Унтаа улс төр “амь” орж, төрийн үйл хэрэгт түүхэн шийдвэр гарсан он цаг улирч байна. Тэгвэл бид 2024 онд улс төрд өрнөсөн онцлох 10 үйл явдлыг эргэн сануулж байна.
126 ГИШҮҮНТЭЙ АНХНЫ ПАРЛАМЕНТ
2024 онд Монгол Улс түүхэндээ хамгийн олон буюу 126 гишүүнтэй парламент бүрдлээ. Тодруулбал, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Улмаар 78 гишүүнийг томсгосон тойргоос, 48-ыг нь жагсаалтаар сонгосон. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсны үр дүнд анх удаа таван намын төлөөлөл парламентад сууж, УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоо 32 болж нэмэгдэв. УИХ-ын ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй олонхоороо буюу 68-уулаа сонгогдож, Ардчилсан нам 42 суудал авсан бол, ХҮН нам найман суудалтай болж, парламентад суудлын тоогоо нэмсэн. Улмаар “Үндэсний эвсэл”-ийн дөрөв, ИЗНН-ын дөрвөн төлөөлөл парламентад гишүүнээр сонгогдож, улс төрийн хоёр хүчин Их хуралд шинээр нэмэгдэв.
126 гишүүнтэй УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг, УИХ-ын дэд даргад Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг томилсон. Ийн УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламент үйл ажиллагаагаа явуулснаас хойш анхдугаар чуулганаа хуралдуулж, ээлжит бус чуулганы хуралдаан хуралдуулсан бол өдгөө намрын ээлжит чуулганыг хуралдуулж байгаа юм.
МАН МАНДАЖ, АН УНАСАН ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ
УИХ-ын ээлжит сонгуулийн дараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгууль хуулийн товлосон хугацаанд буюу 2024 оны аравдугаар 11-нд болсон. Энэ удаагийн сонгуульд 10 нам, эвслийн 17,278 нэр дэвшигч 8031 суудлын төлөө өрсөлдсөн ч МАН, АН гэсэн хоёр намын төлөөлөгчид л нийслэл болон аймаг, дүүргийн ИТХ-д олонхоороо суух болов. Тодруулбал, 21 аймгийн 14-д МАН олонх болж, үлдсэн долоон тойрогт нь АН-ын төлөөлөгчид ялалт байгуулжээ. Улаанбаатар хотын есөн дүүргийн найман дүүрэгт МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулж, нэг дүүрэг буюу Сүхбаатар дүүрэгт АН төлөөлөгчид сонгогдсон. Ийн сөрөг хүчин гэгдэх Ардчилсан намд орон нутгийн сонгуулиар иргэд итгэл хүлээлгэсэнгүй. Харин НИТХ-д сонгогдсон 45 төлөөлөгчийн 40 нь МАН-аас, АН-аас таван төлөөлөгч сонгогдсон билээ.
Аймаг нийслэлд МАН олонх болсон. Иймд нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатар улирч, НИТХ-ын даргаар А.Баярыг томилсон юм. Ийн орон нутгийн сонгуульд АН болон ХҮН нам хангалтгүй оролцсон нь хамтарсан Засгийн газар байгуулсантай холбоотой гэж олон нийт шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан нам 42, ХҮН нам найман суудал парламентад авсан. Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх хэмжээний суудал авсан ч хамтарсан Засгийн газарт хоёр намын төлөөлөл багтсан нь улс төрийн намууд нэг “хөнжилд” орсон хэмээн дүгнэхэд хүргэж, иргэд дургүйцлээ илэрхийлээд байгаа юм. Тиймээс орон нутгийн сонгуульд Ардчилсан нам, ХҮН нам үнэмлэхүй ялагдал хүлээлээ.
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ЗОРИГ”
Сонгуульд МАН ялж, парламентад олонхын суудал авсан. Дангаараа Засгийн газраа бүрдүүлэх бүрэн эрх нь бүрдсэн ч улс төрийн хоёр хүчинг Засгийн газартаа урьж, Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг улираан томилсон. Ийн МАН, АН, ХҮН намын төлөөлөл “Хамтарсан Засгийн газар” байгуулж, ирэх дөрвөн жилд “Хурдтай хөгжлийн зориг” хэмээх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээнд намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт нийтлэг туссан зүйл заалтуудыг багцлан тусгасан. Тодруулбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал зэрэг өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээр тусгасан. Мөн АН- ын мөрийн хөтөлбөрт багтсан, хүний хөгжлийн болон хувийн өмчийн эрхийн хамгаалал, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтуудыг тусгасан бол ХҮН намын зүгээс, Эрчим хүчний болон боловсролын салбарын реформ хийх, гадаад худалдаа хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх зэрэг зорилтыг тусгаад байгаа юм.
Засгийн газраас боловсруулсан мөрийн хөтөлбөрийн гол зорилго нь томоохон төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлэх, хэрэгжүүлэхийг зорьж байгаа гэдгээ онцолсон. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газарт багтсан гурван нам ирэх дөрвөн жилд 14 том мега төслийг эхлүүлэхээр болсноо зарлаад байна. 14 мега төсөлд “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр, Хөшгийн хөндийн туннел, Үндэсний хиймэл дагуул , Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор, Номтын ам, Шинэ зуун мод хот, Хөшгийн хөндий-Шинэ зуун мод хотын дэд бүтэц, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, Налайх-Тэрэлж авто замын өргөтгөл, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, “Шинэ хархорум хот” төслийн судалгаа, ТЭЗҮ, зураг, Бүсүүдийн хөгжлийг дэмжих инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, Бүс нутгийн найдвартай цахилгаан хангамж, Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөр, Боомтуудын шинэчлэл зэрэг төслүүд багтсан юм.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ БҮХЭЛД НЬ ХҮЛЭЭЖ АВСАН АНХНЫ ПАРЛАМЕНТ
2025 оны төсвийн төслийг Засгийн газар Сангийн яамнаас хэт өөрдөг төсөөлөн УИХ-д оруулж ирсэн. Үүн дээр нь 126 гишүүнтэй парламент ажиллаж чадаагүй. Анх удаа төсвөөс нэг ч төгрөг танахгүй үрэлгэн төсөв баталсан. Улмаар 2025 оны төсвийг тодотгох тогтоолын төсөл баталсан нь тэр чигтэй хууль зөрчсөн гэдгийг учир мэдэх хуульчид, эдийн засаг удаа дараа сануулсан.
Тиймээс хууль зөрчиж боловсруулсан төсөв дээр Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан Их хурал төсвийг Засгийн газарт буцаахаас өөр сонголтгүй болсон юм. Угтаа бол төсвийн төсөлд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, түүнийг нь хүлээж авсан тохиолдол түүхэндээ анх удаа гарав. Тиймээс төсвийн төслийг хэлэлцүүлэх явцад тодорхойгүй нөхцөл байдал үүсэж, УИХ төсөвтэй холбоотой шинэ дэг баталснаар төсвийн төслийг он дуусахын алдад хэлэлцүүлэн баталсан билээ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯЗГААРЛАЛТ, ШИНЭЧЛЭЛ ДАВХЦСАН ОН ЦАГ
Улс даяар эрчим хүчний хязгаарлалтад орж, дачигнасан өвлийг зутруухан давж байна, монголчууд. Угтаа бол сүүлийн 20-иод жил эрчим хүчний салбарт өөрчлөлт хийж чадаагүй Монгол Улс үнэнтэйгээ нүүр тулж, цахилгаанаа тасалж, хязгаарлалт хийхээ өөр сонголтгүй болтлоо тартагтаа тулжээ. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр Эрчим хүчний реформ хийх шинэ ажлын хэсэг байгуулагдаад энэ салбарт яг шинэчлэл хийхийн даваан дээр хот хөдөөгүй цахилгааны хязгаарлалтад орж, лаа шүдэнз бэлдэх боллоо.
Түүгээрч зогсохгүй цахилгаан, дулааны үнийг шатлалтай нэмж, аж ахуйн нэгж, иргэд бүсээ чангалах дээрээ хүрэв. Гэтэл эрчим хүчний шинэчлэлийн ажилд найман тэрбум төгрөг зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагад зарцуулах гэж байгаа талаар Ажлын хэсгийн гишүүн, УИХ-д шинээр сонгогдон С.Цэнгүүн мэдээлэл хийж, дуулиан дэгдээсэн билээ.
ХОТЫН ТАТВАР НЭМЭГДЭЖ, ХӨДӨӨГИЙН ИРГЭД “ХӨӨГДӨВ”
2025 онд нийслэлийн суурь орлогыг 3.2 их наяд, зарлагыг мөн 3.2 их наяд төгрөг байхаар баталсан.
Нийслэлийн төсөвт танаж болох тансаг зардлууд байна гэдгийг аудитаас гаргасан байна. Тухайлбал, Нийслэлийн төсвөөс танаж болох 16.2 тэрбум төгрөг байгааг сануулсан. Нийслэлийн Засаг даргын бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардалд төсөвлөлтийн шаардлага хангаагүй 2.1 тэрбум төгрөг байна. Мөн Нэг удаагийн тэвчиж болон үрэлгэн зардалд 1.6 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. “Шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулах 400 сая төгрөг, бүтээлч үйл ажиллагааг хэрэгжүүлэх 900 сая төгрөг, өмгөөллийн хуулийн зөвлөгөө авах 60 сая төгрөг, хууль тогтоомжийн тухай хуулийн судалгаа хийх 40 сая төгрөг, "Эх оронч сурагч" аяныг хэрэгжүүлэхэд 200 сая төгрөг төлөвлөсөн байна. Нийслэлийн өмчийн үйлдвэрийн газруудын дүрмийн сангийн хөрөнгө гэх есөн тэрбум төгрөг төсөвлөсөн нь нотлох баримтаар дэмжигдээгүй нэршил хуваарилалт зориулалт тодорхойгүй байна гэдгийг хэмээн нийслэл дэх төрийн аудитын газар танилцуулсан юм.
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа 10.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 426 төсөл арга хэмжээг 4.6 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасан байна. Үүнд нийслэлийн төсвөөр хэрэгжүүлэх 7.8 их наядын төсөвт өртөгтэй 295 төсөл арга хэмжээ, нийслэлийн үнэт цаасны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй долоон төсөл арга, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 183.5 тэрбум төгрөгийн 69 төсөл, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх 43.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 55 төсөл арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төсөл арга хэмжээний 1.8 их наядын төсөвт өртөгтэй 98 арга хэмжээ нь 2025 онд шинээр эхлэх юм байна.
Хамгийн гол анхаарал татаж байгаа асуудал нь нийслэлийн 2025 оны төсвийн төсөлтэй хамт Автозам ашигласны татвар хураамжийг нэмэх тогтоолын төсөл орж ирсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байна. Угтаа бол ирэх онд авто тээврийн татварыг 2-3 дахин, автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх төсөл оруулж ирсэн. Түүнчлэн нийслэл орон нутгийн тээврийн хэрэгсэл 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд буюу 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэр гаргасан юм.
ХАЛЗАН БҮРЭГДЭЙН ОРД, НАРАНСЭВСТЭЙН БООМТЫГ ТОЙРСОН УЛС ТӨРИЙН ДУУЛИАН
Энэ жилийн улс төрд өрнөсөн гол дуулианы нэг нь Халзан бүрэгдэйн ордыг ашиглахтай холбоотой тэмцэл байлаа. Тодруулбал, Ховд аймгийн Мянгат суманд орших газрын ховор элемэнтэд Халзан бүрэгтэйн ордыг Засгийн газар энэ төслийг эхлүүлэх гэж байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотой нутгийн иргэд эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, багагүй маргаан дэгдсэн юм.
Халзан бүрэгдэйн ордоос гадна Нарансэвстэйн боомтыг нээхтэй холбоотой асуудал олны дунд дуулиан дагуулсан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нарансэвстэйн боомтыг ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нээх тогтоолын төслийг арванхоёрдугаар сарын 26-нд УИХ-д өргөн мэдүүлжээ. Уг тогтоолын төслийг өргөн барих гэж буйтай холбоотой иргэд эсэргүүцлээ илэрхийлж, Ерөнхийлөгчид захидал илгээж буйгаа мэдэгдсэн юм. Говийн их дархан цаазат газрын А хэсэг нь 4.6 сая га талбайтай. Манай улсын хамгийн том хэмжээ бүхий дархан цаазат газар. Дэлхийд дээрээсээ 15-д эрэмбэлэгддэг. Дэлхий нийтийн анхаарлыг татсаар байгаа шалтгаан нь, говийн экосистемийн дахин давтагдашгүй, орлуулах боломжгүй цор ганц төлөөлөл энд бий. Иймд 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор тусгай хамгаалалтад авсан. 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлахдаа ч зэрэглэлийг нь өөрчлөөгүй.Энэ бол Төв-Азийн говь цөлийн амьтдын өлгий нутаг. Мазаалай, хавтгай зэрэг нэн ховор амьдардаг. Уг боомтыг нээвэл зэрлэг ан амьтад устаж үгүй болно гэдгийг судлаачид илэрхийлсэн юм.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨГ”-ТЭЙ ШҮҮХ ХУРАЛ
Хамгийн олон улс төрийн холбогдогчтой “Хөгжлийн банк”-ны хэрэг Улсын дээд шүүхэд очоод уналаа. Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэж, гаргасан шийдвэрээр Дээд шүүх хэлэлцсэн юм. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ийнхүү шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг анхаарч шийдээгүй байна хэмээн үзэж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нартай холбоотой цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэр гаргаад буй.
МЕТРОНЫ ТЕНДЕР ЗАРЛАЖ, БРОДЮР СОЛЬСОН ХОТЫН ДАРГЫН ХОРЖООНТОЙ ШИЙДВЭРҮҮД
Утаа түгжрэлээсээ салаагүй нийслэлийн удирдлагууд авто болон явган хүний зам засварын ажил эхлүүлсэн. Гэвч замын хашлага буюу бродюр солих ажлыг гэнэт эхлүүлсэн нь олны дургүйцлийг түрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, “Жил болгон зам засварын ажилтай холбоотой бродюр молих ажлыг хийдэг, энэ нь төсвийн мөнгөнөөс “завших” улстөрчдийн бизнес болчихлоо” хэмээн шүүмжилсэн юм. Улмаар бродюр солих ажилд нийслэлээс 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн хэмээн олон нийт шүүмжилж байлаа.
Түүгээрч зогсохгүй “Бродюр ажиллагааныхан” 20 мянган төгрөгийн үнэтэй хашлгыг тав дахин өндөр үнээр борлуулж байгаа талаарх баримтыг бид газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн билээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Метротой болох төслийг эрчимжүүлнэ” гэдгээ сонгуулийн өмнө мэдэгдсэн. Улмаар метроны төслийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлаж, шалгаруусан юм. Их багтаамжтай нийтийн тээврийн хэрэгсэл буюу 2024-2030 оны хооронд хэрэгжих Метро барих төслийн 145.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий зөвлөх үйлчилгээнд 2025 онд 25 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Харин 2024-2028 он хүртэл хэрэгжих 4.5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий метро барх төслийн бүтээн байгуулалтын ажилд энэ жил 333 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
НОГООН АВТОБУСНЫ “НО”-ТОЙ СОНСГОЛ
“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос энэ оны тавдугаар сард сонгол явуулсан. Өөрөөр хэлбэл, “Ногоон автобусны” гэх хэрэгтэй холбоотой уг сонсголыг зохион байгуулсан юм. Улмаар уг сонсголд гол гэрч болох Тэнүүн-Огоо ХХК-ийн захирлыг оролцуулаагүй нь “но”-той болсон хэмээн олон нийт шүүмжилж буй.
ОНЫ ОНЦЛОХ: ТӨРД ӨРНӨСӨН 10 ҮЙЛ ЯВДАЛ |
|
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |