Яруу найрагч Товуусүрэнгийн Амар-Амгалан "Эрээ цээргй хүмүүсийн дундах ариун өдрүүд", "Хуучин байшингийн үг" хэмээх хоёр яруу найргийн номоо уншигчдын хүртээл болгоод байгаа билээ. Тэрбээр “Жүжиг, киноны зохиолч, Утга зохтолын ажилтан, “Театрын найруулагч” мэргэжилтэй. “Гүн Утга” уран бүтээлийн нэгдлийн гишүүн. “Хаврын будда” (2017) , П.Батхуягийн хамтаар “ЖИННН..., ЦЭННН...” (2020) , “Эрээ цээргүй хүмүүсийн дундах ариун өдрүүд” (2024) зэрэг шүлгийн түүврүүд хэвлүүлсэн юм. Тиймээс "Хуучин байшингийн үг" яруу найргийн номоос онцлох таван шүлгийг уншигч танд хүргэж байна.
НОМЫН ӨМНӨТГӨЛ
ЗАЙЛШГҮЙ ҮЕД ХОЛБОГДОХ ХҮНИЙ НЭР
Шүлэг бичдэг залуус бүгд л давтагдашгүй,өвөрмөц соньхон ертөнцүүд. Тэд шинэ шүлэг шинэ мөр бүхэндээ шинээр сэрж, өнгөлөгдөж, өөрчлөгдөж, мөрөөдөж байдаг гэж санадаг. Бас ч шүлгээс шүлэг, номоос номдоо цэгцэрч, өмнөхтэйгөө зууралдахгүй орхиж сурч, ах эгч нараасаа өөр байх гэж эсвэл адилхан байх гэж тэрсэж, сөрж, өөрийгөө эрэлхийлж, шинэ номынхоо анхны хувийг барьж үзэх онцгой мэдрэмжийг амсаж, зуунтаа бодож, төдийчинээ дахин уншсан ч бас дахин шинэ шүлэг шиг нээн уншиж, гэрэл гэгээ сайн сайхныг бусадтай хуваалцахын амтыг мэдэрч байдаг биз ээ.
“Зайлшгүй үед холбогдох хүний нэр
Залгах утас, гэрийн хаяг дээр
Зайлуул чинийхээ нэрийг бичсэн” залуу эдгээр мөрүүдээрээ маш нийтлэг тохиолдох боловч зөвхөн тэр л анзаарч мэдрэх хосгүй туршлага бүтээгчийн нийтлэг бус зам мөр гаргаж
“Үслэг эдлэлийн дэлгүүрт яваа юм шиг
жихүүн өдрүүдэд
Үнэ нь тэнгэрээс бууж яваа хуучин хувцасны
дэлгүүрээс охиндоо худалдаж авсан
дулаахан хүрэм шиг шинэ өдрийг” бүтээх аж.
Тэр гэрэл зураг дээр ганцаар инээмсэглэх хүнийг анзаарч, амьсгал тавьж буй салхи юу хэлчихэв хэмээн чагнаархана. Эрт багадаа дүүгүүрийн чулуугаар хургаа өвтгөснөө хавар ирэхэд гэмшин санаж, хаа сайгүй орших гэгээн ахуйг мэдэрчээ. Т.Амар-Амгалан хэмээх энэ залуутай нүүр тулж үг сольж үзээгүй боловч шүлгүүдээр нь дамжуулан эчнээ танил болж, уран үг, хүн чанарын амаргүй сорилд өөрийгөө зольж яваа хэмээн итгэх болсон. Тиймээс шүлгийнх нь шинэ номыг уншихын ялдамд хэдэн үг хавчуулж буй нь энэ. Яруу найрагчийн мэдрэмж маргааш үхэх гэж байгаа юм шиг хурц байх ёстой гэсэн санаатай үгийг яруу найрагч М.Кузмин, Ахматовагийн анхны номын өмнөтгөлд бичсэнийг хэрэг болуужин хэмээн энд дурьдая. Олноор “Их” хэмээн зөвшөөрдөг Пушкин, Нацагдорж ч шүлгээ маш олон удаа засаж, хуулж бичдэг байсан гар бичмэлийн захаас үзэж,сонсож байснаа ч хэлье. Явуухулан нэг мөрийг долоо хоног бодсон тухай “Утга зохиол, урлаг” сониноос уншиж байснаа санаж байна. Цэвэгжавын Батбаатар хичнээн ч ном болох шүлгээ голж шатаасан юм. Алс холыг зорьж буй дүүд ах зах хүний хувиар захиж хэлбэл энэ мэт зүйл байна. Ингээд олныг нуршилгүй дүүд урам онгод ерөөе өө. Монголын яруу найргийн үрс маш олон болтугай. Оюун мохож, өвгөрсөн өчүүхэн шүлэгч би залуусын шүлэг бүтээлд үг дайх хэлж дүгнэх, үдэж ерөөх өөрт хүндэдсэн үүргээс үүнээс хойш чөлөө эрье.
Өмнөд энэтхэг. Б.Одгэрэл
“ХУУЧИН БАЙШИНГИЙН ҮГ” НОМООС ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ
***
Минийхээр өнөөдөр зургадугаар сар
Мөс, цас, шамрага мөрөөссөн
Ховор өдөр
-Нэгдүгээр сарын 17.
Минийхээр өнөөдөр долдугаар сар
Зам дагасан борооны ус
шүлгийн дэвтэрт жирвэлзсэн
Ховор л өдөр
-Нэгдүгээр сарын 17.
Минийхээр өнөөдөр "0" сар
Чамд зориулж шүлэг бичиж дулаацсан
Ховор л өдөр
-Нэгдүгээр сарын 17.
***
ЧИНИЙ ТУХАЙ ЭНГИЙН ҮГС
Зайлшгүй үед холбогдох хүний нэр,
залгах утас, гэрийн хаяг дээр
Зайлуул чинийхээ нэрийг бичиж суусан;
Залгиур хоолой дээр торсон тэр ганцхан
ариун дусал бол чи юм.
Эгчийнхээсээ намайг дагаж гарсан
Ээдрээт тэр өдөр харин би чиний
үүрдийн гэр орон, тав тух болсон
Эгэл бороор төвхнөгч аз жаргалын
тасархай шиг хүмүүс дунд
Эмэгтэй, эрэгтэй 00-д хамт ордог
нууцгүй хүмүүс нэмэгдсэн.
Бороотой өдөр цувгүйд би чиний шүхэр
Борооноос зайдуу яваа энэ шүхрийг
барьсан гар нь чи байсан
Борцтой шөл,бэлэн гоймон, хортой
хямдхан гэсэн бичиг дээр
Байсан, байгаа, би дуртай гэдэг үгс шиг
бидний нууц үлдсэн.
Байгаадаа сэтгэл хангалуун амьдрах тухай;
Байр орон сууц авах тухай бас ярилцсан
Байдаг л энгийн үгсээр бүтсэн бадагс
энгүй гүн утгатай
байдаг шиг тийм их хайраар чи зүрхийг
минь үүрдийн үүрд шагнасан.
***
Үслэг эдлэлийн дэлгүүрт яваа мэт
Цаанаа л жихүүн улирал
Үнэ нь тэнгэрээс бууж яваа
Хуучин хувцасны дэлгүүрээс
охиндоо худалдаж
авсан дулаахан хүрэм мэт
шинэ өдөр.
***
Хүмүүс намар гэж шаагилдаж
навчис нус нулимстай хутгалдаж байхад
Харин бидний дунд хавар ирчисэн л байдаг.
Хүмүүс хөвөнтэй дээл зэхэж
Үнэгэн лоовуузын бүч хадаж суухад
Харин би ганцаар хурганы
уутаа сэлбэж суудаг
Хавар бидний дунд ирчихсэн л байдаг.
Хачин ийм үймээнч хүмүүсийг хараад
Хөөрхий намар дотроосоо өтдөг байх.
Гүйцээтэй тос хүртэл дотроосоо
өтөнд идэгддэг байхад
Гүйцэт боловсорч амжаагүй хүн сүрэг л
гаднаас нь юм бүхэнд ханддаг!
2021.09.10
***
Том хотууд дахь жижиг давчуу гудамд суудаг
Тоос сорогч нь эвдэрч, хайруулын таваг нь
харлаад шатчихсан,
Тойм сэтгүүлийн нүүрэн дээр муурынх нь
зулзага суучихсан
Тал онгойсон салхивчтай түрээсийн сууцны
айл бол;
Дэр шидсэн, өднүүд нь үгсээс нь өндөрт хөөрч
Дээр таазанд очоод чихээрээ наалдчихсан
Дайны мэдээ Украйны шар далбаа үзэгдэх
Дэлгэц нь анивчих зурагт нь
хэрүүлээс залхачихсан дүртэй хөршийнх бол;
Газрын зураг уншиж мэдэхгүй ч
Хилийн зурвас давсан,
ард нь гэр нь, урд нь
Эрх чөлөө нь яваа
Арван гуравтай
Дүрвэгч охины
гуталгүй хөлийнх нь мөр бол;
Манай үеийнхэний
шүлгүүдийн
амь нас.
Т.АМАР-АМГАЛАНГИЙН "ХУУЧИН БАЙШИНГИЙН ҮГ" ЯРУУ НАЙРГИЙН НОМООС ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ |
|
2025-02-06 17:35:55
2025-02-06 16:44:33
2025-02-06 16:32:10
2025-02-06 16:16:15
2025-02-06 15:46:58
2025-02-06 15:33:05
2025-02-06 15:05:19
2025-02-06 14:57:24
2025-02-06 14:40:00
2025-02-06 13:55:11
2025-02-06 13:51:17
2025-02-06 13:30:28
2025-02-06 13:28:30
2025-02-06 12:24:32
2025-02-06 11:33:03
2025-02-06 11:13:24
2025-02-06 10:43:05
2025-02-06 10:40:10
2025-02-06 10:34:13
2025-02-06 09:50:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-06 07:00:00
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |