• Өнөөдөр 2024-04-28

“Клеопатра” жүжгийн гол дүрийн жүжигчин Н.Баярмаагийн хэлсэн онцлох үгс

2024-02-27,   2965

         “Монгол”  театр тайзнаа  “Клеопатра” жүжгийг “амилуулах” гэж байна. Энэхүү жүжгийн гол дүрийн СТА, жүжигчин Н.Баярмаа бүтээж байгаа билээ. Тэгвэл бид түүний хэвлэлд өгсөн ярилцлагуудаас бүсгүй хүний мөн чанарын тухай онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

  • Дүрдээ орохын тулд тухайн мөчдөө өөр юунд ч анхааралгүй бүх сэтгэлээ зориулж амьдарч чаддаг байх хэрэгтэй.
  • Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн дотроо байдаг гэдэг үгийг өмнө нь би ойлгодоггүй байлаа. Тэгээд бодоод байсан үнэн үг юм билээ. Хүн зүрх сэтгэл, оюун санаандаа зөв сайхан байх чинь өөрөө мөнхийн гоо үзэсгэлэн болж, нүүрэн дээр нь илэрч явдаг зүйл юм байна. Харахад гоё сайхан, үзэсгэлэнтэй төрсөн хүмүүс байлгүй яахав. Гэхдээ харах нүдний үзэсгэлэн гэдэг яг л цэцэг шиг богинохон настай. Өөрийн гэсэн өршөөлгүй цаг хугацаатай. Бид 60 настай хоёр эмэгтэйг царай муутай, царайлаг гээд ялгаад байхгүй шүү дээ.
  • Хэчнээн гоё ганган, үзэсгэлэнтэй байсан ч цаанаа нэг хүйтэн хөндий, гөлгөр байх муухай харагддаг. Тийм болохгүй байхаа л мэддэг байх хэрэгтэй. Эмэгтэй хүн заавал эмэгтэйлэг л байх ёстой. Зүрх сэтгэлээ эмэгтэйлэг байлгавал цаанаасаа л гэрэлтэнэ.
  • Ямар ч эмэгтэй хүнд өөрийн гэсэн дээд, доод хязгаар өөрийгөө хүндлэх, үнэлэх хэмжээ байх ёстой гэж боддог. Миний хувьд яаж ч сэтгэл алдарсан хэзээ ч эр хүний араас алдуурч, ухаанаа тавьж болохгүй гэдэг зарчимтай. Харилцан ойлголцол, итгэлцэл дээр л харьцаа үүсэх ёстой. Эр хүний араас эмэгтэй хүн алдуурах хэцүү.
  • Сүүлийн үеийн залуучууд дунд гэр бүл салалт их байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Залуучуудыг сатааруулдаг сайн муу зуршил их болчихсон байна. Хүн өөрөө л ухаантай байхгүй бол халтирахад амархан цаг үе болж. Өнөө үеийн залуусыг хорт зуршлаас хол, гэр бүлдээ үнэнч хайраар бялхуулдаг байгаасай л гэж боддог. Бас эрүүл энх байх нь хамгийн чухал шүү.

 

  • Өөрийгөө дутуу үнэлж болохгүй. Өөрөөсөө илүү гэж бодож байсан хүмүүс чинь үнэндээ тийм биш байх нь олонтаа, таарна. Өөрийгөө бүүр хэтрүүлж үнэлж болохгүй, тийм хүмүүс инээдтэй харагддаг. Ямарч юманд голчтой хандаж байгаарай.
  • Гоо сайхан, залуу насаа хайрлаж, боломжтой үедээ аль болох олон хүнд тусалж, цөөн боловч хүний амьдралыг өөрчлөхөд анхаараасай гэж боддог юм. Цагийн эрхээр бид бүгд л эмгэн болно. Тэр үед хөөрхөн эмгэн, муухай эмгэн гэж хэн ч ялгахгүй. Бүгд л нэг бариан дээр очно.
  • Өнгөц харахад эрэгтэйчүүдийн нуруун дээр хамаг ачаа яваа юм шиг хэрнээ эмэгтэй хүний ухаан дээр амьдрал тогтдог. Залуус бие биенээ хүндлэхээ болиод аманд орсон хатуу үгээ чулуудалцаад байх юм. Ингэхээр ариун нандин харилцаанд ан цав гарч, хайр нь хөрдөг.
  • Эрх тэгш үүрэгтэй байлаа гээд эрэгтэйчүүдийг том зүйл бодож чадахааргүй болтол нь гэр орны ажилтай хутгаж болохгүй. Нөхөртөө боломж, цаг хугацаа өгөх хэрэгтэй. Гэхдээ, би үүнийг, чи түүнийг хариуцаарай гээд анхнаасаа тохиролцвол дээр биш үү. Хэн хэндээ туслаад, хоёул ар гэрийн амьдралд оролцох ёстой.
  • Гүн гүнээ дуудаж, өндөр өндрөө шатаадаг гэж сайхан үг байдаг. Юуг хийх биш, яаж хийх нь чухал гэдэг. Сүүлийн үед хийж байгаа юмандаа илүү гүн оршъё гэж бодох болсон. Хүний ид үе гэж байдаг, тэрийгээ бас мэдэрч чаддаг байх ёстой юм шиг.

Г.МАРАЛ

 


“Клеопатра” жүжгийн гол дүрийн жүжигчин Н.Баярмаагийн хэлсэн онцлох үгс
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 16:15:23
    Зочин: ......Эрх тэгш үүрэгтэй байлаа гээд хань ижилээ ажил төрөлөө хийж чадахааргүй болтол гэр орныхоо ажилтай хутгаж болохгүй.Анхнаасаа ажлаа хувиарлаад хариуцаад явчихвал амьдрал үр хүүхэд сайхан амар амгалан болно л доо. ....Гайхалтай гайхамшигтай жүжинчиндээ амжилт аж жаргал эрүүл энхийг хүсэе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 17:21:42
    Алтан.: Түмэнд танигдаж яваа сайхан, авьяаслаг залуу жүжигчин.Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188