• Өнөөдөр 2024-04-25

АЛДАРТ УЯАЧ Э.МӨНХ-ЭРДЭНЭ: Магнай халиун азарганыхаа урд туурайг нь авч үлдээд, Шаргын ууландаа тавьсан даа

2022-07-12,   2143

    Хүй мандлын дэнжийг донсолгон айргийн таван азарга барианы зурхайд ойртоход наадамчид нар онголсон зүсээр нь таньж, өөрийн эрхгүй өндөлзөн тосдог шандаст хурдан хүлэг бол Магнай халиун азарга байлаа. Тэр нэг жил Сүхбаатар аймгийн Халзан сумын тахилгат Шаргын уулын бэлд хоёр халиун унага төрсөн нь хожмоо төрийн наадамд торгон жолоо өргүүлж, монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн Бидэрт халиун, Магнай халиун азаргууд юм. Улсын их баяр наадамд хоёр удаа түрүүлж байсан Магнай халиун азарга 2019 оны баяр наадмаар уралдаж ирснийхээ дараа эндэж, уяач, унаач болон зүсийг нь таньж, давхилыг нь мэддэг монголчуудыг уй гунигт автуулсан билээ. Бид Сүхбаатар аймгийн Халзан сумыг зорьж, Магнай халиун азарганы уяа сойлгыг тааруулж байсан Улсын алдарт уяач Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнийн уяан дээр буулаа. Ярилцлага авахаа урьдчилан хэлээгүй байсан учир тэрбээр морьдоо хөлөргөөд зав муу байв. Монгол түмний шүтээн болсон халиун азарганы үр төл үүрссэн уяан дээр бид ийнхүү хөөрөлдлөө. 


-Сайн байна уу. Зуслан тавлаг, уяа эвлэг үү?

-Сайн, сайн байна уу. Бороо хур элбэг, сайхан зун болж байна.

-Магнай халиуны уяач гэхээр наадамчид таныг таньж байгаа байх?

-Хүн бүхэн намайг мэднэ гэж аархаад яах вэ. Намайг Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ гэдэг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул.

-Халиу азарга таны унаган адуу биш гэж сонссон. Анх хэний сүргээс зүсэлж байв?

-Би халиун азаргаа шүдлэн үрээ байхад нь авч байсан. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Я.Буйр гуайн унаган адуу. Тэдний хүү Б.Содбаясгалан манай ангийн хүүхэд байсан юм. Тухайн үед найзаасаа худалдаж авч байсан юм. Тэр намраа Хөвсгөл болон Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн баяр наадамд айрагдуулж байлаа. Халиун азарга маань 2012 онд хязааландаа Сүхбаатар аймгийн тэргүүн хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” наадамд түрүүлж, амжилтынхаа анхны замыг нээж байсан даа.

-Монголын морь таньдаг “томчууд” цөөнгүй шинжиж байсан юм билээ. Яг хэзээнээс эхэлж халиун азаргыг сонирхох болсон бэ?

-Сүхбаатар аймаг үүсэж, байгуулагдсаны 70 жилийн ойд хязаалан айрагдсан юм. Энэ үеэс л хүмүүс их анзаарч, шохоорхож эхэлсэн. Ирэх жил нь “Дүнжингаравын хурд-2013” наадамд дөрөвлөж, “Эрдэнэт хурд-2013” бүсийн уралдаанд айрагдсан. Үүнээс хойш өмнөхөөсөө ч олон хүн таньж, мэддэг болж, халиун азарга маань ч түмнийхээ итгэлийг алдахгүй сайхан хурдалсан. Улсын баяр наадамд хоёр удаа түрүүлж, Их хурдад айрагдсан. Нийтдээ улс, бүсийн наадамд 16 удаа айраг, түрүү хүртсэн дээ.

-Таны хүлгийг шинжээд хэн юу гэж байв?

-Өө тэгээд, халхын томчууд бүгд л үзэж, харж байсан даа. Энэ тэндхийн наадамд явахад таарна. Зарим нь ч зорьж ирээд үзнэ. Тэр бүхэн юу хэлж байсныг одоо нэг бүрчлэн санахгүй биз. Улсын баяр наадамд дөрвөлсөн жил нь нутагтаа иртэл манай аймгийн нэг өвгөн “Миний хүү, чи азарганыхаа гүүг нь багадуулаад байдаг байж магад юм. Арай олон гүү тавиад үзэхгүй юу” гэж байсан нь тод санагддаг. Мөн Сүхбаатар аймгийн Халзан сумын Улсын манлай уяач Ухнын Эрдэнэбилэг ах “Сүү өгөөд үзэх юм уу, сүүлээд байвал зүгээр байдаг юм шүү” гэж захиж байсан. Түрүүлдэг жил нь би сүү өгч байсан. Өөрөөр хэлбэл, халиун азарга улсын баяр наадамд сүүтэй уягдаж түрүүлж байсан.

-Морьдын уяа харилцан адилгүй байдаг гэж дуулж байлаа. Халиун азарга ямар уяатай байсан бэ?

-Ер нь их сайхан хөнгөн, нимгэн уяатай. Айхтар тусгайлан уядаггүй, өөрийнх нь амраар сойно. Өөрөө ч зөөлөн махтай, аятайхан мал байсан болохоор уяхад амар байсан.

-Таны халиун азаргыг Хөвсгөл аймгаас авсан байдаг. Т.Болдбаатар манлай та хоёр хэзээ арилжаа хийж байв?

-“Жавхлант шаргын хурд” уралдсан хязаалан үрээгээ Болдоо ахад өгч байсан юм. Наадам дуусаад авч ирж уяа сойлгыг нь тааруулж байгаад Хөвсгөл аймаг руу ачиж явсан. Айвуу, тайвуухан явсан болохоор зургаа хонож байж очсон байх шүү. Тухайн үед нэг “Маяти” маркийн автомашинтай байсан юм. Морьдоо ачиж, унаач хүүхдээ хажуудаа суулгаад, өөрөө унаад л хаа сайгүй явна. Тэгээд Хөвсгөл аймагт очиж, уралдаанд түрүүлгэсэн. Түрүүлсэн азарганыхаа жолоог ахад атгуулж орхиод ирж байлаа. Тэр цагаас хойш Т.Болдбаатар ахын нэр дээр уралдсан.  Улсын баяр наадмаас өмнө Болдоо ах буцаад над руу аваад ирсэн. Тэгээд л би уяа сойлгыг нь тааруулдаг болсон доо.

-Одоо ч удамтай сайн хүлгийн үнэ “тэнгэрт хадах” болж. Тэр үед хурдан буянаа та хэдэн төгрөгөөр арилжиж байв?

-Нуугаад байх зүйл байхгүй ч нээх айхтар гайхуулаад байх ч эд биш байх. Асууж байгаа болохоор чинь хэлье гэж бодлоо. Тухайн үед Т.Болдбаатар ах 50 сая төгрөгөөр авч байсан юм.

-Магнай халиун азарга бусад хүлгээс юугаараа онцгой байв. Олны амнаас сонсохоос илүү үнэнийг та л хэлэх байх?

-Айхтар нарийн уяа шаардахгүй төрмөл, хурдан хүлэг. Хэд сайхан хөлслөөд, ойр зуурын ханагарт ханалзуулаад сунгахад явж байдаг буян.

      Тэрбээр, энэ жил арав гаруй морь барьсан байх аж. Биднийг ярилцах зуур уяа эргэх морьд хангинатал янцгааж, зарим нь ижлийнхээ зүг үүрсэж байлаа. Тэдний дундаас онцгойрох халиун үрээ туурайгаараа газар цавчилж, самсаагаа тачигнуулан, алсыг чимээлэн зогсох нь содон харагдана. “Энэ чинь Магнай халиун азарга өөрөө юм биш үү” хэмээн эндүүрмээр адилхан энэ адуу бол халиун азарганаас үлдсэн эр төл гэнэ. Бид үргэлжлүүлэн ийн ярилцлаа.

-Магнай халиун азарганаас хэчнээн төл үлдсэн бэ?

-Ид уралдаж байсан азарга болохоор тийм ч олон төл байхгүй. Охин төл гэвэл бага насны хэд, хэдэн гүү бий. Миний ойрын хүмүүст дөрвөн эр төл үлдсэн. Би  Сэлэнгэ аймгийн харьяат Т.Төрмөнх гэдэг найздаа анхных нь төлөөс хээр азарга өгч байсан юм. Монгол адуундаа бол давгүй хурдан мал шиг л санагддаг, ганц нэг айраг түрүү ч авч байсан байх. Надад өөрт байгаа хоёрын нэг нь чиний хараад байгаа тэр халиун үрээ, нөгөөх нь азарган үрээ гүүгээ хурааж яваа. Охин төлийнх нь төл ч бас бий. Ер нь халиуны төлүүдийг азарганыхаа дайтай байхгүй ч аймаг, сумын наадамд орох байлгүй дээ гэж хардаг юм.

-Шинэ цагийн адуу гэж яригдах болоод цөөнгүй жил өнгөрлөө. Магнай халиун азарганыхаа үр төлийг энэ чиглэлээр үржилд оруулж байна уу?

-Энэ жилээс л таны асууж байгаа үржлийг хийж байна. Өөрөөр хэлбэл, халиун азарганыхаа охин төл, төлийн төлийг цэвэр азаргад нийлүүлж байгаа гэсэн үг. Ямаршуухан төл гарахыг нь одоогоор хэлж мэдэхгүй л байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн жил түрүүлсэн хурдан азарганд хүндэтгэл үзүүлдэг. Бүтэн жилийнхээ хөлс хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхийн зэрэгцээ төрийн тэргүүнээсээ хүндлэл хүлээнэ гэдэг сайхан хэрэг биз?

-Тухайн баяр наадмын жил төрийн жолоог атгаж яваа Ерөнхийлөгч ирж, түрүүлсэн азарганд хүндэтгэл үзүүлдэг. Магнай халиун азарга анх түрүүлэхэд Ц.Элбэгдорж, хоёр дахиа түрүүлэхэд нь Х.Баттулга Ерөнхийлөгч ирж, хүзүүнд нь хадаг зүүж байсан. Уяач хүний хувьд түрүүлсэн хүлгээ хөтлөөд, төрийн өндөрлөгтэй гар барина гэдэг сайхан л хувь тохиол. Халиун азарга маань зөвхөн миний гэлтгүй ус голынхоо нэрийг улс даяар цуурайтуулсан сайхан буян байж дээ.

 

 Ер нь халиуны төлүүдийг азарганыхаа дайтай байхгүй ч аймаг, сумын наадамд орох байлгүй дээ гэж хардаг юм.

-Хэдий төрмөл хурдан хүлэг ч гэсэн уяачийн ур ухаан, арга барилтай нийцэж байж олон сайхан амжилт гаргадаг болов уу. Та хэрхэн уяач болов, удам судар бий юу?

-Адуутай нутаг, малтай айлын хүүхдүүд чинь бүгд л уяа морь унаж өснө шүү дээ. Тэдний л адил өөрсдийнхөө болон бусдын хурдан морийг унадаг байлаа. Гэхдээ унахаасаа илүүтэй “Хурдхан шиг том болж, морь уях юм сан” гэж их боддог байсан. Манай ээжийн аав (өвөө) Сүхбаатар сумын нэрт уяач Хөнхөр Жамъян гэдэг хүн байсан. Хурдан бүгээн адуутай морь сайн хурдлуулдаг, их гярхай шинждэгээрээ хошуу, нутагтай нэртэй хүн хүн байсан юм билээ. Өө, тэгээд бид чинь яс, цусаа дагаад дээдстэйгээ холбоотой л байдаг байх даа. Эрдмийн мөр хөөж, сургууль соёл гэсээр 2010 оноос л анх морь уяж эхэлсэн. Ердөө жил орчмын дараа халиун азаргатайгаа учирсан их азтай хүн шүү.

-Хурдан хүлгийг буяныг хүртэх нь аз завшаан байлгүй яах вэ. Харин тэр сайхан хүлгээсээ хагацах ямар байдаг юм бэ?

-Уралдааны талбарт эрсэдсэн шүү дээ. Мэдээж хэрэг тухайн үедээ сэтгэлзүй хүнд л байсан. “Халиун азарга яачхав аа” гэж олон хүн асуусан. Олон нийтийн сүлжээгээр ч “Халиун азарга эндлээ” гэсэн мэдээ хаа сайгүй тарж, нэг хэсэгтээ шуугиан болж байгаа нь эвгүй л санагдаж байлаа. Ямартай ч төрийнхөө наадамд дахин жолоо өргөж, уралдааныхаа замд эндсэн болохоор би хүлгийнхээ араас нулимс унагаагүй.

-Монголчууд удамт хурдан хүлгийнхээ дэл, сүүл, гавал, туурай зэрэг зүйлсээс авч үлддэг уламжлалтай. Та аль нэг зүйлийг нь авч үлдсэн үү?

-Уяа ч хүлэг хоёр хагацна гэдэг чинь тийм ч амархан эд биш байна лээ шүү. Магнай халиун азарганыхаа урд туурайг нь авч үлдээд, Шаргын ууландаа тавьсан даа. Төрж өссөн, уяа сойлгыг нь тааруулдаг байсан нутаг нь энд болохоор л энүүхэн дор тавьсан. Амьдралынх нь бүх л замнал энэ уул ус, хөрс шороотой салшгүй холбоотой байсан юм.

            Саяхан л “Би уйлаагүй ээ” хэмээн хэлж суусан ханагар эрийн зовхи чийгтжээ. Тэрбээр, нулимсаа тас зуун залгиж буй бололтой хоолойгоо нэг сайн засаж аваад, тамхиа соров. Өнөө жилийн наадамд уралдах л юм шиг санаж олон зуун морьдын дундаас зүсийг нь хайж байгаа наадамчин олон Магнай халиун азаргаа мартаагүй байгаа цагт хамгийн ойр байсан уяач нь яахан мартах билээ дээ. Хэсэг бодол болсны эцэст тэрбээр “За, та одоо арай хөнгөн зүйл асууна уу даа” хэмээн намуухан хэлэв.

-Магнай халиуны уяачаас сургамж сонсохыг хүссэн залуу уяачид цөөнгүй байгаа байх. Та тэдэнд хандаж юу гэж хэлмээр байна?

-Морь уяна гэдэг чинь зүгээр нэг зуны дэлгэр цагт давхиж ирээд болчихдог ажил биш. Сайн хичээж л уях хэрэгтэй. Тухайлбал, жилийн дөрвөн улирал тухайн хүлгийнхээ арчилгаа, маллагаа бүх зүйлийг хийх хэрэгтэй. Үүнээс гадна эдэлгээ сайн байх ёстой. Өвөл, хаврын эдэлгээ сайн байхын зэрэгцээ хоол тэжээлийг нь сайхан тохируулах нь зүйтэй. Бид чинь ер нь наймдугаар сараас арван нэгдүгээр сар хүртэл адуу, малаа хэсэг амрааж бусад үед нь байнга л оролдож байдаг улс даа.

-Халиун азаргад яагаад заавал Магнай хэмээх алдар хайрласан юм бэ?

-Улсын баяр наадамд хоёр ч удаа айрагдсаных нь дараа одоогийн Манлай уяач Т.Болдбаатар ах энэ нэрийг нь өгч байсан юм. Би ер нь Болдоо ахаас өөр хүний морь уядаггүй байсан. Эзэн нь чухам юу бэлгэшээж, ямар тохиолоор ийм нэр хайрласныг өөрөөс нь л асуусан нь зөв болов уу.

-Ахиад л таныг гуниглуулж мэдэх нь, уучлаарай. Жил жилийн наадамд уяж ирсэн болохоор наадам хаяанд ирсэн энэ үед халиун азаргаа хэр их үгүйлж байх юм?

-Дээр хэлсэн дээ. Тухайн үед хэсэгтээ л эвлэрч өгөхгүй эвгүй байсан. Одоо ч тэгээд морь уяж байгаа хүн чинь энэ ажилдаа сатаараад нэг их бодож, шаналаад байхгүй л байна. Анх шүдлэн үрээ байхад нь авчхаад өөртөө бол “За би их л хурдан адуу авлаа даа” гэж олон хоног бодсон. Улсын наадмын өмнөх сунгалтуудаар долоо, наймт л ирээд байсан. Улсад уралдсан анхны жилээ хорь гаргаж ирэхэд нь хачин их баярлаж билээ. Өөрөө төрмөл хурдан хүлэг болохоор нь ч тэр үү, миний сайных гэж юу байх вэ л гэж боддог байлаа. Гэсэн хэр нь “Халиун азарга хэдий сайн байсан ч би уяж сойх гэж дөхүүлж байсан ч юм уу” гэж өөрийгөө гялайлгах цаг мөч байлгүй яах вэ.

-Магнай халиун шиг төрмөл хурдтай азарга хэчнээн жилийн дараа дахин төрөх бол?

-Шинэ цагийн адуу гарч ирээгүй зөвхөн монголоороо уралдаж байсан бол халиун шиг адуу ховор шүү. Тэд, өд гэж тоо хэлж мэдэхгүй юм. Гэхдээ ямар ч байсан ийм хурдан буян ховор төрнө.

-Цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн жил Улсын их баяр наадмаа тэмдэглэхгүйгээр өнжсөн. Энэ нь маш олон уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн гэхэд хилсдэхгүй. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Өвөлжин, хаваржин тэжээж, эдэлчхээд уралдуулж чадахгүй өнжинө гэдэг нь эдийн засгийн хувьд ч тэр хохиролтой байсан нь үнэн. Гэвч нийтээрээ л хэцүү байсан цаг хугацаа болохоор яалтай билээ дээ. Ямар би ганцаараа хохирчихсон биш. Энэ жил түүхэн тэгш ойгоо тэмдэглэж, баяр наадмаа зохион байгуулж байгаа нь сайхан байна. Энэ эрлийз, монгол адууны хэрүүл, маргааныг төр засаг маань нэг шийдэж өгөх болов уу, гэж харж байгаа.

            Түүний галд дөрвөн туслах уяач, гурван унаач байх бөгөөд биднийг ярилцах зүйл морьдоо хөлслөх, тэжээх, гүү сааж сүүлэх зэрэг ажлуудыг амжуулцгаах аж. Улсын алдарт уяач Э.Мөнх-Эрдэнийн хүү М.Сүлд-Очир аавынхаа уяач ухааныг өвлөх чинхүү хүсэлтэй аж. Гэвч тэрбээр нас бага тул хурдан морио унаж аавдаа тус хүргэж байгаа гэнэ. Бидний яриа дуусах үед эзнээ үгүйлсэн хүлгийн нулимс гэлтэй зөөлөн бороо зүсэрч байв.

            Сүхбаатар аймгийн Халзан, Асгат сумын заагт орших Шаргын уул.


АЛДАРТ УЯАЧ Э.МӨНХ-ЭРДЭНЭ: Магнай халиун азарганыхаа урд туурайг нь авч үлдээд, Шаргын ууландаа тавьсан даа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-12 12:29:47
    ао: зүйрлэшгүй шуналтай новшоо энэ, шунаж байж морио алчихаад “би нулимс унагаагүй” гээд хөгийн адгууснаас дор новш
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188