-Яг одоо үзэгчдэд хүрч буй “Орь дуу” киноноос нь яриагаа эхэлье. Эл киноны дүрд хэн, хэрхэн танд санал тавьсан бэ. Эсрэг талын дүр байсан шүү дээ?
-П.Дэлгэрбаяр, У.Пүрэвжав хоёр найруулагч маань над руу яриад “Орь дуу” гээд кинонд Цэдэнпил гээд дүр байна, зохиол уншаад үз” гэснээр очиж, уншаад энэ дүр дээр ажилласан. Нэлээд эвгүй дүр л дээ. Кино ч эвгүй. Гол дүрийн охиныг айхтар хэрцгийгээр хөнөөгөөд байгаа нь зөвшөөрөгдөөд байгаа байхгүй юу. Ер нь ч тэгээд П.Дэлгэрбаяр найруулагчийн өөрийнх нь хийдэг киноны төрөл жанр, зохиол, дүрүүд, найруулагчийн хийцлэл, арга барил өөр л дөө. Тэр ч утгаараа “Орь дуу” бол нэлээд үзэлттэй, сонирхолтой, хүнд жанрын кино.

-П.Дэлгэрбаяр найруулагчтай та өмнө нь хамтарч байсан байх. Тэр ч үүднээс танд “Орь дуу” киноны Цэдэнпилийн дүрийг өгсөн байх. Санал тавихдаа онцолж хэлсэн зүйл бий юү?
-1993 оноос бид хоёр нэгнээ мэднэ. Тухайн үед “Ам цагаан хулгана” гээд хүүхдийн кинонд би гол дүрд нь тоглож, П.Дэлгэрбаяр маань шоронгийн хүний айхтар дүр бүтээж байсан. Түүнээс хойш би түүний “Илд цэцэг” тэргүүтэй хэд хэдэн уран бүтээлд орж байсан. "Орь дуу" киноны Цэдэнпилийн дүрийн тухайд намайг тохирно гэж үзсэн байх. Түүнээс найруулагчийн зүгээс онцолж хэлсэн зүйл үгүй.

-Мэдээж "Орь дуу" киноноос ч амнө "Ацаахийморь” кино яригдах байх. Тус киноны Намсрайгийн дүрд та хэрхэн тоглох болов?
-Энэ киноны найруулагчаар Ш.Ихбаяр, Б.Амарсайхан нар ажилласан. Тэгээд Амараа маань нададэнэ дүр дээр тоглох санал тавихад нь зохиолоо уншаад үзсэн, их таалагдсан. Эргээд бодохоор хүмүүст таалагдаад байгаа нь хэт хэтрүүлэгтэй жүжиглэлт байхгүй, амьдрал дээр байдаг шиг энгийн тоглолттой нь болов уу гэж бодож байна.Найруулагч ч биднээс энгийн тоглолтыг илүүтэй шаардаж байсан.

-Намсрай цагдаагаас гадна гэр бүл, хүүхдүүддээ цаг гаргадаггүй аав шүү дээ. Дүрээ бүтээхэд танд аав нь илүү ойрхон туссан бол.
-Ярих амархан. Амьдрал дээр ярьсан шигээ хэрэгжүүлнэ гэдэг их хэцүү. Өөрсдөө ч сайн мэдэхгүй байж, мэддэг юм шиг зөвлөдөг байдал бүх аав, ээж нарт байгаа шүү дээ. “Ацаахийморь” киноны Намсрай бол яг л тийм аав. Эхнэрээсээ тусдаа амьдардаг, хоёр хүүхэдтэй. Хүүхэдтэйгээ уулзахаараа өөрөө чадахгүй байж, хий дэмий зааварчилгаа өгч, цагдаа болохоороо “Юунаас ч битгий ай, аав нь бүгдийг нь зохицуулна” гэдэг ч бодит байдал дээрээ тийм биш. Дүрийн хувьд зарим зүйлээрээ надтай их төстэй зүйл бий, бий.

-Гол дүрд нь тоглосон уран бүтээлчийн хувьд киноны нэгэн хэлэх гэсэн санаа болох эрчүүдийн хийморь лундаа унаж, сэтгэл зүйн хувьд хүнд байгаа байдлыг хэрхэн харж байгаа вэ?
-Тийм ээ. манай найруулагчийн харуулья гэсэн нэг өнцөг тэр байсан гэж боддог. Эрэгтэй, эрэгтэй хүмүүсийг адилхан зам дээр тавиад барианаас гаргах юм бол хамгийн тэвчээртэй, гүргэр нь эмэгтэй хүн байдаг. Эрчүүд яах вэ, бэлэг тэмдэг төдий уйлж, гомдож, шантарч болохгүй, ноён нуруутай байж бүх ачааг нуруун дээрээ үүрэх ёстой гэдэг. Гэхдээ бодит байдал дээрээ эрэгтэй хүн сэтгэлийн тэнхээ хамгийн тааруу нь шүү дээ.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Бид “Me-zone” гээд кино аппликэйшн хийсэн байгаа. Одоо энэхүү аппликэйшндээ оруулахаар “Ээжийн зам” гээд хоёр дахь бүтээлээ хийх гээд зохиол дээрээ ажиллаад байж байна. Зургадугаар сарын сүүлээр киноны маань мотор дуусахад бэлэн болсон байна. Та бүхэн маань “Me-zone” аппликэйшныг татаад, бидний бүтээлээр аялаарай гэж урих байна. Энэхүү бүтээл дээрээ би мөн нэгэн мөрдөгчийн дүрд ажиллаж байна.
-Ихэвчлэн эсрэг дүр бүтээж буй. Өөр тоглохыг хүсдэг, боддог дүр бий болов уу?
-Миний хувьд ийм, тийм дүр дээр тоглох сон гэхээс илүүтэй намайг сонгож, санал тавьж буй бүтээлд зохиолоо уншаад, таалагдвал орохыг хичээдэг. Харин дэлхийн том жүжигчдийн бүтээлийг үзээд, "Үүн шиг дүр бүтээх сэн" гэж бодож, мөрөөдөх нь бий. Тухайлбал, би Том Хэнкс, Том Харди нар шиг дүрд ажиллахыг хүсдэг юм. Нэг ёсондоо жүжигчний жаахан ажиллагаатай дүр дээр ажиллах сан гэж бодож явдаг.
-Ямар уран бүтээлчээс үлгэр дуурайлал авдаг вэ. Хэн таныг мэргэжилд нь илүү хөтөлсөн бэ?
-Манай ангийнхан байна, багш нар байна. Эдгээрээсээ л үлгэр дуурайлал авдаг. Саяхан бурхан болсон бидний хайртай И.Нямгаваа багш, олон түмний хайртай Итгэл баяны дүрд тоглодог А.Очирбат гуай байна. Мөн О.Бат-Өлзий, Ш.Алтанцэцэг гээд багш нар маань бий. Түүнчлэн Хүүхэд залуучуудын театрт байсан ахмад уран бүтээлчидтэй бид оюутан байхдаа их ойр дотно байсан. Энэ сайхан хүмүүсээс, уран бүтээлч найз нөхдөөсөө үлгэр дуурайлал авдаг даа. Тэр дундаа багш нарынхаа хэлсэн захисныг биелүүлэхийг илүүтэй хичээдэг.
.jpeg)
-Үзэгчдээс ирж байгаа шүүмжлэл, магтаалд хэрхэн ханддаг вэ?
-Үнэндээ нэг их сэтгэгдэл уншдаггүй, сошиалаас жаахан зугтаадаг. Харин орохоороо аль болох гэрэл гэгээтэй юм үзэж, уншихыг хичээдэг. Тэгэхгүй бол өглөө босоод л сошиал руу ороход өчигдөрхөн таарсан хүн маань маргааш нь үгүй болсон байх шиг хэцүү шүү дээ. Дүр, киноны тухайд хүмүүс янз бүрийн л сэтгэгдэл илэрхийлдэг юм шиг байна лээ. Би бол айхтар уншихыг хүсдэггүй. Харин “Ацаахийморь” киноны Намсрайгийн дүр дээр хүмүүс муулахаасаа илүү магтсан нь их байсан. Яах вэ, энэ бол жүжигчний амьдрал. Зарим зүйлийг шууд утгаар нь хүлээн авч байгаа үзэгчид ч байна. Тэр бол хүн хүний өөрийн л асуудал шүү дээ.
-Уран бүтээлийн санал их ирж байгаа байх. Хэрхэн сонголт хийж, юуг нь голчлон хардаг вэ?
-Тийм ээ. Саналууд ирж байна. Наадмаар хийх нэг уран бүтээлийн санал ирсэн. Зохиолыг нь арай уншиж амжаагүй байгаа. Аль болох зохиолоо уншиж үзээд, таалагдсандаа тоглоод явахыг боддог. Айхтар сонголт хийж, шалгуур тавьдаггүй. Зохиол л гол нь юм байна. Зохиолоо уншиж байгаад л шийддэг дээ.

| Э.УУГАНБАЯР: “АЦААХИЙМОРЬ” КИНОНЫ НАМСРАЙ ЗАРИМ ТАЛААРАА НАДТАЙ ТӨСТЭЙ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |