• Өнөөдөр 2024-05-19

Яруу найрагч Д.Сосорбарам "Зүүдний дугаар...хуудас" өгүүллэгийн номоо гаргажээ

2022-11-25,   567

         Яруу найрагч Д.Сосорбарам анхны өгүүллэгийн түүвэр болох "Зүүдний дугаар...хуудас" номоо гаргажээ. Тэрбээр 2009 онд "Жүржийн амтат амьдрал" яруу найргийн түүврээ хэвлүүлсэн бөгөөд 2019 онд "Нэтрэх шугам" шүлгийн номоо гаргасан байдаг. "Шинэ үнэр" залуу яруу найрагчдын бүлгэмийн гишүүн бөгөөд 2017 онд Тагтаа утга зохиолын шагналын тэргүүн байрыг хүртэж байсан бөгөөд 2020 онд уралдааны шилдэг зохиолчоор шалгарч байсан юм. Тэрбээр тус уралдаанд "Залбирал" өгүүллэгээрээ оролцсон юм. Түүний нэг шүлгээс онцлон хүргэж байна.
 
ЧИ БОЛ МИНИЙ ШАШИН
 
Гоо үзэсгэлэнгийн туйлыг өөрөөр юу гэж нэрлэхээ
мэдэхгүй хүмүүс эргэлзэхэд хүрвэл гоо сайхан гэх
үгийг чиний нэрээр л өөрчилж бичнэ.
 
Амийг минь эзэмшдэг шидэт үрэлтэй
Амьсгалах агаар болдог. Чи надад
Буцлах цус минь ууршиж
Биенээс минь дусал ч цус үлдэхээргүй
халуу төөнүүлэх гал болдог. Чи надад
Галзуурал минь улаан, ув улаан
Ганцхан чамд л харагдах үл үзэгдэгч
улаан навчсын дэлбээлэх чимээ ч улаан даашинзтай
Яг түүн шиг хайр минь галзуурлын хувцастай юм.
Чулуун будда ч амь ороод
сахилаа гээж чадах инээмсэглэлд чинь
нууц тарнийн увидас, ариун библийн эшлэл,
Аллах хийгээд Мөнх тэнгэрийн хүч шингэсэн.
Амьд яваа минь
чиний амьсгалаас гарсан ганцхан шившлэг.
Хайртай гэж зэрэг шивнэлдэхэд л
өндгөн эсний үнэртэй хүү минь
хэвлийд чинь хөдөлж
Өглөө нь сэрэхэд өдөр хоногуудыг захирагч болсон.
Халуун алганы чинь хонхорхойд
хаврын улирал нуугдаж
Хацарт минь хүрэхэд л мөрнөөс минь цэцэг дэлгэрч
хаврын дуучин болсон.
Хайлах цасны аялгууг сүлжиж төгөлдөр хуур бүтээгээд
хүүдээ тоглуулахаар зүрхээ хүртэл зогсоочихсон байхад
Болжмор яаж жиргэхээ надаас асуугаад байдаг орчлонд
Зүрхнийхээ сүмд шавилан суугаад,
зүрхэн тарни болгож нэрийг чинь амандаа шивнэсээр
Хувилгаан болох бясалгал үйлдэнэ.
Чи бол миний шашин юм.
Амьд яваа минь
чиний амьсгалаас гарсан ганцхан шившлэг юм.
 
 
 

Яруу найрагч Д.Сосорбарам "Зүүдний дугаар...хуудас" өгүүллэгийн номоо гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188