Монгол орны нутаг дэвсгэрт өрнөсөн эртний түүхийн ул, мөрийг тэмтэрвэл Монголын эртний төрт улсуудын нэг болох Түрэгийн хожуу үеийн хаант улс нь 679-745 оныг хүртэл оршин тогтнох хугацаандаа Тан Улсын эрхшээлд тавин жилийг элээжээ. 682 онд Сэли хааны үеийн Тули ханы удмын Кутлук, шадрын хамт бослого гарган Иньшань ууланд хоргодож, Тан Улстай тэмцэж эхлэв. 683 онд түүнтэй ашидэ ургийн Тоньюкук нэгдэж, хүний тоо таван мянгад хүрч, бэсрэг улсыг байгуулжээ. Ингээд Кутлук, Тоньюкук хоёр 689 он хүртэл говийн өмнө нутаглаж байгаад, 690 онд Монгол оронд нүүж ирэн улс гэрээ товхинуулсан гэдэг. Тухайлбал, эл түүхийн эзэн эртний Түрэгийн хаант улсын тооно гэр Монгол орны хөрсөнд нойрсож буй билээ. Цаг хугацааны явцад түүхийн дээврийг сөхөн судлахаар олон улсын Түрэг академи, Монголын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран 2019 оноос “Номгон” төслийн хүрээнд малтлагын ажлыг эхлүүлсэн нь өнөөдөр түүхэнд хүндтэй байр суурь эзлэхүйц буюу Билгэ хааны аав Кутлуктай холбоо бүхий нэн үнэ цэнтэй олдворыг илрүүлж эхлээд байна.
Үүр хаяаран, тэнгэрийн заагт наран ургаж эхэлжээ. Бүрхэг өдөр бололтой үүлс сэрүүн салхи сэлүүрдэн хөвөх бөгөөд нарны илчийг халхална. Ийм нэг өглөөний 06:00 цагт Монголын Шинжлэх Ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэнтэй холбогдон түүхийн дээврийг гэрчлэн сурвалжлахаар зорив. Бидэнтэй хамт олон улсын Түрэг академийн Ерөнхийлөгч Дархан Кыдырали болон “Номгон” төслийн малтлагын экспедицийн удирдагч, Археологийн хүрээлэнгийн Дундад зууны секторын эрхлэгч, доктор А.Энхтөр нар түүхийн үнэнг өлгийдсөн Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэр дэх Номгоны хөндий рүү яаравчлан хөдөллөө. Басхүү зам зуур малтлагын экспедицийн удирдагч, доктор А.Энхтөр ах бусадтайгаа хөөрөг зөрүүлэн хууч хөөрөх агаад бидний зорьж буй шинэ олдворын шинж, төрхийг цухас дурдав. Тэрбээр “Бидний одоо зорьж буй Номгоны онгоныг 2001 онд Довдойн Баяр хэмээх хүн, Архангай аймгийн Хашаат сумын найзаасаа сураг сонсоод анх үзэж танилцсан юм. Түүний дараа Аюудайн Очир болон бидний бие бүрэлдэхүүн судалгаа хийж, зарим нэг онгоны хүн чулууны зургийг дарж танилцсан. Ингээд 2019 онд анхны малтлагыг хийх явцад илэрсэн олдвороос “Гүентэй арслан” “Нүүр ваар” гэх мэт зүйлс бий” гэв. Энэ хэсэгхэн яриа эхлээд төгсөх хүртлээ намайг улам яаруулан, сэтгэл хөдөлгөх бөгөөд туйлын сонирхолтой байх аж. Мөн арын суудал дээр надтай зэрэгцэн суух олон улсын Түрэг академийн хоёр гишүүнд А.Энхтөр ах замын турш асуусан асуулт бүрд нь тодорхой, өргөн хүрээнд хариулт өгч байлаа.

Ингээд дөрвөн цаг явсны эцэст аян замын зорьсон зогсоол болох Номгоны хөндийн цогцолбор газарт ирсэн юм. Монгол Улсын төрийн далбаа, Олон улсын Түрэг академийн туг намирч харагдахтай зэрэгцэн хэсэг хүн биднийг тосон зогсож байв. Тэдэн дунд Түрэг академийн ахлах шинжээч Напил Базылхан зэрэг “Номгон” төслийн малтлагын экспедицийн баг бүрэлдэхүүн зогсож байлаа. Бид машинаас буусан даруй онгон цогцолбортой танилцахаар нар зөв тойрон зүүн урд хэсгээс орвол зэл чулуунууд байрандаа өрөөстэй байх аж. А.Энхтөр “Зэл чулуу нь тухайн хүний оршуулга дээр байсан хүний тоог илтгэдэг ч байж болох” талаар хэлж байв. Цааш явахад малтлагын явцаас илэрсэн гэрэлт хөшөөний орой хэсгийг, мэлхий чулууны хамт ил гарган байршуулжээ. Гэрэлт хөшөөний оройд эртний түрэг хэлнээ сийлсэн бичээс байх бөгөөд түүнийг Олон улсын Түрэг академийн ахлах шинжээч Напил Базылхан тайлан уншихад “Кутлук хаан түрэг түмэн түмэн цэрэгтэй” хэмээсэн байжээ. Энэ нь зөвхөн оройн хэсэгт сийлсэн бичээс учир үргэлжлэл их биеийн хөшөөнд тэд хэрхэн, юу бичсэн болохыг цаг хугацаа харуулах биз ээ.

Их номгон хайрхны ар бэл, Бага номгон хайрхны өвөр бэлд уужран тэнийх Номгоны хөндийд эртний нүүдэлчид ийн нойрсож байхад тэнгэрийн хэвлийгээс морьт баатрууд нүргэлэх шиг дуу, цахилгаан тасхийн бороо орлоо. Хүчтэй гэгч нь ширүүсэх борооноос хоргодон экспедицийн нэгэн гэрт Олон улсын Түрэг академийн ахлах шинжээч Напил Базылхан бид хоёр түр суун ярилцав.
Тэрбээр “Би 1967 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн. 1990 онд МУИС-ийн хэл бичгийн ангийн Монгол хэл болон Япон хэлний ангийг дүүргэсэн. Миний аав Казак, монгол хэлний анхны толь бичгийг зохиосон хүн. Аавын минь багш Бямбын Ренчин юм. Миний бие Олон улсын Түрэг академийн археологи, түүх, бичиг соёлын салбарт ажилладаг. Хэл бол соёлыг тээгч, бүтээгч гэдэг утгаараа соёлыг тээгч хамгийн том хэлбэр. Аавын минь судалгаагаар Казак, Монгол хэлний 60 мянган үгийн сангийн үг язгуур нь хоорондоо таардаг. Энэ нь Казак, Монгол хэлний язгуур үндэс адилхан гэдгийг илтгэнэ. Тиймээс хэл бол хамгийн урт хугацааг туулж ирсэн агуу зүйл юм. Жишээ нь, Түрэг хэлээр 40 гаруй үндэстэн ярьдаг. Өнөөдрийн бидний илрүүлсэн онгон цогцолборыг анхлан археологич Д.Цэвээндорж гуай болон н.Баярболор, Доктор А.Энхтөр нар бидэнтэй зөвлөлдөж эхлүүлсэн. Бид үүний үр дүнд Кутлукын тахилын чулуу хэмээх дундаа нүхтэй, авдар мэт чулууг илрүүлсэн. Мөн бидний илрүүлсэн гэрэлт хөшөөний орой хэсэгт эртний түрэг хэлнээ буулгасан бичээс байсан юм. Түүний дараа хоёр гүегтэй арслангийн хөшөө олдлоо. Бидний дүгнэж байгаагаар хоёр гүег нь Билгэ хааныг түүний дүүтэй дүрсэлсэн байх магадлалтай” гэв.
Тэртээ он цагт алтан эмжээртэй Хөгнө-Тарна хайрханд Элтэрэс хаан морилсон хэмээн Хятад эх сурвалжид ч дурдсан байжээ. Энэ мэтчилэн Түрэгийн хаант улсын гэрийн түүхийн эсгий дээврийг сөхөхөд олдсон олдворууд эх сурвалжуудтай таарч байгаа аж.
Түүнчлэн тэрбээр “Гэрэлт хөшөөний орой дээр зөрөлдсөн хоёр чонын дүрс байгаа. Энэ нь эртний Түрэгийн эзэнт гүрний хаад язгууртны овгийн бэлгэдэл юм. Тавин жил Тан Улсын эрхшээлд байхдаа Кутлук долоон баатар болон нэгдэж, дараа нь далан баатар болсны хойно долоон зуун баатар болтлоо тусгаар тогтнолын төлөө бүх нүүдэлчдийг нэгтгэсэн. Тиймээс үр хойчид сануулж хэлэхэд, Култукын Билгэ хааны бичээст
"Ялдмаг үгэнд автаж баатар хөвүүд чинь боол боллоо.
Зөөлөн торгонд автаж, хөөрхөн охид чинь шивэгчин боллоо" хэмээсэн байдаг” гэлээ.
Гишгэхэд ч хайран онгон дагшин Номгоны хөндий ширүүн борооны дараа нам гүм, ажин түжингүй номхрох шиг болов. Үүлэн цоорхойгоор сая нэг нар цухуйн газрыг элгийг сөөм сөөмөөр хүртэж гэгээ татах агшинд Хөгнө-Тарна хайрханд Элтэрэс хаан дахин залрах мэт үлгэрийн дүрээ дэлгэнэ. Тийм үзэсгэлэнтэй хийгээд ариун газрын хэвлийд нойрсох баатруудын тооно гэрийн дээврээс сөхөж, түүхийн гэрээслэлийг дэлгэсэн доктор, дэд профессор А.Энхтөртэй ярилцлаа. Энэ хүн л чухам үнэнийг Номгоны талаас түүх биз.
Тэрбээр “Миний мэргэжил бол дундад зууны үеийн хот суурин, тахилга, тайлгын байгууламжуудыг судалдаг. Мөн Түрэг, Уйгур, Хятан, Монголын эзэнт гүрнүүдэд хамаарах судалгааны ажлуудыг хийдэг. 1995 онд оюутан цагаасаа археологийн шинжлэх ухаанд Д.Цэвээндорж академичийн шавь болон суралцаад 25 жилийг үдсэн. Тухайн улс гүрний түүхийг баримтжуулахын тулд археологийн биет баримтууд хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Түрэгийн хаант улсын түүх нь дэлхийн эрдэмтдийн сонирхлыг хамгийн ихээр татдаг учир нь өөрийн гэсэн бичиг үсгийг тэд зохиосон байдаг. Эртний түрэг бичгийг долдугаар зуунаас тэд ашиглаж эхэлсэн юм. Энэхүү эртний бичиг нь энэтхэгийн Барахман үсгээс гаралтай гэж үздэг. Түүнчлэн Монголд хийгдэж байсан судалгааны ажлуудаас хамгийн том нь Архангай аймгийн Хашаат сумын нутаг дах Хөшөө цайдам гэдэг газар явагдсан юм. Тухайн цогцолбор нь Билгэ хаан болон бусад жанжнуудын тахилга том онгоносс бүрдсэн. Тухайлбал, үүдэн талаасаа эхлээд наран ургах зүг нэг км орчим үргэлжилсэн гурван мянга орчим зэл чулуутай, гадна талаараа гүнзгий сувагтай, хэрэм ханатай, үүдэн талдаа хаан эзнийхээ онгоны сүм рүү харсан мэлхий чулуун дээр гурван метр орчим өндөртэй гайхамшигтай том дурсгал олдсон. Гэх мэтчилэн цаашлаад ОУ-ын Түрэг академи, Монголын Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнтэй хамтран наймдугаар сарын эхээр ажиллан хөшөө чулууны орой хэсгийг, бусад олдворуудын хамтаар оллоо. Тухайн хөшөө чулууны оройд “Тэнгэрийн хүү”, Үхэр жил есөн сар” гэсэн бичээсүүд байсныг тогтоон цаашдын судалгааны ажлуудыг хийнэ.
“Номгон-2” гэх энэхүү цогцолборыг малтахад тойроод усан сувагтай, дотор талдаа сүмтэй, мөн дундаа нэвт нүхтэй тахилын чулуу зэрэг олдсон.
2019 онд цогцолбороос хоёр хонь олдож, суугаа хүн чулууны доод бие, дөрвөн зэл чулуун дээрх янгир тамгатай байсан. Зүүн Түрэгийг байгуулсан хаан бол яах аргагүй Кутлук хааныг гэж үздэг. Хөшөөний их бие хэсэг цаашид олдох боломжтой. Тиймээс бид дараа жилээс илүү их ажил өрнүүлнэ.

Өнөөдрийн хувьд ажил дөнгөж эхэлж байгаа. Элтэрэс хаан бол маш зоригтой, дайчин хүн бөгөөд Зүүн Түрэгийн хамгийн анхны хаан байжээ. Олон эрсийг цуглуулан өөрсөд рүү нь дайрах гэж байсан улс, гүрнийг өрсөж дайрсан гэдэг. Түүний хоёр хүүгийн нэг болох Билгэ хаан хожим улс орноо товхинуулан хаан ширээнд суусан мөн л зоригтой нэгэн байсан юм. Цаашид залуусдаа хандаж хэлэхэд байгалийн баялагийг ухаад дуусдаг. Харин археологийн баялаг, олдвор, өв соёл хэзээ ч ухагдаж дуусахгүй учраас үүнийгээ хайрлаж, хамгаалж яваарай. Мөн хамгаалж хайрлахад та бүгдийн оролцоо чухал юм шүү гэдгийг дурдъя” гэлээ. Тэрбээр түүхийн алтан холбоог өөрийн уураг тархинд гүн шингээсэн хүн гэдгийг ярианаас нь илт мэдрэгдэж байлаа.
Номгоны хөндийд нийтдээ есөн онгон, тахилга байгаа гэж үзсэн бөгөөд тэдгээрийн судалгааны ажил хийгдэж байгаа гэнэ. Тэдгээр тахилга дунд байгаль дахь өөрийн унаган төрхөөр түүхийг гэрчлэн үлдсэн хүн чулууд газарт ил гарсан байлаа.

Өдөржин зүсэрсэн бороо амсхийх завдалгүй шиврээд номгоны хөндийг бага зэрэг усанд автуулж амжив. Намрын уур амьсгал орж өвс толгойноосоо гандаж эхлээд, нүүдлийн шувууд нутагруугаа яаран ганганалдан сонсогдоно. Харин судалгааны багийнхан бүтэн сарын хугацаанд зорьсон хэргээ бүтээсэн тул удахгүй хотын төв рүү буцах аж. Тэдгээрийн дунд дадлагажигч оюутнууд болон Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Ууганбаяр ажилласан байна. Түүнийг мөн Казакстан Улсын Элчин сайдын яамнаас шагнаж урамшуулсан.
Тэрбээр “Хамтран ажилласан эрдэмтэн, судлаачдаас суралцах, мэдэх зүйл их байсан нь мэдээж. Мөн Монголын бурхан шашны төвөө төлөөлөн оюутан залуустайгаа хамтран малтлагын ажилд оролцсондоо баяртай байна. Түүхэн үйл явдалд өөрийн биеэр оролцсон минь сайхан хэрэг боллоо” гэв.

Хэдийн 745 онд Түрэгийн хаант улс бүрмөсөн мөхсөн ч гэлээ эх нутгийн нэгэн уудам хөндийд өнөөг хүртэл нойрсон оршсоор иржээ. Түүхийн энэхүү ариун ул мөрийг дээрэмчин, тонуулчид үгүй хийхээс урьтаж Монголын нэрт археологичид, доктор, профессорууд санаа нэгдэн нийлсний үр дүнд дундад зууны түүхийн оройг сөхөн илрүүллээ. Одоо гагцхүү үр хойчын хайрлан, хамгаалж тахин шүтэх л үлдэв. Тун удалгүй “ Кутлук хаан түрэг, түмэн түмэн цэрэг”-ийн уухайн дуу түүхийн хуудсанд нүрэглэн түгэх аж...
| ТОМИЛОЛТ: НОМГОНЫ ХӨНДИЙГӨӨС ТҮҮХИЙН НЭН ХОВОР ХОЁР ГҮЕГТЭЙ АРСЛАНГИЙН ХӨШӨӨ ОЛДЛОО |
|
Монголын баг жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-06 17:04:09
"RED EVE Beauty Night" загварын үдэш болно
2025-11-06 16:17:42
Чөлөөт бөхийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2025-11-06 16:12:33
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2025-11-06 14:30:31
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ
2025-11-06 13:34:28
Б.БАТРЭГЗЭДМААГИЙН “ЦЭЦЭГНЭЭС ТӨРӨГСӨД”-ӨӨС ТӨРСӨН ТЭМДЭГЛЭЛ
2025-11-06 11:39:57
Хөл бөмбөгийн холбоо, Солонгосын“Инчон Юнайтед” клубтэй хамтран ажиллана
2025-11-06 10:55:55
Дөрвөн аймгийн 26 суманд цас оржээ
2025-11-06 10:45:55
Замын ажил хийж байсан хүнийг автомашинаар мөргөж, зугтаасан хүнийг олжээ
2025-11-06 10:44:16
Г.Батсүх жүдо бөхийн “Гранд мастерс”-ын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-06 10:42:15
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг Америкийг зорилоо
2025-11-06 07:28:44
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2025-11-06 07:00:00
О.ЖИВААМЭДМААНЬ: Жюү жицү-гийн дэлхийн аварга болохыг мөрөөдөж, хичээллэж байна
2025-11-06 07:00:00
ЛУ.БОЛДЫН “ТАВИУЛ” УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ СУРААД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ЦЭРЭГ”-ЭЭР ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ
2025-11-06 07:00:00
МАЛЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: ХАРАА САЙТАЙ ХҮНЭЭР ШАЛГАРЧ, ХЯТАД, ЯПОНЫ ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОХДОО УСАН ОНГОЦОН ДЭЭРЭЭС ХОЁР КИЛОМЕТРИЙН ЦААДАХ ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДУУРАЙЖ ҮЗҮҮЛСЭН НЬ ОЛНЫГ ГАЙХАШРУУЛСАН
2025-11-06 07:00:00
ГАЛЧ Ч.ТҮМЭНБАЯР: МИНИЙ ГАЛ ТҮЛЖ, ДУЛААЦУУЛСАН АНГИД ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч СУРЧ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
2025-11-06 07:00:00
ЯПОНД ҮҮРД “ҮЛДСЭН” ЭРЭЛХЭГ ХҮҮГИЙН ТҮҮХ
2025-11-06 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-11-06 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-11-06 06:00:00
Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ
2025-11-05 14:46:38
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
2025-11-05 14:28:22
Л.ОЮУН: ЭРДЭНЭ: АТГ-аас манай хүү цүнх авч өгөөгүй нь тогтоогдсон
2025-11-05 14:17:09
Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
2025-11-05 14:11:15
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь
2025-11-05 14:07:41
С.Чинзориг, Ч.Баярмагнай нар “Гранд мастерс”-аас хүрэл медаль хүртлээ
2025-11-05 14:01:46
Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ
2025-11-05 13:03:54
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ
2025-11-05 12:47:16
Б.Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжгийг энэ сарын 12-нд нээнэ
2025-11-05 11:13:35
УИХ: Дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, Х.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
2025-11-05 10:42:28
“Дакар-2026” наадмын албан ёсны маскот “АҮО”-г танилцууллаа
2025-11-05 09:02:10
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2025-11-05 07:00:37
“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Ч.УНДРАМЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОГДЖЭЭ
2025-11-05 07:00:00
Б.БАТЗАЯА: ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨР ХАРУУЛАХ ЭРЛИЙН МИНЬ ЭХЛЭЛ "НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР" КИНОНЫ ЗААНАА, "ГАЙЖИН" ЖҮЖГИЙН ЛОРД КЕНТАГИЙН ДҮР
2025-11-05 07:00:00
“ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ ГАЖ УРСГАЛ МОНГОЛЧУУДЫН ХАЛААСЫГ СЭГСЭРЧ, АХМАДУУДЫН АМИНД ХҮРЭЭД ДУУСАХ ЮМ БИШ БИЗ...
2025-11-05 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2025-11-05 07:00:00
Х.БУЯНЖАРГАЛ: Ээж Д.Сумъяа, М.Уранцэцэг эгч нарын уран барилдааны бичлэгийг үзүүлж, жүдогоор барилдах эхлэлийг минь тавьж байлаа
2025-11-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |