• Өнөөдөр 2024-04-28

"Харанга" хамтлаг Төрийн соёрхолт цолны мялаалгаа тэмдэглэнэ

2022-04-18,   493

     Монголын хөгжмийн урлагийн түүхэн дэх тод мөртэй, баялаг түүхтэй, чансаатай уран бүтээлтэй, хамтлагийн гишүүн бүр нь зохиосон аялгуу, туурвисан бүтээлээ үнэлүүлж, Гавьяат жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж, хамтлагаараа Төрийн соёрхолт цол хүртсэн анхны бөгөөд цор ганц хамтлаг бол “Харанга” юм. 33 жил тасралтгүй уран бүтээлээ туурвисаар буй тус хамтлагийнхан ирэх тавдугаар сарын 13, 14-нд “Legendary HARANGA: Greatest hits” тоглолтоо сонсогчиддоо хүргэх бөгөөд бүх цаг үеийн хит 25 дууг хүргэх эл тоглолт “UB palace”-ын концертын их танхимд болох юм.
 
Төрийн соёрхолт “Харанга хамтлаг” цолныхоо мялаалга, найрыг одоог хүртэл хийгээгүй байгаа бөгөөд тавдугаар сарын 13, 14-нд сонсогчидтойгоо хамт тэмдэглэнэ гэдгээ мэдэгдлээ. Мөн тавдугаар сарын 13, 14-ны тоглолтын ес, есөн үзэгчид буюу нийт 18 үзэгчид Төрийн соёрхолт цолны мялаалга хүртээх юм байна.
 
    Ташрамд дуулгахад, Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 29-нд Төрийн шагнал хүртээх тухай зарлиг гаргаж “Харанга” хамтлагийн таван уран бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн билээ.
 
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төрийн шагнал хүртээх тухай зарлигт:
 
“…Монгол Улсад орчин үеийн хөгжмийн рок урсгалын үндсийг тавин, түгээн дэлгэрүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон:
 
Ц.Чулуунбатын ая, Г.Батхүүгийн үг “Толин хул”,
 
Ц.Энхманлайн үг, ая “Амьдрал”,
 
Ц.Чулуунбатын ая, Б.Явуухулангийн шүлэг “Зөвхөн Монголдоо”,
 
Ц.Чулуунбатын ая, С.Оюуны үг “Үгүйлэн санана ”,
 
Я.Одсүрэнгийн ая, Ц.Энхманлайн үг “Энэ бол дурлал биш” дуу зохиож Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт онцгой хувь нэмэр оруулсан “Харанга” хамтлагийн гишүүн Цэндсүрэнгийн Энхманлай, Цэрэндоржийн Чулуунбат, Хатанбаатарын Лхагвасүрэн, Яринпилийн Одсүрэн, Нэмэхийн Пүрэвдаш, зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.

"Харанга" хамтлаг Төрийн соёрхолт цолны мялаалгаа тэмдэглэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188