• Өнөөдөр 2024-05-17

“М ГАРЬД” БАГИЙН ТАМИРЧИД: Дасгалжуулагч маань байгаагүй бол бид сагсан бөмбөгийг орхих байсан

2022-07-22,   1012

   “М Гарьд” багийн бэлтгэлээ хийж байгаа “Этүгэн” их сургуулийн II байранд хүрч очлоо. Бэлтгэлийн заалны хаалганд дөхөөд эхэлмэгц л заалнаас бөмбөг залах, пүүз чихрах дуу гарч, дотроос чанга чанга хашхирч байна шүү.

-ГАВЬЯАТ О.БАЯРЦОГТЫГ АЖЛАА ӨГӨХӨД ШАВЬ ДАГАЖ ИРЭН “М ГАРЬД” БАГИЙГ БҮРДҮҮЛЖЭЭ-

    ХБНГУ-ын Варендорф хотод зохион байгуулагдсан 3х3 сагсан бөмбөгийн армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Алдар Танан Гарьд” Монгол Улсаа төлөөлөн оролцож, хүрэл медаль хүртсэн талаар та бүхэн мэдэх биз ээ. Тийм ч учраас шинэ медальтнуудын баярын сэтгэгдлийг хуваалцахаар бэлтгэлийн зааланд нь хүрч очсон юм.

   Зааланд ороод очтол “М Гарьд” багийн тамирчдаас гадна хамт бэлтгэл хийж байгаа бололтой 10 орчим хүн байна. Бүгд бэлтгэл хийгээд өмсгөл, хамгаалалтын кист нь “ус” болтлоо норчихжээ. Хөлсөө цувтал гүйсэн эмэгтэйчүүд хэсэг амрахаар зогсоход Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт ирж, босгоод бэлтгэлээ үргэлжлүүлэхийг анхааруулж байна.

 

   Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч О.Баярцогт энэ улирлаас “Алдар Танан Гарьд” багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Тэрбээр ахлах дасгалжуулагч болмогцоо “Алтан Танан Гарьд”-ын дэргэд “М Гарьд” нэртэй эмэгтэйчүүдийн баг бүрдүүлсэн нь энэ. “М Гарьд” багийн олонх гишүүн Гавьяат О.Баярцогт “Этүгэн” их сургуулиас ажлаа өгөхөд дагаж ирсэн оюутны лигийн тоглогчид байх аж.

   Биднийг очихын өмнөх өдрийн тоглолтод “М Гарьд” баг ялагдал хүлээжээ. Тэгээд  ч тэр үү, О.Баярцогт дасгалжуулагч өнөөдрийн бэлтгэл дээрээ их ширүүн байх аж. Тоглогчдоо талбай тойрч гүйлгээд л, шинэ довтолгоо, хамгаалалтын хувилбаруудаа олон төрлөөр дахин дахин давтуулах аж. “М Гарьд”-ынхан ч “усан хулгана” болтлоо хөлсөө цувуулчихсан хэр нь ажиг ч үгүй бэлтгэлээ үргэлжлүүлж байлаа.

Хоёр цаг гаран үргэлжилсэн бэлтгэл О.Баярцогт дасгалжуулагчийн шүглийн дуугаар дууслаа. Бэлтгэл дууссаны дараа ч, “М Гарьд” багийн талбайг гол хэсэгт дугуйрч суугаад өмнөх тоглолтын алдаа, өнөөдрийн бэлтгэл, маргааш хэрхэн, юу сурч болох талаар дүгнэлт хийж, ярилцдаг юм байна.

    Бэлтгэл дуусахад өнөөх ширүүн багш, дайчин тамирчид энгийн нэгэн гэр бүл мэт заалныхаа шалан дээр тойрон сууж, өнөөдрийнхөө бэлтгэлийг дүгнэн ярилцана. О.Баярцогт дасгалжуулагч тэдэнд нэг бүрчлэн алдааг нь хэлж, дэлхийн шилдэг тамирчдын хэнээс нь юу суралцаж болохыг зөвлөнө. Бэлтгэлийн дараа тэр багш гэхээсээ илүү найз шиг сэтгэлд дотно инээж, хошигнох нь харагдана. Бас аав шиг, ах шиг тэднийхээ өмөг түшиг, нөмөр нь болж өгдөг ажээ. Түүний тухай шавь нар нь “манай багш ганцхан багш бус бүх хүний үүргийг гүйцэтгэдэг. Талбай дээр хатуу ширүүн хүн л дээ. Хүмүүс ч тэгж хардаг байх, гэхдээ тэмцээн, бэлтгэлийн дараа бидний аав шиг зөөлөн ааштай, хөгжилтэй байдаг. Анх 2014 онд бид багшийнхаа лагарт хээрийн бэлтгэл хийж байлаа. Тэр  үед 14 хононо гэж явсан ч сар гаруй хугацаанд хамт амьдарч, бэлтгэлээ хийсэн.  Бидний олон амжилт гаргаж, нэг баг болон нэгдэж, эв найрамдалтай, энэ олон жил сагсан бөмбөгийн спортоор бууж өгөлгүй хичээллэсний шалтгаан бол багш минь юм. Унах үед түшиг,  урам хугарах үед сэтгэлийн ташуур өгдөг тийм л хүн дээ” гэв.

    Хурд хүч, авхаалж самбаа гал гарсан тоглолт үзүүлж, үзэгчдийг байлдан дагуулж чаддаг “Оюутны лиг”-ийн MVP Ө.Индра тус багийн хамгийн нас балчир тоглогч ажээ. Урьд нь түүнийг цэнхэр дэлгэц, цахим орчноос харж биедээ баймгүй дайчин, хурц түрэмгий зантай охин байх гэж  боддог байв. Гэтэл нүүр тулан уулзаж цөөн хором ярилцан суухад өөр нэгэн Ө.Индратай танилцлаа. Тэрбээр нам дөлгөөн дуутай, зөөлөн харцтай, үе үе багийнхнаа инээлгэчихдэг хошин мэдрэмжтэй,  сэргэлэн цовоо, гэрэл цацарсан нэгэн ажээ.

   Түүнээс талийгаач О.Дөлгөөн агсны талаар асуухад царай нь барайж, дуугаа хураачихсан. Заалны хоймор хэсэгт байрлах #17 дугаарыг хараад асуухгүй өнгөрч чадаагүй юм. Тэр ахыгаа дэндүү ихээр санадаг бололтой. Ө.Индрад гэлтгүй “Этүгэн”-ээр овоглодог тамирчид, монголын сагсан бөмбөг сонирхогчдод О.Дөлгөөн агсны орон зай үргэлж үгүйлэгдэх нь тодорхой. Тэрээр богинохон хугацаанд гялалзаж, монголчуудыг нэгтгэж чадсан харваад өнгөрсөн гэрэлт од байсан юм .

-Өдөр болгон ажилдаа явж, бэлтгэж хийдэг гэхээр маш их завгүй амьдардаг байх. Чөлөөт цаг хэр гардаг вэ. Шантармаар үе байсан уу?

     -Б.Цацрал: Бид сонирхогчид бус мэргэжлийн тамирчин болохоор долоо хоногт нэг л өдөр бэлтгэл хийхгүй амардаг. Заримдаа заалнаасаа гарахдаа үнэхээр заа ёо одоо үнэхээр чадахгүй юм байна, өөр юм хийгээд явъя гэж бодох үе байдаг. Гэхдээ тэр бодол түрхэн зуурын зурвасхан бодол л доо. Тэгээд маргааш өглөө нь дахиад л цүнхээ үүрч ирээд бэлтгэлээ жаргалтайгаар хийдэг.

-Тэмцээн гэдэг мэдээж хожил хожигдол ээлжилж байдаг шүү дээ. Ялах мэдрэмж мэдээж сайхан. Харин ялагдах үедээ сэтгэлээр унах, түүнээсээ болж муудалцах үе гарч байсан уу?

-У.Энэрэл:Тоглолт болгоны дараа багш маань бидэнд юу болоогүй, яаж сайжрах ёстойг хэлдэг. Гутрах гэхээсээ илүү алдаагаа засаж, бэлтгэлээ хийгээд, хоорондоо илүү сайн ярилцаад дараагийнхаа тоглолтод дотроосоо шатаж тоглодог.

-Багийнхныхаа тухай яриач. Хэн нь ямар зан чанартай вэ?

            -Манай Б.Цацралын хувьд бол ямар үед хэн байхаа мэддэг. Баш дунд бусдыгаа байнга хөгжөөж явдаг нэг хүн байдаг даа тэр хүн нь Б.Цацрал. Харин У.Энэрэл бол манай багийн том эгч үнэхээр зарчимч хийх ёстой бол хийнэ. Ө.Индра бол бид нараас хамгийн сэтгэл зүй өндөртэй, шартай тоглодог тамирчин энэ нь тоглолт дээр давуу тал болж өгдөг.

-Оролцсон бүх л тэмцээн сайхан дурсамжаар дүүрэн байдаг байх. Тэр дундаас хамгийн дурсамжтай тэмцээн гэвэл аль тэмцээнийг хэлэх  вэ?

            -Б.Цацрал: 2019-2020 оны жилийн “Оюутны лигийн тэмцээнд “Этүгэн”-ний шигшээ баг хос алтан медаль авч байлаа. Яг энэ ханан дээр арын ханан дээр байгаа зурган дээрх анхны бүрэлдэхүүнээрээ оролцож байсан. Бүгд байсан гэдэг утгаараа ч юм уу хэзээ ч мартагддаггүй.

-Энэ олон спорт байхад яагаад сагсан бөмбөгийг сонгож тоглосон юм бэ?

            -Б.Цацрал: Сагсан бөмбөг хүнийг нийтэч олонтойгоо болгодог спорт. Миний хувьд анхнаасаа л энэ спортод дуртай байсан. Байрныхаа гадаа эгч нарыг тоглохыг хараад л эхлээд бөмбөг залж сураад л болсон болоогүй замбараагүй сагс сурсан. Тэгээд оюутан болоод илүү цэгцтэй дүрэмтэй нь сураад оюутны лигт тоглоод, одоо мэргэжлийн тамирчин болсон байна даа.

            -Б.Өнөрзаяа: Би анх жүдогоор барилддаг байсан л даа. Тэгээд ах эгч нарыгаа сагсан бөмбөг тоглоход нь цуг дагаж явсаар байгаад л нэг мэдсэн энэ спортод татагдчихсан байсан. Бөмбөг гэдэг их элдэвтэй, шидтэй хүнийг татдаг зүйл шиг санагддаг.

-Магадгүй хариулахад хэцүү байх. Гэхдээ энэ заалны хойморт өмсгөл нь мөнхөрч үлдээд цэл залуугаараа хорвоог орхисон хоёр хүний орон зай хэр үгүйлэгдэж байна вэ?

            -Б.Цацрал: Энэ талаар ярихад бидэнд үнэхээр хэцүү байдаг л даа. Зааландаа ирээд бэлтгэлээ хийж байх даа хэрвээ байсан бол гэж бодох үе зөндөө байдаг.

            -У.Энэрэл: 2014 онд хээрийн бэлтгэл хийж байх үед О.Дөлгөөн, Т.Их-Уул хоёр минь хамт байлаа. Тэр үед хамт амьдраад бэлтгэлээ хийгээд бид яг нэг цул болсон байсан. Энэ хоёрын минь байхгүй орон зай үнэхээр хэцүү нөхөж барамгүй байдаг. Гэхдээ бидний зүрхэнд үргэлж салшгүй хамт оршдог гэж боддог.

-Заа эргээд тэмцээнийхээ тухай ярьцгаая. Дэлхийн аваргад оролцох бэлтгэлээ хэрхэн хийсэн бэ?

            -Энэ тэмцээнд явах үгүй нь мэдэгдэхгүй байсан хариу нь ирэхгүй байж байгаад тэмцээн болохоос хоёр хоногийн өмнө оролцох эрхээ авсан. Өмнө нь 5x5 ийн бэлтгэл хийж байсан ч 3x3 үнэхээр өөр юм билээ. Арван минут тасралтгүй довтолгоо хамгаалалт хийхээр үнэхээр ядардаг юм билээ.

-Эмэгтэй сагсан бөмбөг хэр хөгжиж байна гэж бодож байна вэ?

            -Нэг үеэ бодвол эмэгтэй баг ордог тэмцээнүүд олон болоод байна. Тэрийгээ дагаад мэргэжлийн эмэгтэй сагсчид олон болж байгаа. Цаашдаа ч илүү хөгжинө гэж боддог доо. Манай багш үргэлж бидний дараагийн үеийг бэлтгэж байдаг.

-Багшдаа хандаж хэлэх үг байна уу?

            -Одоо ингээд бодоход “баяртай багшаа” гэж хэлсэн нь олон ч “баярлалаа багшаа” гэж хэлсэн нь цөөн юм байна. Бид нарын төлөө үргэлж байдаг үнэхээр их баярлалаа.

-Дараагийн үеийн дүү нартаа юу зөвлөмөөр байна вэ?

            -Манай багшийн бидэнд хэлдэг үг байдаг л даа. Талбай дээр эрэгчин эмэгчнээ үзэж,  эмэгтэй хүн гэдгээ мартаж, шатаж тогло. Харин талбайгаас гараад биеэ цэгцтэй зөв авч яваарай. Хүнлэг хүн байгаарай. Та нарын бүхий л үйлдэл ил байдаг шүү.


“М ГАРЬД” БАГИЙН ТАМИРЧИД: Дасгалжуулагч маань байгаагүй бол бид сагсан бөмбөгийг орхих байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188