Сүүлийн гурав хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс “COVID-19” халдвар илэрчээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн таван хүний давтан шинжилгээ, аравдугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг хүний давтан шинжилгээ, арвандүгээр сарын 7-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины нэг жолоочоос халдвар илэрсэн. Мөн энэ сарын 8-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолооч, аравдугаар сарын 17, 18-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины гурван жолоочид хийсэн давтан шинжилгээгээр мөн халдвар илэрлээ. Гурван жолооч нь Монгол Улсын иргэн” гэлээ.
Мөн тэрбээр "ХӨСҮТ-ийн халдвар илэрсэн сувилагчтай хамт ажиллаж байсан таван ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй" гэлээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний халдварын 368 тохиолдол бүртгэгдсэнээс 317 нь эдгэрээд байна. ХӨСҮТ-д одоогоор 49 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүн хүнд, долоо нь хүндэвтэр, 41 хүний биеийн байдал хөнгөн оноштой байна.
Д.Нямхүү: Халдвар илэрсэн сувилагчтай хамт ажиллаж байсан таван хүний шинжилгээ сөрөг гарсан |
|