаас олсон орлого нь нийт орлогынх нь 50 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд зургаан хүний төлбөр төлдөг гэнэ. Хөдөө яваад эзгүй байгаа том охин нь АШУҮИС-ийн оюутан бол бага дөрвөн охины хоёр нь хятад хэлний, хоёр нь солонгос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай хувийн сургуульд сурдаг. Мөн Ц.Сүнжидмаа эгч цаг үеэсээ хоцрохгүйн тулд боловсролдоо байнга анхаардаг, өдгөө англи хэл сурч байгаа аж. Биднийг угтсан А.Дэлгэрцэцэг “Хүрээ тулга” сургуулийн есдүгээр ангийн сурагч бөгөөд таэквондогоор хичээллэдэг, археологич юмуу, агрономич болно хэмээсэн. Харин А.Ижилцэцэг зургадугаар ангиасаа жүдогоор хичээллэж, дүүргийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Ирээдүйд олимпын аварга болох мөрөөдөлтэй. Тэгвэл А.Эрхцэцэг охин зургадугаар анги, загвар зохион бүтээгч, дизайнер болох хүсэлтэй. Харин хамгийн бага охин А.Цэцэйхээ нэгдүгээр ангийн сурагч. Анх тэрбээр ээжийгээ хөөрхөн болохоор нь эмч гэж боддог байсан бол таван настайдаа ногоочин, улсын аварга тариаланч гэж мэджээ. Мөн ногооны ажилд туслахаар үеэл Н.Азбилэг нь ирсэн байлаа. Тэрбээр ажил хийж сураад харих гэнэ.
Агрономич бол түүний Ц.Сүнжидмаагийн хүсэж сонгосон мэргэжил биш. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөд ээж нь “Агрономич ямар ч үед өлсөхгүй, ажилгүй сууна гэж байхгүй. Амьдралд хэрэгтэй” гэсээр хүчээр шахуу энэ мэргэжлийг сонгуулжээ. Харин суралцаж эхэлснээр мэргэжилдээ дурлаж, энэ мэргэжлийг сонгосондоо цаг ямагт талархах болж, 20 орчим жил газар тариалангийн ажил эрхэлж буй. Тэд 2017 онд нийслэлийн тэргүүний тариаланч, 2022 онд улсын аварга тариаланч болж, хөдөлмөр, зүтгэлээ улсдаа үнэлүүлсэн. Энэ бүхэнд хоёр талынх нь аав, ээжийн нөмөр нөөлөг, тусламж дэмжлэг цаглашгүй их байсныг, энэ нь гэр бүлийн хамтын хөдөлмөрийн үр шим гэдгийг тэрбээр хэлж байлаа. Мөн аав, ээж шигээ тууштай хөдөлмөрч, сэтгэлийн их хаттай, хүнлэг хүн болохыг хүсдэг гэсэн юм.
Түүнчлэн “Би номыг нь сонсож, ногоотой шөлийг нь уусан агрономич хүнийхээ хувьд зүгээр нэг хүнсний ногоо тарихыг урьтал болгоогүй. Аль болох импортыг орлох, ховор ногоо тарьж, нутагшуулахыг зорьсон” хэмээв. Энэ зорилго нь түүнийг лили тарихад хүргэжээ. Хадам эгчийнх нь найз лилиний булцуу өгснөөр лили тарих болсон байна.
Ц.СҮНЖИДМАА: ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХЫГ МӨРӨӨДДӨГ
Лили хүн байсан бол Ц.Сүнжидмаа эгч шиг эмэгтэй байх байсан юм шиг надад санагдав. Цагаан царайтай, богино үстэй, нүүр дүүрэн инээсэн, хайр татам нүдтэй, яг түүн шиг... Ц.Сүнжидмаа эгч зургаан жилийн өмнөөс хүлэмжинд лили тариалж эхэлсэн. Анх 200 орчим булцуугаар эхэлж байсан бол өдгөө булцуугаа нэмсээр 3000 орчим цэцэг энэ жил гаргахаар төлөвлөжээ. Түүнтэй ярилцлаа.
-Импортын лилинээс таны цэцэг юугаараа ялгарах вэ?
-Эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, химийн ямар нэг бодис хэрэглээгүй гэдгээрээ давуу талтай. Мөн дээд зэрэглэлийн лимбэн цагаан гэдэг А сорт, иш нь бахим, толбогүй, дэлбээ нь зузаан, хадгалалт удаанаараа бусад цэцэгнээс ялгарна.
-Лилиг тарихад хүндрэл бэрхшээл хэр тулгарч байв уу. Лили арчилгаа хэр шаарддаг цэцэг вэ?
-Ногоотой харьцуулахад арчилгаа багатай. Хамгийн гол нь булцуугаа өвөл хадгалах явдал. Гэхдээ эхний 2-3 жилдээ цэцэг ашиг өгдөггүй. Тариалах санхүүгийн боломж байгаад борлуулж чадвал хүндрэл бэрхшээл харьцангуй бага. Эхний жилүүдэд туршлагагүй, борлуулж чадахгүй, шантарч байсан. Харин цэцгийг маань авсан хүмүүс урам өгснөөр цэцэг тарих хүсэлдээ улам бүр хөтлөгдсөн.
-Өөр тарихаар төлөвлөсөн цэцэг байгаа юу?
-Хүлэмжээ нэмж, өөр олон цэцэг тарих бодол бий. Гэхдээ цэцэгнийхээ үр, бутыг авахаас эхлээд санхүүжилт шаардлагатай. Эхний ээлжид боломжийнхоо хэрээр цэцэгнийхээ үр, бутыг багаар авч, үржүүлэх бодолтой байгаа. Бэлгэнд ирсэн цэцгээ усанд хийж үндэслүүлж, шороонд булж гээд янз бүрээр туршиж үзэж байна. Яваандаа бүх төрлийн цэцэгтэй болно.
-Усалгааны системээ хэрхэн шийдсэн бэ?
-Гүний ус ашиглаж, ногоогоо усалдаг. Ингэхдээ цэвэр усаа ариг гамтай хэрэглэж, ногоонд ашигтай байдлаар усалгааны системээ шийдсэн.
-Ногоо тарьсан энэ 20 орчим жилийн хугацаанд шантрах тохиолдол хэр олон байсан бэ?
-Үнэнийг хэлэхэд, бараг өдөр болгон шантармаар байдаг. Бас өдөр болгон ажилдаа дурладаг. Газар тариалан бол хөнгөн ажил биш, хүн тууштай, хөдөлмөрч байж л үр дүнд хүрнэ. Бид илүү эрүүл орчинд ажиллангаа ашиг олдог. Мөн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, бордоо хэрэглээгүй органик хүнсийг иргэдэд хүргэхийг зорьж байна.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ. Хүүхдүүдээ хэрхэн сургадаг вэ?
-Хүн ер нь залхуугүй, цэвэрч, нямбай, хамгийн гол нь шударга, үнэн байх ёстой. Бизнес хийсэн ч, жорлон угаасан ч үнэнч байх ёстой. Үнэн биш л бол чи юу ч биш. Хүн юу ч хийсэн бай үнэнч байх учиртай. Энэ миний баримталдаг зарчим. Хүүхдүүдддээ ч, ажилтнууддаа ч ингэж хэлдэг.
-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
-Дөрвөн улирлын ухаалаг хүлэмж байгуулж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг мөрөөддөг. Энэ цэцэрлэгт хүрээлэнд маань хүмүүс ирж амраад, жимс, ногоогоо түүж идэн, хүүхдүүдээ салхилуулдаг байгаасай гэж хүсдэг гэлээ.
Ц.Амарсанаагийнх анх хашаандаа үхэр, гахай тэжээдэг байжээ. Гэхдээ хотод тохиромжгүй учраас больсон байна. Харин одоо тахиа тэжээж байгаа гэнэ. Мөн аль болох л эрүүл хүнс хэрэглэхийг эрмэлздэг бөгөөд хүнсний ногоо гаднаас авдаггүй, ногоогоо хөлдөөж, хатааж нөөцөлдөг. Тогтмол гурван ажилтантай,шаардлагатай тохиолдолд 20 хүнийг ч хөлсөөр ажиллуулах нь бий. Тэдний талбай нэг га хүрэхгүй ч 1-2 га газраас авах хэмжээний ургац хураадаг. Хүмүүс том талбайгаас их ашиг олно гэдэг. Харин тэд байгаа талбайгаа тултал нь ашиглахыг зорьж, явган зам, ногоон байгууламж, ойр зуурын тохижилт, трактор орох замаас бусад газарт ногоо тариалжээ. Нэг ам метр талбайгаас үрсэлгээгээр жилд 12 кг ургац навчит ногоо хураах боломжтой. Гэхдээ ийм хэмжээний ургац хураадаг айл байтугай аж ахуйн нэгж ч ховор. Харин эднийх хүлэмжийнхээ ногоог хураангуутаа дараагийнхаа ургацын үрсэлгээг суулгадаг тул жилд дөрвөн удаа ургац хураадаг бөгөөд нэг ам метр талбайгаас 12 кг ногоо авч чаддаг гэнэ.
Таван ам бүлтэй айл 120 ам метр газар ногоо тарихад жилийн хэрэгцээгээ хангах боломжтой. Энэ бол айл болгон хашаандаа ногоо тарих боломжтой гэсэн үг юм. Тиймээс Ц.Сүнжидмаа энэ чиглэлээр сургалт зохион байгуулдаг бөгөөд тэднийг даган хашаандаа ногоо тарих болсон айл олон. Тэрбээр зөвхөн ногоо, эсвэл цэцэг таригч биш. Харин цэцэг, ногоогоороо дамжуулан аз жаргалыг “тарьж”, түгээж, түүгээрээ олон хүнийг “усалж” байдаг ачтан.
Хэрэв та лили цэцэг, хүнсний ногоо авахыг хүсвэл 86222222 дугаарын утсаар холбогдох боломжтой.
АЗ ЖАРГАЛ “ТАРИГЧ” |
|
2025-05-25 14:50:38
2025-05-25 14:33:17
2025-05-25 13:55:03
2025-05-25 13:33:53
2025-05-25 13:24:18
2025-05-25 13:02:15
2025-05-25 12:42:45
2025-05-25 11:51:47
2025-05-25 10:15:36
2025-05-25 09:54:53
2025-05-25 09:35:15
2025-05-25 09:20:04
2025-05-25 08:52:51
2025-05-25 08:43:01
2025-05-24 15:06:15
2025-05-24 14:46:30
2025-05-24 14:31:53
2025-05-24 14:06:54
2025-05-24 13:34:35
2025-05-24 13:21:15
2025-05-24 12:24:49
2025-05-24 12:17:12
2025-05-24 11:41:31
2025-05-24 11:04:38
2025-05-24 10:51:21
2025-05-24 10:06:38
2025-05-24 09:31:05
2025-05-24 09:17:52
2025-05-24 09:08:58
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |