• Өнөөдөр 2024-05-19

Түмний шившиг

2019-11-07,   505

 

Улс даяараа дэлхийн шившиг болж байна. Ёстой юу ч ярих вэ дээ гэж толгой сэгсэрмээр хачин жигтэй, цочирдом хэргүүдийг төрийн өндөр албан тушаалтнууд гаргасаар дэлхий ертөнцийн хурдацтай өөрчлөлт, геополитикийн бодлогоос ихээ хол алсарч, тэс хөндлөн “ертөнцөд” 3.2 сая гаруй хүн амьдарч байна. Бидний төрөө гэж хүндэтгэдэг, биднээс дөрвөн жил төр барих эрх авсан хүмүүс, төрийн удирдах өндөр албан тушаалтнууд олон улсын худалдаа, эдийн засаг, уур амьсгал, геополитик гээд олон зүйлээс манай улс хамаатай гэдгийг мэддэг юм уу үгүй юү гэж эргэлзэх хүртэл Монголын нэр хүндийг  дэлхий дахинд унагадаг, хөгөө чирдэг, буруу шийдвэр гаргадаг байдал бүр эрчээ авлаа. 
Бэнчинтэй хүний авдаг л эд дээ гэж бараагаа сурталчилдаг наймаачин шиг ёс зүй, ёс суртахуун гэдгийг эрж, хайж байна, бид. Бага ч атугай жудаг “үнэртүүлсэн” хүнийг тэнгэрт тултал өргөмжилж, энэ ёстой моральтай “амьтан” шүү гэж бахдам сайхнаар хүлээж авдаг болчихжээ. Үнэн хэрэгтээ энэ бол хүний ёсонд байх ёстой шалгуур үзүүлэлтийн нэг юм гэдгийг мартатлаа хүний мөс чанар “нимгэрсэн” цаг үе тохиож байна. Ёс зүй шударга ёсон дээр тогтдог. Буруу хэрэг хийсэн хүн шийтгэлээ амсдаг ижил тэгш эрхтэй болсон үед бид улстөрчдийг ёс зүйтэй, ёс суртахуунтай хүн гэж харж эхэлнэ. Манайд улстөрчдөд ийм шударга зан дутагдаж байгаа учраас бид ус, агаар мэт нийгмээрээ эрэл сурал хийж байна. Нэг ёсондоо олон улстай бодлогоороо өрсөлдөх, макро эдийн засаг, гадаад худалда, геополитик ярьж байх ёстой төрийн өндөр албан тушаалтнууд хормой хотны явдалд орооцолдож шившгээ дэлгэж сууна.

Д.Одбаяр бол Монгол Улсад хамгийн их эрх мэдэлтэй хүн. Хууль тогтоох байгууллагын баталсан хууль, тогтоолыг алдаа мадагтай гарсан эсэхийг дэнсэлдэг “эцэг” хуулийн дэг тогтоогч. Тиймдээ ч Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр бий гэдэг үг бий. Тэгвэл тэр Цэцийн дээр ард түмэн, Монгол Улсын нэр хүнд, эрх ашиг том зургаараа байдаг. 

Нийтээрээ энэ эрэл сурал болсон ёс зүй, үзэл суртлыг бий болгохоор зарим нэг нь тэмцдэг ч эрх мэдэлтний өмнө хүчин мөхөстдөг. Хуулиар дарамталдаг, айлгадаг байдал ч энүүхэнд. Төрийн өндөр албан тушаалтнууд хийсэн гэм буруутай үйлдлээ хийгээгүй мэтээр ярьж, хэн нэгнийг гүтгэлээ хэмээн зандарч, өөрсдийгөө өмгөөлсөөр дөжирчихжээ. Үүн шигээ санаж Үндсэн хуулийн Цэцийн дарга Доржийн Одбаяр БНСУ-ын онгоцны үйлчлэгчтэй зүй бусаар харьцаж, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр дэлхийд шившгээ тарьж явна. Тодруулбал, Д.Одбаяр аравдугаар сарын 31-ний өдөр  “Korean Air” -ийн онгоцоор Улаанбаатараас Инчеон чиглэлд нисэхдээ үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм. Түүнчлэн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам Д.Одбаяр болон дагалдан яваа албан тушаалтнууд Дипломат харилцааны тухай Венийн конвенцид заасны дагуу дипломат халдашгүй эрхтэй хэмээн суллуулсан байдаг. Нисэх онгоцны буудлын ажилтнууд дипломат дархан эрх авах шалгуурын талаар Гадаад хэргийн яам болон Цагдаагийн үндэсний газартай зөвлөлдөж чадаагүй тул суллаж явуулснаа хэлсэн тухай БНСУ-ын хэвлэлүүдээр гарч буй.
Тэгвэл БНСУ-ын цагдаа нар  Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх үндэслэлээр өчигдөр хоёр дахь удаагаа байцаажээ. Индонезийн Бали арлаас өчигдөр өглөөний 08.29 цагт онгоцны буудалд буусан Д.Одбаярыг Инчеоны цагдаагийн газарт байцаалт авахаар аваачсан байна. Түүнтэй хамт явсан Монгол Улсын иргэн 42 настай А нарыг баривчлан байцаалт авах шийдвэр гаргажээ. Хэрэг явдал болсон өдөр мэдүүлэг өгөлгүй Сингапур ниссэн А-г БНСУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан албадан ирүүлэх арга хэмжээ авахаар болсон байна.
Д.Одбаяр бол Монгол Улсад хамгийн их эрх мэдэлтэй хүн. Хууль тогтоох байгууллагын баталсан хууль, тогтоолыг алдаа мадагтай гарсан эсэхийг дэнсэлдэг “эцэг” хуулийн дэг тогтоогч. Тиймдээ ч Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр бий гэдэг үг бий. Тэгвэл тэр Цэцийн дээр ард түмэн, Монгол Улсын нэр хүнд, эрх ашиг том зургаараа байдаг. Ийм их эрх ямбыг эдэлдэг хүн өөрийнөө сэтгэл хөдлөлийг удирдаж чадахгүй, олон нийтийн өмнө болчимгүй үйлдэл гаргасан нь Монголыг дэлхийн шившиг болгож байна. 
Д.Одбаяраар ч тогтохгүй манай улстөржилт талцал, намчирхал ч гаднынхны нүдийг орой дээр нь гаргадаг. Ээлжит сонгуулийн дараа өмнө нь засаглаж байсан намынхаа удирдах албан тушаалтнуудыг төрийн мөнгө хувьдаа завшсан гэх үндэслэлээр шалгадаг, хорьдог, цагддаг, бүр ял өгдөг байдал хэвийн үзэгдэл болсон. Хамгийн ойрын жишээ, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд төрийн бүх өндөр албан тушаалыг ээлжилж хашсан Н.Энхбаярыг яллаж байв. Түүнд ногдуулсан хэрэг “уул овоо” мэт байсан. Дараа нь Оюутолгойн гэрээг байгуулсан тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, сүүлд гэрээнд нь өөрчлөлт оруулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг ч цагдан хорьж “үйл”-ийг нь үзэж байв. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг хууль хяналтын байгууллага шалгаж буй. 
Эндээс Монголыг удирдаж, төр барилцан, шийдвэр гаргалцаж байсан хүмүүс ёс зүйгүй байсан уу гэх асуулт гарч ирнэ. Ерөөс энэ хүмүүс биш Монгол Улс гэдгээр дэлхийд харагдана, үнэлэгдэнэ. Сонгууль бүрийн дараа төрд зүтгэсэн тодорхой албан тушаалтнуудыг хорьдог, цагддаг байдал хэвийн үзэгдэл болчихлоо. Энэ хэрээр олон улсад ч биднийг үл тоож, ямар нэг шийдвэр гаргахад Монголыг өмгөөлж, хамгаалж дуугарсан орон байхгүй байна шүү дээ. Саяхан олон улсын санхүүгийн байгууллагын (ФАТФ) саарал жагсаалтад ороход Монголыг нэг ч улс өмгөөлөөгүй хэмээн түшээд Байнгын хорооны хуралдааны үеэр хэлж байсан. Гэхдээ гаднынханд харагдаж байгаа байдал маань л энэ юм. Ёстой хэндээ ч хэлж, юундаа ч гомдох вэ дээ гэгч болж байна.  
Тэгэхээр төрийн өндөр дээд албан тушаалд очиж буй хүн эхлээд хэн нэгэнд зориулж бус өөрөө өөртөө үнэнч байж, ёс зүйг хойч үедээ өвлүүлэх өв тээгч болох ёстой гэх өндөр ёс суртахуунтай болох соёлд суралцмаар байна. Эргээд бид ч улстөрчдөөс ёс зүйг нэхэх ёстой. Үгүй бол төрт ёсны үнэлэмж унасаар дэлхий ертөнцийн хөгжлөөс улам бүр алсарч шавар намагт гүн шигдэх нь. Энд манлайлал үзүүлэх ёстой хүмүүс нь улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд. Дөрвөн жилд ганц олдох дүүргэж будах эрхээрээ бид төр барих эрхийг тэдэнд, 76 хүнд олгодог. Тэд л Засгийн газраа байгуулж, намын бодлогоор албан тушаалтнуудыг хуваарилж, тэд л нийгмийг чиглүүлдэг. Гэтэл бидний төр гэж хардаг, төрийн эрхийг барьж буй улстөрчид, эрх мэдэлтнүүд ёс зүйн наад захын хэм хэмжээг ч үл огоорч байх нь хэдэн мянганы түүхтэй Монголын төрт ёсны уламжлалыг хойч үе нь үл ойшоосон, үл хүндэтгэсэн байдлаар хүлээж авах хөрс суурь болох вий. 
Нийгэм, цаг үе ч хувьсан өөрчлөгдөж байна. Жирийн иргэн эрх мэдэлтнүүдийн боловсруулж, баталсан хуулийг ягштал биелүүлдэг, биелүүлэхгүй бол хариуцлага хүлээдэг нийгэмд Д.Одбаяр мэтийн хүмүүс ч хуулиа мөрдөх хэрэгтэй. Дархан эрхтэй гэдгээр бамбай хийж хэрхэвч таарахгүй. Бид ёс зүйг шаардаж, нэхэх ёстой энэ хүмүүс “халдашгүй дархан эрх”-ийн ард нуугдаж байгаадаа өөрсдөөсөө ичих ёстой. 


Түмний шившиг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188