• Өнөөдөр 2026-08-31

Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно

2026-08-31,   130

            Монгол Улсын Засгийн газраас 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсөвтэй холбоотой 9 шийдвэр гаргаснаа танилцууллаа.

1. Оюутолгойн ногдол ашгийг анх удаа Монголдоо авчирна

  • Ногдол ашгийн мөнгийг аль нэг яам, албан тушаалтны шийдвэрээр бус, иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлж, дулааны станц, арьс шир, малын вакцины үйлдвэр болон хоёр боомтыг бүрэн шинэчлэхэд зарцуулна.
  • Хаана, юу хийхийг E-Mongolia платформаар дамжуулан иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулж эцэслэнэ.

2. "ЭрдэнэсТавантолгой"-н 1072 хувьцааг жинхэнэ өмч болгоно

  • Хувьцааг үр хүүхдэдээ өвлүүлэх, бэлэглэх, арилжих боломжтой жинхэнэ үнэт цаас болгож, тус компанийг нээлттэй компани болгоно.
  • Төр өөрийн өмчит 10 компанийн хувьцааг дэлхийн хөрөнгө оруулагчдад санал болгож, 500 сая ам.доллар татна. ТӨК-иудаас төвлөрөх 3.5 их наяд төгрөгийг хувийн хэвшлийг дэмжихэд зориулна.

3. Татварын дарамтыг бууруулж, НӨАТ-ын босгыг нэмнэ

  • Иргэд цалингийнхаа 792 мянган төгрөг хүртэлх хэмжээнд Хувь хүний орлогын татвар (ХХОАТ) огт төлөхгүй (үүний дүнд хөдөлмөрлөж буй иргэдийн дансанд 840 тэрбум төгрөг үлдэнэ).
  • Жилийн борлуулалт нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх компаниуд нэг хувийн татвар төлнө.
  • НӨАТ төлөгчийн босгыг 50 саяас 400 сая төгрөг болгож өсгөнө.
  • 25 хувийн татварыг 15 хувийн шинэ шатлалд шилжүүлж, 600 гаруй компанийн татварын ачааллыг бууруулна.

4. Тэтгэвэр, цалинг үе шаттай нэмэгдүүлнэ

  • Тэтгэвэр: 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэж, дундаж хэмжээ нь 1,335,400 төгрөг болно. 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгана. 2026 оны арван нэгдүгээр сарын 1-ээс ахмадуудад 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгоно.
  • Цалин: Соёл, спорт, ХАА, цаг уурч, байгаль хамгаалагч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувь, эмч нарын цалинг арван нэгдүгээр сарын 1-нээс 20 хувиар тус тус нэмнэ. 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмнэ.
  • Ажил эрхэлж буй оюутан залуус Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлөхгүй.

5. 16 мянган өрхийг орон сууцжуулна

  • 14 мянган айл ипотекийн зургаан хувийн зээлээр, хоёр мянган айл түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцанд орно.
  • Төрийн барьж буй 4000 орон сууцны урьдчилгаа төлбөрийн босгыг 30 хувиас 15 хувь болгон бууруулна.

6. Эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, үнийг тогтвортой байлгана

  • ДЦС-3-ын дэргэд 300 мВт хүчин чадалтай Дулааны зургаадугаар цахилгаан станц барина.
  • Олон жил гацсан ДЦС-3 болон 10 аймгийн дулааны станцыг ашиглалтад оруулна. Эрчим хүчний үнийн өсөлтийг иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй.

7. Боловсролын салбарт Google-ийн хөрөнгө оруулалт, Кембрижийн хөтөлбөр нэвтрүүлнэ

  • Зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль, 300 ортой 15 дотуур байр барина.
  • Ирэх онд 100 мянган сурагч "Google" компьютер хүлээн авч, 100 сургууль "Google"-ийн лаборатори сургууль болно. 100 сургуулийг уурын зуухгүй, ногоон сургууль болгож шинэчилнэ.

8. Эрүүл мэндийн салбар болон ахмадын эмийн халамжийг нэмэгдүүлнэ

  • Одоо баригдаж буй 39 эмнэлэг дээр нэмж 34 эмнэлэг шинээр барина.
  • Ахмад настнууд даралт, зүрх судас, чихрийн шижингийн өдөр тутмын амин чухал эмээ хөнгөлөлттэй эмийн жагсаалтаар нэг ч төгрөг төлөхгүй (100% үнэгүй) авдаг болно.

9. Ногоон эрчим хүч, цахилгаан машины дэд бүтцийг дэмжинэ

  • Таван аймагт баригдаж буй нарны станц дээр нэмж ирэх онд 10 нарны станц төр-хувийн хэвшлийн түншлэлээр барина.
  • Орон нутгийн зам дагуу 150 км тутамд нэг байхаар нийт 500 цахилгаан машин цэнэглэх "ногоон өртөө" байгуулна.
  • Нарны хавтан, хураагуур, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг Гаалийн болон Онцгой албан татвараас бүрэн чөлөөлнө.

Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188