• Өнөөдөр 2024-05-18

Т.Баярхүү: Салхитын мөнгөний ордны асуудалд нэр холбогдсон зургаан шүүгчийн хэргийг шүүхэд шилжүүлсэн

2019-11-12,   601

АТГ-аас сар тутмын ээлжит хурлаа өчигдөр хийж, энэ оны эхний арван сарын ажлын явцыг тайлагнав. АТГ-аас ажлын хэсэг томилогдон аравдугаар сарын 16-наас 21 аймагт зургаан чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх, уулзалт арга хэмжээг зохион байгуулсан аж. Мөн Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Гэр, иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ санаачлан хөрөнгө, орлогын мэдүүлэг, худалдан авах ажиллагаа, улсын бүртгэл, уул уурхайн лиценз, сонгууль гэсэн категори бүхий 197085 байгууллага, аж ахуйн нэгж, 489494 хувь хүн, 17026 тендер, 73189 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, 3356 уул уурхайн лиценз, 16 визуал дата, бүх сонгуулийн мэдээллийг агуулсан төрийн таван байгууллагын нээлттэй, цахим мэдээллийг нэг хайлтын системд оруулжээ.
1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

Энэ оны эхний арван сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 698 гомдол, мэдээллийг АТГ-аас шалгажээ. Хүлээн авч шалгасан 698 гомдол, мэдээллээс 370 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 285 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 27 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналаа прокурорт шилжүүлсэн байна. Эхний арван сарын байдлаар 1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 125 буюу 11.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 460 буюу 41.5 хувийг хэрэг бүртгэлийн хэрэг хаах саналтай, 64 буюу 5.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 21 хэргийг нэгтгэн шалгаж, гурван хэргийг түдгэлзүүлж, 442 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлийн 389, мөрдөн байцаалтын 53 хэрэг байгаа гэнэ. Шүүхээр 42 хэрэг эцэслэн шийдвэрлэгджээ. Энэ үеэр олны анхаарал татсан зарим хэргийн талаар Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү хариулт өглөө.

-УИХ-ын гишүүн М, Х нар мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх мэдээлэл Үндэсний шуудан сонинд нийтлэгдсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч? 
-Мөрийтэй тоглосон гэх асуудал Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгддэг. Манайд энэ асуудал шалгагдаагүй байна. 
-УБТЗ-ын  дарга Д.Жигжиднямаатай холбоотой хэргүүд ямар шатанд явж байгаа вэ? 
-АТГ-ын даргын тушаал гарч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг хэргийг тодруулан шалгах зарим асуудлууд байгаа тул мөрдөн шалгах ажил­лагаа удааширч байна. Нийт хорь гаруй үйлдэл дээр тухайн асуудлыг шалгаж байгаа. Энэ шалгалтын ажиллагааг зөвхөн манай байгууллага дангаараа шалгаагүй. Зарим тохиолдолд гадны байгууллагатай хамтарч ажиллах тохиолдол гарсан. Авлигын гэмт хэргийн  нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх явцад хамтын ажиллагаа шаардагддаг. Үүнээс болоод хүлээлт үүссэн. 
-Бөхчүүдийн допингтой холбоотой асуудлыг танайхаас шалгаж байгаа юу? 
-Бөхчүүдийн допинг хэрэглэсэн асуудал манайд шалгагдаж байгаа. Үндэсний баяр наадмын үндэсний бөхийн төрөлд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж , олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх, эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх асуудалд манай мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.  Энэ асуудал дээр сүүлийн арван жил шөвгөрсөн 109 хүнээс дахин шинжилгээ авч, Дэлхийн допингийн холбооны БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн хариутай харьцуулан шалгах ажиллагаа хийж байгаа.
-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй холбоотой асуудалд хэрэг бүртгэлт нээгээд, шалгаж байгаа.
-ЖДҮХС-тай холбоотой хэрэг ямар шатанд явна вэ?
-ЖДҮХС-тай холбоотой найман гишүүнийг шалгаж байгаа мэдээлэл бий. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаандаа 2019 оны долдугаар сарын 24-нд манай байгууллагад хүсэлт хүргүүлсэн. Уг хүсэлтийн хариуг бид наймдугаар сарын 1-нд өгсөн. ЖДҮХС-ын санхүүжилтэд хамрагдсан иргэд аж ахуйн нэгж дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгэээ эрхлэдэг ББСХБ, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн аж ахуйн нэгж байгааг тогтоосон. Улмаар эдгээр аж ахуй нэгжүүд мөнгө угаасан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагын дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол тогтоогдоод шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, найман гишүүн мөнгө угаасан гэдэг асуудал яригдаагүй. ЖДҮХС-тай холбоотой эрх мэдлээ урвуулсан, бусдад давуу байдал олгосон гэдэг нь тусдаа шалгагдаж байгаа. 34 аж ахуй нэгжийн 11 нь хамаарал бүхий албан тушаалтантай холбоотой байсан. Өөрөөр хэлбэл, бага хүүтэй зээл аваад өндөр хүүтэй хадгаламжид мөнгийг байр­шуулсан байна. Үүнд  “Уран сэлэнгэ”, “Цагийн илч”, “Грийн товер”, “Намж-Сод”, “Цамбагарав трейд”, “Эйс, Ай, Эйм И”, “Жигүүрт хөсөг”, “ТБМТ”  компани ЖДҮХС-аас авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулжээ. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь санхүүжилтийн асуудлаас болоод өндөр хүүтэй хадгаламжид мөнгөө байршуулсан гэх тайлбарыг бидэнд өгч байгаа. Гэхдээ авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон. Иймд зарим аж ахуйн нэгжийн зээлийг буцаан татаж, зээлийг нь төлүүлэх арга хэмжээ авч байгаа. 
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нар Солонгос Улсын иргэдийг луйвардсан гэх хэрэг шалгагдаж байна уу? 
-“Ачит-Ихт” компанитай холбоотой хэргээр шалгагдаж байгаа. Хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
-Ерөнхий прокурор Д.Дорлигжавтай холбоотой хэрэг ямар шатандаа явж байна вэ? 
-Тухайн хэрэгт холбогдуулан нэмж шалгах асуудлууд гарсан. Иймд ахин тодруулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 
-Н.Батбаяртай холбоотой хэргийг шалгаж дууссан уу?
-Манайхаас шүүхэд шилжүүлэх саналтай явуулаад, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болсон гэх мэдээлэл надад ирсэн. 
-АТГ-т шалгагдаж байгаа хэд хэдэн хүмүүс гадагшаа явсан гэх мэдээлэл бий. Нийт хэдэн хүн гадаадад байна вэ? 
-Манайд шалгагдаж байгаа хүмүүсээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад эмчилгээ хийлгэж байгаагаа мэдэгдсэн. Тухайн хүнийг шүүхээс гэм буруутай гэж тогтоогоогүй. Мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад тухайн этгээдийг хилээр гарахыг хориглох, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. Энэ хугацаанд гадаадад эмчилгээ хийлгэх хүсэлтээ шүүхэд гаргаж, хоригийг нь цуцлан, эмчилгээ хийлгэж байгаа. 
-Хөгжлийн банктай холбоотой хэргийг үргэлжлүүлэн  шалгаж байна уу?
-Хөгжлийн банктай холбоотой олон асуудал бий. Нэр дурдагдсан хоёр сайд асанд холбогдох хэрэг бол тухайн хэргийн нэг хэсэг нь гэж хэлж болно. Хөгжлийн банкны хэрэг гэж дан ганц хэрэг байхгүй. Хөгжлийн банкны санхүүжилт, түүнээс гарсан зээлийн асуудлуудтай холбоотой хэд хэдэн хэрэг шалгагдаж байгаа. Үүний хүрээнд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар нартай холбогдох хэрэг буюу Худалдаа хөгжлийн банкнаас 27.5 тэрбум төгрөгөөр байр авсан гэх хэргийг шалгаад дууссан. Энэ хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.
-Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын хэрэг ямар шатанд явж байгаа вэ?
-Энэ хэрэгтэй холбоотой нэр бүхий зургаан шүүгчийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлэхийг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Зөвхөн Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн асуудал яригдаагүй. Бусад шүүгчид өөр төрлийн гэмт хэрэгт  холбогдон шалгагдаж байгаа. Дээрх хэрэгт зургаан шүүгч холбогдсон. Бусад нь өөр хэргээр шалгагдаж байна.
-Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэг юу болж байна?  
-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.


Т.Баярхүү: Салхитын мөнгөний ордны асуудалд нэр холбогдсон зургаан шүүгчийн хэргийг шүүхэд шилжүүлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188