• Өнөөдөр 2026-10-23

Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа

2026-08-28,   346

       Геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбар бол Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн суурь салбарын нэг. Гэвч салбарын онцлог, шинжлэх ухаанч байдлыг мэргэжлийн түвшинд ойлголгүйгээр улстөржүүлэх, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх явдал байсаар иржээ.

        Энэ нөхцөлд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь салбарын мэргэжлийн байгууллагууд нэгдэн ажиллах чухал боломжийг бүрдүүллээ. Уг хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ оны тавдугаар сарын 8-нд нэмэлт, өөрчлөлт орсон байна.

       Энэ эрх зүйн шинэ орчны хүрээнд энэ оны долоодугаар сарын 21-нд геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарын 38 мэргэжлийн холбооны 47 төлөөлөгч оролцсон Их хурал болж, “Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо”-г байгууллаа.

       Их хурлаар холбооны нэр, дүрэм, бүтэц, суурь зарчмыг баталж, Г.Батцэнгэлийг нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгосон байна. Мөн геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарын төлөөллийг багтаасан 11 гишүүнтэй Удирдах зөвлөл, гурван гишүүнтэй Хяналтын зөвлөлийг байгуулжээ. Удирдах зөвлөлийн тэргүүнээр доктор Д.Цогбаатар сонгогдсон байна.

   Шинэ холбоо байгуулагдсан нь зөвхөн шинэ байгууллага бий болгосон хэрэг биш. Олон жилийн турш салангид ажиллаж ирсэн мэргэжлийн холбоодын дуу хоолойг нэгтгэж, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, төр засаг болон олон нийтэд мэргэжлийн байр суурийг хүргэх шинэ боломж гэж харж байна.

    Цаашид мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, мэргэжлийн ёс зүйг бэхжүүлэх зэрэг олон ажил холбооны өмнө байна.

     Өнөөдөр уул уурхайн салбарын тогтвортой хөгжил нь зөвхөн олборлолт, үйлдвэрлэлээр хэмжигдэхээ больсон. Эдийн засаг, байгаль орчин, технологи, хүний нөөц, олон нийтийн оролцоо зэрэг олон талын уялдаа холбоог хангах шаардлагатай болсон. Тиймээс эв нэгдэл, мэргэжлийн дуу хоолой, хамтын шийдвэр, харилцан дэмжлэг нь салбарын хөгжлийн дараагийн шатанд хүрэх гол нөхцөл болж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  


Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-08-29 08:30:12
    Зочин: Мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалтын төлбөр их өндөр болсон байна лээ. Нэг гэрчилгээ авах сургалтын төлбөр нь 700-800 мянган төгрөг. Жилд ойролцоогоор 100-200 хүн энэ гэрчилгээг авдаг гэж бодвол аль нэг ТББ л дунджаар 150-200 сая төгрөг олдог гэсэн үг. Мэргэшсэн болон зөвлөх авсан салбар бүрийн хүмүүс нь буцаагаад компаниудын тусгай зөвшөөрөл авахад нь энэ гэрчилгээгээ 2-3 сая төгрөгөөр ашиглуулдаг. Мөн тендер авах болон бусад төслийн бизнест ашигладаг. Ийм л эргэлдсэн мөнгөний тойрог байна даа. Хамгийн харамсалтай нь тэр мэргэшсэн болон зөвлөх гэсэн гэрчилгээг авсан хүмүүс нь ямар ч мэдлэг байхгүй, зүгээр л мөнгөө төлөөд авчихсан байдаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-08-29 08:17:00
    Зочин: Улс төрчид ихэнх нь ТББ -тай. Энэ нь ямар нэг аргаар олсон мөнгөө ТББ -р дамжуулан угаах, эргэлдүүлэх, нуух зэрэг боломжийг олгодог байж болзошгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-08-29 08:10:29
    Зочин: Ийм төрийн бус байгууллагууд хэдэн мянгаараа байдаг. Тухайлбал: "Монголын Барилгын инженерүүдийн холбоо" ТББ -г компаниудаас жил бүр татвар, татаас авдаг, мэргэшсэн болон зөвлөх инженер гэсэн 14 хоногийн сургалтанд суулгасан гэрчилгээг гаргаж өгөх нэрийдлээр маш их хэмжээний ашиг олдог гэж Мөнх-Эрдэнэ лайв хийж байсныг ард түмэн мартаагүй л байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188