• Өнөөдөр 2024-05-02

ЯРУУ НАЙРАГЧ Б.БАТРЭГЗЭДМААГИЙН ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ

2022-05-23,   5657

    Яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн бөгөөд жүжиг, өгүүллэг, киноны зохиол, роман зэрэг утгазохиолын бүх төрлөөр туурвидаг юм. Ингээд түүний онцлох таван шүлгийг хүргэж байна.
 
ЯДУУХАН ШАРГАЛХАН МИНЬ
 
Ядуу боловч аз жаргалтай амьдралынхаа тэр үед бид дурлалцаж
Баян боловч уй гунигтай амьдралынхаа энэ үед бид салцгаажээ.
Эд баялаг бидний хоорондуур орсон, өөр хэн ч биш.
Олон өрөөнүүд, бидний дундуур түлхэлдэн орж ирээд
Ойлгож байна уу? Бид гар гараа нэг л мэдэхэд тавилцсан. ...
Үнэт эдлэлүүд өмсөөд чи өөрийгөө л хардаг болсон.
Дараа нь чи өөрийгөө ч хардаггүй болсон.
Үнэгэн дээлээ, булган дахаа үзэхийг чи гуйдаг болсон.
Нэг л мэдэхэд би чамайг биш, хувцсыг чинь хардаг болсон.
Ээмэгний чинь чулууг, тэр чулуу хэр үнэтэй эсэх миний боддог зүйл болсон.
Чи биш. Чиний тухай огт биш.
Хичнээн хөөрхөн ядуу байсан юм бэ?
Нэг алимыг хичээнгүйлэн таллаж хуваадаг байлаа.
Чамд би талынхаа талаас бас өгөхөөр үлдээдэг байлаа.
Хичнээн сайхан ядуу байв даа?!
Дуугардаг төмөр ор, ганц хүний орон дээр хоёулаа тэврэлдэн хэвтдэг байлаа. Ганц орон дээр гурвуулаа болсон. Дараа нь дөрвүүлээ.
Хүүхдүүд орон дээрээ зэрэгцээд бид хоёр шалан дээр, үргэлж хоёул тэр ор луу үнэт гоёхон ертөнц рүүгээ өндөлздөг байлаа.
Хичнээн гоё ядуухан байсан юм бэ?!
Ямар жигтэйхэн баян болсон юм бэ? Ядуугаас дор баян
Хүн харахад хүч чадлаар дүүрэн, эвгүй энэ эд баялаг ч бас биднийг хүмүүсээс тусгаарлажээ.
Анд нөхөд надтай биш мөнгөтэй ярих, би анд нөхөдтэйгаа мөнгө л ярих...
Энэ сэдвээр голдуу ярьсаар гол минь царцчихжээ.
Эд баялгаас өөрийг, хүний тухай, өвгөн аавынхаа тухай хуучилсангүй.
Өвөөг минь өргөж оршуулсан сайн анд минь, ус мөрөн шиг мөнгөний нөгөө эрэгт үлджээ...
Ямар аймаар баян болсон бэ би.
Яасан их эд баялаг олоод, ямар ихийг би оронд нь өгсөн юм бэ?...
Хонгорхон хайрт минь, ядуухан шаргалхан минь!
Хоорондуур минь эд баялаг орж  ирээд хоёр биесийг минь салгажээ
Хонгорхон хайрт минь, ядуу шаргалхан минь,
Хорлогджээ чи минь, баян цонхигор минь!...
Хонгорхон гэнэхэн минь
Хоорондуур маань орсон эдийн энэ увидаст чи минь илүү
Хорлогдоод дуусчээ.
Хонгорхон гэнэхэн минь! Чи минь!
 
      ***
Зөвхөн чамтай
Амьсгалаа хуваалцах!
Зөвхөн чамтай 
Өдөр шөнийг хуваалцах!
Зөвхөн чамтай 
Амьдрах,Үхэхийг хуваалцах
Өнө мөнхийн юм шиг 
Өвгөн эмгэн хоёр үс бүрээ цайж дуустал
Өөд өөдөөсөө харан харсаар
Өөр өөрсдийгөө нэг нэгнээсээ
Ялгаж чадахааргүй болтлоо
Өнөд хамт байсан юм шиг
Амьдрах-Үхэх!
Үхлээ ч учрина даа гэж бодсоор үхэх..!
Зөвхөн чамтай 
Амьсгалаа хуваалцах!
Өдөр шөнийг хуваалцах!
Зөвхөн чамтай 
Амьдрах,Үхэхийг хуваалцах!
 
***
Би хайрыг мэднэ.
Хурууныхаа өндгөөрөө, уруулаараа мэднэ.
Би хайрыг мэднэ.
Нүдээ аниад гэрэлт хөгжмийг нь сонсонгоо үзнэ.
Би хайрыг мэднэ.
Цэнгэг хүйтэн ус амандаа балгах мэт, балгаад залгих мэт
Тийм сэрүүн... бас халуун, халуун галын бүжиглэл мэт 
Тийм бүжиглэнгээр орших мэт
Би хайрыг мэднэ.
Хүзүүгээрээ, ар нуруугаараа...
Би хайрыг мэднэ.
Зүүд зөнгөөрөө, зүрхний ховдлоороо...
Цус шүүрсэн харцаараа, эргэлдэн унах нулимсаараа мэднэ.
Тэнгэрт гэнэт нисэх шиг, тэнгэрээс доош унах шиг тэр мэдрэмжийг мэднэ.
Толгойдоо титэм өмсөнгөө хөлдөө гаваар гавлагдах шиг, эсвэл
Үхлүүтийг амьдруулах шиг, шинээр амьдрал өгөх шиг цоо шинээр бүхнийг сая харах шиг гээд бас авралтны гарын аясаар, арчилгаа сувилгааны эрхээр...
Би хайрыг мэднэ.
Орооцолдсон үндэс шиг тэр үндэсний ямар нэгэн өнгөт цэцгийн үнэр шиг
Тогтуун нуур шиг түүний дээрээс тонгойн харах нар шиг 
Би хайрыг мэднэ 
Гарын алган дээрх хувь тавилангийн зураасаар
Гэрэлтсэн хөхний минь хатууран чангарах агшнаар
Холхи сарны гадаргууг тэмтрэх харцныхаа урсгалаар 
Би хайрыг мэднэ.
Энэ хайр намайг өөрчлөхөөр оролдохыг, хоолойн мөгөөрсийг 
зүлгүүрдэхийг, нарийн бишгүүр болгон хувиргахыг би мэднэ.
Энэ хайр миний цусыг сэлбэж сэргээгээд зогсохгүй шөрмөсийг минь чавхдас шиг татан амьд зэмсэгт хэрэглэнэ.
Энэ хайр нүдний минь хүүхэн харааг дотоод руу минь чиглүүлнэ.
Сэтгэл рүү, ямар нэг хий юм руу, далдын нууцлаг руу хүргэнэ.
Би хайрыг сүүдрээрээ, сүнсээрээ... хурууныхаа өндгөөрөө мэдэрнэ...
Би хайрын гэрэлд бие хэл сэтгэлээ эзэмдүүлсээр...
 
                                   ***
Ээжээс минь үлдсэн энэ бөгжөөр би чамд ээмэг цохиуллаа.
Би чихэнд чинь өөрөө зүүж өгье!
Ингээд чи минийх боллоо.
Ээж маань бас залуу боллоо.
Энэ өдрөөс эхлээд би чамайг хайрлах болно.
Эхдээ зориулж чадаагүй бүхнээ би чамд зориулах болно. Нууцаар хэзээ ч битгий нулимс унагаарай.
Надад хэлээрэй би нулимсийг чинь арчиж өгөх болно.
Оймсоо урагдсан ч бүү оёоорой.
Оёж суухад нь би ижийгээ өрөвдөж мэддэггүй байлаа.
Үнсэх болно би, үсийг чинь үргэлж илбэн хайрлах болно.
Үүрд гил хар байдаггүй юм билээ.
Эрт босч цай чанаж элдэвийг хийж бүү санаашраарай
Энэ цагаас эхлэн би босч чамд цай чанаж өгнө.
Бүү гайх.
Бүсгүй минь.
Би эхдээ өртэй. Эмэгтэй хүнд өртэй.
Би хийх ёстой бүхнийг хийх цагт нь хийгээгүй.
Хөлөө жийж чи хөнжилдөө цайгаа уу
Хүүхэд шиг чи эрхлэж хүссэнээ надаас нэх би баярлах болно. Итгэхгүй байгааг чинь би харж байна.
Ингэх ёстой. Чи бол миний боломж.
Хөөрхий ээжийнхээ дэргэд би гял цал зогсоод
Хуучин дээлтэй эх минь хүүгээ харлуулчих вий гээд
Хүмүүсээс зайдуу хулмалзаж явдаг байсан юм байна лээ.
Харин одоо минийх биш ээж таны ээлж.
Хүүхдүүд бүхэн маань таныг бахархал байх болно
Хүрэн зүрхийн би өөрөө хайлуулна.
Эхийн санаа үр, үрийн санаа ууланд явдаг бол
Үрийн санаа эхдээ, эхийн санаа ууланд яваг
Үүнийг би энэ амьдралдаа өөрчлөх болно.
Эмэгтэй хүн, эх хүн жаргаж болохыг
Энэ удаа би ертөнцөд бүтээж үзмээр байна.
Бүсгүй минь цэцгэн ээмгээ тольдон
Бүх эмэгтэйчүүдийн өмнөөс жаргалтай дуу аяла.
Энэ л миний амьдрал байх болно.
Эхийгээ хайрласандаа би гэж өөрийгөө аврах болно.
Чи бол миний боломж
Чин сэтгэлээсээ би чамайг хайрлах болно.***
 
                        *** 
 
Танил ба танил бус
Хардаа, Өвөл өнгөрөв.
Цасан дотор дагжсан туулайн жаргал ирэх нь...
Цагаан туулайн нүдээр зуныг үзвэл би инээх юм байна.
Элэг хөших байх, дөрөв хөллөн зуны дундуур дэгдэх сэн.
Хардаа, Хавар ирэв... 
Ирэхгүй байж тэссэнгүй.
Ичигсэд, нисэгсэд бүгд л сэрлээ. Ирлээ.
Хүйтний авдар тагхийн онгойгох нь аргагүй
Хичнээн ихийг яаж үүрд дарах вэ дээ...
Хүрэлзгэнэ авдарын ёроолоос дуугараад
Хүрэл биеэрээ үсрэн гарахад зун туйлдаа хүрнэ.
Шувуудын нүдээр намрын адагийг үзэх сэн.
Шархирч байна. Үхтлээ уйлах юм байна.
Хүйтэн бороо дундуур ганхийн 
Хүнд далавчаа дэвэх хун 
Цэцэгсийн үхэлд харамсдаг юм гэж үү
Цэцэгсийн тэргүүн хиаран ойчиход би ингэж харамсдаг гэж үү
Баавгай, ой амтлаг болохыг хүлээхээр унтдаг
Баавгай нүдээр эхний цасыг үзэх сэн
Аймшигтай санаа алдалт, гүн хүрхрэлт
Ай, би дахин сэрэхгүйгээр унтах юм байна.
...
Хардаа, Байгаль, ан амьтан, би дэргэд хэн юм бэ?
 

ЯРУУ НАЙРАГЧ Б.БАТРЭГЗЭДМААГИЙН ОНЦЛОХ ТАВАН ШҮЛЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-11 10:04:38
    Зочин: Ум ма ни бад ми хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-11 09:55:10
    Шүлгэн найрагт дуртай нэг: Сайхан шүлэг найргийн чинь унших дуртай өвөрмөц онцгой бүхэнийг сонжиж унших дуртай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-08 00:48:09
    Мөнхөө: Төрсөн өдрийн мэнд Чиний бүтээлийг,бодлыг, уншиж сонсох дуртай . Чи бол маш өвөрмөц,гоё ертөнц.Амжилт
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188