Сүхбаатар дүүргийн X хороо буюу автоплазагийн зүүн талд Тэнүүн-Огоо компанийн автобус осолдож, дөрвөн машин мөргөсөн осол өнөөдөр 16:00 цагийн үед гарлаа. УБА 49 56 улсын дугаартай тус компанийн автобус нь тухайн үед Сансар орчимд саатсан автобусыг чирэхээр явж байжээ.
Ослын үед хүний эрүүл мэнд, амь нас эрсдээгүй ч дөрвөн машин дараалан мөргөлдсөн тул автомашинуудад нэлээд эвдрэл үүссэн байна. УАН 1311 улсын дугаартай KIA K5 маркийн автомашины жолооч “Түгжрэлд зогсож байхад араас гэнэт мөргөчихсөн. Толгой, хүзүү хөндүүрлээд байна. Автобусны жолооч даатгалаа дуудчихсан гэсэн. Хүлээж байна” гэв.
“Тэнүүн-Огоо” компанийн автобусны жолооч “Би амралтаа авчихсан байж байгаад саяхан ажилдаа орсон. Сансарт автобус чирэх гэж яваад автобус гэнэт тоормосгүй болоод машины араас орчихлоо. Энэ хүн тээвэрлэдэг автобус биш. Автобус чирж, баазад нь хүргэдэг. Би урьд нь ч энэ ажлыг олон жил хийсэн. Өнөөдөр ажилдаа ороод дуудлагын дагуу хүний автобусаар явж байна. Урьд нь тоормос нь ажилладаг байсан үгүйг сайн мэдэхгүй” гэлээ.

Тэнүүн-Огоо компанийн автобуснууд замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолдсон, саатсан, шатсан гэх ослууд удаа дараа гарч байсан. Энэ удаад ч мөн тэдний хариуцлагагүй байдлаас болж осол гарч, бусдын эд хөрөнгө эвдэрч, багагүй хэмжээний хохирол учруулаад байна. Тус нийтийн тээврийн компанийн жолооч нар байсхийгээд осол гаргаж, автобус нь гэнэт эвдэрдэг. Хамгийн сүүлд энэ оны зургадугаар сарын 8-нд тус компанийн автобус осолдож, жолооч нь гэмтсэн. Одоог хүртэл жолоочийн биеийн байдал тааруу дөрвөн сар гаруй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Осол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж өгөөгүйн улмаас гарсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа. Гэвч компанийн зүгээс энэ талаар тайлбар мэдээлэл өгөхөөс татгалзаж, жолооч ур чадваргүй, хурд хэтрүүлсэн гэх шалтгаанаар хэргийг хаасан. Улмаар ар гэрийн хүсэлтээр хэргийг сэргээж, шалгаж эхлээд байгаа билээ.
Тэнүүн-Огоо компанийн автобус тоормосгүй болж, дөрвөн машин мөргөлөө |
|