• Өнөөдөр 2026-05-21

Д.БАТЛУТ: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй тухайн ангийн удирдлагуудыг шалгалтын үр дүнд үндэслэж ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг шуурхай авч ажиллахыг үүрэг болголоо

2026-05-21,   105

Зэвсэг хүчний жанжин штабын харъяа, Баянхонгор аймаг дахь Барилгын цэргийн 339 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч хяналтын камергүй газар амиа алдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. тэгвэл уг хэрэгтэй холбоотой Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэдэгдэл гаргажээ.
 
Тэрбээр "Батлан хамгаалахын сайдын хувьд, мөн үр хүүхдээ өсгөж буй эцэг хүний хувиар та бүхэнтэй яг ижилхэн эмгэнэж  байна. Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хаах хугацаандаа амь насаа алдсан 19 настай хүүгийн эцэг эх, гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 
 
Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг цагдаа, прокурорын байгууллага явуулж байна. Болсон үйл явдлыг нуун дарагдуулах, асуудлаас зугтах гэсэн ямар ч оролдлогыг миний бие салбарын сайдын хувиар огт зөвшөөрөхгүй, бүх талаар хамтарч ажиллана. Одоогоор ЗХЖШ-аас албаны шалгалт явуулахаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилогдон шуурхай ажиллаж байна.  Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй тухайн ангийн удирдлагуудыг шалгалтын үр дүнд үндэслэж ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг шуурхай авч ажиллахыг үүрэг болголоо. Хэвлэл мэдээллээр цацагдаад буй камергүй сохор бүсүүдийг бид хяналтад авах гэж хичээсээр ирсэн. Гэхдээ хүний бие засах, усанд орох зэрэг хувийн нууцад халдаж, язгуур эрхийг зөрчин камержуулах боломжгүй байдаг. БХЯ, ЗХЖШ-аас дүрмийн бус харилцааг таслан зогсоох чиглэлд сэтгэлзүйн хөдөлгөөнт бүлэг ажиллуулах, соён гэгээрүүлэх суртал хүмүүжлийн ажлууд, сохор бүсээс бусад газрыг бүрэн камержуулах, удаа дараагийн шаталсан сургалт зэргээр ажиллаж байгаа хэдий ч зөрчил гарсаар байна. 
 
Иймд орох, гарах хаалганы хяналтыг сайжруулж, шалгалтыг алхам тутамдаа биеэр хэрэгжүүлж байх харуул хамгаалалтын шинэ журмыг мөрдүүлж эхэлнэ. Миний бие Батлан хамгаалахын сайдын хувьд энэ асуудлыг эцсийг нь хүртэл хариуцаж, армийн соёл, дотоод уур амьсгалыг өөрчлөх, цэргүүдээ хамгаалах системийн шинэчлэлийг тууштай удирдан зохион байгуулах болно. Энэ чиглэлд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд,  эцэг эхчүүдийн төлөөлөлтэй нээлттэй хамтран ажиллахад бэлэн"гэжээ.

Д.БАТЛУТ: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй тухайн ангийн удирдлагуудыг шалгалтын үр дүнд үндэслэж ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг шуурхай авч ажиллахыг үүрэг болголоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188