• Өнөөдөр 2025-02-07

20-24 насны сонгогчдын ирц муу байна

2024-10-11,   272

        Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд 70-аас дээш насныхны оролцоо хамгийн өндөр байгаа бол 20-24 насны сонгогчдын ирц хамгийн бага байна. Сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07:00 цагаас эхлэн орон даяар үргэлжилж байгаа бөгөөд 18:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын 45.8 хувь нь саналаа өгөөд байна.
 
 Аймгуудаас Баян-Өлгий аймаг ирцээрээ тэргүүлж байгаа буюу нийт сонгогчдын 70 хувь нь саналаа өгөөд байна. Харин нийслэлийн хувьд ирц 35 хувьтай байгаа нь хамгийн ирц муу хэсэг болж байна. Сонгогчдын насны бүлэг болон хүйсийн байдлаар ирцийн мэдээллийг (18:00 цагийн байдлаар) харуулбал,
 
18-19 насны эрэгтэйчүүдийн 29.6 хувь, эмэгтэйчүүдийн 27 хувь,
20-24 насны эрэгтэйчүүдийн 25.5 хувь, эмэгтэйчүүдийн 25.7 хувь
25-29 насны эрэгтэйчүүдийн 28.0 хувь, эмэгтэйчүүдийн 32.4 хувь,
30-34 насны эрэгтэйчүүдийн 34.3 хувь, эмэгтэйчүүдийн 39.8 хувь,
35-39 насны эрэгтэйчүүдийн 38.4 хувь, эмэгтэйчүүдийн 44.3 хувь,
40-44 насны эрэгтэйчүүдийн 43.4 хувь, эмэгтэйчүүдийн 50 хувь
45-49 насны эрэгтэйчүүдийн 47.9 хувь, эмэгтэйчүүдийн 53.9 хувь,
50-54 насны эрэгтэйчүүдийн 52 хувь, эмэгтэйчүүдийн 56.9 хувь,
55-59 насны эрэгтэйчүүдийн 57.2 хувь, эмэгтэйчүүдийн 60.7 хувь,
60-64 насны эрэгтэйчүүдийн 64.3 хувь, эмэгтэйчүүдийн 66.4 хувь,
65-69 насны эрэгтэйчүүдийн 64.3 хув, эмэгтэйчүүдийн 71.2 хувь,
70-аас дээш насны эрэгтэйчүүдийн 75.1 хувь, эмэгтэйчүүдийн 69.2 хувь тус тус саналаа өгчээ.
Залуучуудын ирц бага байгаа нь олон шалтгаантай гэж үздэг. Нэгдүгээрт улс төрийн оролцоо бага, сонгууль яагаад бидний амьдралд ач холбогдолтойг ойлгох ойлголт сул, хоёрдугаарт залуусын санал өгөх боломжоор хангахгүй байгаа тал бийг мэргэжилтнүүд хэлдэг. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд залуусын сонгуулийн ирц өндөр байдаг. Учир нь тэдний оролцоог хангахын тулд сонгуулийн санал өгөх боломжийг олгохын тулд хугацааг нэг өдөр тавихгүй байх гэх мэтчилэн олон янзын аргуудыг хэрэглэдэг байна.
 
        Сонгуулийн санал хураалт дуусахад цаг гаруйн хугацаа үлдээд байгаа бөгөөд орон нутгийн сонгууль иргэдийн амьдрах орчин, өдөр тутмын амьдралд хамгийн ойр чухал сонгууль юм. Бид орон нутгийн сонгуульд саналаа өгснөөр өөрийн сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож, төлөөллөөрөө дамжуулан орон нутгаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг юунд зарцуулахаа шийдвэрлэдэг тул саналаа өгөхийг уриалж байна.

20-24 насны сонгогчдын ирц муу байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188