Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, ардын хувьсгалын 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбартаа тэргүүлсэн эрхмүүдэд өнөөдөр төрийн дээд одон, медаль гардууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат Төрийн соёрхол хүртлээ.
Тэрбээр “Эрдэс баялагийн салбар, геологи, уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх хувь нь ШУТИС-ийн геологи, уул уурхайн салбарыг төгссөн оюутнууд, инженерүүд байгаа. Тэгэхээр бид бол Монголын уул уурхайн боловсон хүчнийг бэлтгэхэд их ач холбогдолтой долоон боть бүтээл туурвилаа гэж төр үнэллээ. Бид ч мөн хичээж ажилласан. АУЗ Ш.Дулмаа “Амьдрал хайр дээр тогтдог” гэж бичсэн. Үүн шиг 17-р жаранд бол Монгол Улс эрдэс баялаг дээр тогтож байгаа нь маргаангүй үнэн. Энэ салбарынхаа бүтээл, технологи, эдийн засаг зэрэг бүх салбарын хөгжлийг судалж, үнэлж, дүгнэж магтсан ач холбогдолтой бүтээл байгаа юм. Монгол Улс 2047 онд хүртэл газрынхаа эрдэс баялаг дээр тулгуурлаж хөгжих юм. Дараагийн жаранд монголчууд оюуныхаа хүчээр эдийн засгаа хөгжүүлж, улс орноо хөгжүүлэх шатлалтай юм” гэв. Тус шагналыг ШУТИС-ийн уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд хүртээж байгаа юм.
П.ОЧИРБАТ: Уул уурхайн ач холбогдолтой долоон боть бүтээлийг минь төр үнэллээ |
|