• Өнөөдөр 2024-05-02

“ХОВДЫН ТАРВАС ХОР БОЛЖ БАЙНА” ГЭХ МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР...

2022-08-28,   1130

-ТАРВАС, ЖИМСЭНД ХОРДСОН ХҮҮХДИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ-

      Ховдын тарвас худалдаанд гараад дуусаж байна, үндсэндээ. Зарим нь нэмэлт тэжээл, бордоогоор бордоогүй тарвасын ургалт есдүгээр сард дуусдаг. Долоо, наймдугаар сард худалдаанд гарсан тарвасыг хор болтол нь бордчихсон байгаа гэх. Үүгээр ч зогсохгүй бордоо нь ихэдсэн тарвасаас хүүхэд багачууд хордож, эмнэлгийн өрөө, хонгилыг дүүргэж байна гэх мэдээлэл цацагдаж байна. Харин зарим нь 20 жил идлээ, хордож үхсэн юм алга гээд талцаад маргалдаж байгаа. Тэгвэл энэ талаар бид сурвалжиллаа.

    Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II буюу Яармагийн 300 ортой эмнэлэг эх, нярайн төрөлжсөн эмнэлэгт өчигдөр их үдэд очлоо. Хөл хөдөлгөөн ихтэй, халуурч, бөөлжиж, суулгасан хүүхэд олон байх аж. Тус эмнэлэгт өдөрт 100-150 хүүхэд яаралтайгаар үзүүлж, шаардлагатай эмчилгээ, зөвлөгөө авч байгаа гэнэ. Үүнээс 20-30 хувь нь хордлогын шинж илэрч, эмнэлэгт хандаж байгаа гэнэ. Хордлогын шинж тэмдэгтэй буюу бөөлжиж, суулгасан хүүхдүүдийн аав, ээжээс эмч нар “Юу, юу идсэн бэ. Хэзээнээс шинж тэмдэг илэрсэн бэ. Тарвас идсэн үү” гэж асууж байлаа. Харин хордлогын шинжтэй хүүхдүүдийн аав, ээж “Тийм, тарвас идсэн. Бас бус өөр жимс, ногоо идсэн. Өчигдрөөс хойш л шинж тэмдэг илэрч, хоол идэж чадахгүй, шар ногооноор бөөлжөөд, шингэн алдаад эхэллээ. Одоо жаахан бүлээрээд байна” гэж хариулах ажээ.

         Нөгөө талд өндөр халуурч, ковидын шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийг үзэж байв. Таталт өгч, олон хоног халуурч, толгой нь эргэж, дотор нь муухайрсан хүүхдүүдээс ковидын шинжилгээ авч, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хэвтүүлж байлаа.

ЭМЧИЛГЭЭ ЭРХЭЛСЭН ЭМЧ: ЭМНЭЛЭГТ ХАНДАЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙН 30 ХУВЬ НЬ ТАРВАС, ЖИМСНЭЭС ХОРДОЖ, БӨӨЛЖИЖ, СУУЛГАХ ЗОВУУРЬТАЙ БАЙНА

          Энэ сарын эхээр эмнэлгийн ачаалал нэмэгдсэн гэнэ. Бид энэ талаар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаас тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн шөнө 101 хүүхэд манай эмнэлэгт хандсан. Эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдийн 30 хувь нь тарвас, жимс идэж, бөөлжиж, суулгах зовуурьтай байсан. Гэхдээ яг тарвасаас хордсон уу, үгүй юу гэдгийг нь тогтоох боломжгүй байна. Эцэг, эхчүүд нь ч мэдэхгүй байгаа. “Тарвас идсэн үү” гэж асуухаар бүгд л “Тийм, идсэн” гэж хариулж байна. Хүн 24 цагийн хугацаанд маш олон төрлийн зүйл идэж байгаа учраас тарвасаас хордсон эсэхийг нь тогтоох боломжгүй. Мөн өндөр халуурсан, хатгаатай, ханиадтай томуутай, ковидын халдвар авсан хүүхдүүд эмнэлэгт хандаж байгаа. Энэ сараас улаан шугамын яаралтайгаар 40-50 хүүхэд үзүүлж, эмчид хандаж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн манай эмнэлэгт ковидын шинж тэмдэг илэрсэн 40, 50 хүүхэд ирдэг гэсэн үг. Харин ногооны картын яаралтайд 100 гаруй хүүхэд хандаж, шаардлагатай эмчилгээ хийлгэж байгаа. Бид ковидын халдвартай бол улаан бүсэд тусгаарлаж, эмчилгээ хийж байна. Харин халуурсан, бөөлжиж, суулгах зовуурьтай хүүхдүүдэд эмчилгээ бичиж өгөөд гэрт нь буцааж байгаа. Эмнэлэгт хандах хүүхдийн тоо буурахгүй, нэмэгдэх хандлагатай байна” гэлээ.

ИРГЭН: ХОЁР НАСТАЙ ХҮҮ МИНЬ ТАРВАС ИДЭЭД БӨӨЛЖИЖ, СУУЛГААД ЭМНЭЛЭГТ ХАНДЛАА

       Хоёр настай хүү нь хордлого авч, бөөлжиж, суулгасан тул эмнэлэгт иржээ. Хүүхдийнх нь биеийн байдал хэдхэн цагийн дотор муудаж, хүндэрсэн тул эмнэлэгт хандаж, үзүүлэхээр ирсэн гэнэ.

     Тэрбээр “Өнгөрсөн амралтын өдөр “Ховдын тарвас” гэх хаягтай машинаас дунд зэргийн хэмжээтэй тарвас худалдаж аваад, нэг хоног хөргөгчид хадгалж байгаад идсэн. Манай гэр бүлийн долоон хүн хамт идсэн ч ганцхан хүү маань л хордлого өгч, бөөлжиж, суулгасан.  Тэр өдөр будаатай шөл, бантанг тарвасаас өөр зүйл идээгүй. Хүү маань хоёр нас арван сартай гэнэт л бөөлжөөд эхэлсэн. Тэгээд эмнэлэгт хандаж, шаардлагатай эмчилгээг хийлгэлээ. Эмч “Тарвас идсэн үү” гэж асуугаад, хордлого тайлах дусал, бөөлжилтийн эсрэг тариа, хорсол, ашигтай бактери бичиж өглөө. Хүү бид хоёрыг үзүүлэх үед хордлогын шинж тэмдэгтэй  4-5 хүүхэд байсан. Нэг нэгээрээ орсон болохоор хүүхдүүд юунаас болж хордсоныг мэдэхгүй байна. Ямартай ч эмч нар “Сүүлийн үед тарвасаас хордсон хүүхэд их ирж байна” гэж ярьж байна лээ. Уг нь өмнө нь тарвас идэхэд зүгээр л байдаг байсан. Бид тарвасаас хордсон л гэж сэжиглэж байгаа” гэлээ.

МХЕГ: УЛААНБААТАР ХОТОД ЗАРАГДАЖ БАЙГАА ТАРВАСЫН ДЭЭЖИД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ ИЛРЭЭГҮЙ

    Албаныхан тарвасаас хордсон уу гэдгийг яг таг тогтоож чадахгүй юм байна. Харин аман асуулга, барагцаагаар л асууж, тодруулж байгаа гэнэ. Тэгвэл бид Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ талаар тодруулахаар зорив.

      МХЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэнээс “Ерөнхий газраас өгсөн чиг үүргийн дагуу тарвасыг шинжилгээнд хамруулсан. Улаанбаатар хотын дүүргүүдэд зарагдаж байгаа тарвасаас дээж авч, шинжилгээнд хамруулахад ямар нэгэн хортой бодис илрээгүй. Одоогийн байдлаар тарваст хордсон хүн байхгүй. Бидэнд тийм мэдээлэл ирээгүй байна. Хүнсний ногооны чанар, аюулгүй байдлыг үнэлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр гурван үе шаттай хяналт шинжилгээ хийгддэг. Шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэд хяналт шинжилгээ хийх ажил улсын хэмжээнд явагдаж байна. Өнгөрсөн жил тарвасын 184 дээжийг шинжилгээнд хамруулахад нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй буюу “Жимс, хүнсний ногооны нитрат” MNS-6420:2013 стандартын шаардлага хангасан дүн гарсан. Энэ жилийн дүнг удахгүй харьцуулсан байдлаар гаргах болно” гэв.

       Цахим сүлжээнд тарвасаас шинжилгээ авахад нитрит их хэмжээгээр илэрч байгаа талаар бичиж байна. Тодруулбал, тусгай багажаар хэмжиж, улаан өнгө буюу аюултай хэмжээнд зааж байгаа талаар бичиж байгаа юм.

АГРОНОМИЧ Ш.ШИНЭБАЯР: УС ИХТЭЙ ТАРВАС ТУСГАЙ БАГАЖААР ХЭМЖИХЭД УЛААН ЗААДАГ

        Тэгвэл бид энэ талаар Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн, агрономич Ш.Шинэбаяраас тодрууллаа. Тэрбээр “Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд манайхан химийн бордоо гэж яг юуг хэлээд байгааг сайн ойлгодоггүй. Цахим сүлжээнд “Тарвас руу хурдан томруулж болгохын тулд тарианы зүүгээр химийн бордоо тарьж байна” гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ нь ямар ч боломжгүй зүйл юм. Тариаланчид хамгийн багадаа нэг га талбайд тарвас тариаллаа гэж бодоход тэр олон мянган ширхэг тарвас руу нэг бүрчлэн тариад зогсох боломжгүй шүү дээ. Бүх төрлийн ургамал ургахад хөрсийг заавал азот, фосфор, калийн бодисоор бордож байж ургуулдаг. Нэг тонн бүтээгдэхүүн бий болгохын тул ургамал хөрснөөс 35-45 кг азот, 25-30кг фосфор, 20-30 кг кали авах шаардлагатай. Ургамал тодорхой хэмжээний шим тэжээл авахын тулд хөрс энэ гурван төрлийн бодисыг зайлшгүй ашигладаг. Дээрх гурван төрлийн бодис нь навчны тоо, талбай, өндөр, өвчин, хортон, хүйтэн халуун, ганд тэсвэртэй болгоход нэн хэрэгцээтэй. Харин эдгээр бодисыг их хэмжээгээр хэрэглэх нь ургамалд илүүдэл бодис болж хуримтлагдаг сөрөг талтай. Манайд энэ төрлийн бордооны үйлдвэр байхгүй тул ОХУ, БНХАУ-аас импортоор авдаг.  Манай улсын энэ төрлийн  бодисын нэг га талбайд 9-15 кг-ыг хэрэглэдэг. Харин Солонгос, Япон, Европын холбооны улс орнуудад нэг га талбайд 450-800 кг-ыг хэрэглэж байж үр тариа 8-9 тонн, хүнсний ногоо 40-100 тонн ургац авч байна. Эдгээр улс орон их хэмжээний бордоо хэрэглэсэн ч эрүүл гэдэг хүнс тариалаад байгаа шалтгаан нь  зөв технологиор заасан хугацааг хэтрүүлэхгүй ургацаа хурааж байгаатай холбоотой юм. Иймд бид бордоо, ургамал хамгааллын бодисыг хэрэглэхдээ тун, нормыг тохируулж, технологит хугацаанд хэрэглэж байж эрүүл, их ургац авах болно. Монголд өнөөдөр нэг тонн бордоо 1.5-3.1 төгрөгийн хооронд орж  ирдэг. Тиймээс  манай тариаланчид ийм үнэтэй бүтээгдэхүүнийг зөв үед зөв технологиор хэрэглэж байж л ургацаа нэмэгдүүлнэ. Оройтож  хэрэглэвэл  үр дүн өгөхгүй байхаас гадна задарч амжаагүй худалдаанд гарч  хор болох, үр ашиггүй хор хөнөөлтэй илүү зардал болох болно. Манай улсад энэ жил ОХУ Украйны асуудлаас үүдэн 5000 тонн буюу маш бага хэмжээний бордоо импортоор орж ирсэн" гэлээ.

ТАРИАЛАНЧ: БИД ЖИЛ БОЛГОН МХЕГ-ААР ТАРВАСЫНХАА ДЭЭЖИЙГ ШАЛГУУЛЖ ГЭРЧИЛГЭЭ АВДАГ

      МУ-ын зөвлөх агрономич, аудитор, Ховд аймгийн Политехник коллежийн газар тариалангийн багш, гурван үеэрээ тариалан эрхэлж буй Амед Махмед “Өмнө нь газар тариалан хөгжөөгүй байхад  бид  ганцхан төрлийн удаан болцтой үрээр тариалдаг байсан. Харин одоо  олон улсын стандартад нийцүүлэн  олон төрлийн  хурдан болцтой  сортоор тариалж байна. Дөрөвдүгээр сарын сүүлээр  хүлэмжид үрслүүлж, тавдугаар  сарын эхээр задгай талбайд гаргаж суулган азотын бодисыг хэрэглэдэг. Азотын бодис нь ногооны массыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Үүний дараа үр жимсийг нь боловсруулахын тулд фосфороор борддог. Тэгээд хамгийн сүүлд нь болцоо гүйцээхийн тулд калийн бодис ашигладаг. Энэ жил би нэг га газарт 120-150 тонн орчим тарвас тариалсан. Мэргэжлийн агрономич, судлаач хүний хувьд би юу ашиглавал эрүүл ургац ургадаг талаар маш сайн мэднэ. Манай улсын тариаланчдын хувьд химийн бордоогоор тарвасаа борддоггүй. Энэ гурван бодис яг л хүний биед витамин хэрэгтэй байдаг шиг тарваст хэрэгтэй байдаг гэсэн үг. Үүнийг мөн малын өтөг бууц, шувууны сангасаар ч орлуулах боломжтой. Хүлэмж ашиглаж, цэвэрлэгээ усалгааны төхөөрөмж олон улсын стандартад нийцсэнийг хэрэглэсний үр дүнд л хурдан хугацаанд эрүүл ногоо тариалж байна шүү дээ. Тэрнээс химийн бодис хэтрүүлэн хэрэглэж ургуулаагүй. Манай улсын тариаланчдад тийм их хэмжээний химийн бордоо авах боломж байхгүй. Тэгж бордож ургуулсан ч ашиг сайн олохгүй. Бид жил мэргэжлийн хяналтын шалгалтад ургацынхаа дээжийг өгч нитрат бүх зүйлийг нь шалгуулж гэрчилгээ хүртэл авдаг “ гэлээ.

 


“ХОВДЫН ТАРВАС ХОР БОЛЖ БАЙНА” ГЭХ МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 10:32:38
    zochin : узбек новш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-23 09:15:12
    Зочин: Оросоос оруулсан тарвас монголд борлогдохгүй 200 гаруй хоносон шүү. Энэ бол жинхэнэ хор
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188