• Өнөөдөр 2024-05-15

МОНГОЛЫН НОЁН ОРГИЛ АКАДЕМИЧДЫН 70 ЖИЛИЙН НӨХӨРЛӨЛИЙН ГЭГЭЭН ТҮҮХ

2023-06-24,   2091

       Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, академич Баатарын Чадраа агсан, түүний найз академич Д.Доржготов нарын Монголын шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлээд баршгүй. Иймд бид академич Д.Доржготов гуайтай академич Б.Чадраа агсантай хэрхэн нөхөрлөж, улсынхаа төлөө шадарлаж явсан гэгээн түүхийг ярилцлаа.

-МИНИЙ НАЙЗ Б.ЧАДРАА БОЛ ХҮН ЧАНАРЫН ДЭЭД-

-Сайн байна уу. Б.Чадраа гуай та хоёрыг сайхан нөхөрлөдөг байсан тухай хүмүүс ярьдаг. Та хоёрын нөхөрлөл эхэлсэн түүхээс яриагаа эхлэх үү?

      -Сайн байна уу. Танай сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Чадраа минь миний талаар их ярьж, бичиж байсан ч би гэдэг хүн бараг л ярьж байгаагүй юм билээ. Бид одоогоос 70 жилийн өмнө танилцаж байлаа. Есдүгээр ангид орох намар юм. Айл хайсан шинжтэй нэг хүү, ууттай юм үүрчихсэн байрны гадаа алхаж явахад нь анх таарсан. Халуун наранд уутан дахь гүзээтэй шар тос нь хайлаад, нимгэн цамцыг нь нэвт норгочихсон байсан.  Тэр өдөр би ахынх нь гэрийг олж өгөөд харьсан. Харин хэд хоногийн дараа нөгөө хүү чинь манай ангид Архангай аймгаас шилжиж ирсэн сурагч болоод ороод ирсэн дээ. Би Чадраагаа учрах л гэж учирсан найз минь гэж боддог.

         Тэр ийн буурал үсээ хойш илэн санаа алдаад нэг зүйл хайв. Шүүгээнээсээ уутанд хийж чамбайлан хадгалсан сонин гаргаж ирээд “Чи энийг үз дээ. Найз минь миний талаар 2008 онд “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байсан юм. Тухайн үедээ нээх тоогоогүй ч одоо хаа нэг гаргаж, уншдаг юм. Их сайхан ярьсан байдаг юм” гэлээ.

-Б.Чадраа агсан хүүхэд байхдаа ямар зан ааштай байсан бэ?

           -Хөдөөний хүүхэд болоод ч тэр үү их ичимхий хүүхэд байсан. Чадраа надаас нэлээн намхан, миний хувцас томддог байлаа. Цонхон талд суудаг. Халуун нар гарахаар хөлс нь цувчихна. Чадраа, Жамьяасэнгэ бид гурав ангидаа найзалдаг, бүр гурвуулаа онц сурна гээч. Хичээлийн жил талдаа орж байхад математикийн бодлогын номоо хувааж аваад, бодож дуусаад, дараагийн бодлогын номоо авдаг байлаа. Тоо, физик, биологидоо үнэхээр дуртай. Хичээлийн төлөө төрсөн юм шиг л хүүхдүүд байж дээ. Ном уншиж, ярихдаа би их дургүй. Тэгээд Чадраагаа “Багшийг асуухаар надаас өрсөж, чи ярина шүү.  Гараа гялс өргөөрэй” гэдэг байлаа. Чадраа харин намайг залхуурч байна гэж боддоггүй. Зүгээр ингэх  ёстой юм байна л гэж боддог байсан гэсэн. (инээв) Амралтын өдрөөр хаа нэг Төв номын санд ширээний теннис, шатар, тоглоно. Кино үзнэ, өвөлдөө цаа, тэшүүрээр гулгана.

-Та гурав яагаад Ломоносовын их сургуулийг сонгож, суралцсан юм бэ?

           -Тухайн үед онц, сайн сурсан хүүхдүүдийг шалгалт авахгүйгээр шууд хуваарилдаг байлаа. Бид гурав сургуулийнхаа зургийг барьчихаад, “Ийшээ л ормоор байна. Өөр сургуульд сурахгүй ээ” гээд зогсож байснаа одоо ч санаж байна. Шинжлэх ухааны хүрээлэнгийн нэр дээр би хөрс судлал, Чадраа физик, математик, Жамьяасэнгэ биологи, ургамлын чиглэлээр сургуульд явж  байлаа.

-Их сургуульдаа дахиад хамт сурна гэдэг ховор мөртлөө гоё тохиол байх. Оюутан насныхаа дурсамжаас хуваалцаач?

          -Олон орны оюутнуудтай хамт оюутны хотхонд амьдарч, хичээлээ хийж, хааяа нэгнийдээ хоол хийж иддэг байлаа. Нэг удаа Чадраа тэшүүрээр гулгаж байгаад эвгүй гишгээд хөлөө хугалчихсан юм. Хичээлээ тасалж болохгүй учраас би өмнөөс нь математик, физикийн хичээлд суудаг байлаа шүү дээ. Сар гаруй хэвтсэн байх. Бид ингэж л бие биенээ нөхсөн, түшсэн найзууд байлаа.

-Та өөрийнхөө хичээлийг яаж зохицуулж байсан юм бэ?

       -Өөрийнхөө хичээлийг тасалсан. Миний хичээл хоцорсон тохиолдолд нөхөхөд амар. Харин Чадраагийн хичээл хоцрох юм бол бөөн асуудал үүсдэг. Би хичээлд нь суугаад, томьёо, бодлогоо жирийтэл сайхан бичиж, бодоод аваачиж өгдөг байлаа.

 Д.Доржготов гуай найзынхаа талаар ярихдаа инээж байснаа гэнэт л санаашраад хэсэг чимээгүй болж, өнөөх сониноо харна. Магад тэр өнгөрсөн дурсамжаараа бодолдоо аялж байгаа болов уу гэж би таамаглаж байлаа. Тэгээд тэр хөнгөхөн инээмсэглээд, “За аа, цааш нь ярих уу” гэнэ.

-Оюутан ахуй цагийнхаа тухай үргэлжлүүлэн хуваалцаач?

        -1958 оны зун юм даа, би тэр хоёрыг “Хамт Казахстан Улс руу “Атар газар”-ын ажилд явъя” гэхэд тэд залхуураад яваагүй юм. Би яваад, шагнуулаад, нэлээн их мөнгөтэй, фото камер худалдаж аваад ирж байлаа. Тэгсэн өнөө хоёр маань хамаг мөнгөө үрчихсэн, байрандаа хийцгүйрээд хэвтэцгээж байна. Гаднаас яваад ортол нөгөө хоёр минь бөөн баяр. Гурвуулаа ширээ засаж байгаад л өнөө фото камераараа зургаа авахуулсан минь бидний хувьд сайхан үйл явдал байлаа. Ер нь оюутан насны бүх өдөр сайхан шүү дээ. Бидний үед дотуур байр, сургалтын төлбөр үнэгүй. Дээрээс нь улсаас тэтгэмж авна. Бид гурав онц сурлагатай байсан болохоор нэмэгдэл урамшуулал авдаг байлаа. Оюутны байр маань зочид буудал шиг тохилог, одоо ч хэвээрээ байна лээ. Номын сан маань хэчнээн сайхан том, бүх мэргэжлийн ном бий гээд л бод. Бид  хичээлдээ сууж тарчихаад, цайгаа уувал уугаад, ихэнхдээ ууж амжихгүй номын санд хичээлээ хийгээд л суучихна. Тэгж явсаар зуны амралтаар л нэг тайван сууж, ярилцдаг байж дээ. Зүгээр нэг сууж байгаад эрдэмтэн болчихгүй шүү дээ. Ном их уншина, судална.

-Төгсөж ирснээсээ хойш та гурав маань тухтай амарч, ярилцаж суув уу?

       -Би эхлээд ирсэн юм. Ирээд долоо хоног ч амарч чадалгүй, ажилдаа хуваарилагдсан. Чадраа 5.5 жилээр төгсөж, миний дараахан ирж байлаа. Тэгээд л бидний шинжлэх ухааны завгүй ажил эхэлсэн дээ. Бид ер нь тухтай амралт авч, амралтад явж байсан удаагүй юм билээ. Үеийн залуус шигээ хаа нэг архи ууж, наргиж суух цаг ч бидэнд тэр бүр байгаагүй. Академидаа ажиллаж, судалгаа хийж гүйсээр насыг барж, дуусаж байна даа. Чадраа маань Орост Шинжлэх ухааны академийн харьяа Цөмийн физикийн хүрээлэнд олон жил ажилласан. Ихэнх хугацаагаа гаднын оронд ажиллаж өнгөрүүлсэн.

       Биднээс хамгийн түрүүнд Чадраа гэр бүлтэй болсон. Хань нь их сайхан эмэгтэй бий. Хүүхдүүд нь их ажилсаг, мундаг. Чадрааг хилсээр шоронд суух үеэр том хүү нь итгэхгүй, сэтгэл санаа нь тавгүйрхээд сэтгэц нь асуудалтай болсон. Хүү нь Орост сурч төгссөн, сурлага сайтай мундаг хүүхэд байсан. Тийм юм болсонд нь би их харамсдаг. Найз минь “Хүүгээ би баллаад хаячихлаа” гээд л сэтгэлээр их унадаг байсан даа. Найзыгаа сэтгэлээр унаж байгааг тэгэхэд л харсан. Түүнээс биш гундуухан явах ч завгүй л хөдөлмөрлөж, хичээсэн хүн юм шүү дээ.

-Яагаад хорьсон юм бол?

       -Тухайн үед манай томчууд эрдэмтдээ их хорьж, цагддаг байлаа. Б.Ширэндэв академичийн дараа Чадрааг минь хорьсон. Би ч байцаагдаж явлаа.Чадраа шоронд хоёр жил гаруй болсон байх. Хоригдсоных нь дараа очиход намайг чанга тэврээд, бид хэсэг уйлсан. Зүв зүгээр байхад нь хилсээр хорих ямар л олиг байх вэ. Найз минь зүгээр сууж чаддаггүй юм болохоороо хорих ангийнхаа бүх цахилгааныг янзлаад, гэрэлтэй болгосон байсан.

-Тухайн үед хилс хэрэгт унах тохиолдол их байв уу?

        -Тэр үед намын матаас их, хүнд хэрэг тохох их амар байсан гэгддэг. Гэхдээ Чадраа маань хар газраас гарч ирснийхээ дараа ажилдаа буцаж ороод, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчөөр 10 гаруй жил ажилласан. Үнэхээр хэрэгтэн байсан бол Ерөнхийлөгчөөр ажиллуулахгүй шүү дээ. Хүнийг тэгж л хэлмэгдүүлж, амьдралд нь хэзээ ч арилахгүй хар толбо үүсгэж байсан цаг манайханд бий бий.

-Хүний амьдралд олон найз байдаг. Та найзыгаа ямар найз гэж хэлэх вэ?

      -Миний найз ховорхон хүн байсан. Худлаа хэлж, хулгай хийж чадахгүй. Их сэргэлэн, мэдлэг сайтай, мундаг ажилсаг, архи ууж, тамхи татахгүй. Хамгийн гол нь нэг хүндэлсэн, хайрласан хүндээ үргэлжийн үнэн сэтгэлээсээ хүндэтгэлтэй ханддаг. Хүний амьдралын сайн муу, нарийн ширийнийг хэзээ сурч, мэдсэн юм гэмээр сайн ойлгож, мэддэг хүн байсан. Хүнд их хань болдог, юугаа ч ярихгүй байсан ч хамт байхад л сэтгэл дүүрээд, цэлмээд ирдэг хүн байдаг даа. Тийм л сайхан хүн байсан даа, миний найз. Ер нь бидний хэн нь ч архи, тамхинаас хол. Тийм учраас өдийг хүртэл эрүүл саруул яваа байх. Бид ер нь бүх л амьдралаа ном унших, эрдэм сурахад зориулсан. Орост байхад “Ударник” кино театрт кино үзэж, хоолонд орох л бидний зугаа, цэнгэл байж дээ.

-Танд найзыгаа гомдоож байсан удаа бий юү?

              -Жижиг үгээр гомдоож байсан байж л мэдэх байх. Тэрнээс бид “ам мурийж”, гар зөрүүлж байгаагүй.  Би найздаа нэг ч удаа гомдож байсан удаагүй. Тийм л сайхан нөхөрлөсөн дөө. Залуу байхад Чадраа Орост ажиллаад, би Монголдоо хөдөөгөөр судалгаа хийгээд явдаг байсан болохоор уулзах цаг ч хомс байж дээ. Сургуулийнхаа ойгоор нэг тухтай уулзана. Одоо ангиас эрэгтэй хүүхдээс би ганцаараа, тэгээд хоёр охин л үлдсэн байна.

-Та “Чингис хаан” одон хүртэхдээ найзыгаа их санаж байсан байх даа?

       -Тэгэлгүй яах вэ. Урьд нь шагнал авахад найз минь цэцэг бариад, инээгээд л ирдэг байлаа. Хэдий олон хүн надад баяр хүргэсэн ч сэтгэл нэг л дутуу оргиод, хөндүүр, эзгүй байх юм билээ. Ер нь тэгээд шагнал, урамшуулал гэдэг чинь найзуудтайгаа хуваалцах нь л хамгийн том шагнал, баяр бахдал юм биш үү дээ.

-Хамгийн сүүлд та хоёр хэзээ уулзсан бэ?

      -Би 70 насныхаа ойг хийгээд, ангийнхнаа бүгдийг нь цуглуулж байлаа. 60 насны ой хийхгүй шүү дээ, бараг хүүхэд юм чинь. Тэгэхэд бид их сайхан сууцгааж билээ. Хамгийн сүүлд бол нэг хурал дээр хальт уулзаж, ярьж суусан санагддаг. Гэхдээ одоо бодоход найзтайгаа тухтай сайхан ярилцаж чадаагүй юм билээ. Тэгэхэд бидэнд хуучлаад, элдвийг яриад суувал суухаар цаг байсаар байхад яагаад ч гэр рүүгээ яарцгаагаад явцгаачихсан юм бүү мэд.

-Найзыгаа таалал төгссөнийг сонсох хэцүү байсан нь мэдээж?

       -Чадраа минь өвчин хэлдэггүй байсан. Би ч одоо хүртэл ханиаднаас өөр өвчин тусдаггүй. Сүүлд төвөнх нь өвдөөд, “Удаан сууж чадахгүй байна” гээд жаахан сууж байгаад л босоод байдаг байсан юм. Түүнийгээ Өвөрмонгол руу эмчлүүлэх гээд явсан ч шарил нь буцаж ирсэн дээ. Тэр туранхай хүн их хөөчихсөн байсан. Би хараад асгартлаа уйлсан. Ажил явдлын дараа, ер нь л надад хэцүү байсан. Тайлбарлах үг орж ирэхгүй байна, тэр өдрүүдийн тухай. Одоо ч би найзыгаа санадаг. Их санахаараа залуу цагийнхаа зургуудыг хардаг юм. Хүний амьдралд Чадраа шиг минь тийм найз ховор тохионо.

      Ийм л гэгээн нандин 60 гаруй жилийн нөхөрлөлийн түүхийг уншигч та бүхэн уншлаа. Арван жилийн ширээнээс эхлэн шинжлэх ухааны ноён оргилууд болтлоо хамтдаа байх нь ховор хувь тохиол яах аргагүй мөн билээ. Тэдний нөхөрлөлийн нэгэн жаран дамнасан гэгээн өдрүүдийг бичиж, ярихад хэвлэмэл хуудас цөөднө. Гэсэн ч тэдний нөхөрлөлийн үнэ цэн хэдэн жаран өртөөлөн дурсагдана...

        Б.Чадраа агсны талаар одоогийн Шинжлэх ухаан академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Шинжлэх ухааны академи 1961 онд байгуулагдсанаас хойш академийн хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн хоёр хүний нэг нь манай Б.Чадраа академич. Б.Ширэндэв гуайн дараа баттай байр суурь эзэлсэн энэ хүн бол Монгол Улсын зах зээлийн шилжилтийн хүнд он жилүүдэд шинжлэх ухааны салбараа нураагаад унагачихалгүй дараагийн үетэй золгуулсан менежер хүн юм шүү дээ. Энэ бол яах аргагүй Б.Чадраа гуайн гавьяа. Монгол Улс шинжлэх ухааны салбарт, эрдэмтдэд итгэл найдвар өгч, судалгаа шинжилгээний ажлыг боломжийн санхүүжүүлбэл ямар хэмжээнд шинжлэх ухааны хөтөлбөр боловсруулж, ажиллаж чадахыг харуулсан нэг үйл явдал байдаг. Энэ нь Зөвлөлт-Монголын хамтарсан нислэг. Б.Чадраа гуай энэ хамтарсан нислэгийн улсын коммисын орлогч дарга, шинжлэх ухааны хөтөлбөрийг боловсруулах коммиссын даргаар ажилласан. Богино хугацаанд тэр олон хөтөлбөрийг боловсруулах, тал талаасаа цугласан залуу судлаачдын хүч, авьяасыг дайчлан гаргаж ажиллахад Б.Чадраа гуай онцгой гавьяа байгуулсан хүн юм шүү дээ. Үүнээс гадна түүний Монголын шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр, гавьяаг үгээр илэрхийлэх боломжгүй өргөн, дэлгэр билээ” гэсэн юм.

         Харин Д.Доржготов академичийн хувьд Монгол орны хөрсний зургийг хамгийн анх 250000 масштабтай зохиож, “Байгаль нуурын сав газрын атлас”, “Монгол орны экосистемийн атлас”, “Монголын үндэсний нэвтэрхий толь”, олон үндэстнийг хамруулсан “Монгол судлалын нэвтэрхий толь” зэрэг  300 гаруй бүтээл туурвисан Монголын сод билигт хөвгүүдийн нэг юм. Түүний бүтээл туурвилыг үнэлж, Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн Алтан медалийг өнгөрсөн жил тус улсын Газарзүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Москвагийн Их сургуулийн Газарзүйн факультетын ерөнхийлөгч, академич Н.С.Касимов хүрэлцэн ирж, гардуулж байсан билээ.

      Сургуульд элсэж асан хоёр сөөсгөр хүүгийн хагас зуун жилийн нөхөрлөл, уйгагүй хөдөлмөр, салбартаа хоёргүй сэтгэлээр зүтгэсэн зүтгэл нь тэднийг Монголын шинжлэх ухааны салбарын ноён оргилууд болгосон түүхтэй.

 

 

 


МОНГОЛЫН НОЁН ОРГИЛ АКАДЕМИЧДЫН 70 ЖИЛИЙН НӨХӨРЛӨЛИЙН ГЭГЭЭН ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-25 19:01:02
    Эргүү ац Монголын ШУ г ингэж доромжлохгүй шү! : Олз хайж өмчийн луйвар хийж яваад баригдаж ял эдэлж байсан хүн шүү тэр Чадараа чинь. Зүгээр нэг муу панзчин, олзны төлөө юугаа ч зарах олиггүй эр гэдгийг нь хамт ажилладаг хүмүүс нь бүгд мэднэ. юим үнэнээрээ сайхан Хам хэрэгтэй луйварчин минь!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-19 15:13:47
    Зочин: Сэтгуулч шинжлэх ухааны ноен оргил хэмээн унэлжээ. Шинжлэх ухааны оргил гэж байдаг болов уу? Байдаг бол тэр нь юу байх бол? ШУА - аас олгодол академич гэдэг цол бол эрдмийн оргилын цол ер биш ээ. Нэг байгууллагын мэрэгжлийн салбарын гишуун л юм даа. Хоосондуухан академич олон доо олон
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188