Улсын онцгой комиссын хуралдаанаар зөвшөөрөгдсөн 13 байгууллагын ажилчид болон бараа, үйлчилгээний хүргэлтийн машиныг энгийн горимоор явуулах шийдвэр гаргалаа. Ингэхдээ ирэх даваа гарагаас автомашинууд QR кодоо уншуулаад хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ талаар бид Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөс тодрууллаа.
-Нийслэлд замын хөдөлгөөнд оролцох машинуудыг QR кодоор зорчуулахаар болжээ. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөөч?
-Ер нь чиглэл чиглэлээрээ харьяалагдах байгууллагад хандаж, QR кодын бүртгэлээ хийлгэнэ. Тухайлбал, хот нийтийн аж ахуйд хамаарах авто машиныг манайд буюу Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн газарт бүртгэж байгаа.
Дээрх QR код бүхий цаасанд Улаанбаатар хотод нэвтрэх машины зөвшөөрөл, машины дугаар хамт гарч ирнэ. Үүнийгээ машины шилэнд байрлуулснаар замын цагдаа нар QR кодоор тухайн машины зөвшөөрлийг шалгах боломжтой юм.
-Бараа, үйлчилгээний хүргэлтийн машинуудыг QR кодоо хаанаас, яаж авч байгаа вэ. Танайд харъяалагдаж байгаа юу?
-Хүнсний чиглэлийн 770 үйлдвэр байна. Хүнсний хангамж хүргэдэг томоохон сүлжээ дэлгүүр, үйлдвэрийн 2000 машин, хүнс импортын 220 ААН-ийн 2000 машин 7:00-17:00 цагийн хооронд, тээврийн хязгаарлалтгүйгээр 3761 дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ хүргэх юм. Ингэхдээ түгээлт хүргэх дүүрэг бүрт бүртгэл хийлгэж, байгууллагын регистрийн дугаар, машины улсын бүртгэлийн дугаар, марк зэргийг дүүргийн хүнс үйлдвэрлэлийн газарт мэдээлнэ.
Дүүрэг бүрийн хүнс үйлдвэрлэлийн хэлтэс нь Улаанбаатар хотын Захирагчийн албанд энэ мэдээллийг хүргүүлэх ёстой. Үүнийг бид нэгтгэж, Замын инженерчлэлийн газрын нэгдсэн системд холбож өгнө. Ингээд Улаанбаатар хот дахь смарт картын машинаас QR кодоо хэвлүүлэн авах боломжтой. Дээрх QR код бүхий цаасанд Улаанбаатар хотод нэвтрэх машины зөвшөөрөл, машины дугаар хамт гарч ирнэ. Үүнийгээ машины шилэнд байрлуулснаар замын цагдаа нар QR кодоор тухайн машины зөвшөөрлийг шалгах боломжтой юм.
13 байгууллагын ажилтан, алба хаагчид автомашинаа 1800-1200 утсаар болон smartcar.mn цахим хаягаар нэвтэрч бүртгүүлэх боломжтой
-Албан байгууллагын машинууд регистрийн дугаараар зөвшөөрөл авах юм байна. Хувиараа түгээлт хийдэг иргэдийн тухайд хаанаас яаж, QR кодоо авах юм бэ?
-Хувиараа бизнес эрхлэгчид дүүргийнхээ хүнс үйлдвэрлэлийн газруудад бүртгэлтэй байдаг. Хувиараа бизнес эрхлэгч ялгаагүй татвар төлөгчийн бүртгэл гэж байдаг. Энэ бүртгэлээрээ QR кодоо авах боломжтой.
-Ирэх даваа гараг гэхэд бүртгэл хийлгээд дууссан байх ёстой гэж ойлгосон. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Өнгөрсөн баасан гарагаас эхлүүлсэн ажил маш үр дүнтэй, хурдацтай явж байна. Дүүрэг тус бүрээс аж ахуйн нэгжүүдийн бүртгэл бүхий тусгай хүснэгт явуулсан. Үүнийг нь бид бүртгэлийн системдээ оруулж эхэлсэн. Эхнээсээ QR кодыг нь олгосон машинууд замын хөдөлгөөнд чөлөөтэй нэвтэрч байна.
-Бусад төрлийн байгуулла бүртгэл хийлгэх мэдээллээ хаанаас яаж авах вэ?
-1800-1200 гэсэн нийслэлийн онцгой комиссын шуурхай утас ажиллаж байгаа. Энд тусгай чиг үүргийн 13 байгууллагын төлөөлөл ажиллаж байна. Эдгээр байгууллагын ажилтан, алба хаагчид автомашинаа дээрх утсаар болон smartcar.mn цахим хаягаар нэвтэрч бүртгүүлэх боломжтой.
Т.ГАНТӨМӨР: QR кодоор хөдөлгөөнд оролцох автомашинууд smartcar.mn цахим хаягаар нэвтэрч бүртгүүлэх боломжтой |
|