“Тайван хүнээс цэгцтэй бодол төрдөг...”
Өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн “Милл” кино компанийн бүтээл “Халуун бороо” уран сайхны киног үзсэнээс хойш энэ үгийг их бодох болсон юм. Үнэхээр ч хүн хамгийн хүнд нөхцөлд өөрийгөө болон өрөөлийг аврах боломжтой зүйлийн нэг бол бүгдэд тайван байж, ухаалгаар тухайн нөхцлийг даван туулах. Түүнээс сандарч, тэвдэж, сэтгэл санаа тогтворгүй байвал өгөгдсөн нөхцөлд дийлдэж, эрсдэлд орно уу гэхээс даван туулахгүй. Үүнийг л эл үгээр илэрхийлж байгаа болов уу.

Манай улсад сүүлийн жилүүдэд Онцгой байдлын албаны олон залуу албан үүргээ биелүүлж явахдаа харамсалтайгаар амиа алдсан. Өглөө “Хань нь, аав нь, хүү нь ажлаа хийчихээд ирье ээ” гэж хэлээд л хэзээ ч эргэж ирэхгүйгээр явж мэдэх ийм эрсдэлтэй ажил бол тэднийх. “...Шаардлагатай тохиолдолд амиа үл хайрлан тэмцэнэ...” гэж амины үнэтэй тангараг өргөдөг. Цагийн аль ч аашинд хойш сууж, нугарч, хугарч, буцахгүйгээр галын дуудлага ирсэн л бол гараад л очих үүрэгтэй гэдгийг сэтгэл өвтгөхийн зэрэгцээ бахархал төртөл хийж чадсан нэгэн уран бүтээл гарцаагүй “Халуун бороо” болжээ. Урьд лав үзэгч миний хувьд хүйтэн, шиврээ, усарсаг, шаагим, зөөлөн, суман гэх үгстэй л бороо гэх байгалын үзэгдлийг холбон ярьж, сонсдог байсан бол халуун бороо гэж төдийлөн сонсож байгаагүй юм билээ. Харин гал сөнөөгчдийн үхэл, амьдралдаа өдөр бүр тэмцэж, зориг тэвчээр, ухаан, сэтгэлээ дуудлага бүрд уралдуулдаг тэр ажлыг халуун гэх үгээр тодотгохоос ч яах билээ.
Ёстой л нөгөө суман бороо гэдэг шиг халуун бороо тэдний дээр цаг мөч бүхэнд шаагин орж, тэд халуун гэж халшрахгүйгээр бороон дундуур гүйж, ажлаа хийдэг дээ гэж бодохоор нэрнээсээ эхлээд л энэ уран бүтээлд баяр төрж байлаа. Тиймээс юуны өмнө уран бүтээлч болон кино багийн хамт олонд баяр хүргэх нь зүйтэй байх.

Бидний хэдийнэ танил, Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэгэн долгион мөртлөө өөрийн ахуйдаа чимээгүй оршигч. Харин уран бүтээлд алуурчин, ижил хүйстэн, босс гэхчлэн эсрэг дүрийг амилуулдаг “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр эл киноны гол дүрийн нэг болох Баатар ахмадын дүрийг бүтээжээ. Ажилдаа чин үнэнч, сэтгэл зүрхнээсээ, цэх шулуун ажиллах зоригт, дайчин, чадварлаг, үлгэр жишээч гал сөнөөгчийн дүрийг тэр ямар байдаг уу тэр л хэвээр нь бүтээж чаджээ. Үнэхээр харц, хөдөлгөөн, үг, яриа, хичээл, зүтгэл ийм л байж гэмээнэ Онцгой байдлын хатуу албанд ажилладаг байх гэсэн бодлыг түүний дүрээс хангалттай харж, мэдэрсэн. Энэ л тухайн уран бүтээлчийн дүрдээ хэрхэн ажиллаж, түүндээ амьдарч байгааг илтгэдэг болов уу.
Мөн “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”, “Богд хаан” тэргүүтэй киноны дүрээр олноо хайрлагдсан жүжигчин Ч.Болд, хошин урлагийн тайз болон олон сайхан дэлгэцийн бүтээлд дүр бүтээдэг жүжигчин Х.Цасчихэр, өнгөрсөн жил үзэгчдийг байлдан дагуулсан “Гарц” киноны Хуягийн дүрд ажилласан жүжигчин Т.Оюунболд, мөн тус киноны Санчирын дүрд тоглосон жүжигчин О.Анхсүх, дуучин АМ-С буюу Г.Энх-Амар нарын дүр ч мөн тус бүрдээ уран бүтээлчдийн чадварыг өсгөсөн, тэдний дотоод мөн чанарыг үзэгчдэд ойртуулсан дүрүүд байлаа. Тэр дундаа Онцгой байдлын албанд ямар сэтгэл зүрхтэй, зориг тэнхээтэй, санаа бодолтой залуу ажиллаж, амиа үл хайрлан тэмцдэгийг харуулж чадсан нь бахархал дүүрэн байлаа. Монголын кино урлагийн ертөнцөд “Милл” кино компани гэж нэгэн уран бүтээлч айл өдгөө арав гаруй бүтээлийг үзэгчдэдээ хүргэж, уран бүтээлчдийг өнөөдөр ч тасралтгүй дэмжсээр байна.

Тэд энэ удаад “Халуун бороо” киногоороо Онцгой байдлын албан хаагчдын амьдрал, алба үүргээс дэлгэцнээ бидэнд толилуулахаас гадна чимээгүйхэн үүрэгт ажлаа хийгээд, өргөсөн тангарагтаа үнэнч алхаж байгаа олон албан хаагчдын дуу хоолой, зүрх сэтгэл, хүнд бэрх нөхцлийг үзэгчдэд хүргэж чадлаа. Гал гарахаар, гамшигт зовлон тохиолдохоор бидний хамгийн түрүүнд хандаж, аврал гуйдаг Онцгой байдлын албанд хүчин зүтгэдэг бүх албан хаагчдад энэ ташрамд мөн баярлалаа гэж хэлье. Тэд хэрхэн ажиллаж, ямар хүнд бүхэнтэй нүүр тулж, амьдрал, амиараа дэнжин тавьж ажилладгийг “Халуун бороо” киноноос үзээрэй.
“ХАЛУУН БОРОО” КИНОНООС ТЭМДЭГЛЭХҮЙ |
|