Төв аймгийн Эрдэнэсант сумын Батхаан уулын энгэр бэлээр тоолж барамгүй хонин сүрэг налайна. Хаа нэг үргэн давхилдахаас өөрөөр “хадаатай” юм шиг тогтсон сүргийн эзэн бололтой ягаан дээлтэй хүн намайг харж байгаа нь илт дуран сунгана. Түүнийг зорьж очин мэнд мэдэж, яриа өдлөө. Айрагны баяр үзэж, тэмдэглэл хөтлөхөөр Улаанбаатараас хөдөлсөн би хэдий нь тэр өвгөнтэй “үе мултарсан” найзууд болж хамтдаа нулимс дуслуулж, хад цуурайттал инээж хэдэн цаг өнгөрөв. Түүнийг улсдаа 5000 хонь тоолуулж байсан гэх бүдэг бадаг сураг сонссоноос Монгол Улсын Гавьяат малчин гэдгийг нь мэдээ ч үгүй бидний яриа ийн эхэлсэн юм.
-Сайн байна уу та. Зуслан тавлаг, хонь тогтуун байна уу?
-Сайн. Сайн байна уу. Тавлаг сайхан зусаж байна. Зуншилга сайхан, сүрэг тогтуун байна.
-Өвс, ногоо сайхан гарчээ. Эрт бороо оров уу?
-Хавраас эхлээд л сайхан хур орлоо. Миний мэдэхээр манай нутаг сүүлийн 10 орчим жил ийм сайхан зуншлагатай байгаагүй. Энэ жил өвс, ногоо сайхан ургаж хүн малын зоо тэнийх шиг л болж байна.
-Таныг 5000 хонь тоолуулж байсан гэж сонссон. Хэдэн онд юм бэ?
-Өвөө нь 2006-2016 он хүртэл малынхаа тоогоор улсын томчуудтай үзэж байлаа. Өөрөөр хэлбэл, арван жил малынхаа тоо толгойгоор Монгол Улсад эхний гуравт бичигдэж явсан. Хамгийн сүүлд 2016 онд малынхаа тоогоор улсад дөрөвт жагссан юм. Түүнээс хойш үр хүүхдэдээ хувь тасалж, нас дээр гарахын хэрээр малынхаа тоо толгойг цөөлж байна даа. “Эрийг нас, уулыг цас” гэдэг үнэн болохоор чадал тэнхээ барагдах юм. Залуу насандаа ямаагаа 1000 гаруй, хонио 4000 гаруй тоо толгойд хүргэж байсан удаа бий.
-Тэгэхээр бог малаа түлхүү үржүүлж байсан байх нь ээ?
-Түлхүү хонь өсгөж байлаа. Гэхдээ бод мал бас байлгүй яах вэ хүү минь. Адуу 400 гаруй, үхэр 300 гаруй хүргэж үзсэн. Монголчууд хэдэн зуун жил, үеэс үед дээдэлж ирсэн малын буян гэж сайхан шүү.
-Настан буурлаас өвлөж ирсэн буян уу?
-Та нар сонсож байсан уу, үгүй юу мэдэхгүй юм. Намайг бага залуу байхад түрээсийн мал гэж байлаа. Манайх бусдын адил түрээсийн мал малладаг байсан. Эхнэр маань сургуулийн багш болохоор зургаан хүүхдээ аваад сумын төвд сууна. Би яахав нэг муу жижиг гэрээ аваад хөдөө гарна. Залуу хүн гэхэд хань ижил, үр хүүхдээсээ хол байтлаа тэгэж их малд дурладаг байлаа. Нэгдэл тарж хувьчлалд шилжихэд зургаан хүүхдийнхээ буянаар 100 гаруй хонь, 10-аад бод мал авсан даа. 1989 оны үе юмдаг уу даа. Ердөө есөн жилийн дотор буюу 1998 онд Мянгат малчин болж байлаа. Хаа нэг боджээ суудаг юм. Малынхаа тоогоор улсдаа нэгдүгээрт бичигдэж, мандсан амьдрал минь нэгдлээс хувьчилсан 100 толгой хониноос эхлэлтэй
-Малын тоо өсөхийн хэрээр хүн бүл их шаарддаг. Та ам бүл хэдүүлээ вэ?
-Хөгшин бид хоёр зургаан хүүхэдтэй. Тусдаа гарах нь гарч, ганц хүүтэйгээ гурвуулаа үлдсэн. Хүү маань хониндоо явна. Өвөө нь адуугаа эргүүлж тойруулаад л байж байдаг юм. Хуучных шигээ олон малгүй болохоор туслах малчин авалгүй хүү бид хоёр болоод л байна.
-Малчин хүнээс малынх нь тоо толгойг асуувал “буяны сав руу нь өнгийсөн” мэт таагүй санагдах байх?
-Яах вэ, аль ч нутагт айхтар малынх нь тоог тоолж, асуугаад байдаггүй юм. Манайх гэдэг айл 1000 гаруй малтай болсон. Хүн хүч муутай айлд үүнээс их малын ч хэрэггүй дээ.
-Эрдэнэсант сумын өвсний гарц, шим тэжээл юугаараа өөр байдаг юм бэ?
-Миний нутаг ч үржил шим, үр өгөөж ихтэй сайхан нутаг даа. Тэр дундаа Цахир мөөрст хаваржсан малын хөл гойд хөнгөрдөг. Шид нь хужир, усандаа ч байдаг байж мэдэх юм. Ямар ч байсан мал сүрэг эрт ногоо иддэг. Мөөрсгийн голд миний ижийгийн ах н.Сүрэнхүү баатар гэж байлаа. Мал сүргийнхээ ашиг шимийг хүртэж, тоо толгойг нь жигд өсгөсөн болохоор улсаас Баатар цол өгч байсан юм. Би ч ахынхаа нэрийг унагалгүй гавьяат малчин болтлоо зүтгэсэн дээ. Ер нь манай нутаг мал их өсдөг буяны өлгий. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар н.Батдэлгэр, н.Базаррагчаа, н.Сүрэнхүү гурвынх чандмань хэлбэртэй айлсаж буудаг байлаа. Хаяа хаяагаа захалж буусан гурван айл гурвуулаа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, нэг нутаг усных гэж бодохоор сайхан байгаа биз. Үүнээс гадна манай Мөөрсгийн гол мянгат малчин олонтой.
-Хөдөө хөхөрч, гадаа гандаж олон жил малын захад явсныг тань монголын төр үнэлж Монгол Улсын Гавьяат малчин цол тэмдэгээр шагнасан гэж та хэллээ. Төрдөө үнсүүлж, төрийн дээд цол тэмдэгээр шагнуулж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юү?
-Аймгийн дарга “Нэг ирж уулз” гэхээр нь яваад очсон юм. Гэтэл “За таныг Монгол Улсын Гавьяат малчин”-д тодорхойлоод дээшээ явуулчихсан байгаа. Энэ жил та малынхаа тоогоор улсад нэгдүгээрт бичигдэж байгаа юм байна. Үзүүлэлт өндөр байгаа болохоор бараг авчих байх. За тэгээд залбираад хүлээж байгаарай” гэсэн юм. Би ч тухайн үедээ нээх тоосонгүй. Суурь малаа өсгөж, амьдрал ахуйгаа залгуулж, үр хүүхдэдээ өвлүүлэх хөрөнгө бэлдэж байснаас ямар гавьяа шагналд дурлаж явсан биш. Нэр хүнд, шагнал хөөж явдаггүй хэр нь Гавьяат малчин авахдаа хачин их баярласан. Тэртээгээс туулж ирсэн амьдралын хатуу ширүүн, давж гарсан хүндрэл бэрхшээл цөм нүдэнд харагдаад баярын нулимс өөрийн эрхгүй урсдаг юм билээ. Өвөө нь төр засагтаа баярлаж явдаг юм. Баатараас бусад бүх л цол тэмдэгийг хүртсэн дээ.
-Ерөөлөөр болж дутуу цол нь ирвэл танай гол дөрвөн Хөдөлмөрийн баатар малчинтай болох нь ээ?
-Тээр жил 700 гаруй хурга бойжуулж аймгийн “Алтан хурга”, 500 гаруй ишиг бойжуулж “Алтан ишиг” шагнал авч байлаа. Мөн нэг жилд 80 гаруй тугал бойжуулж “Алтан тугал”, 100 гаруй унага бойжуулж “Алтан унага” хүртэж байсан. Ер нь ботгоноос бусад алтан төлийн шагналыг авч байлаа даа. Хүмүүс намайг хөөргөж, онгироодог юм уу бүү мэд “Таниас өөр алтан төлийн шагналаас дөрвийг нь авсан хүн байхгүй” гэлцдэг юм. Мөн 1000 хурга бойжуулж улсын “Алтан хурга”-ны эзэн гэх алдар хүртэж байлаа.
-Олон малтай болох нэг хэрэг. Харин тэр олон малыг өсгөж үржүүлнэ гэдэг амаргүй биз?
-Би идэр залуугаасаа л малд дурласан хүн дээ. Малын хажууд явж л байвал өлсөж, цангах, ядарч, зүдрэхийг мэддэггүй байлаа. Өглөө хамгийн эрт босож, орой хамгийн сүүлд унтана. Ер нь малыг өглөө эрт, соргог бэлчээрт эртхэн гаргах нь тарга хүч, бяр тэнхээнд нь сайн байдаг. Миний ээжийн ах Чүлтэмзааны Цагаангаж, Сүрэнхүү гээд мундаг малч хүмүүс байсан. Мөн миний аав Дамдинсүрэнгийн Ядам гэдэг хүн нутагтаа гайхагдсан малч хүн байлаа. Ийм сайхан хүмүүсийн дэргэд өсөж, тэдний арга туршилга, мал маллагаааны хэв маягаас суралцсан болохоор өөрийгөө өдий дайтай явна гэж боддог.
-Малчин айлын хотонд жил бүр л ихэр төл мэндэлдэг гэвэл хилсдэхгүй. Та нэг жилд хамгийн ихдээ хэдэн ихэр төл авч байв?
-Ихэрлэх нь тарга, тэвээрэгтээ байдаг юм шиг санагддаг. 2001 онд юм даа, өвс ногоо муу гандуухан жил болсон юм. Манайх тэр харагдаж байгаа Бичигтийн энгэрт байлаа. Есдүгээр сарын дундуур нүүхээс өөр аргагүй бэлчээргүй боллоо. Тэгээд отроор Мөнгөнморьт сумын наана Галтай голын ойролцоо очиж өвөлжсөн. Хавар буцаж явсан нутаг гандуу байгаад болдоггүй. Төв аймгийн Сэргэлэн, Баянцагаан сумдууд зуншилга сайтай байгаа сураг сонсоод Баянцагаан сум руу очиж буулаа. Сүүлд тооцоход тэр сайхан нутагт дөрвөн жил өнжсөн байна лээ. Мал их таргалж, ихэр төл олон гардаг өгөөжтэй газар. Тухайлбал, тэнд өнждөг жил манайд 200-гаад ихэр төл гарч байлаа. Төлийн дуу цангинасан эхний өдөр гэхэд л 10 хонь хургалахад найм нь ихэр байлаа шүү дээ. Нутагтаа ирсэнээс хойш тийм олон төл авч байгаагүй шүү.
-Өдий 70 гаруй насыг наслахдаа та жаргал, зовлонг ижилхэн үүрч явсан байх. Ер нь эдтэй байх ямар байдаг юм бэ?
-Дээр үед олон малтай хүнийг “Тэр гуайн буян, энэ гуайн буян” гэж заавал нэг буурлын буянд хамаатуулдаг байсан юм. Тэр нь үнэн л байх. Олон малтай болохоор улсууд хажиглах нь их. Бодлогогүй нэг нь үг хаяж л байдаг байсан. Ухаан муутай нэг нь “Энэ жил нэг зуд болоосой” гэнэ. За хүү минь чи зуд болгож яах нь вэ, гэхээр “Яах юу байхав дээ. Олон малтай улсын мал жаахан ч гэсэн цөөрөг дээ” гэж хэлж байсан тохиолдол хэд хэд бий. Ер нь хүний нүдэнд ил амьдарна гэдэг хэцүү шүү. Өгсөж, уруудаж явдаг хүний хорвоо хойно ойр зуурын хэл ам бол тасрахгүй шүү. За тэгээд олон малтай айл ойрхон байна гэдэг хамгийн хэцүү. Нэгнийхээ өвөлжөө хаваржааг идчих гээд хэцүү. Олон малын хэл амнаас болдог ч юм уу, хоёр сайхан үрээ алдсан. Хүн харахад оройгүй баян санагдаж байж магадгүй ч цээжиндээ дутуугийн зовлонтой л сууна даа, муу өвөө нь.
-Хагацалд хатуужсан эцэг хүн болохоор ийм асуулт асуухад эмзэглэхгүй байх. Өтөл насанд тань өмнүүр чинь орж, хорвоог орхино гэж бодож ч үгүй байлгүй. Хоёр үрээ хэр их санаж байх юм?
-Зургаан хүүхдэдээ хүү, охин ялгалгүй 600 гаруй мал тасалж өгч, аль алийг нь мянгат малчин болгоод байсан юм. Хүний хорвоо баяр жаргалыг бялхтал нь өгдөггүй юм байна. Жаргал, зовлонг тэнцүүхэн эдлүүлдэг нь хүний амьдралын мөн чанар юм уу даа. Муу Гавьяат цолоо даагаад явчихдаг хэр нь хагацлын зовлонд сөхөрчих гээд л байна шүү. Хоёр сайхан үр минь эндчихсэн юм. Хар, цагаан хэл амнаас л болсон болов уу гэж боддог юм. Тусдаа гарах нь гараад явчихсан болохоор одоо хүн бүл муутайхан л сууна.
-Эцгийн гэрээс голомт таслах нь хүний л жам хойно доо. Өөдөсхөн багаас нь эрхлүүлж өсгөсөн үрсийнх нь туурга тусгаарлах нь тусгаарлаж, тэнгэрт зорих нь зорьжээ. Эмгэнтэйгээ бууцан дээрээ “өнчрөөд” үлдэх хэцүү байв уу?
-Хорвоогийн жам юм. Зовсон нэг нь насан туршдаа зовж, жаргасан нэг нь үргэлж жаргатай байдаггүй шүү дээ. Хоёр хүүхдээсээ хойш муу хөгшин минь л сэтгэлээр нурах юм даа. Би яах вэ, нас сүүдэр хэдий 70 гарсан ч сэтгэл санаа тогтворгүй үед сайхан морин дэл дээр салхи татуулан давхиад тайтгарчихдаг юм. Адуу эргүүлж, уулын энгэрт алсыг ширтэж суухад ай даа мөн ч их зүйл бодогдоно доо.
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Я.НЯМДОРЖ: Малынхаа тоогоор улсдаа нэгдүгээрт бичигдэж, мандсан амьдрал минь нэгдлээс хувьчилсан 100 толгой хониноос эхлэлтэй |
|
2025-05-21 17:21:44
2025-05-21 16:30:10
2025-05-21 16:09:50
2025-05-21 15:49:24
2025-05-21 15:27:13
2025-05-21 15:16:15
2025-05-21 14:58:42
2025-05-21 14:55:13
2025-05-21 14:11:30
2025-05-21 14:10:29
2025-05-21 13:45:52
2025-05-21 13:35:00
2025-05-21 13:28:37
2025-05-21 13:21:38
2025-05-21 13:00:20
2025-05-21 12:56:24
2025-05-21 12:54:08
2025-05-21 12:42:28
2025-05-21 12:13:26
2025-05-21 12:05:35
2025-05-21 12:04:42
2025-05-21 11:55:18
2025-05-21 11:37:54
2025-05-21 10:54:46
2025-05-21 10:54:29
2025-05-21 10:53:52
2025-05-21 10:24:24
2025-05-21 09:34:26
2025-05-21 09:12:26
2025-05-21 09:00:00
2025-05-21 08:46:46
2025-05-21 08:34:07
2025-05-21 07:52:28
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 07:00:00
2025-05-21 06:19:46
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |