“Эх бүрдийн домог” киноны Догшин хар, “Давааны цаана даваа”-ны Жав дарга, “Ичээнд нь” Мөнхнасан, “Отелло”, “Гамлет”, “Лир ван”, “Хоёр эзний ганц зарц”, “Найрын ширээний ууц”, “Нандин эрдэнэ” зэрэг жүжиг, киноны гол болон туслах дүрийг бүтээж, театрын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Нямсүрэнгийн охин Уранбаттай ярилцлаа.
-Таны аав аль нутагт төрж, өссөн бэ. Жүжигчин болох замнал нь хэрхэн эхэлж байсан бэ?
-Аав минь 1939 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Баянбулаг гэдэг газар төрсөн юм билээ. 1955 онд Хөвсгөл аймгийн Хатгал хотын 10 жилийн дунд сургууль, 1956 онд Дорнод аймгийн Уул уурхайн техник мэргэжлийн сургууль, 1996 онд Марксизм-Ленинизмын оройн дээд сургуулийн урлаг судлалын ангийг төгссөн. 1968 оноос Налайх хотын уурхайчин болж, Шарын голын уурхайн соёлын ордон, орон нутгийн соёл урлагийн байгууллагад жүжигчин, найруулагчаар ажиллаж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн байдаг.
-Таны аавыг монголчууд Догшин хар, Жав дарга, Мандуул хааны дүрээр нь илүүтэй таньж, мэддэг. Эдгээр дүрээс гадна жүжгийн дүрүүдийг гарамгай сайтар бүтээсэн байдаг. Хэчнээн жүжгийн гол болон туслах дүр бүтээж байсан юм бол?
-Аав уран бүтээлийнхээ оргил үе болох 1971-1995 онд УДЭТ-т ажиллаж, театрын тайзнаа 70 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээснээс “Отелло”, “Гамлет”, “Лир ван”, “Хоёр эзний ганц зарц”, “Найрын ширээний ууц”, “Нандин эрдэнэ”, “Эрдэмтний яриа” зэрэг жүжгийн дүрүүд нь Монголын театрын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Мөн тайзны урлагт төдийгүй дэлгэцийн бүтээлд хүчээ сорьж, 20-иод киноны гол болон туслах дүр бүтээснээс “Ичээнд нь”, “Мандухай сэцэн хатан”, “Эх бүрдийн домог”, “Давааны цаана даваа” зэрэг киноны дүрээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхөрсөн авьяаслаг жүжигчин байлаа шүү дээ. Амьдралынхаа сүүлчийн жилүүдэд мэргэжил, авьяас билгээ хойч үедээ өвлүүлэн "Харцага" кино урлагийн дээд сургуульд жүжигчний уран чадварын мэргэжлийн багшаар ажиллаж байсан ийм л гавьяатай хүн дээ, миний аав.
-Аавынхаа бүтээсэн жүжиг, киноны олон сайхан дүрүүдээс та алинд нь илүү хайртай, үзэх дуртай вэ?
-Би бага, залуу байхдаа аавынхаа бүтээсэн дүр, тоглосон жүжиг болгоныг нь ээжтэй хамт очиж үздэг байсан. Зарим хэсгийнх нь үгийг цээжилчихсэн, яаж хөдөлдөгийг нь хүртэл дуурайж хийдэг болчихсон байсан. Би аавынхаа "Давааны цаана даваа" киноны Жав даргын дүрд нь илүү хайртай. Аав минь ааш зангийн хувьд яг Жав дарга шиг хүн байсан юм. Байнга үглээд байхгүй ч хэлэх гэсэн үгээ жинтэйхэн хэлчихдэг тийм хүн байсан. Тэр киног үзэхээр аав минь яг л ийм хүн байсан даа гэж бодогдоод олон сайхан дурсамж, аавтай өнгөрүүлсэн мөчүүд сэтгэлд буугаад байдаг юм. "Эх бүрдийн домог" киноны Догшин харын дүр бол ааваас тэс ондоо шүү дээ. Тэр дүрийг аав жүжигчин хүнийхээ хувьд судалж, ур чадвараа зориулж байж бүтээсэн дүр. Жүжигчин хүн дүрээ дагаад яаж ч хувирч болдог юм байна гэдгийг аавынхаа бүтээсэн дүрүүдээс хардаг.
-Аав нь жүжиг, киноныхоо дүр дээр хэрхэн ажилладаг байсан бэ. Гэртээ бэлдэх үе байсан уу?
-Аав минь их сайхан зурдаг байсан. Тэгээд өөрийнхөө дүрийг зурж тавьчихаад заримдаа гэртээ дүрээ бэлдэнэ. Тэгэхээр нь бид "Аав юу хийгээд байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ" гэхчилэн шоолж, инээдэг байж билээ. Тухайн үед дүрээ бэлдэж байна, өөртэйгөө ажиллаж байна гэдгийг нь мэддэггүй, ойлгодоггүй байж дээ. Тийм болохоор аав байнга гэртээ давтаад, дүрээ бэлдээд байдаггүй байсан. Харин кино, жүжгийнхээ зохиолыг бол байнга гэртээ авчирдаг байсан юм. Бас кино зураг авалтаар хөдөө, гадаа явахдаа ном их авчирдаг байсан. Аавын авчирсан ном болгоныг л уншдаг байлаа. Тэр үеийн хүүхдүүд ном, сонин их уншдаг байсан.
-Аав нь хэдэн онд гавьяат жүжигчин болсон бэ. Өөрийнх нь хөдөлмөрийг төр засаг үнэлсэнд хэрхэн баярлаж байсан бол?
-Аавын минь олон жилийн хөдөлмөр, бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын гавьяат жүжигчин цол, Алтан гадас одонгоор шагнаж байсан юм. Аав минь шагналаа авчихаад Улсын драмын Эрдмийн театрт очиж, ажлынхантайгаа хамгийн түрүүнд баяраа тэмдэглэж, сэтгэгдлээ хуваалцаж байсан.
-Та ээжийнхээ талаар ярьж өгөөч. Аавынх нь тоглосон жүжиг бүрийг очиж үздэг байсан гэхээр ажил мэргэжлийг нь ойлгодог, хүндэлдэг хүн байжээ гэж бодлоо?
-Миний ээжийг Н.Үржинханд гэдэг байсан. Ээж минь банканд ажилладаг байлаа. Түүнээсээ өмнө мөн Налайхын Соёлын ордонд сайн дурын уран сайханчаар ажиллаж байгаад аавтай танилцсан гэдэг. Тийм болохоор аавын ажил мэргэжлийг хамгийн сайн ойлгодог, мэддэг хүн бол ээж байсан. Бүтээсэн дүр болгоныг нь үздэг дэмждэг мөртлөө тэр дүр чинь ийм болсон байна, тэгсэн байна гэхчилэн шүүмжилдэггүй хүн байсан. Бас ар гэрийнхээ асуудлыг, ажлыг бүгдийг нь ээж ганцаараа шахуу бөөцийлдөг байлаа шүү дээ. Аав зураг авалтаар байнга л хөдөө, гадаа явдаг байсан. Аав мягмар гараг бүр амардаг байсан болохоор бид аавын амралтыг хүлээж, хийсэн хоолыг нь идэх гэж яардаг байлаа. Би эцэг, эхээс гурвуулаа. Аав бидэнд "Хүн битгий шоолж бай" гэж их захидаг байсан. Би хүн их шоолдог байсан болохоор аав түүнд минь их санаа зовдог байсан байх. Одоо ч заримдаа хүн шоолмоор санагдах үе байдаг. Гэхдээ аавынхаа үгийг санаад тэвчээд өнгөрөөчихдөг болсон байна лээ.
-Та аавынхаа ямар зан чанарыг илүүтэй дуурайсан бэ. Аав нь шооч хүн байсан юм уу?
-Сүүлд аавтай хамт ажиллаж байсан уран бүтээлчидтэй уулзаж байхад аавыг их шооч хүн байсан гэж ярьж байсан. Бас их хошин мэдрэмжтэй хүн байсан би боддог юм. Аавыг байхад манайд уран бүтээлчид, жүжигчид, аавын найзууд их ирдэг байсан. Тэдний яриаг сонсоод л баймаар санагддаг байж билээ. Их гоё ярьдаг, сайхан хүн зөндөө байсан. Тэд гэрт ирчихээд уран бүтээл, дүрийнхээ талаар ярихаас гадна чин сэтгэлийн, найз нөхдийн яриа их өрнүүлдэг байсан санагддаг юм.
-Та аавыгаа ямар аав, хэр зэргийн гэрийн эзэн байсан гэж дурсан ярих вэ?
-Аав минь маш тайван, дөлгөөн хүн байсан. Би аавыгаа хамгийн сайн хань, хамгийн сайн аав, хамгийн үнэнч найз байсан болов уу гэж боддог. Аавыг Догшин хар, Мөнхнасангийн дүрээр нь зарим хүн их ааштай, ууртай гэж боддог байсан юм билээ. Харин аавтай уулзсан, танилцсан, ярилцсан хүмүүс бол аавыг ямар сайхан ааш зантай хүн бэ гэдгийг сайтар мэднэ. Уулзсан хүмүүстээ дулаахан, сайхан сэтгэгдэл төрүүлдэг болохоор аавыг хүмүүс ч их дурсан санадаг. Аавд минь элдвийн муухай араншин, биеэ тоосон зан огт байдаггүй байсан. Хаа холоос хүмүүстэй мэндэлдэг тийм л нийтэч, эелдэг хүн байсан даа, хөөрхий. Түүнийг нь харсан ээж тэсэлгүй "Чи наад хүнээ дөхөөд ирэхээр нь мэндэлж болдоггүй юм уу. Холоос л сайн уу, гээд хашхираад байх юм" гэдэг байж билээ.
-Таны аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн сайхан мөч хэзээ байсан бэ?
-Аавтайгаа гудамжаар алхах хамгийн сайхан байдаг байлаа. Хүмүүс аавыг таньчихаад л "Тэрийг хар аа, тэрийг хар аа, догшин хар явж байна, Жав дарга явж байна" гэхчилэн хоорондоо шивнэлдэнэ. Зарим нь аавыг зориод ирнэ, зарим нь айгаад ирж чадахгүй, холоос нууцхан хардаг байсан. Аав дээр тал талаас хүмүүс шаваад ирэхээр би хол очоод зогсчихдог байсан. Тэгээд аавын тухай ярьж байгаа хүмүүсийн яриаг сонсоод их баярладаг байж билээ. Тэр үед би ааваараа илүүтэй бахархаж, хамгийн нандин, сайхан мэдрэмжийг авдаг байсан.
Н.УРАНБАТ: ААВ МИНЬ ДОГШИН ХАР, ЖАВ ДАРГА, МАНДУУЛ ХААНЫ ДҮРД ГАРАМГАЙ ТОГЛОСНООС ГАДНА 70 ГАРУЙ ЖҮЖГИЙН ГОЛ БОЛОН ТУСЛАХ ДҮР БҮТЭЭЖ БАЙЛАА |
|
2025-10-23 14:31:46
2025-10-23 14:28:41
2025-10-23 13:43:05
2025-10-23 13:19:16
2025-10-23 12:21:58
2025-10-23 11:39:04
2025-10-23 11:22:12
2025-10-23 11:03:48
2025-10-23 10:56:32
2025-10-23 10:49:16
2025-10-23 09:44:13
2025-10-23 09:38:47
2025-10-23 08:26:18
2025-10-23 07:54:27
2025-10-23 07:30:00
2025-10-23 07:20:00
2025-10-23 07:10:00
2025-10-23 07:00:02
2025-10-23 07:00:00
2025-10-23 07:00:00
2025-10-23 07:00:00
2025-10-23 07:00:00
2025-10-23 06:00:00
2025-10-23 06:00:00
2025-10-22 18:12:36
2025-10-22 17:54:13
2025-10-22 17:45:17
2025-10-22 17:32:22
2025-10-22 17:17:26
2025-10-22 17:09:26
2025-10-22 14:35:19
2025-10-22 14:32:11
2025-10-22 13:27:54
2025-10-22 13:01:03
2025-10-22 12:36:13
2025-10-22 12:33:37
2025-10-22 12:21:28
2025-10-22 12:05:02
2025-10-22 11:57:33
2025-10-22 11:09:31
2025-10-22 11:08:06
2025-10-22 10:37:13
2025-10-22 10:20:33
2025-10-22 10:00:00
2025-10-22 09:50:38
2025-10-22 08:28:35
2025-10-22 08:08:33
2025-10-22 07:21:00
2025-10-22 07:10:00
2025-10-22 07:08:23
2025-10-22 07:00:16
2025-10-22 07:00:00
2025-10-22 07:00:00
2025-10-22 07:00:00
2025-10-22 07:00:00
2025-10-22 07:00:00
2025-10-22 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |