• Өнөөдөр 2025-02-06

Өмгөөлөгч Ө.ЭРДЭНЭ-ОЧИР: Төр 800 хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж наадам хийх гээд байна

2021-07-02,   992

           Төрийн бус байгууллагуудын (ТББ) нэгдэл хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалахаар 2017 онд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган, 2018 онд ялалт байгуулж байсан билээ. Шүүхийн маргааны үр дүнд өвөл, хаврын хурдан морины уралдаан зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоол хууль бус гэдгийг шүүх тогтоосон. Гэвч унаач хүүхдийн эрхийг хангах асуудал өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй. Учир нь, хурдан морины уралдаан нь монгол уламжлалтай холбогддог. Тиймээс жил бүрийн долдугаар сард Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан болж, хүүхдүүд бэртсээр л байна. Харин энэ удаа коронавирусийн халдварын үед вакцинд хамрагдаагүй хүүхдүүд морин уралдаанд орохоор болоод байгаа юм. Тиймээс унаач хүүхдийн эрхийг хамгаалахаар “Лантуун дохио” ТББ Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгөөд байгаа билээ. Бид энэ асуудлаар тус байгууллагын нэхэмжлэлд өмгөөлөгчөөр ажиллаж буй Ө.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.
-Коронавирусийн халдварыг улс даяараа “алдчихсан” энэ үед Үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулах гэж буй. Үүний улмаас унаач хүүхдүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг дэлгэрэнгүй хэлж өгөөч?
-Хурдан морь унаач хүүхдүүдийн олонх нь 7-15 насных байдаг. Энэ насны хүүхдүүд коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй. Гэтэл ЭМЯ-ныхны уржигдарын мэдээгээр улсын хэмжээнд 25038 хүүхэд коронавирусийн халдвар авсан гэсэн. Өөрөөр хэлбэл, ковидын халдвар авсан хүмүүсийн 23 орчим хувь нь хүүхэд байгаа. Тэгэхээр дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхэд коронавирусийн халдвар авах эрсдэл их байна гэдгийг дээрх мэдээллүүд баталлаа. Гэтэл энэ үед Улсын баяр наадмыг цахимаар зохион байгуулах шийдвэр гарсан. Үзэгчид нь цахимаар ч, оролцогчид нь бодитоор хавьталд орно. Ингээд наадам зохион байгуулахаар уралдааны үеэр хүүхдүүд, уяачид, үзэгчид нийлж, бөөгнөрнө. Үүгээр зогсохгүй наадмын бэлтгэл, үсэргээ, сунгаанд оролцож байгаа. Энэ чинээгээр ковидын эсрэг вакцин тариулаагүй хүүхдүүдийн халдвар авах эрсдэл нэмэгдэж байна. Зөвхөн нийслэлийн хэмжээнд авч үзэхэд энэ жилийн наадмаар 800 хүүхэд морь унах төлөвтэй байна. Товчхондоо, төрөөс 800 хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж наадам хийх гээд байна. Гэтэл Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11т “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн эрх ашиг сонирхлыг төр хамгаалах үүрэгтэй” гэж заасан. Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12.1.12-т “Хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангаж, хамгаалах үүрэгтэй” гээд заачихсан байгаа. Гэтэл энэ жил наадам зохион байгуулах тухай хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулах, тэдний ашиг сонирхлыг үл хамгаалах шийдвэр гаргалаа. Манайх Иргэний болон улс төрийн эрхийн пактад нэгдэн орсон. Түүний 24.1-т “Аливаа хүүхэд нийгэм болон төрийн зүгээс хамгаалалт авах эрхтэй” гэж заасан бий. Хүүхдийн эрхийн конвенцийн 32.1-т “Оролцогч улсууд хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, оюун ухаан, сэтгэл санаа, ёс суртахуун, бие бялдарт аюултай нөхцөл байдлаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байгаа. Гэтэл хүүхдийг аюулаас хамгаалуулж байна уу гэвэл үгүй. Харин ч аюултай нөхцлийг нь бэлдэж өгч байна. Баяр наадмын сур харваа, бөхийн төрөлд оролцогчид бол бидний шаардлагад хамаарахгүй. Тэд бол вакцинаа бүрэн хийлгэсэн, насанд хүрсэн, өөрийнхөө үйлдлийг бүрэн ухамсарлаж, эрсдлээ хүлээн зөвшөөрсөн хүмүүс. Харин хүүхэд тийм биш. Өөрийнхөө үйлдлийг бүрэн ухамсарлаагүй, эцэг эх, харгалзан дэмжигчийнхээ үгээр морин уралдаанд оролцоно. Тиймээс бид унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахаар зайлшгүй дуугарах шаардлагатай. Ийнхүү зургадугаар сарын 23-ны Засгийн газрын 171 дүгээр тогтоолын хоёр дахь хэсэгт заасан Хурдан морины уралдаан хэсгийг хүчингүй болгуулахаар “Лантуун дохио” ТББ Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.
-Магад төрийн зүгээс “Хүй долоо худагт PCR шинжилгээ өгсөн халдваргүй хүмүүс орно. Тэгэхээр хүүхдүүд халдвар авах эрсдэл учрахгүй” гэх байх. Хэрэв ийм хариулт ирвэл яах вэ? 
-Олон улсын байгууллагууд халдварын нууц үе 4-5 хоног гэж байна. Тэр үедээ PCR шинжилгээгээр халдвар илрэхгүй. Ер нь нууц үе өнгөрсөн өнгөрөөгүй гэхгүйгээр халдвар авсан аваагүй нь энэ шинжилгээгээр гараад ирдэг байсан бол аль гуравдугаар сард өрх бүрээс шинжилгээ авч байхад цар тахал дуусах байлаа. Гэтэл түүний үр дүн гаралгүй ковидын нөхцөл байдал хүндэрчихээд байна. Хүй долоо худагт халдварын нууц үе нь дуусаагүй хүн орохыг үгүйсгэх аргагүй.
-Унаач хүүхдийн эрхийн асуудал уламжлалтай холбогддог. Олон улсад үүнтэй ижил төстэй асуудлыг шийдсэн туршлага бий юү?
-Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас энэ уралдаан бол хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэр мөн гэсэн үр дүнг гаргаад өгчихсөн. Ерөнхийдөө бурангуй уламжлалаа хассан дэлхийн улс, орнууд байна. Зарим Азийн улс, орнууд болон манайд ч байсан эхнэр богтлох ёс гэх мэт уламжлал байна. Уламжлал гэдэг үгээр энийг хамгаалаад аваад үлдэх үү. Хүний болон хүүхдийн эрх зөрчсөн уламжлалуудаа эргэж хараад засч залруулаад, шинэчлэл өөрчлөлт хийх хэрэгтэй. Олон улсад зохион байгуулдаг морин уралдаанд биеийн жин хөнгөн, насан хүрсэн хүн унаачаар оролцдог. Энэ мэтээр шийдэж болно.
 
-Хэргийн явцын талаар мэдээлэл өгөөч?
-Нийтийн эрх ашиг, сонирхлыг төлөөлөн хамгаалах нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүссэн. Хариуцагч Засгийн газарт нэхэмжлэлийн шаардлагыг гардуулан, гуравдагч этгээдээр Монголын морин спорт уяачдын холбоог татсан байгаа. Бидний гаргасан Захиргааны актыг түдгэлзүүлэх хүсэлтийг буюу наадамд “Хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр зогсоох” асуудал 2021 оны долдугаар сарын 06-ны өдрийн 12:00 цагт Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэхээр тов гарлаа.  Хэрэв хүсэлт хангагдвал энэ наадмаар морин уралдаан зохион байгуулахгүй гэсэн үг. Ингэснээр 800 хүүхдийг цар тахалд өртөх эрсдэл, цаашлаад цөөнгүй хүүхдийг мориноос унаж бэртэх, амь насаа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Цахим хуудсуудад мэдээлснээр энэ зургадугаар сард хурдан морины уяа сойлго, үсэргээний үеэр нэг хүүхэд унаж, амиа алдсан, мөн нэг хүүхэд маш хүнд бэртсэн гэх мэдээлэл байгаа нь аль хэдийнээ хохирол үүсээд эхэлснийг харуулж байна.
 
Б.Бадамзул
 

Өмгөөлөгч Ө.ЭРДЭНЭ-ОЧИР: Төр 800 хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж наадам хийх гээд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188