• Өнөөдөр 2026-07-21

Монгол, Тажикстан Улсын Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан болов

     Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмамоли Рахмоны Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан 2026 оны долдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.

    Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ц.Идэрбат, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн сайд, комиссын Тажикистаны хэсгийн дарга Курбон Хакимзода нар ахалж, хоёр улсын холбогдох яамдын удирдлага, байгууллагын төлөөлөл оролцов.

   Талууд Монгол, Тажикистаны нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, логистик, эрчим хүч, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар мэдээлэл, санал солилцов.

    Худалдааны эхэнд сайд Ц.Идэрбат хоёр улсын төрийн тэргүүн нар нэг жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хэрэгжүүлж буй нь Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх манай хоёр улсын хүсэл эрмэлзлийн тод илрэл гэдгийг онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 онд Тажикистан Улсад хийсэн айлчлал болон энэ удаагийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нарын ярьж, тохиролцсон ажлууд, хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгоход Засгийн газрын хоорондын Комиссын нягт хамтын ажиллагаа чухал гэдгийг тэмдэглэв.

    Комиссын дарга нар хоёр улсын Хөдөө аж ахуйн яамд хооронд “Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтран ажиллах тухай Замын зураглал”-ыг байгуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд тус баримт бичгийн дагуу хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны Ажлын хэсэг байгуулж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний харилцан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл солилцох зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Тус замын зураглалыг байгуулж буй нь хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийллээ.

   Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд зам тээвэр, логистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдлээ.  Энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд олон улсын авто замын ачаа, зорчигч тээврийн тухай хэлэлцээр байгуулж буй бөгөөд цаашид хоёр улсын хооронд агаарын харилцааны тухай хэлэлцээрийг байгуулах саналыг дэвшүүллээ.

   Тажикистан Улс нь сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станцын хөгжлөөр бодит ахиц дэвшил гарган, бүс нутгийг тогтвортой, найдвартай эрчим хүчээр хангах чухал үүрэг гүйцэтгэж буй бөгөөд цаашид энэхүү салбарт харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцоллоо. Манай хоёр улсын худалдаа сүүлийн жилүүдэд өсөж, 2024 онд 130 гаруй мянган ам.доллар байсан бол 2025 онд 1.5 сая гаруй ам.доллар болжээ. Манай улс Тажикистанаас жимс, жимсгэнэ импортолж, харин мах, махан бүтээгдэхүүн экспортолж байна. Комиссын хуралдааны дүнгээр протокол байгуулахаар тохиролцов.


 

 


Монгол, Тажикстан Улсын Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188