• Өнөөдөр 2024-04-28

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар  Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сарын 13-нд  УИХ-ын гишүүн Н.Учрал нарын таван гишүүн өргөн мэдүүлсэн. 
 
Тэтгэврийн шинэчлэл хийснээр: Бид цалингаасаа 24 хувийг НДШ-т төлдгөөс 17 хувийг нь тэтгэврийн санд тогтмол төлдөг. 17 хувиас 8.5 хувийг нь ажилчин өөрөө, үлдсэн 8.5 хувийг нь ажил олгогч төлдөг. Тэгвэл Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль батлагдсанаар өмнө нь төлдөг байсан 17 хувиасаа дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд төлөх сонголт хийх эрхзүйн орчин бий болох аж.
 
Дунджаар 800 мянган төгрөгийн цалинтай хүн бол сар болгон төлдөг 17 хувиасаа дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд сонголт хийн байршуулснаар,түүнд хуримтлал үүсч, хүүгээс хүү тооцон, 30 жилийн дараа гэхэд 76 сая төгрөгийн хуримтлалтай болох юм.
 
Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж хариулт авч байна.
.
УИХ-ын гишүүн Бямбацогт: Хууль батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх үү. Хоёрдугаарт тэтгэвэрт гарах насыг нэмэхгүй байх бололцоо байна уу. Тэтгэврийн зээл тэглэсэн. Нийгмийн даатгалын багц хуулиудыг шинэчлэх хэрэгтэй байгаа. Шимтгэл төлж чадахгүй байгаа иргэд бий. Тухайлбал, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нэг удаа даатгалаа нөхөж төлдөг. Эдгээр иргэд үүнд яаж хамрагдах вэ. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байгаа хүмүүст хэрхэн хүрэх вэ. Энэ хуулийн  үзэл баримтлалыг  Засгийн газар дэмжсэн үү. Төрийн ачаа хуваалцана гэж байна. Энэ дээр  Засгийн газар бодит хариулт өгөх хэрэгтэй.
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Олон давхаргат тогтолцоонд шилжинэ гэдэг 2015-2030 онд баримтлах бодлогод тусгасан.  Маш олон удаа энэ асуудлыг хэлэлцсэн. Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжсэн. Н.Учрал гишүүний боловсруулсан хуулийн төсөл манай яамны боловсруулсан төсөлтэй нэг суурьтай байгаа. Зарчимын хувьд дэмжихгүй байгаа хоёр асуудал бий.  Нэмэлт, сайн дурын үндсэн дээр байх ёстой буюу одоогийн нийгмийн даатгалынсан дээр ачаалал үүсгэж болохгүй гэдэг зарчмын байр суурийг илэрхийлж байгаа. Мөн хувийн тэтгэврийн даатгалын санг хөгжүүлж ирсэн компаниудад үзүүлэх татварын дэмжлэг оруулах ёстой гэсэн үзэл баримтлалыг барьж байна. Сангууд хэзээ хэрхэн өгөөжөө өгөх вэ гэдэг тодорхойгүй байна. Хамтдаа хэлэлцээд, сайн дурын үндсэн дээр байх нь зүйтэй гэсэн тохиролцоонд хүрсэн.
 
УИХ-ын гишүүн Н.Учрал: Засгийн газартай хуулийн төсөл дээр хамтарч ажиллаж байгаа. Зарчмын хувьд зөрүүтэй зүйл байхгүй. Бид богино хугацаанд үр дүн гаргахын тулд дөрвөн хувийг нь хувийн тэтгэврийн санд төлбөл яасан юм бэ гэх санал гаргаж байгаа юм.  Олон давхаргат тэтгэврийн даатгалын тогтолцоонд шилжсэнээр хүн болгон хуримтлалтай болно гэсэн үг.
 
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийгээрэй гэж ард түмэн бидэнд 62 суудал өгсөн. Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тэтгэврийн зөрүүг арилгана, хуримталалын нэгдсэн тогтолцоо бий болгоно. Олон давхарт тэтгэврийн тогтолцоог бий болгоно гэж амалсан. Монгол Улсад байгаа тэтгэврийн тогтолцоо жилд 2.2 их наядын орлого олж байгаа. Ахмадуудын тэтгэврийн зөрүү маш их байна. Энэ зөрүүг арилгах ёстой. Ажил хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвэрт гараад, хүн амын эмзэг давхаргад шилждэг байж болохгүй. Нийгмийн даатгалын багц хуулиудыг хамтад нь өргөн бариад, Монгол Улс цаашид тэтгэврийн ямар тогтолцоогоор явах вэ гэдгийг шийдэх хэрэгтэй байна. 

 


Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188