• Өнөөдөр 2026-06-12

ХАВТАСТ ХЭРЭГ: НЯРАЙ ХҮҮХДЭЭ ХӨХҮҮЛЖ БАЙХДАА АМ, ХАМРЫГ НЬ ДАРЖ УНТААД АМИНД НЬ ХҮРСЭН ЭЭЖИД ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ОНООЖЭЭ

2026-06-12,   128

      Эргэлт.мн мэдээллийн сайтын “Хавтаст хэрэг” буланд дараах хэргийг сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна.

Хэргийн товч байдал

      Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 5-47 тоотод 5 сар 9 хоногтой нярай Баттулгын Гантулгын ам, хамрыг нь таглах хэлбэрийн механик амьсгал бүтэлтэд оруулж амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Мэдүүлэг

    Хохирогч Н.Бн мэдүүлсэн... 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өглөөний 08 цагийн охин Номинжинг 11 дүгээр цэцэрлэгт хүргэж өгөөд буцаж гэртээ ирээд бага хүүхэддээ тараг хүргэж өгөөд ажлын хувцасаа аваад найз Мянган-Эрдэний хамт хорооллын эцэст байх айлын гэрийн гадна фасат хийсэн. Өдөр 14 цаг хүртэл ажиллаж байгаад Эрдэнэт үйлдвэрт цутгалт хийхээр очоод орой 17 цагийн үед ажлаасаа буугаад найз Мянган-Эрдэний хамт яваад Нарлаг дэнжийн 1б-17 тоот гэрт нь очиж Мянган-Эрдэний хамт Сэнгүр 2.5 литрийн хэмжээтэй шар айрагнаас 1ш,  0.75 литрийн хэмжээтэй архинаас 1ш уугаад Мянган-Эрдэний гэрт унтаж амарсан. Өглөө эрт босоод Эрдэнэ багийн 5-47 тоот гэртээ очиход эхнэр О нь хоёр хүүхдийн хамт унтаж байхаар нь хажуу талын орон дээр унтаж амарсан. Унтаж байтал манай эхнэр орилоод намайг сэрээсэн. Би сэрээд эхнэрээсээ юу болсон талаар асуухад “хүүхэд болохоо байчлаа” гэж орилоод байсан. Ингээд би найз Мягмарбаатарыг гар утсаар залгаж дуудсан ба удалгүй найз Мягмарбаатар машинтайгаа ирээд эмнэлэг явсан юм. Миний хүү Г 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн эмнэлэгт төрсөн, миний хоёр дахь хүүхэд юм. Нэг, хоёр удаа ханиад хүрч байсан, тухайн үед эмчид үзүүлж эмчийн заавраар эм уулгаж байсан, ямар нэгэн архаг, хууч өвчин байхгүй. Миний бие 2018 онд эхнэртэйгээ танилцаж, 2020 оноос хойш хамт амьдарч байна.2019 онд цэргийн алба хаахаар Увс аймаг руу яваад 2020 онд халагдаж ирээд эхнэртэйгээ хамт амьдарч эхэлсэн. Эхнэр бид хоёр бага хүүхдээ алдсандаа маш их харамсаж гэмшиж байна. Хүүхдээ алдсанаас хойш эхнэр болон миний сэтгэл санаа тогтворгүй байгаа. Эхнэр бид хоёр Эрдэнэ багт эсгий гэрт амьдардаг эхнэр жоохон хүүхэдтэй байсан болохоор ажил хийхгүй байсан. Би барилга дээр ажилладаг. Тогтсон ажил төрөл байхгүй. Эхнэрийг минь харж үзэж хөнгөн хариуцлага хүлээлгэж өгөөч гэж хүсэж байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй…би шүүх хуралд оролцож чадахгүй, надад ямар нэгэн гомдол байхгүй...” гэжээ. 

Гэрч Н.Тын мэдүүлсэн...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дунд нь цагийг нь сайн санахгүй байна. Эрдэнэ багийн соёлын төв дээр байх үед дүү Баттулгын найз Ариука ирээд “Эгээ Тулгаагийн бага хүүхэд өнгөрчихлөө” гэж хэлсэн. Би ингээд цагдаагийн газарт ирсэн....” гэх.

Шүүгдэгч Ч.О нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 5-47 тоотод 05 сар 09 хоногтой хүү Б. Гантулгыг хэвтээгээрээ хөхүүлэхдээ унтаж хөхөөрөө хүүгийн ам хамрыг дарснаас болж амьсгал бүтэлт болж нас барсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч  Н.Баттулгын ... намайг унтаж байтал манай эхнэр орилоод намайг сэрээсэн, би сэрээд эхнэрээсзэ юу болсон талаар асуух үед “хүүхэд болохоо байчлаа” гэж орилоод байсан. Ингээд би найз Мягмарбаатарыг гар утсаар залгаж дуудсан, удалгүй найз Мягмарбаатар машинтайгаа ирээд эмнэлэг явсан юм....” гэх мэдүүлэг, гэрч Н.Тын ... Баттулгын найз Ариука ирээд “Эгээ Тулгаагийн бага хүүхэд өнгөрчихлөө” гэж хэлсэн. Би ингээд цагдаагийн газарт ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Нгийн... Өнөөдөр 12 цагийн үед сувилагч хүнд хүүхэд ирлээ гэж хэлэхээр нь доош буугаад очих үед 5 сартай эрэгтэй нярай хүүхэд байсан ба биеийн байдлыг үзэхэд нас бараад удсан нярай байсан. Баруун гарын бугуй шуу, баруун талын хацар хэсгээр хүүрийн толбо үүссэн байсан. Ээж нь хэлэхдээ өнөөдөр өглөө 06 цагийн үед сэрээд хүүхдээ хэвтээгээр нь хөхүүлсэн. Хөхөөрөө дарсан юм шиг байна гэж хэлсэн. .. гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 143 дугаартай ... Нярай гэдэг нь төрснөөс хойших 28 хоногийг тооцно. Амь хохирогч Баттулгын Г /ФА22260370/ нь хүүхэд ба задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй. Амь хохирогч нь ам, хамрыг таглах хэлбэрийн механик амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй бүрэн тогтоогдсон ба хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна. Шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүхийн тогтоол

1.Шүүгдэгч Э овогт Чийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ч.От шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.


ХАВТАСТ ХЭРЭГ: НЯРАЙ ХҮҮХДЭЭ ХӨХҮҮЛЖ БАЙХДАА АМ, ХАМРЫГ НЬ ДАРЖ УНТААД АМИНД НЬ ХҮРСЭН ЭЭЖИД ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ОНООЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188