• Өнөөдөр 2025-08-08

ААВЫН ТУХАЙ ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ

2025-08-08,   175

           Олон улсын аавуудын баярын өдөр тохиож буйтай холбогдуулан дараах шүлгүүдийг онцлон хүргэж байна.

              ***                

Манан дундуур өглөө эрт

Малгай дүүрэн жимстэй ирнэ гээд 

Уул өгсөөд явсных нь дараа

Уйлж билээ, аавынхаа араас 
 
Одоо ч амтагддаг, ямархан шорвог 
 
Огт мартахын аргагүй нулимс 
 
Аяндаа хацар дээр хатсан ч 
 
Алсын уулыг ширтсэн хэвээр 
 
Аав ч алга, бас жимс ч алга 
 
Амьдрал уул л  дүнхийнэ
 
Хожим намайг малгайгаа аваад 
 
Жимсэнд явахаар 
 
Хойноос уйлах 
 
Охид минь л  шуугилдана. 
                                        П.Батхуяг

                     *** 

Оддоос амь туяа гэрэлтэнэ.

Олон зүйл нийлж нэг утга илэрхийлнэ.
 
Очих хүсэлгүй, уулзах бодолгүй ч
 
ороогүй цас, дуслаагүй бороо, урсаагүй нулимс
 
орхиод явсан газар,
 
уулзалгүй удсан хүмүүс үгүйлэгдэнэ.
 
Ийм үед,
үгүйлэх минь хайр шиг мэдрэгдэж
үгс хэлээгүй байх тусмаа үнэтэй санагддаг.
Ийм үед,
эртний өрөө төлөх тухай бодол гэнэт төрж
эгэм цээжийг улам хүнд болгодог.
 
Улас хийгээд тамхины цог анивчина.
Уулсын дундах байшиндаа та
цонхоор ширтэж амьдарна.
Мартагдана гэдэг ийм амархан.
Маргааш гэдэг ийм амгалан.
 
Оддоос амь туяа гэрэлтэнэ.
Одод, бороо, үгс гээд л
олон зүйл нийлж нэг утга илэрхийлнэ.
Ганц зүйл гэтэл олон утга илэрхийлнэ
ганцаараа мөртлөө та надад
бүх зүйл шиг санагдана.
Энд ч гэсэн дээ
улас хийгээд тамхины цог анивчина.
Уулсын дундах байшиндаа хүү нь
цонхоор уугиж амьдарна.
Мартана гэдэг ийм амархан.
Маргааш гэдэг ийм хол.
                                    Б.Батзаяа
                    ***
Аавдаа би хайртай
 
Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай
 
Нэг л намар миний ижил залуу явсан аав минь
Эгэл жирийн хоногийн эргэлтэнд элэгдэж өтөлжээ
Эргэж тойрсон хорвоогийн шаргал намрууд
Эцгийн минь зулайг зуран шувуудтай буцан оджээ
 
Шар наран улам улам алслаад
Саяхан ногоон байсан өвс, навч гандаад
Алсын зам аавын харц шиг сүүмийгээд
Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу
 
Шувууд буцах болгонд нэг л насаа аав минь та өгсөн
Шулуун байсан нуруу нь улирах намрын салхинд ганхсаар
Эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг
Эх газартаа татагдан явсаар аав минь бөхийжээ
 
Унах болтлоо уудам их зай байгаа ч уу, үгүй ч үү
Усны шувуудыг буцаад ирэхэд байх ч уу, үгүй ч үү
Он жил хэлж ирэв ч, хорьж үл болно
Олон сайхан үртэй мөртлөө аав минь бөхийсөөр
 
Шар наран улам улам алслаад
Саяхан ногоон байсан өвс, навч гандаад
Алсын зам аавын харц шиг сүүмийгээд
Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу
 
Аавдаа би хайртай
                                            Х.Чилаажав
                                  *** 
Сайхан залуу аавынхаа тэргүүнд нь буурал орсныг анх үзээд 
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийн шувуутай буцаасан
Санчиганд нь унах мөнгөн сарны тоолон жаргана даа тэгвэл гэхэд 
Санаснаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хонгор ижийн дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын л ач гэж дуулдахгүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ
Амттан зөөлөн 2-оор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас чихэр хармаалж орой болгоно
Аав минь тэгэхгүй ээ 
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээт 1000 харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж гүйдэг
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Адгаж ижий нар радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж аав нар сумын нүүдэл шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ижий нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд нар 
Үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэдэг
Ачыг тань хариулна гэж олон жил худлаа ярьлаа
Ачыг нь гаргаж өгчихөөд харин нэг их гавъяатан шиг 
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт 
Сөөсгөр хэдэн бацаны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараа өргөж үг дуугүй дайсандаа бууж өгөх мэт 
Гарцаагүй том алгаа дэлгээд та тэднийгээ хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч атлаа
Гангансан хэдэн зээтэйгээ хэдэнтэй хэлд орно
Гадаа нь навчис унаж он жил биднийг унасан навч мэт орхиж
Гайгүй дээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг аа
Хазайлгаж болохгүй юм шиг нэрээр чинь би овоглосон 
Халуун зүрхний уярал хайр гунигийг тань хүртэл өвлөсөн
Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа охин нь 
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.
                                                                                Ц.Хулан
                                            *** 
 
Цас орж байна ээж ээ,
Хоёулаа аавын тухай ярих уу
Цантай цонхон цаана
Инээмсэглээд л зогсож байгаа юм шиг
Санагдаад байна,
Өөрийнх нь тухай дурсан ярихыг
Хүлээгээд л байгаа юм шиг
Өрөвгөр жаалхан болжморуудыг
Өвөртөө дулаацуулах
Өвгөн модны дүрээр
Ширтээд байгаа юм шиг
Санагдаад байна
Ээж ээ, та битгий уйл л даа
Эсвэл хоёулаа өөр зүйл ярих уу
Уйтгар гэдэг хуучрах тучмаа
Улам л гунигтай болдог юм байна
Тийм ээ? Ээж ээ
Сэтгэл гэдэг яг л газар шиг
Хавар бүхэн л
Ханзардаг юм байна
Тийм үү! Ээж ээ?
Ээж ээ, тээр хацар дээр чинь
Нулимс бөмбөрөөд зогсохгүй нь
Ингээд л би тандаа шүлэг бичиж
Зүрхэлдэггүй юм шүү дээ
Урагдаж байж л бичдэг
Энэ хэдхээн мөрийг үлдээхийн төлөө
Ургуулж өсгөсөн ижийгээ
Уйлуулчихдаг би мөн азгүй хүн ээ
Ээж ээ, ээж ээ
Хайр гэдэг нь энэ юм уу ээж ээ
Халуун, давстай, усан зүйл байдаг юм уу
Аавыг, алиахан гурван үрээ та уйлж хайрласан болохоор
Амт нь эсвэл надад ингэж санагдаад байгаа юм уу
Ээж ээ!
Ээж ээ, цас ороод л байна
Цаашаа таны тухай шүлэг бичье гэвч
Та уйлна гэхээр даанч надад
Хэтэрхий их гунигтай байна...
                                      Э.Бүжинлхам

ААВЫН ТУХАЙ ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188