• Өнөөдөр 2026-04-29

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВЖ, Б.ЦЭНГЭЛ ИРЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ

       “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргын суудал донсолж эхэлжээ. Ерөнхийлөгчийн хүн гэгдэх Г.Ёндонгийн тансаглал дуусгавар болж байгаа бололтой. Үйлдвэр дотроосоо акц өрнүүлж, даргаа солих давалгааг эхлүүлж байгаа гэнэ. Хамгийн хачирхалтай нь, Г.Ёндонгийн оронд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл томилогдож магадгүй гэнэ. Жилийн жилд Б.Цэнгэл үйлдвэрийн даргын суудалд санаархдаг ч энэ удаад тохироонд хүрсэн байж болзошгүй ажээ. 
 
       “Эрдэнэт” ТӨҮГ-ын дарга Г.Ёндонг шахах кампанит ажил өрнөж эхэлсэн байна. Г.Ёндонгийн хувьд Ерөнхийлөгчийн дотнын найз нарын нэг гэгддэг. Сайдаар ажиллаж байх хугацаандаа төрийн өмчит компаниар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн гэх дуулианд нэр холбогдоод амжсан. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохтой зэрэгцэж, сайдлын суудлаа хүлээлгэн өгч, “Эрдэнэт үйлдвэр”-т Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчид нэг ч удаа ажил хаялт зарлаж байгаагүй Г.Ёндон сайдын үед уурхайчид ажил хаялт зарлаж байлаа. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой тендерийн будилаантай олон асуудал гарч байсан. Нэг жишээ нь гэхэд, Г.Ёндонг тус үйлдвэрийн захирлаар очсоны дараа “Албаны болон ахуйн хэрэглээний цахилгаан бараа, хэрэгсэл” гэх нэрээр 70 гаруй сая төгрөгийн тендер зарлаж, түүнд нь ханын цаг, усны аппарат, автомат гутал арчигч, үсний сэнс, будаа агшаагч зэрэг 34 нэр төрлийн цахилгаан барааг “Эрдэнэт үйлдвэр”-ийн өөрийнх нь хөрөнгөөр худалдан авах тендер зарлаж байсан нь олны шүүмжлэл дагуулж байлаа. Хувийн болон албаны мэдээллээ олонд ил дэлгээд байдаггүй, хөрөнгө орлогын мэдүүлгээ ч нам “дардаг” тэрбээр “Эрдэнэт үйлдвэрт” эзэн сууснаасаа хойш цөөн хэдэн компаниудад давуу эрх олгож, дураараа дургиж эхэлсэн гэх нь бий.
 
         Г.Ёндонгийн үед дуулиан тасраагүй. Хамгийн сүүлд гэхэд л 300 гаруй хүүхэд хоолны хордлогод орсон. Ганц, хоёроор тогтохгүй бүр 300 хүүхдийн амь нас, эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байхад "Эрдэнэт"-ийн дарга нар нүдэн балай чих нь дүлий царайлаад сууж байлаа. Тэдний хариуцлагагүй, ажлаа хийж мэддэггүй, ганц зуслангийн байшин тохижуулж, хүүхдүүдэд хоол шиг хоол өгөөд аятайхан орчинд амруулчихаж чаддаггүй горгор зангаас нь болж айлын нялх хүүхдүүд хэвтэрт ортлоо халуурч, халдварт өвчин тусчихаад эмнэлгийн орон дээр амь наана, там цаана хэвтэцгээж байсан цаг саяхан. "Эрдэнэт" үйлдвэрийн ажилчдын хүүхдүүд амардаг гэх чамгүй үнэтэй "Найрамдлын эрдэнэ" зуслангийн агааржуулагчгүй, нэг өрөөнд 13-15 хүүхдийг хөл эргэх зайгүй болтол нь шахаад оруулчихсан, гутал, хувцасны нэг ч шүүгээгүй, зарим нь хоолондоо цаддаггүй гэх бодит байдлыг харуулсан зураг, бичлэг өнгөрсөн зун ил болсон. Тэр бичлэг бол том хар машин, хаусуудаар жигдэрдэг "Эрдэнэт"-ийн дарга нарын үнэн төрхийг илчилж чадсан. Гэсэн ч зуслангийн даргаас өөр хүн хариуцлага хүлээгээгүй, хав дарагдаад өнгөрсөн. Хүүхдүүдийг хэвтэрт ортолт нь хариуцлагагүй ажилладаг мөртлөө улсын мөнгөөр өөрсдийгөө шагнадаг, төсвийн мөнгөөр тоглодог жишээг Г.Ёндонгийн бүлэглэлээс харж болно. Жишээлбэл, уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой гэх нэрийдлээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Г.Ёндонг 100 сая төгрөгөөр шагнаж, “Очир-Эрдэнэ” нэртэй сүржин цомоор мялааж байлаа. 
 
           Ямартай ч Г.Ёндонгийн буцах цаг болсон бололтой. Харин үйлдвэрийн шинэ даргад яригдаж байгаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлд ч сайн нэр байхгүй. Өөрөөр хэлбэл, нэмэгдэхүүний байрыг солиход хариулт өөрчлөгдөхгүйтэй адил гэсэн үг. Нэг тэрэгний хоёр дугуйг хооронд сэлгээд ч үйлдвэр сэхэл авахгүй. Б.Цэнгэл өмнө нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болсон. Б.Цэнгэл 1.2 тэрбум төгрөгийн нэг орон сууц болон нэг хаус, нэг үйлчилгээний барилга, хоёр оффистой, 190 сая төгрөгийн урлаг, түүхийн үнэт эдлэлтэй, 174 сая төгрөгийн хадгаламжтай, 201 сая төгрөгийн авлагатай, дөрвөн компани эзэмшдэг. 
 

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВЖ, Б.ЦЭНГЭЛ ИРЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188