• Өнөөдөр 2024-05-19

МУГЖ Ц.ЧУЛУУНЦЭЦЭГИЙН охин Л.НАРАНГЭРЭЛ: “Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” дуу намайг дуучин болгосон

2023-12-27,   5246

-“Л.НАРАНГЭРЭЛИЙН ЭЭЖ "ӨНӨР БҮЛ" КИНОНЫ ЦЭРМААД ТОГЛОСОН ХӨӨРХӨН ХҮҮХЭН БАЙДАГ ШҮҮ ДЭЭ" ТЭГЭХЭД БИ НАВСАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ БОДДОГ БАЙЛАА-

           МУГЖ Ц.Чулуунцэцэгийн охин СТА дуучин Л.Нарангэрэлийг “Үргэлжлэл” булангийнхаа  энэ удаагийн дугаарт урьж, ярилцлаа. Түүний ээжийг монголын ард түмэн "Сайхан дуулдаг" хэмээн хүндэлж, уран бүтээлийг нь олон жил шимтэн сонсож байна. Мөн түүнийг  “Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрээр нь андахгүй биз ээ. Л.Нарангэрэл ээжийнхээ авьяасыг өвлөж, “Магнаг цэнхэр дэлхий”, “Ижийтэй орчлон”, “Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” зэрэг олны хүртээл болсон сайхан дууг амилуулж, олны хайр хүндэтгэлийг хүртэж яваа цөөхөн уран бүтээлчдийн нэг билээ.

-Таны сүүлчийн үед хийж буй уран бүтээлийнх талаар ярилцлагаа эхлүүлье. Та хаана ажиллаж байна вэ?

     -Би Төв аймгийн “Монгол туургатан” театрт хоёр жил ажиллаж байна. Хамгийн сүүлд Г.Даваацэрэнгийн хөгжим, Д.Цогтбаатар найруулагчийн шүлэг "Хөх тэнгэрийн монгол” хэмээх уран бүтээл дээр хамтран ажилласан байна. Сүүлчийн үед коронавирусийн халдварын улмаас өмнөх жилүүдийнх шиг ажиллаж чадахгүй байна. Би 2009 онд СУИС-ийг Театр урлагийн дуулаач мэргэжлээр Ардын жүжигчин А.Долгор багшийн удирдлага дор төгсөөд, Цагдаагийн “Сүлд” чуулгат таван жил ажилласан. Дараа нь Дуурийн театрт жил гаруй хугацаанд ажиллахдаа олон уран бүтээл хийсэн байна лээ. Харин тоолж үзээгүй. 2013 онд уран бүтээлээсээ дээжлээд “Дуун цэцэглэн” хэмээх цомог гаргасан. Түүнээс хойш нэг теле концерт хийсэн байна.

-Таны  “Магнаг цэнхэр дэлхий” дууг сүүлчийн үед хүмүүс их сонсож, “А.Долгор шиг дуучинтай боллоо” хэмээн ам сайтай байна. Энэ дууг дуулах болсон түүхээсээ ярьж өгөөч?

        -Харин тийм байна лээ. Сонсогчид “Ардын жүжигчин А.Долгортой их адилхан дуулж байна” гэсэн сэтгэгдэл бичсэн байна лээ. Энэ дууг хүүхэд байхдаа сонсож байсан. Тухайн үед “Магнаг цэнхэр дэлхий" гэж ямар гайхамшигтай сайхан дуу вэ” хэмээн бодож, биеийн шар үс босож, сэтгэл баясаж байсан. Анх сонсоход надад тийм сайхан мэдрэмж төрж байсан болохоор дуулна гэж огт бодож байгаагүй. Харин тус дууг дуулах болсон шалтгаан гэвэл, 2018 онд А.Долгор багш гуравдугаар сарын 8-нд шавь нартайгаа тоглолт хийсэн юм. Тэр үед багш маань надад тус “Дуул” гэж өгсөн. Тэгээд багшийнхаа хэлснээр дуулсан. Тухайн үед “Надад ахадсан уран бүтээл” гэж бодоод дахин дуулж зүрхлээгүй. Харин Төв аймгийн "Монгол туургатан" театрт орчихоод "Сайхан уран бүтээл хийх юм сан" гэж бодохдоо гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад багшдаа “Магнаг цэнхэр дэлхий” дууг хамт дуулах санал тавьсан юм. Гэтэл багш минь баяртайгаар хүлээн авч, тус тоглолтоос хойш гурван жилийн дараа бүтээл болгон гаргасан. Тус дууг “Сайхан бүтээл болгох юм сан” гэж олон хүн хичээсэн. Тийм болохоор учрал, ерөөл нь бүрдэж хэдхэн хоногийн дотор бэлэн болсон юм. Би "Магнаг цэнхэр дэлхий"-г багштайгаа хамт дуулсандаа үнэхээр их баярладаг. Миний мөрөөдлийн нэгээхэн хэсэг биелсэн гэж болно.

-Багшийгаа “Магнаг цэнхэр дэлхий”-г дуул гэхэд нь ямар санагдсан бэ?

      -Багш маань шавь нарыгаа сайн судалчихсан, мэдчихсэн учир хэнд ямар дуу өгөх вэ гэдгийг сайн мэддэг. Тэр хүндээ итгэж, найдаж дуугаа өгдөг гэсэн үг. Тэгэхээр багшдаа “Дуулж чадахгүй байх” гэж хэлж зүрхлээгүй. Харин багшийнхаа уран бүтээлийг хэрхэн, яаж дуулах вэ гэдэг нь миний хариуцлага байсан болохоор өөрийнхөө чадлаар дуулсан.

-“Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” гэх  дуу таныг дуучин болоход нь нөлөөлсөн юм болов уу. Ээжийнхээ уран бүтээлийн цэнгүүн дээр анх дуулж байсан гэдэг байх аа?

     -Энэ дууг ээж минь залуудаа дуулж байсан. Харин би сурагч байхдаа ээжийнхээ тоглолтоор хамт дуулж байсан юм. Түүнээс хойш 22 жил дуулж байна. Харин тийм, ээ. Энэ дуу намайг дуучин болгосон. Би "Дуучин болно" гэж боддоггүй байсан. Харин тавдугаар ангид байхад дуу хөгжмийн Цэцэгмаа багш “Ээж чинь дуучин юм чинь чи дуулаад үз” гэсэн. Түүнээс хойш урлагийн үзлэгээр дуулдаг болсон. 

Мөн гэр бүлийнхэн маань урлагийн хүмүүс байсан болохоор дуулна гэдэг миний хувьд цоо шинэ зүйл байгаагүй. Ээж минь гэртээ ирээд шинэ уран бүтээлээ сонсдог, найзуудтайгаа дууныхаа талаар ярьж байхыг нь сонсоод “Ингэдэг юм байна, тэгдэг юм байна” гэж ойлгож байсан.

-Та дуучин болох эцсийн шийдвэрээ хэзээ гаргаж байсан бэ. Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авч байв?

     -Манай гэр бүлийнхэн “Урлагийн хүн болж яах юм бэ. Өөр мэргэжилтэй бол” гэж намайг үгүйсгэж байсан. Харин би аравдугаар ангиа төгсөж, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд шалгалт өгчихөөд, СУИС-д нууцаар шалгалт өгч, тэнцэж байсан юм. Тэгээд есдүгээр сарын 1-нд сургуульдаа итгэл дүүрэн баяртай явж байсан. Дуурийн гоцлол дуулаачийн ангид орж,  тэр жил А.Долгор багш СУИС-д анх багшлахаар ирж,  би ууган шавь нь болж байлаа. Тийм болохоор аав, ээж надад юу ч хэлээгүй, намайг дэмжсэн.

-Ээжийнх нь дуучин болох замнал хэрхэн эхэлсэн юм бол. “Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрд тоглосон тухайгаа хэрхэн ярьдаг вэ?

      -Ээж минь эцэг, эхээс есүүлээ. Өөрсдийнхөө өвөрмөц өнгө, байгалиас заяасан хоолойгоороо хэнийг ч дуурайхгүй сайхан дуулдаг хүмүүс бий. Ээж минь Дундговь аймагт сургуулиа төгсчихөөд илгээлтийн эзэн болж малчин болсон юм билээ. Гэтэл бүх ард түмний урлагийн наадам болж, ээж минь аймгаасаа шалгарч, 21 аймгаас шалгарсан хүмүүс Улаанбаатарт ирж тэмцээнд оролцсон юм билээ. Тэр тэмцээний үеэр ээжийг уртын дуу дуулж байхыг нь Г.Жигжидсүрэн найруулагч хараад дараа нь кино шалгаруулалтад оруулсан юм билээ. Ээж тэмцээнээ дуусгачихаад хөдөө рүүгээ явсан гэдэг. Харин хэдхэн хоногийн дараа  “Танай хүүхэд кинонд тэнцлээ” гэж ээжийг авч яваад “Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрд тоглуулсан гэдэг. Тэгээд ээж Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын уртын дуучин болж, хөдөө рүүгээ буцаж яваагүй юм билээ. Ээжийг хотод ирснээс хойш Ц.Отгонцэцэг дүү нь СУИС-д сурч, Төмөр замын дуу бүжгийн чуулгат дуучнаар орсон. Мөн Ц.Туяацэцэг дүү нь дуучин болж, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгат өнөөг хүртэл ажиллаж байгаа.

-Ээж, нагац эгч нарыг минь монголын ард түмэн сайн мэддэг. Тэднийг минь “Говийн гурван цэцэг” гэж ярьдаг юм. Би гэр бүлийнхэн, ах, эгч нараараа үргэлж бахархдаг-

-Таны ээж одоо хаана ажиллаж байгаа вэ. Ээжийнхээ тухай ярьж өгөөч?

      -Ээж СУИС-ийн Ардын хөгжмийн урлагийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг. Ээж минь одоо ч надад уран бүтээлийн зөвлөгөө өгч, дэмжиж, тусалсаар байна. Ээж минь их уян зөөлөн зантай, сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч эмэгтэй бий. Тэгсэн мөртлөө их зарчимч. Ээж бидэнд үйлдлээрээ бүхнийг зааж сургадаг. Нэг ч хором зүгээр сууж чаддаггүй. Тийм болохоор ээжийгээ дагаж, дуурайж байгаад аливаа зүйлийг хийж сурдаг. Би дээл, монгол цамц оёж сурсан. Нөхөр, хүүхдүүддээ дээл, цамцыг нь оёж өгдөг.

-Таны ээж, эгч нарыг “Говийн гурван цэцэг” гэж ярьдаг гэлээ. Тэднийхээ үргэлжлэл болж, олны өмнө яваа таны хариуцлага улам нэмэгддэг байх. Энэ нь танд ямар санагддаг вэ?

       -“Бурхан хайртай хүнээ урлагийн хүн болгодог” гэж ярьдаг. Дуучин хүмүүсийн үргэлжлэл, залгамж халаа болно гэдэг маш их хариуцлага байдаг. Ц.Чулуунцэцэг гавьяатын охин “шшш, чааваас даа  ингээд явж байна шүү дээ” гэж хэлүүлэхгүй юм сан гэж хичээдэг. Энгийн Л.Нарангэрэл, олны танил, алдартай дуучдын үргэлжлэл Л.Нарангэрэл байна гэдэг өөр ойлголт.

Тэдний нэр хүндээр миний нийгэмд эзлэх байр суурь нэмэгддэг. “Л.Нарангэрэлийн ээж “Өнөр бүл” киноны Цэрмаад тоглосон хөөрхөн хүүхэн байдаг шүү дээ” гэхэд би навсайсан явж болохгүй шүү дээ. Тийм болохоор заримдаа өөрийнхөөрөө байж чадахгүй хэцүү үе ч бий.

-Та эцэг, эхээс гурвуулаа юм билээ. Бусад нь урлагийн хүмүүс үү?

       -Би Улаанбаатар хотод төрсөн. Би эцэг, эхээс гурвуулаа. Ах минь урлагийн сургууль төгссөн ч хувиараа ажиллаж байгаа. Харин дүү минь бүжигчин. Ээж Дундговь аймгийн Өлзийт сумынх. Аав минь Төв аймгийн Лүн сумынх. Аав минь Дүрслэх урлагийн мэргэжилтэй. Одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байна

-Та ямар хүнийг дуучин гэж хэлэх вэ?

      -Үндсэн авьяас дээр чин хүсэл эрмэлзэл байх ёстой. Нийгмийн болоод амьдралын хүнд хэцүү үед дуулахгүй байж чаддаггүй тууштай хүнийг дуучин гэж хэлнэ. Сайхан дуулдаг мөртлөө амьдралын шаардлагаар дуулахаа больж байгаа зөндөө хүн бий. Зүрхний хүндээ "Энэ дууг ингээд дуулчих юм сан" гэх чин хүсэл эрмэлзэл дуучинг хэвээр нь үлдээдэг гэж боддог.

-Та шантарч байсан уу?

      -Наанаа шантарч буй мэт боловч мөн чанартаа шантраагүй байдаг. Хүүхдээ бүүвэйлж байхдаа хүртэл янз бүрээр дуугарч, “Ингэвэл ингэж дуугарах юм байна” гэдгийг мэдэрдэг. Тийм болохоор дуучин хүний чин хүсэл эрмэлзэл байна гэсэн үг. Хүүхдээ хараад гэртээ байхдаа хоолойны дасгалаа хийнэ шүү дээ. 

-Таны хань урлагийн хүн юм билээ. Хэрхэн танилцаж байсан тухайгаа ярьж өгөөч?

    -Миний ханийг С.Загд-Очир гэдэг. Төмөр замын дуу бүжгийн чуулгат хөөмийчөөр ажиллаж байсан. Харин одоо СУИС-д хөөмийн багшаар ажиллаж байгаа. Би Ц.Отгонцэцэг эгч дээрээ эрхлэх гэж их очдог байсан юм. Тэр үед манай нөхөр эгчтэй нэг өрөөнд суудаг байсан  юм билээ. Эгч дээрээ очиж байгаад л ханьтайгаа танилцаж байсан даа. Одоо бид дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүдээ өсөж, том болохыг хараад сайхан байна.

-Танд тайзан дээр гараад дуулахад ямар мэдрэмж төрдөг вэ?

       -Анх маш их айж сандардаг байсан. “Дууныхаа үгийг мартчих вий дээ, дууныхаа өнгийг зөв авах юм сан, тэнд багш сууж байна, яаж дуулна аа” гэх мэт олон зүйлд санаа зовдог байсан. Харин одоо миний дууг сонссон хүн бүр “Сэтгэлийн жаргал эдлээсээ. “Магнаг цэнхэр дэлхийг дууллаа” гэж бодоход, үзэгчид эх орноороо бахархаад гардаг байгаасай” гэж хүсдэг. Тайзан дээр дуулах мэдрэмж бол үгээр хэлэхийн аргагүй сайхан шүү дээ. Түүнийг дуучин хүн л мэдэрнэ. 

 


МУГЖ Ц.ЧУЛУУНЦЭЦЭГИЙН охин Л.НАРАНГЭРЭЛ: “Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” дуу намайг дуучин болгосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-14 11:56:35
    Д.Сүхбаатар: Амар амгалан, Аз жаргал, Амжилт бүхнийг ерөөе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-30 09:50:17
    Д Наранмандах: Дуучин даа ажлын их амжилт хүсье. Сайхан гэр бүлд нь аз жаргал хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-12 19:43:03
    Ө.Лхагвасүрэн: Үзэсгэлэнт бүсгүй чамд сайхан, сайн бүхэн цогцолжээ. Өвөг дээдэс, аав ээжээсээ өгөгдсөн өндөр заяандаа эзэн болж чадах хэрэгтэй. Магнаг цэнхэр дэлхий чинь чамайг д.маам, н.жанцанноров гуайтай чинь хамт замба тивийн оргилд хүргэнээ. итгэлтэй байгаарай дүү минь. Зөвлөхөд аахар шаахархан дуу битгий дуул. Хойлооны чинь эгшиглэн, өнгө аяс багшаасаа, хятадийн ЗАН ЛИ -аас ч илүү гоё, тансаг шүү. Аргалд явсан ижий, Аав ээж 2 минь, Гүрэн монгол чинь хүлээнэ ч гэх юмуу томхон дуу дуулаарай. Ах нь дуучин биш, малын эмч гэхдээ дуунд дуртай өвгөн болно. За амжилт хүсье. Сайхан дуулж монголчуудаа огшоож, омогшуулж, баярлуулж яваарай. "Магнаг цэнхэр дэлхий" чинийх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-01 13:31:39
    Зочин: Сүлд чуулгад байхдаа тасарцан гоё хүүхэн байсан даа. Хүмүүжилтэй хүн цаанаа л өөр учраа хэлээд явахад нь хүндэлсэн. Сайхан шоудаад өнөө хэдтэй нь архидаад хоносон байдгийн
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188