• Өнөөдөр 2024-05-15

ХАВТАСТ ХЭРЭГ: Модны жолоочоос 200 мянган төгрөгийн хахууль аваад, 12 сая төгрөгөөр торгуулсан нь

Эргэлт.мн мэдээллийн сайт “Хавтаст хэрэг” булангаараа цагдаагийн нэгэн алба хаагчийн үйлдсэн хэргийг хүргэж байна. 

Шүүгдэгч цагдаа Н нь ...дүүргийн … хэлтсийн Хэв журмын тасагт эргүүлийн офицероор ажиллаж байсан нэгэн. Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 3-нд .... дүүргийн нутаг дэвсгэрт “Соёл-116” чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Булган аймгаас Улаанбаатар хотын чиглэлд ....БУЛ улсын дугаартай “Киа рио” маркийн тээврийн хэрэгслээр 20м3 хэрэглээний мод тээвэрлэж явсан жолоочийг саатуулан шалгасан байдаг. Ингэхдээ гарал үүслийн гэрчилгээнд засвар оруулж, хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг ажлын байрны тодорхойлолтын 1.5-д заасны дагуу холбогдох албан тушаалтанд шилжүүлэх ёстой албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйнхээ төлөө  түүнээс 200 мянган төгрөгийн хахууль авч, 12 сая төгрөгөөр торгуулжээ. 
 
Цагдаа Н уг хэргийн талаар мэдүүлэхдээ “Тэр өдөр өглөө 09:00 цагаас ээлж аваад үүрэг гүйцэтгэж байсан. Булганы дугаартай машиныг шалгасан. Гарал үүслийн гэрчилгээ нь засвартай байсан. Дүүргийн хэлтэс рүү жолоочтой хамт явж байхад гэнэт зогссон. Жолооч буцаж гүйгээд холбогдох бичиг баримтаа аваад ирсэн. Тэр нь таарч байсан. Тэгээд бид хоёр ярьж байгаад нэг нутаг усных болоод Б “Би байнга явдаг юм, хоолонд ороорой” гэж 200 мянган төгрөг надад өгөхөөр нь авсан. Би цагдаагийн байгууллагад 12 жил ажиллаж байна. Уг нь бол жижүүрийн ахлахад хүлээлгэн өгөөд явах ёстой байсан. Би 200 мянган төгрөгөөр торгоно гэж огт хэлээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Иймд торгох ял ногдуулж өгнө үү” гэжээ.  
 
Шүүгдэгч жолооч Б мэдүүлэхдээ “Сонсголонгийн тэнд цагдаа зогсоосон. “Гарал үүслийн гэрчилгээ чинь засвартай байгаа тул 960 мянган төгрөгөөр торгоно. Мөн машиныг чинь журамлана” гэж хэлсэн. Би 100 мянган төгрөг өгсөн чинь “Янз бүрийн хэл үг байхгүй биз дээ” гээд яваад өгсөн. “960 мянган төгрөгөөр торгоно” гэхээр нь “Багаар торгож болохгүй юу” гэж асуусан. “200 мянган төгрөгөөр торгуулаад яв” гэхээр нь торгуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед нэг нутгийнх гэж яриагүй, өнгөрсөн жил л мэдсэн” гэсэн байна.  
 
Цагдаа Н-ийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Харин жолооч Б-д зургаан сар хорих ял ногдуулсан байна. 
 
Эх сурвалж:  Монголын Криминологичдын холбоо
 

ХАВТАСТ ХЭРЭГ: Модны жолоочоос 200 мянган төгрөгийн хахууль аваад, 12 сая төгрөгөөр торгуулсан нь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188