• Өнөөдөр 2024-05-17

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Коронатай, Шилэн данстай, Орголттой, Ерөнхийлөгчийн сонгуультай ДОЛОО ХОНОГ

2020-11-07,   864

Өнгөрөгч долоо хоногт улс төр, нийгэм, дэлхий дахинд олон онцлох үйл явдлууд өрнөлөө. Тухайлбал, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан иргэн оргоод баригдлаа. ХБНГУ-д МИАТ-ыг төлөөлдөг дөрвөн ажилтан коронавирусийн халдвар авсан нь тогтоогдлоо. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд улсын мөнгийг хувьдаа завшиж, дураараа цацаж байсан нь Шилэн дансаар ил боллоо. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. Дотоодоос илэрсэн коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Эргэлт.мн мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногт өрнөсөн эдгээр онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 
                   

Коронавирусийг дотооддоо алдсан анхны тохиолдол бүртгэгдлээ

Өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт дотоодоос коронавирусийн халдвар илэрсэн анхны тохиолдол бүртгэгдлээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Коронавирусийн голомтод ажиллаж байсан сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрлээ. Коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Сүүлийн багийн сувилагчаас коронавирус илэрсэн. Гэхдээ хяналтын буюу тусгаарлалтын хугацаанд байх хугацаанд халдвар илэрсэн. Тэгэхээр манай сувилагч гэр бүлийнхэнтэйгээ уулзаагүй, биеийн байдал нь хэвийн байгаа. Бид хаана халдвар алдагдсаныг шалгаж байна. Тухайн хүнийг тусад нь тусгаарлаж байгаа. Бусад таван хүнийг ажиглалтад байлгаж байна” гэх мэдээлэл өгсөн. 
 
Коронавирусийн халдвартай иргэдийг эмчлэх нэг баг эмч, сувилагч, асрагч, ариутгагч зэрэг зургаан хүнтэй бөгөөд 14 хоног ажиллаад, 14 хоног тусгаарлагдаж буй. 
Дотоодоос халдвар илэрснээр олон нийтийн дунд “Тусгаарлагдах хугацаандаа бусад таван хүндээ халдвар тараасан, цаашлаад ямар нэг байдлаар гадагшаа алдсан байх магадлалтай” гэх болгоомжлол бий болсныг хэлэх нь зүйтэй. Өмнө нь олон нийт “Манай улс энэ эрчээрээ коронавирусийг дотооддоо алдахгүй бол “Геннисийн ном”-нд бичигдэнэ” гэх эерэг сэтгэгдэлтэй байсан ч ийнхүү талаар болов. 
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол нийт 356 байна. Тэднээс 37 нь хөнгөн, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна. 
                     

Тусгаарлах байрнаас оргосон иргэн баригдав

Алтанбулагийн боомтоор өнгөрсөн аравдугаар сарын 14-нд орж ирсэн иргэн Н Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байх үедээ тусгаарлалтын байрнаас оргосон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарлаа. Хэрвээ тухайн иргэн коронавирусийн халдвар тээгч бол Сэлэнгэ аймагт, цаашлаад улс даяар халдвар тархах маш өндөр эрсдэлтэй байсан тул УОК, Шуурхай штаб, хууль хяналтын байгууллагынхан шуурхай ажиллаж, арга хэмжээ авсан. Улмаар холбогдох албаныхан Сэлэнгэ аймгаас гарч байгаа машин бүрт шалгалт хийсний эцэст барьж авсан юм. Иргэн Н нь Төв аймгийн харьяат, эрэгтэй байсан бөгөөд тусгаарлалтын хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө оргосон. Харин ямар шалтгаанаар оргосноо мэдүүлээгүй. 
                           

МИАТ-ын дөрвөн ажилтан коронавирусийн халдвар авлаа

 
Герман улсад ажилладаг МИАТ-ын дөрвөн төлөөлөгч коронавирусийн халдвар авсан нь илэрлээ. Энэ тухай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Герман Улсад МИАТ-ийн дөрвөн төлөөлөгч халдвар авсан тохиолдол гарсан. Тэд эмнэлэгт хэвтээгүй. ХӨСҮТ-ийн эмч нартай холбогдож, заавар зөвлөгөө авсан. Эдгээр иргэн гэртээ өөрсдийгөө тусгаарлаж, эмчилгээ хийлгэж байгаа" гэх мэдээлэл өгсөн. 
               

“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд улсын мөнгөөр “тоглодог” булхай ил боллоо

“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд улсын хөрөнгийг хайр гамгүй "цацаж", дураараа дургисан баримтууд Шилэн дансаар ил болж, асуудлууд нь ар араасаа хөвөрлөө. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөрийг үйлдвэрийн төсвөөс төлүүлсэн, уран зураг, массажны сандал хувьдаа худалдаж авсан, 300 сая төгрөгөөр автомашин авч унасан, 205 сая төгрөгөөр архи, виски авах тендер зарласан зэрэг баримтууд цацагдлаа.  Түүнчлэн Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Эрдэнэт” үйлдвэрт 1000 ширхэг "Титэм үг" номоо 25 сая төгрөгөөр шахсан асуудал ч ил боллоо. “Эрдэнэ” үйлдвэрийн удирдлагуудын луйврын асуудал ирэх долоо хоногт ч үргэлжлэх төлөвтэй байна. 
 
Хамгийн чухал нь “Эрдэнэт” үйлдвэрт төрийн томчууд нь шахаа хийдэг, удирдлагууд нь төсвийн мөнгийг дур зоргоороо үрдэг асуудал байсаар байгааг одоо нэг тийш нь болгохыг ард түмэн Засгийн Газар, УИХ-аас шаардаж эхэллээ. 
 

Дэлхий дахины анхаарлын төвд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Өнгөрсөн долоо хоногийн бас нэгэн чухал үйл явдал нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, санал тооллогын явц байлаа. Тус сонгуулийн гол өрсөлдөөн Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден, Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч, одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп нарын дунд явагдаж байна. 
 
Явцын сүүлийн дүнгээр Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден 253 төлөөлөгчийн саналтай, Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч, одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп 213 төлөөлөгчийн саналтай явж байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах нь тус улсын дөрвөн мужийн санал тооллогын үр дүнгээс хамаарах болоод байна.
Нэр дэвшигч Жо Байден энэ сонгуульд ялна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгдэж,  нийт Америкчуудад эцсийн дүн гартал эв нэгдэлтэй, тэвчээртэй байхыг уриалаад буй.
Харин Дональд Трамп санал тооллого үргэлжилж байгаа муж бүрийн шүүхэд гомдол гаргасаар байгаа. Тэрбээр шуудангаар ирсэн саналуудыг тоолохгүй байхыг шаардаж, үүнийг сонгуулийн луйвар гэж үзэж байгаа юм.
 

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Коронатай, Шилэн данстай, Орголттой, Ерөнхийлөгчийн сонгуультай ДОЛОО ХОНОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188