• Өнөөдөр 2024-05-02

ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛАН ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ

2024-02-21,   468

               ЮНЕСКО 1999 онд жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг олон улсын эх хэлний өдөр хэмээн тунхаглан дэлхийн олон улс орон энэ өдрийг тэмдэглэх болжээ. Бангладеш Улсын иргэд 1952 онд өөрсдийн эх хэлээ авч үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлсэн байна. Энэ ч үүднээс тус улсад энэ өдрийг эх хэлний өдөр болгосон аж. Манай улсын хувьд жил бүрийн наймдугаар сарын 25-ныг эх хэлний өдөр болгон тэмдэглэдэг билээ. Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан дараах таван шүлгийг онцлон хүргэж байна.
                                                      *** 
 
Миний хамгийн үнэнч, надаас хэзээ ч үл урвах
Цорын ганц нөхөр минь -эх хэл
Миний зэвсэг болж, дайсны өөдөөс зоригтой босгодог
Илд минь-эх хэл
Миний үр удамдаа үлдээх гэрээс, өв хөрөнгө минь-эх хэл
Миний амьд яваагийн бахархал, жавхлант аялгуу-Монгол хэл
Миний мөнхийн ус, миний хайрын аялгуу-эх хэл
Миний зүрхнээс төрж, миний харцнаас гэрэлтэгч эх хэл
Миний Равжаа, миний Нацагдоржийг хойч үед минь хүргэх - эх хэл
Миний ээжийн, миний аавын, миний өвгөдийн минь эх хэл
Миний хэл, миний хүүгийн хэл-миний монгол хэл.
Нисч яваа бүргэдийн далавчны чимээтэй
Нурж байгаа их цасны чимээтэй
Норж байгаа өвсний шивнээтэй
Орж байгаа борооны шиврээтэй- эх хэл минь
Аяа, морин төвөргөөн, морин төвөргөөн
Алтан сайхан эх хэлний минь төвөргөөн
Эх хэл минь чам дээр би мордож
Эрдэнийн сайхан цулбуурыг чинь атгаж
Энэхэн замбуутивын хаана ч хүргэнэ.
Эрхэс гаригийн гэрлийн алсад ч
Эв хамтын туяат оргилд ч
Эх хэлтэйгээ би очино.
Ганц үгийг чинь хэлэхэд дайсан зэвсгээ хаяж
Гар өргөн бууж өгдөг.
Гайхамшигт сайхан эх хэл минь
Хурдны морьдын туурайгаар шидэгдсэн чулуу
Хуурын хоёр жавхдасаар амилсан дуу
Зууч болж өвгөдтэй минь уулзуулсан эх хэл
Зуун дамнасан алтан гүүр- эх хэл минь
Хайраа илчилсэн ятга минь эх хэл
Хар нүдэнгээсээ сонссон шидэт эгшиг-эх хэл минь
Хаана ч, хэзээ ч амин сүнс минь - эх хэл
Ханашгүй яруу ардын дуу минь - эх хэл
Түмэн жилийн нөөцтэй алтны уурхай - эх хэл минь
Түнэр харанхуйд зорчсон оддын дагуул - эх хэл минь
Болор хундаганд жингэнэх чимээтэй- эх хэл минь
Бороотой үдшээр тулганд ноцсон түлээний чимээ- эх хэл минь
Ороо салхинд тачигнах тугны чимээ- эх хэл минь
Оддын туяатай, галын амьсгалтай эх хэл минь
Ган адил хатуу чамдаа би сөгднөм.
Ганцхан чамайг минь хэн ч үл эмтэлж дийлэхгүй ээ
Эх хэл минь. /О.Дашбалбарын "Эх хэл минь"
 
                  ***
Болор цом – 2011 оны тэргүүн шүлэг
 
Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм
Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм
Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм
Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа
 
Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм
Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм
Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм
Түгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа
 
Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм
Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм
Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм
Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа
 
Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм
Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм
Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм
Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа
 
Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор
Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл
Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож
Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ. /Д.Болдхуяг/
                             
                                             ***
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт євгєд дээдсийн минь єв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юvгээн бишрэн магтаму би
 
Мєрєн гол цутгалант ширгэшгvй их далай мэт
Мєнхєд vр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хєндий цээжинд орогч бvгдийг нэвтрvvлэх чадалт
Хєгжим мэт яруу баясгалант монгол хэл
 
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Єєдлєн дэгжихийн тєгс хувьтайд нь итгvvлсэн
Єрнєн мандахын шинж бvрдсэн євгєдийн минь хэл
Єсєх наснаас єтлєх насан хvртэл чам юугаан судлан
Єдєр бvр vгсийн эрдэнийг чинь баярлан тvvнэм
 
Tvгшvvрт бэрхийг даван туулсан баатар тvмний минь
Тєвшинээ соёл эрдэнэ дvгээ мандуулахын гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл vгvй сэцэн оюутан хэл юvгээн энхрийлэн хєгжvvлюv хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму vсэн буурал єтгєс би
 
Хутаг єлзий бvрдсэн хувь заяат тvмний минь
Хурц авьяаст хєвгvvд дvv нар
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юvгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан
 
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт євгєд дээдсийн минь єв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтму би. /Б.Ринчен/
 
                                ***
Яруу тансаг эх хэлээ яагаад ч би гомдоохгүй
Яг л миний гэр шиг дотно , дулаахан тэгээд бас эрхэм
Элэг зүрхэнд минь шингэсэн гэгээн хайрыг
Эцэг эхэд минь ерөөсөн эрхэм ерөөлийг
Халуун сэтгэлд минь урссан цагаан сүүг
Ханийн энгэрт эрхэлсэн бүсгүйн сэтгэлийг
Энэ л хэлээрээ өгүүлж энэ л хэлээр дурсдаг шүү дээ
 
Аялгуу тансаг эх хэлээ алагчилж би яагаад ч гомдоохгүй
Аав ээжийн минь сэтгэл шиг сайхан, тэгээд бас нөмөртэй
Инээдэнд минь эрхэлсэн энхрий үрсийн жаргалыг
Итгэл дунд дэлбээлсэн сайхан сэтгэлийн амгаланг
Зүүдлээд зүүдлээд баршгүй эх нутгийн тэнхээг
Дээдлээд дээдлээд биширдэг өвгөд дээдсийнхээ түүхийг
Энэ л хэлээрээ магтаж энэ л хэлээрээ мөнхөлдөг шүү дээ
 
Сүрлэг сайхан эх хэлээ яагаад ч магтахгүй байж чадахгүй
Сар нарны гэрэл шиг тунгалаг тэгээд бас уянгалаг
Амьралд минь эгшиглэсэн аз жаргалын аялгууг
Аньсаганд минь чийгтсэн ухаарал учралын нулимсыг
Хөх тэнгэрт минь оршсон хүчит хаадын сүнсийг
Хүлэг моринд минь заларсан хөх монголын заяа буяныг
Энэ л хэлээр урин хурайлж энэ л хэлээр аргаддаг шүү. /Б.Бүжинлхам/
 
                                ***
Би таван ханатай гэрт төржээ
Би таван тивтэй дэлхийд төржээ
Би буурал түүхтэй монголд төржээ
Би бурхад мэндэлдэг дорнод төржээ
 
Бойтгоны минь хонх намайг хөлд оруулсан
Ботгон буулиа намайг хэлд оруулсан
Уухай гийнгоо надад жигүүр ургуулсан
Уртын дуу надад ухаан сараалсаан
 
Эвдэрвээс бид хуваахын хүрд шүү
Эвэлвээс бид үржүүлэхийн хүрд шүү
Энэ бол миний зүрхний бичээсээ
Эвэлсэн цагтаан муу монгол сайны сайнаас дордохгүйэ
 
Авдар дотроо судар минь багтдаг
Атныхаа нуруунд гэр минь багтдаг
Өргөн тооноор минь наран багтдаг
Үнхэлцгэн дотор минь орчлон оршдгоо
Би дээрээ нартай тэнгэрийн эзэн
Би дээшээ ундрагатай буяны эзэн
 
 
Эвдэрвээс бид чин улсын босгоны боол монгол шүү
Эвлэвээс бид Чингис богдын гүрэн бүрэн монгол шүү
Энэ бол бидний зүрхний бичээсээ
Эвэлсэн цагтаан цөөн монгол олны олноос дутахгүй ээ .../Т.Галсан/
 

ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛАН ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188