"Мөнгөн мод 2021" наадмын ёслолын үйл ажиллагаа амжилттай болж, өчигдөр шилдгүүдээ тодруулсан билээ.Тус наадмын шилдэг бүжигчинээр шалгарсан Үндэсний Урлагын Их Театрын уран бүтээлч Батчулууны Эрдэнэбаяртай холбогдож баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Тэрбээр “Би 2014 онд Хөгжим бүжгийн коллежийг бүжигчнээр сурч төгссөн. Төгссөн цагаасаа хойш Үндэсний Урлагын Их Театрт ажиллаж байна. Энэ хугацаанд олон улсын, бүсийн тэмцээнүүдээс таван цом, арван дипломыг авчээ. Өчигдөр “Мөнгөн мод 2021” наадмын шилдэг бүжигчний сүүлчийн финалд Б.Баттуяа, Б.Халиун бид гурав үлдсэн байсан. Мэдээж хэрэг өрсөлдөгчид минь ч маш мундаг хүмүүс байсан. Миний хувьд намайг сонгох болсон шалтгаан нь олон улсын тэмцээнүүдэд гаргасан амжилтууд нөлөөлсөн байх гэж бодож байна. “Мөнгөн мод” шагналаа өчигдөр гардан авсан бол Өнөөдөр 2021 оны дэлхийн тэмцээний шагналаа хүлээн авлаа. Анх ажилд ороод “Мөнгөн мод” авсан ах эгч нарыгаа хараад “Ирээдүйд би энэ шагналыг заавал авах юм шүү” гэж дотроо бодож байсан. “Мөнгөн мод” шагнал бол миний мөрөөдөл байсан. Энэ шагнал намайг илүү их хичээгээрэй гэсэн дохио учир цаашид улам сайн хичээх болно. Мөн өнөөдрийн энэ төвшинд хүрэх хүртэл намайг дэмжсэн мундаг багш нар минь болон гэр бүлийнхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна” гэв.
ШИЛДЭГ БҮЖИГЧИН Б.ЭРДЭНЭБАЯР: “Мөнгөн мод” шагнал миний мөрөөдөл байсан |
|