Монгол төрийн босго намхан тулдаа 48 хүнийг сонгуульгүй, сонголтгүй босгоороо давуулчихсан. Тэрнийхээ горыг ч одоо амсаж байх шиг байна. Олон дунд олигтой нь ч байна, олиггүй нь ч байлаа. Хаа сайгүй хараал хэлж, ёс зүйгүй турхирч, Төрийн ордноос түмэн хэрүүл хийж, хил хязгаараа алдаж байгаа нэг биш, нэлээд гишүүн байна.Танхимдаа зодолдож, танхайрч байгаа нь ч байна. Ард түмний төлөө бус, даргын гарыг атгах гэж ирсэн нь ч байна. Бид МАН, АН, ХҮН-ын жагсаалтын “жалга”-ныхныг бид цувралаар танилцуулж байна.
Тойргийн гишүүд “томорч” байна. Жагсаалтынхаа гишүүдийг эргэж харах хэрэгтэй гээд хаа сайгүй бачуураад эхэллээ. Үнэндээ, жагсаалтын гишүүд улс төрд жулдаж байгааг цухалзуулаад байгаа хэрэг л дээ.
Тухайн үеийн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд намын жагсаалтад сайд, УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, салбар салбарын төлөөллүүдийг жагсаалтад багтаана гэдгээ мэдэгдсэн. Улмаар жагсаалтын эхэнд инженер, эрдэмтдийн төлөөлийг эрэмбэлж байгаагаа гишүүдээ сонгосон. Гэхдээ тэд алд дэлэм алдаж, хүмүүсээ таньсангүй. МАН-ынхан орилж, хашхирч, олны доог тохуу болохгүй ч гэлээ төрийн тендерийг хумсалсан “хулгайч”-ийг, соёлт нийгмийн “солиорогсод”-ыг сонгожээ.
МАН-ын жагсаалтыг толгойлж, Төрийн ордонд түшээгээр заларсан Мөнхчулууны Энхцэцэгийг эрдэмтэй, мэдлэгтэй гээд их л олзуурхаж байлаа, олон түмэн. Харамсалтай нь, намын ах нарынхаа адил тендерчин, тонуулчин байсан нь ил болсон. УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, түүний нөхөр С.Батхүрэл хоёрын “Бодит чадал” ХХК, “Хүчит хөтлүүр” ХХК-ууд нь эрчим хүчний салбарын эд анги, сэлбэг хэрэгслийн гол нийлүүлэгчдийн нэг бөгөөд тендерийн асар арвин түүхтэй.
Ноцтой нь, УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн “Бодит чадал” ХХК нь 2017 зургадугаар сараас хойш одоог хүртэл төсвийн 94 тендерт шалгарсан. Ихэнх нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иудын тендер байна. Жишээ нь, “Бодит чадал” ХХК нь зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-ээс л гэхэд Цахилгаан хөдөлгүүр- 1.3 тэрбум төгрөг, Дамтамж хувиргагч- 3.5 тэрбумын төгрөг гэх мэтээр 13 тендер авч чадсан байна. Мөн "Бодит чадал" ХХК-ийн шалгарсан хамгийн өндөр дүнтэй тендер нь, 2020 онд Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан “Дулааны тоолуур худалдан авах” 23.3 тэрбум төгрөгийн тендерт УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн “Бодит чадал” ХХК ганцаараа шалгарсан байдаг ажээ.
Уг нь УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдууд, цаашлаад аймаг, дүүргийн Засаг дарга нар, тэдний эхнэр, нөхөр, хүүхдүүд нь төрөөс төсөл, тендер авах, зээл авах, хөнгөлөлт, хандивт хамрагдахыг хориглосон. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санаачилж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар өргөн барьснаар, өнгөрсөн оны долдугаар сард УИХ-аас баталсан Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн заалт. Тухайн үед “Төрийн түшээд тендер авч хөлждөг ужгирсан тогтолцоо үүгээр эцэслэгдлээ. Одоо тендерчид төрд орж ирэхгүй” гэцгээж байлаа. Хоржоонтой нь, хууль чангарсан ч өнгөрөгч сонгуулиар олон тендерчин ордонд орж ирсэн. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн М.Энхцэцэг юм.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяад “ам”-наас цааш юу ч байхгүй. Микрофон олдвол юу ч хамаагүй бурж, Төрийн ордныг хэдэнтээ “гороолж”, хэвлэлийн хуудсанд мөнхөрсөн гэдгээр нь ард түмэн мэднэ. Ам ангайх болгондоо “Дарга минь, тэр минь, энэ минь” гэсэн бялдууч үг нь олны дургүйцлийг хүргэдэг. Төрийн сайд байсан, МАН-ын удирдах албанд олон жил зүтгэсэн, төрийн албанд ажиллахын жаргал, зовлонг мэддэг гээд түүнд олон нийт итгэж байлаа. Гэхдээ тэр итгэлд нь хүрээгүй, бялдууч гэмээр хэдэн үг нь л ард түмний сэтгэлд үлджээ.
Тэр бүү хэл Засгийн газрын огцрохдоо тулж, МАН-ынхан нэгнийхээ эсрэг зад шүүмжилцэж, хоёр талдаа гараад үзэж, тарж байхад хамгийн их улстөржсөн хүн нь А.Ариунзаяа гишүүн. Өнгөрсөн хавар А.Ариунзаяа гишүүн МАН-ын хэвлэлийн алба, эсвэл Ерөнхий сайдын ажлынх албаныхнаас ч илүү Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч, “Бүрэн эрхт төлөөлөгч”-өөс нь дутахааргүй байсан гэхэд болно. Тухайлбал, А.Ариунзаяа Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнг хэдэн цагт онгоцноос бууж, хэдэн цаг АТГ-т мэдүүлэн өгсөн бүрэн мэдээллийг тэр хэвлэлийн төлөөлөгч нараас нь түрүүлж мэдээлсэн. Тэрбээр хэвлэлд өгсөн мэдээллийнхээ үеэр “Ерөнхий сайдын хүү өглөө ирмэгцээ АТГ-т мэдүүлэг өгч, дөрвөн цаг байцаагдсан гэх мэдээлэл авлаа” хэмээн хээв нэг худал ярьсан байлаа. Тэр үеэс ард түмэн түүнд дүнгээ тавьсан. Туршлагагүй гишүүн гэхээс илүү туйлбаргүй байлаа, тэр. Хэрэв тэрбээр УИХ-ын сонгуульд тойргоос нэр дэвшэж, ард түмэнтэйгээ уулзсан бол ам руугаа алгадуулах нь тодорхой байлаа.
УИХ-ын гишүүн Э.Одбаяр хэзээнээсээ л улааныг харж урваж, шарыг үзэж шарвадгаараа алдартай нэгэн. Фракц болгонд “элсэж”, эцэст нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын гараас хүртэл атгаснаар АН-аас жагсаалтад багтаж, МАН-ын “БЭТ” болтлоо дэвшсэн. Түүнийг Ардчилсан намынхны хурлын тэмдэглэлийн “амьд” протокол, арван ембүүгээр намаа “худалдаж”, эсрэг намын “ах нар”-т мэдээлэл өгч, амиа зогоодог хэмээн “үздэггүй”. “Муу нэрийг хусавч арилахгүй” гэдгээр түүний намтарт урвалт олон бий. Тодруулбал, Э.Одбаяр С.Эрдэнийн хүү Э.Одбаяртай 10 жилийн ангийн найзууд. Тиймдээ ч Эрдэнийн Одбаяр Эрдэнэбилэгийн Одбаярыг аав С.Эрдэнэтэйгээ танилцуулж, АН-д элсүүлж байсан түүхтэй. Улмаар С.Эрдэнэ 2012-2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Э.Одбаярыг Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын даргаар томилж, дараа нь АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар дэвшүүлж байв. Гэвч 2020 онд Э.Одбаяр С.Эрдэнийн итгэлийг хөсөр хаяж, Х.Баттулга, Ц.Туваан хоёрт урвасан. Үүнд нь, С.Эрдэнийн хүү Э.Одбаяр гомдохдоо түүнийг “урвагч цүнхчин” гэж сошиалд бичиж, дуулиан тарьж байлаа. Гэлээ ч Э.Одбаярын энэ урвалт мөн л нэг их удаан үргэлжлэлгүй Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход түүнийг дагаж, хувийн зөвлөх, Ажлын албаны даргаар нь ажиллаж, сүүлдээ АН-ын генсекээр томилогдсон. Тухайн үед АН-ынхан Э.Одбаярыг эсэргүүцэж, “МАН-ын дэмжлэгтэй залууг намынхаа генсек болгохгүй” гэж байсан ч эцэст нь Лу.Гантөмөр МАН-ын “шахалт”-аар батламжилсан түүхтэй. Ингээд тэрбээр Лу.Гантөмөрийн гэгдэх нэрийн дор МАН-ынхнаар хүчлүүлж, АН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Одоо Э.Одбаяр гараас нь атгасан Л.Оюун-Эрдэнийгээ лав хэдийнэ хаясан.
Ардчилсан нам өнгөрсөн сонгуулиар амь тавих дөхсөн. Сонгуульд сураггүй ялагдахгүйн тулд АН-ын удирдлагууд “халзан хурга”-наас бусдыг нь нэр дэвшүүлж, жагсаалтдаа багтаасан. Нөгөөтээгүүр ард түмэн туйлдаж, арга нь барагдсан АН-д хэдэн санал өгч, суудалтай болгосон. Сонгогчид “Сөрөг хүчин шиг ажиллаж, энэ улсыг сүйрлээс хамгаалаарай” гэж захиж, захиж сонготол сонгуулийн дараа намын дарга нь толгойлоод, хамтарсан Засгийн газарт ороод суучихсан. Ингээд ч тэдний “тоглолт” дууссангүй, иргэдэд барих “бэлэг” ч багадсангүй. Жагсаалтаар сонгогдсон гишүүд нь “жаалж” эхэлсэн. Үүний нэг нь АН-ын жагсаалтын 16-д эрэмбэлэгдсэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа намын гишүүдийнхээ цухлыг барж, нүүрийг нь хэдэн ч удаа улалзуулав. Намайг сонгосон сонгогч байхгүй, тойрог үгүй гэсэн шиг намын удирдлагуудынхаа өөдөөс цор цор хийж хүртэл үзсэн. Тодруулбал, тэрбээр Төрийн ордонд орсноосоо хойш гурван ч дуулиан “тариад” амжсан.
Нэгдүгээрт, “Би тэр хууль, эдийн засгийг чинь мэдэхгүй, би хэмжээгээ мэднэ. Би зүгээр эмнэлэгт хэвтэж, биеэ бодмоор байна. Та нар намайг төмөр хүн шиг явуулчихсан байна шүү, багш нар аа.
Хоёрдугаарт, сошиал хуудастаа “Үнэнийг цаг хугацаа шүүдэг болохоос өчүүхэн өт хорхойнууд шүүдэггүй юм. Атаархал, хорсол ханхалсан мөнгөний боолууд надаас хол байгаарай. Намайг чадах гэж яваад өөрсдөө ниргүүлдэг шүү. Миний мууг үзэж элдэвлэж яваад зарим нь шоронд, зарим нь шороонд булагдсан даа, хөөрхий.
Гуравдугаарт, “Багшийн хайр” ТББ-аар хандив цуглуулж, орон сууцанд орсон дөрвөн өнчин хүүхдийг хөөж гаргана. Хүний босгоод өгсөн орон гэрт амьдарч чадахгүй бол байсан газар руугаа явна биз. Би нэг ядарсан багшаа оруулчихна. Тэр хүүхдүүдэд хандив өгсөн хүмүүсийн олонх нь багш. Иргэд бараг байхгүй. Тэгээд ч би зээл аваад, хүүхдүүдийн байрны төлбөрийг төлсөн. Зээл авсан хүнийхээ нэр дээр орон сууцыг шилжүүлсэн байсан. Удахгүй хүүхдүүдийн нэр дээр шилжүүлнэ. “Багшийн хайр” ТББ-ын гишүүн Д.Мөнхбаатар багш бид хоёр хандивын мөнгөнөөс 25, 25 сая төгрөгийг зээлж авснаа буцаагаад төлчихсөн” гэсэн юм.
ИЗНН-ЫГ “ИЧЭЭГЧИД”
С.Замира
Баян-Өлгийн баялгийг гадаадуудтай хамтарч ухаад “дуусаж” байгаа “баян” эмэгтэй УИХ-д заларсан. Анх удаа казах эмэгтэй УИХ-ын гишүүн болсон нь содон үзэгдэл болов, парламентын түүхэнд. Иргэний зориг, ногооны намын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж, сонгогдсон С.Замира өөртөө суудал худалдаж авахаас гадна охиндоо тойрог авсан хөрөнгөлөг нэгэн. Тодруулбал, С.Замирагийн охин Хажымуратын Нургүл ИЗНН-аас Баян-Өлгий аймагт нэр дэвшиж, өвдөг шороодсон. Ээж, охин хамтдаа нэг намаас сонгуульд өрсөлдсөн нь онцгой тохиолдол байлаа. Харамсалтай нь, Х.Нургүл 245 хүний санал авч бүдэрсэн бол ээж С.Замира нь жагсаалтаар ороод ирсэн. Арай илүү мөнгө төлсөн нь гишүүн болсон гэсэн үг л дээ.
Төрийн ордонд “төөрч” яваа гишүүдийн нэг нь С.Замира. Саарал ордонд хоёр жил суусан ч тойргийнхоо иргэдэд танигдаагүй, амандаа ус балгасан аятай чуулганы хуралдаан дээр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлдэггүй, төлөөлөх үүргээ мартаж, парламентад суугаа “хэл”-гүй гишүүний нэг гэгдэж буй түүнийг ард түмэн анхнаасаа л өндөр настай, казах эмэгтэй гэцгээж байсан билээ. Сонгогдсоноосоо хойш ордны хонгилд олон ч биш, ганц удаа сэтгүүлчидтэй таараад “Манай нам дөрвөн суудал авахад УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нөлөөлсөн. Түүний нөлөөгөөр бид УИХ-д орж ирсэн” гэж хэлээд хүүхэд, нохойн элэг, доог болсон “гунигт” түүхтэй. Өөрөөр онцгойрсон зүйл түүнд алга, үнэндээ. Өндөр настай, казах гэдгээс нь гадна түүнийг “Хүмүүлэнгийн ажилтан, сайн үйлсэд сая саяар нь хандив өгдөг” гэж ойр тойрныхон нь “шиддэг” ч бодит байдал арай өөр. Тодруулбал, С.Замира Баян-Өлгий аймгийн баялгийг гадаадуудтай “хамтарч” ухдаг, алтны ордны “эзэн”. Байгаль сүйтгэж, алт олборлосныхоо “нүгэл”-ийг хандиваар хаацайлдаг гэсэн үг.
| УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН |
|
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |