Уншигч, үзэгч танд энэ намар тайз, дэлгэцнээ гарах үзвэрүүдийг хүргэж байна.
-ИНЭЭМСЭГЛЭЛ-
"Эмоци" продакшныхан ирэх есдүгээр сарын 5-наас Соёлын төв өргөөний тайзнаа "Инээмсэглэ" шоу тоглолтоо хүргэхээр бэлтгэлдээ оржээ. Тэдний хувьд шоу тоглолтоо хүргэлгүй удсан бөгөөд өнгөрсөн жил 10 жилийнхээ ойг тохиолдуулан "Баян боол" уран сайхны кино болон "Нэгэн зуны цэцэг" тайзны бүтээлээр үзэгчидтэйгээ уулзсан билээ.
"Гунигийг мартах гэж биш, илүү жаргалтай болгохын төлөө өдөр бүр инээмсэглэ..."
-ТЭНГЭРИЙН ХҮҮ-
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ намар харин МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжгийг дахин шинэ бүрэлдэхүүн өнгө төрхтэйгээр тоглохоор болжээ. Жүжиг ирэх аравдугаар сарын 4-нээс УДЭТ-ын тайзнаа үзэгчдэд хүрэх юм.
"Тэнгэрийн хүү" би хүчирхэг Хүннүгийн эзэнт гүрнийг хөрстөд мандуулж чадлаа...."
-АМЬДРАХУЙ-
"Орфей" театрын ээлжит бүтээл "Амьдрахуй" ирэх аравдугаар сарын 1-нээс Соёлын төв өргөөний тайзнаа үзэгчдэд хүрнэ. Хятадын зохиолч Үй хуагийн "Амьдрахуй" зохиолыг орчуулагч М.Батбаяр эх хэлнээ буулгаж, уншигчдын хэдийнэ мэдэх зохиол болсон билээ. Тэгвэл найруулагч М.Батболд ийнхүү тайзны бүтээл болгохоор ажиллаж байна.
"Оршихуйн мөн чанар нь хүлцэхүй юм."
-ХҮҮХЭЛДЭЙН БАЙШИН-
Норвегийн жүжгийн зохиолч Хенрик Ибсений "Хүүхэлдэйн байшин" жүжгийг "Bee" театрын уран бүтээлчдэд тун удахгүй тайзнаа тавихаар болжээ. Жүжгийн найруулагчаар тус театрын уран бүтээлч Т.Хүслэн ажиллаж байгаа аж.
"Ээ бурхан минь аз жаргалтай амьдарч явна гэдэг юутай гайхамшигтай сайхан бэ."
-ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ-
"Pro" театрын уран бүтээлчид өнгөрсөн хавар Александр Дюмагийн "Шадар гурван цэрэг" физикл драмын жүжгийг РЦНК-ийн тайзнаа тавьсан билээ. Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын 1, 2-нд дахин тоглохоор болжээ. Жүжгийн найруулагчаар О.Итгэл ажиллаж буй юм.
"Нэг нь нийтийн төлөө
Нийт нь нэгний төлөө"
-3 ДАХЬ ЦОХИЛТ-
OI entertainment, Nomadia puctures-ын хамтын бүтээл "3 дахь цохилт" уран сайхны кино есдүгээр сарын 27-ноос бүх кино театрын дэлгэцнээ гарах юм. Найруулагчаар нь Р.Эрхэмбүрэн ажилласан байна. Бид өмнө нь түүний найруулсан "Солонго, Үүл, "No Rules “, “Номер нэг", "Хүсэл" зэрэг киног мэдэх билээ.
-ХУВЬ ЗАЯА-
"Хувьсал" продакшны найм дахь бүтээл болох "Хувь заяа" кино энэ сарын 23-нд нээлтээ хийж, өдгөө бүх кино театрын тайзнаа гарч байгаа билээ. Энэхүү бүтээлийг тус продакшны залуу уран бүтээлч Г.Бямбасүрэн зохиолыг нь бичиж, найруулсан юм. Өмнө нь бид түүний зохиолыг нь бичсэн "Тэнгэрээс буусан од", "Ноён эмэгтэй" бүтээлүүдийг үзсэн юм.
"Би зөвхөн адгуус амьтан л төрүүлсэн үрээ голдог гэж бодсон..."
-ЗОЛИОС 6/16"
"Софыт" филмийн бүтээл ээлжит бүтээл "Золиос 6/16" уран сайхны кино энэ сарын 30-наас кино театруудын дэлгэцнээ гарч байна. Тус бүтээлийн зохиолч, найруулагчаар уран бүтээлч Е.Даваасүрэн ажилласан байна.
"Гол нь яагаад надаар чулуу хөөлгөөд байгааг мэдмээр байна."
Энэ намрын үзвэрүүдтэй ТАНИЛЦ |
|