• Өнөөдөр 2024-05-19

СУРВАЛЖИЛГА: Романтик, инээдмийн киноны шинэ төрхийг бүтээсэн “Миний сахилгагүй залуу”

2022-04-03,   779

   “UNIVAL” интертайнментын уран бүтээл болох “Миний сахилгагүй залуу” УСК киноны нээлт 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаа нь задгай талбайд зохион байгуулагдаж, үзэгчид болон уран бүтээлчдийг уулзуулсан өвөрмөц нэгэн үдэш байсан юм.
 

Тус киноны нээлтийн үеэр уран бүтээлчдийн байр суурийг тодруулж, уг киноны талаарх сэтгэгдлийг асуусан юм.

   
  Гол дүрийн жүжигчин У.Цогтбаяр “Миний хувьд энэ кино анхны романтик кино минь болсон. Өмнө нь үзэгчидтэйгээ “Гангстерүүд”, “+17” цуврал, “Хар сувдны нууц-2”, “Өндгөн толгойт” гэсэн инээдмийн кинонуудаар уулзаж байсан. Энэ удаа романтик киноны гол дүрийн дурлалт залуугийн дүрд тоглосон. Өмнө нь огт тоглож байгаагүй шинэ дүрийг харуулах болсондоо баяртай байна. Мөн энэхүү кинонд би том хүүгийнхээ нэрээр тоглосон. Учир нь том болоод аавыгаа үзээд, эмэгтэй хүнийг хэрхэн хайрлах гэх мэт олон зүйлийг ойлгож ухаараасай гээд бүх зүйлд чинь сэтгэлээ гаргасан. Хамгийн хөгшин уран бүтээлч нь би байсан. Юу гэх гээд байна вэ гэвэл залуу уран бүтээлчид хамтран ажиллаж, сэтгэл зүрхээ зориулж бүтээл туурвиж чаддаг юм гэдгийг ойлгуулах гэсэн санаа юм. Бүх насныханд зориулсан кино учир гэр бүлээрээ тухлан сууж, бидний хүч хөдөлмөрөө шингээсэн оюуны их дээжийг хүлээн авч үзээрэй гэж хэлмээр байна” гэв.
 
 
  Жүжигчин Л.Гантулга “Энэхүү кинонд би гол дүрийн залуугийн сайн найзын дүрд ажилласан. Залуу хүний хувьд олон зүйлийг суралцах, өөрийгөө шинээр илэрхийлэх боломж гэж харсан. Манай киног үзээд зөвхөн хайр дурлал гэлтгүй, нөхөрлөл, амьдралын үнэ цэн, тэсвэр тэвчээр гээд олон зүйлийн мөн чанарыг олж хараасай гэж хүсэж байна. Уг уран бүтээлд залуу эрч хүчтэй баг хамт олон ажиллаж, амжилттайгаар ард нь гарсанд баяртай байна” гэлээ.
 
 
  Жүжигчин О.Итгэл “Бид энэ уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгоход нөр их хөдөлмөр, сэтгэл зүрхээ шингээсэн. Залуустаа хандаж хэлэхэд амьдралаа бүтээх гэж буй хосууд нэгнээ зөв сонгож, эргэлзээ үүссэн ч асуудлыг даваад гардаг, тууштай байж үнэ цэнийг бүтээгээрэй гэж хэлмээр байна. Мөн залуучууд сурах үедээ сурч, ажиллах үедээ ажиллаж од мэт гялалзаарай гэж хүсэж байна” гэв.
 
 
   Жүжигчин Б.Замилан “Энэхүү кино миний  тоглосон инээдмийн романтик анхны кино байлаа. Би СУИС-ийг төгөлдөр хуурч мэргэжлээр суралцаж төгссөн.  Оюутан байхдаа дууны үг зохиож, өөрөө дуулдаг байсан. Кино багынхандаа сонсгосон чинь дэмжээд, киноны дуу болгож , олон хүн сонсох боломжтой болсонд маш их баярлаж байна” гэсэн юм.
 
 
Мөн Коронавирусын улмаас уран бүтээлчид үзэгчидтэй уулзах боломж хязгаарлагдмал байсан.  Хоёр жилийн дараа тайзан дээрээс халуун дотноор үзэгчидтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна гэж онцлон хэлж байлаа.
 
 
 

СУРВАЛЖИЛГА: Романтик, инээдмийн киноны шинэ төрхийг бүтээсэн “Миний сахилгагүй залуу”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188